Амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 207 зөрчил илэрчээ
2021-12-27 10:17:25 Нийтлэгдсэн: Нийгэм Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 781 дуудлага мэдээлэл иржээ. Үүний 634 нь зам тээврийн ослын шинжтэй байсан аж. Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд: Явган зорчигч мөргөсөн осол 9 бүртгэгдэж, 9 хүн гэмтсэний 1 нь хүүхэд байна. Орон нутагт: Онхолдсон 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн Хүн мөргөсөн осол 1 бүртгэгдэж, 1 хүний амь хохирсон байна. Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 207 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 133, орон нутагт 74 зөрчлийг илрүүлжээ. УУСАН ҮЕДЭЭ БҮҮ ЖОЛООД ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Хариуцлагаар үлгэрлэе нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас Dont drink and drive буюу Уусан үедээ бүү жолоод хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, хяналт шалгалтыг хийж байна. Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад 19.4 хувиар буурсан байна. Явган зорчигч замын хөдөлгөөнд оролцох үедээ аюулгүй байдлаа хангаж, аль болох тод өнгө, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэл ашиглах, явган хүний гарц, гармаар гарахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Явган зорчигч замын хөдөлгөөнд оролцох үедээ аюулгүй байдлаа хангаж, аль болох тод өнгө, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэл ашиглах, явган хүний гарц, гармаар гарахыг мөн анхааруулж байна. Сурагчийн амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийг хараа хяналтгүй гудамж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна. Хөдөө орон нутаг руу зорихдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулан явахыг санууллаа. Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
АТГ: ЭРҮҮГИЙН ХОЁР ХЭРГИЙН 12 ОБЪЕКТОД НЭГЖЛЭГИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛАВ
2021-12-27 09:56:15 Нийтлэгдсэн: Нийгэм Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 32 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 79 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 67 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 498 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 483 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэргийн 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан ба гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Мөрдөгчийн мэдэгдэл бичиж, мөн мэдэгдлийн хариуг хүлээн авсан байна.
Эрээн боомтоос арвахоёрдугаар сарын 25, 26-ны өдөр дундын бүсэд импортын ачаатай болон шинэ 0 дугаартай нийт 130 тээврийн хэрэгслийг оруулжээ. Тэдгээр тээврийн хэрэгслийг 26-ны өдрийн 20:00 цагаас эхлэн улсын хилээр нэвтрүүлж, 27-ны өдрийн өдрийн 04:50-д дууссан талаарЗамын-Үүд дэх Гаалийн газраасмэдээллээ.Дундын бүсэд орж ирсэн 130 тээврийн хэрэгслээс 125-г нь энэ хугацаанд хилээр нэвтрүүлсэн байна. Татан авалтын үед есөн тээврийн хэрэгсэл эвдэрсний дөрөвнь засагдаж,таван тээврийн хэрэгсэл засагдаагүй үлджээ.
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ “NEXT STOP - 2021” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН НААДАМ болоход 2хоног үлдлээ
2021-12-27 09:36:57 Нийтлэгдсэн: Нийгэм Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн түүхэн ойн хүрээнд нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын Шилдэг залууг тодруулан алдаршуулах NEXT STOP - 2021 ёслол хүндэтгэлийн наадам 29 дэхь жилдээ зохион байгуулагдаж байна. Нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн салбарт мэдлэг боловсрол, ур чадвар, ёс зүйгээр манлайлагч залууг тодруулж, тэдний амжилтаар нэгэн үеийнхнийг идэвхжүүлэн, шинэ цагийн залуусын дүр төрх, байр суурийг тодорхойлоход оны тэргүүн NEXT STOP ёслол хүндэтгэлийн наадам үнэтэй хувь нэмэр оруулна. 1992 оны анхдугаар наадмаас эхлэн NEXT STOP-ын Шилдэгээр тодорсон үе үеийн улс төр бизнесийн салбарын шилдгүүд өнөөдрийг хүртэл улс орныхоо хөгжлийн төлөө манлайлан ажиллаж байгаа нь NEXT STOP наадмын нэрийн хуудас билээ. NEXT STOP 2021 оны улс төр, бизнесийн салбарын шилдгийг тодруулан өргөмжлөх ёслол хүндэтгэлийн наадмын хүндэт зочдоор төр засаг, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, аймаг, нийслэлийн шилдэг залуус уригдан оролцоно. Монголын залуучуудын холбооны NEXT STOP - 2021 ёслол хүндэтгэлийн наадам 2021 оны 12 дугаар сарын 29-нд 17 цагт Улаанбаатар зочид буудлын Их танхимд зохион байгуулагдана. Холбогдох утас: 99994932, 97004147
74 төрлийн үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй болсонтой холбоотой иргэдийн асуултад хариулт өглөө
2021-12-25 10:13:08 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд 74 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа явуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй болсон. Иргэддээ орлого олох боломжийг нээж өгсөн энэ зохицуулалттай холбоотойгоор ойлголтын зөрүү гарч байгаа тул дэлгэрэнгүй тайлбар, мэдээллийг шууд дамжуулалтаар иргэдэд хүргэлээ. Шууд дамжуулалтад Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ,Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаТ.Золжаргал, НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат, Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар стандартын улсын байцаагч Б.Хонгор, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн нарын хүмүүс оролцлоо. Уулзалтыг НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар хөтлөн явууллаа. Иргэдээс ирсэн түгээмэл асуултыг хариултын хамт хүргэе. Ирэх оноос төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг 50 хувиар бууруулна Н.Сугар:-Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар яг ямар өөрчлөлт гарч, зохицуулалт орсон талаар товч мэдээлэл өгнө үү? Б.Ууганбат:-Нийслэлийн Засаг дарга арванхоёрдугаар сарын 20-ны өдөр бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээ дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, ковидоос шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор маш чухал захирамж гаргасан. МҮХАҮТ болон Улаанбаатар хотын Худалдааны танхимаас хийсэн судалгааны үндсэн дээр хуульд тусгай зөвшөөрөл олгоно гэж зааснаас бусад үйлчилгээг татварын байгууллагад бүртгүүлснээр чөлөөтэй эрхлэх шийдвэрийг гаргасан юм. Тиймээс Хотын дарга 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хуульд тусгай зөвшөөрөл авна гэж заагаагүй бол янз бүрийн шалгуур тавихгүй байхаар шийдвэрлэсэн. Үүнд нийт 74 нэр төрлийн үйлчилгээ багтаж байгаа. Тэдгээрээс хүнсний дэлгүүрийг онцолъё л доо. Хүнсний дэлгүүр нь зургаан нэрийн, найман нэрийн гэсэн хоёр төрлийнх байдаг. Найман нэрийнх гэхээр архи, согтууруулах ундаа худалдаалдаг. Архи, согтууруулах ундаа худалддаггүй нь зургаан нэрийнх. Тэгэхээр ирэх оны эхнээс зургаан нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд зургаан нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулахад ямар стандарт шаардлага байдаг тухай мэдэж аваад шалгуур шаардлага хангасан бол үйл ажиллагаа явуулах юм. Хуучин бол дүүргийн ЗДТГ-аас 10 гаруй материал бүрдүүлж байж зөвшөөрөл авдаг байсан бол тэдгээр материалаа шууд цахимаар өгөх юм. Нийслэлийн харьяа алба, агентлаг, дүүргүүд мэдээллийг нээлттэйгээр байгууллагынхаа вэб сайтад тавьж, түгээхийг Нийслэлийн Засаг даргаас үүрэг болгосон. Тэр мэдээллийг иргэд аваад шалгуур шаардлагыг мэдсэний дараа цахим системээр хүсэлт явуулах юм. Хүсэлтийг төрийн байгууллагынхан, тухайлбал, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлынхан аваад ажлын тав хоног дотроо багтаан газар дээр нь зөвлөн туслах үүрэгтэй. Иргэн бол хүсэлтээ цахимаар явуулчихаад үйл ажиллагаагаа эхлүүлж болно. Тухайн дэлгүүр ажиллаж байх зуурт холбогдох мэргэжлийн байгууллагууд очиж зөвлөн тусална. Ингэснээр төрийн байгууллагуудын ажлын арга барил, дэс дараалалд өөрчлөлт орж байгаа. Хуучин бол иргэд энэ бүхнийг туулаад батламжаа авсны дараа үйл ажиллагаагаа эхлүүлдэг байсан. Нийслэлийн Засаг даргыг шийдвэрээ гаргах явцад Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт 131 иргэн, аж ахуйн нэгжээс холбогдож санал хэлсэн. Тэдний цөөнгүй хувь нь төрийн байгууллагуудын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтууд дарамт үүсгэдэг гэсэн саналыг хэлсэн байдаг. Тиймээс Хотын дарга энэ бүх шалгалтыг ирэх оноос 50 хувиар бууруулах үүргийг өгсөн. Нийслэлийн Засаг даргын А/987 тоот захирамж гарсантай холбоотойгоор эрх зүйн өөрчлөлтүүд дагалдаж гарна. Нөгөөтээгүүр шийдвэрийг биелүүлэх зорилгын хүрээнд байнгын орон тоотой бүтцийг бий болгож байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулсан. Зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн байгууллагуудаас гадна МҮХАҮТ, Улаанбаатар хотын Худалдааны танхимын төлөөлөл багтсан. Зөвлөл сар бүр хуралдаж, бизнес эрхлэгчдээс гаргасан гомдол санал, хүсэлтийг хүлээж авна, эрх ашиг нь хөндөгдсөн бол тэрхүү бэрхшээлийн талаарх мэдээллийг нэгтгэж, дүгнэлт гарган Хотын даргад танилцуулах юм. Караоке ажиллуулах хүсэлтэй иргэн есөн төрлийн материал бүрдүүлдэг байсан бол дөрөв болж буурсан Н.Сугар:-Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн боломжоос гадна цаг хугацаа хэмнэх зэрэг давуу тал бий болж байгаа. Иргэдээс архи,тамхины тусгай зөвшөөрөлтэй холбоотойасуултхамгийн олон ирж байна. Архи,тамхины тусгай зөвшөөрөл байхгүй болсонуу гэдэгт хариулт өгөхгүй юү? Т.Золжаргал:-Нийслэлийн Засаг даргын захирамж ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ. Гэхдээ архи, тамхины тусгай зөвшөөрлийг Аж ахуйн нэгжийн тухай, Үнэт цаасны хууль зэрэг гурван төрлийн хуулийн дагуу олгодог. Тиймээс хуулиар зохицуулсан асуудлыг цуцлах нь УИХ-ын эрх хэмжээний асуудал. Караоке ажиллуулах гэж буй иргэнээр жишээ татъя л даа. Та дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс дээр биечлэн очих шаардлагагүй. Цахимаар бүртгүүлэхэд болно гэсэн үг. Гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулиараа камерыг заавал тавьж таарна. Гэхдээ хүсэлтээ цагдаагийн байгууллагад биечлэн очих бус, Е-Mongolia цахим хуудсаар явуулна. Цагдаагийн ажилтан тав хоногийн дотор хүсэлтийн дагуу шийдвэрлэх болно. НИТХ-ын 2016 оны 35 дугаар тогтоолын дагуу караоке эрхлэгч аж ахуйн нэгж нь есөн төрлийн бичиг баримтын бүрдэл хангуулсны дараа Соёл урлагийн цэнгүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахаар заасан байдаг. Тэгвэл цаашид энэ үйлчилгээг авах шаардлагагүй болсон. Аж ахуйн нэгжүүд Нийслэлийн Соёл урлагийн газраас гэрчилгээ авах гэж аль нэг ТББ-тай гэрээ байгуулан улирал тутамд 200-300 мянган төгрөг төлж бичиг авдаг байсныг болиулсан. Тэгэхээр энэ бол эдийн засгийн бодит хэмнэлт. Н.Сугар:-Шинээр караоке ажиллуулах хүсэлтэй иргэн өмнө нь хэдэн төрлийн баримт бичиг бүрдүүлдэг байсан бол одоо хэд болсон гэдгийг хэлэх боломжтой юу. Миний ойлгож байгаагаар архины зөвшөөрлөө аваад стандартаа хангачихвал үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болж байгаа юм байна. Зөв үү? Т.Золжаргал:-Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийн тулд дүүргээс батламж авна, хог хаягдлын гэрээ хийнэ. Гурвалсан гэрээ хийдэг байсан. Мөн Гэмт хэрэгтэй тэмцэх хуулиар камерын бичлэг хийх боломж бүрдүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байхыг шаарддаг. Нийслэлийн Соёл урлагийн газраас зөвшөөрөл авдаг. Эдгээрээс хуулийн дагуу шаарддаг камер тавиулж, үл хөдлөхийн гэрчилгээг үзүүлэхийн дээр хог хаягдлын гэрээ хийчихвэл бусад зөвшөөрөл шаардлагагүй болсон. Нэг ёсондоо есөн төрлийн материал бүрдүүлдэг байсан бол одоо дөрвөн материал бүрдүүлдэг болсон гэсэн үг. Б.Ууганбат:-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас 225 нэр төрлийн зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид үзүүлж байна. Үүнийг эрх зүйн талаас нь авч үзвэл гурван хэсэгт хуваагдаж байгаа юм. Эдгээрээс 93 нь нийслэлийн хэмжээнд бүрэн эрх зүйн зохицуулалттай, 90 нь дээд газрын /УИХ, Засгийн газар, тэдгээрийн харьяа газруудын/ зохицуулалттай, 42 нь дээд газрын шийдвэртэй ч нарийвчилсан харилцааг нь нийслэл зохицуулдаг байх жишээтэй. Хотын даргын зүгээс өөрийн бүрэн зохицуулалттай 93 нэр төрлийн үйлчилгээнээс 74 үйлчилгээг үндсэндээ зөвшөөрлөөс чөлөөлж байгаа юм. Үлдэж буй 19 үйлчилгээ нь хараахан чөлөөлж болохгүй үйлчилгээнүүд байгаа. Тухайлбал, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас олгодог авто зам сэтлэх, орц, гарц гаргах үйлчилгээг чөлөөллөө гэхэд хэн дуртай нь зам сэтлээд эхлэх нь байна шүү дээ. Согтууруулах ундаагаар үйлчлэх үйлчилгээг мөн хуулийн зохицуулалттай тул шууд цуцалж болохгүй. Тэгэхдээ согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл авна гэдгийг хуульчилсан ч хэрхэн авах вэ гэдгийг хуульчлаагүй. Иргэдийн зүгээс энэ тал дээр зөвлөлийн хурлаар орох гэж маш их цаг хугацаа алддаг гэсэн гомдол ирж байсан. Тэгэхээр Хотын даргын зүгээс согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл олгох процессуудыг хөнгөвчилж байгаа юм. Заавал хурлаар оруулах хэрэг байна уу, ажил хариуцсан мэргэжилтэн ажлын тав хоногтоо шалгаад хариу өгдөг байх уу гэдгийг ярилцаж байна. Баримтлах хамгийн чухал зүйл бол бизнесийн чөлөөт өрсөлдөөн, шударга ёсны зарчим юм Н.Сугар:-Манай хотодstreet food буюугудамжны хоолны үйлчилгээг нээх хэрэгтэйг Хотын дарга яриандаа онцолж байсан. Стандарт хангасан явуулын хоолны газар, саравч байгуулж үйл ажиллагаа явуулахад ямар хяналт тавих вэ? Б.Хонгор:-2011, 2013 онд баталсан явуулын үйлчилгээтэй хоолны газрыг ажиллуулах болон гадна талбайн хоолны үйлчилгээ явуулах стандартууд бий. Эдгээр стандартын шаардлагыг хангасан, эрүүл, аюулгүй үйл ажиллагаа явуулахад мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс хориглохгүй. Хамгийн гол нь хотын захиргаа, эсвэл тухайн дүүргийн Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөл, Худалдаа үйлчилгээний хэлтсээс зөвшөөрөгдсөн цэгийг зааж өгөх юм бол нийтийн эзэмшлийн зам талбайд, зөвшөөрөгдсөн цэгт стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаж үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Н.Сугар:-Д.Мөнх-Эрдэнэ зөвлөх 74 зөвшөөрлийг хүчингүй болгох ажлын хэсгийг ахалж ажилласан. Тусгай цэгийг зааж өгнө гэсэн. Мөн цагийн хязгаар байх ёстой байх. Зөвхөнstreet foodдээр ярихад хүмүүс ажилтай, түгжрэлтэй байхад замын хажууд саравч байх нь хэр зөв зохистой бол гэх мэтээс эхлээд бүх зохицуулалтыг хийнэ гэж ойлгож болох уу? Д.Мөнх-Эрдэнэ:-2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 35-ын 1.14 заалт байгаа. Үүнд худалдаа үйлчилгээний төрөл, худалдаа эрхлэгчдийн эрх үүрэг, тавигдах шаардлага, үүнтэй холбоотой зохицуулалтыг батлах эрх НИТХ-д бий. Бид журмын төслийг боловсруулж, НИТХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Журмын төслийг боловсруулахдаа хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, бусад нөхцөл шаардлагуудыг харгалзан үзэж, холбогдох зохицуулалтыг тусгана. Гэхдээ аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх гэж буй иргэдийн үйл ажиллагаа чөлөөтэй явуулах, зөвшөөрлөөс татгалзаж, бүртгэлийн тогтолцоонд шилжих, бизнес эрхэлж байгаа хүмүүсийг дэмжих ерөнхий бодлого баримталж, ямар нэгэн зөвшөөрөл шаардахгүй. Т.Дүүрэн:-Зөвшөөрөл хүчингүй болохоос бусад шаардлага, хяналт шалгалт байх ёстой гэж ойлгож байна. Мөн явуулын хоолны газар ашигтай цэгт маргаан үүсвэл яаж шийдэх вэ. Цэгийг хэн нэгэнд оноож олгох уу? -Д.Мөнх-Эрдэнэ:-Бид журмаараа зохицуулна. Баримтлах хамгийн чухал зүйл бол бизнесийн чөлөөт өрсөлдөөн, шударга ёсны зарчим юм. Тиймээс бизнесийн чөлөөт өрсөлдөөнийг хангах хүрээнд журамд тодорхой зохицуулалтуудыг тусгана. Маш эрсдэлтэй байрлалд хэн ч, ямар ч үйл ажиллагаа явуулж болохгүй. Тодорхой хориглосон заалтуудыг бид журамд тусгана. Хууль тогтоомж, стандарт, журамд заасан шаардлагуудыг биелүүлж ажиллах үүрэгтэйг мөн журамд оруулна. Нэг талаасаа төр, захиргааны байгууллагуудын зүгээс бизнес эрхэлж байгаа хүмүүсээ дэмжих, нөгөө талдаа үүрэг хүлээх, хариуцлага гэж бий. Аль болох иргэддээ саад болохгүйгээр, иргэдийн бизнес эрхлэх, шударгаар орлого олох талаас Хотын дарга, Засгийн газар, УИХ бодлого барьж байна. Н.Сугар:-ТҮЦ ажиллуулна гээд автобусны буудлын урд, явган хүний зам дээр тавьж болохгүй гэж ойлголоо? Д.Мөнх-Эрдэнэ:-Бид энд ажиллана гээд явган хүний замын яг голд нь ТҮЦ байрлуулж болохгүй. Энэ нь Үндсэн хуулиар олгосон явган зорчигчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг шууд зөрчиж байгаа хэрэг. Ийм эрсдэлтэй үйл ажиллагааг бид хориглоно. Үүнийг аль аль талдаа ойлгож байх нь зөв. Н.Сугар:-Гурвалсан гэрээг цуцлах уу? Т.Золжаргал:-Хог хаягдлын хуулиар тохижилтын асуудлыг хуулиар зохицуулдаг учир хог хаягдлын гэрээг хороотой хийдэг. Гурвалсан гэрээ буюу батламжийн асуудал цуцлагдана. Та заавал батламж авах шаардлагагүй. Бүртгэлээ хийлгээд болно. Б.Ууганбат:-Хотын даргын гаргасан бодлогын хүрээнд зарчмын өөрчлөлт орж байгаа. Үйлчилгээнүүдийг төрийн байгууллагууд мэдээллээ солилцож, иргэдэд чирэгдэл учруулахгүй байхаар зохицуулна. Мөн зөвлөж тусална. Энэ үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ. Ингэхдээ цахим систем дээр сая ярьсан зайлшгүй хийх шаардлагатай гэрээг мөн оруулсан байгаа. Иргэн өөрөө гэрээний цахим хувилбарыг орж харна. Хувилбарын дагуу мэдээллээ оруулж, нягтлаад цааш явуулахад хороон дээрээ гэрээ нь шууд байгуулагдаж байгаа. Иймд иргэнд чирэгдэл үүсгэхгүй. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 94 хувь нь Ковид-19-ийн нөлөөнд өртжээ Н.Сугар:-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ шинээр эрхэлж байгаа хүмүүс ямархуу саад бэрхшээлтэй тулгардаг байсан бэ. Захирамжийн дагуу ямар өөрчлөлт бий болж байна вэ? Г.Гангамөрөн:-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ковид-19-ийн сорилтод хамгийн их нүүр тулсан нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид байсан. Төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын дунд 5-8 удаагийн судалгаа явуулсан. Судалгаагаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн дунджаар 94 хувь нь Ковид-19-ийн нөлөөнд өртжээ гэсэн дүн гарсан. Тэдэнд тулгамдсан хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт санхүүгийн асуудал, хоёрдугаарт борлуулалтын шугам, сүлжээгүй болсон, гуравдугаарт ажлын байраа хадгалж үлдэхийн тулд төрийн дарамт шахалт буюу бидний ярьж байгаа зөвшөөрөл, төрийн хүнд суртал, процессын үйл ажиллагааг арилгаж өгөөч гэсэн үндсэн гурван тулгуурт асуудал гарч ирсэн. Нийслэлийн удирдлагууд, ялангуяа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өөрт олгогдсон эрх зүйн хүрээнд 74 үйл ажиллагааны зөвшөөрлийг хүчингүй болголоо. Эрх зүйн хүрээнд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, батламж гэх гурван ангилал байдаг. Тусгай зөвшөөрөл нь хуулийн нарийн зохицуулалттай учраас Нийслэлийн Засаг даргын эрх мэдлийн асуудал биш юм. Харин зөвшөөрөл болон батламж байхгүй болж байна. Түүнчлэн нийслэлийн удирдлагуудын хийж байгаа маш чухал ажил бол жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт холбоотой 172 үйлчилгээ цахимд шилжиж байна. Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын зүгээс 74 чиглэлийн зөвшөөрлийг хүчингүй болгосныг талархалтай хүлээн авч байна. Нөгөөтээгүүр манай бизнес эрхлэгчид, хувь хүн өөрөө маш ухамсартай байх ёстой. Зөвлөн туслах үйлчилгээг шат шатны төрийн бүх албаныхан үзүүлнэ. Зөвшөөрөл нэгэнт байхгүй болж байгаа учир сунгах тухай ойлголт мөн адил байхгүй болно Н.Сугар:-Иргэд караокений зөвшөөрлийг Нийслэлийн Соёл, урлагийн газраас авах шаардлагагүй болсон уу гэдгийг дахин лавлан асууж байна? Т.Золжаргал:-Тийм ээ, Нийслэлийн Соёл, урлагийн газраас зөвшөөрөл авах шаардлагагүй. Н.Сугар:-Одоо үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд дахин эрхээ сунгуулах шаардлагагүй болж байгаа юу? Д.Мөнх-Эрдэнэ:-Караоке ажиллуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин ерөнхий шаардлагууд бий. Тэр шаардлагуудыг хангасан нөхцөлд аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулж болно. 74 нэр төрлийн зөвшөөрөл нэгэнт байхгүй болж байгаа учир сунгах тухай ойлголт мөн адил байхгүй болно. Нэг жил болоод л бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй. Нийслэлийн Засаг даргын дэргэд байнгын үйл ажиллагаатай төрийн бус байгууллага, төрийн байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөлийн зүгээс одоо яригдаж байгаа үлдсэн тусгай зөвшөөрлийн шат дамжлага, хүнд суртлыг арилгаж, цахимжуулах тухай саналаа боловсруулж, нэг сард Хотын даргад танилцуулж шийдвэрлүүлнэ. Хотын даргын захирамжид маш тодорхой заасан нэг зүйл бол хуулиар зохицуулж буй тусгай зөвшөөрлөө сунгуулж байгаа хүмүүсээс нэмэлт материал бүү нэх гэж байгаа. Нэгэнт үйл ажиллагаа явуулсан хүмүүсийн тусгай зөвшөөрлийг тав хоногийн хугацаанд сунга гэсэн үүрэг өгсөн. -Н.Сугар:-Иргэд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл гэж хоёр өөр ойлголт гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Тусгай зөвшөөрлийг хуулиар зохицуулдаг. Нийслэлийн Засаг дарга цуцалсан зөвшөөрлүүд бол хуулиар зохицуулдаггүй, журмаар зохицуулдаг зөвшөөрлүүд юм. Хуульд тусгасан тусгай зөвшөөрлүүд хэвээр байгаа. Тэгэхээр архи, тамхины гэх мэт тусгай зөвшөөрөлд сунгалтыг тав хоногийн дотор иргэдэд чирэгдэлгүй шийднэ гэж ойлгож болох уу? Д.Мөнх-Эрдэнэ:-Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тамхи худалдах, эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, гоо заслын үйл ажиллагаа эрхлэх, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг нээх, агаар бохирдуулдаг үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан долоон төрлийн тусгай зөвшөөрөл байна. Түүнчлэн барилгын тухай хуульд заасан барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг нийслэлийн Засаг дарга олгодог. Мөн авто замын тухай хуульд заасны дагуу авто зам сэтлэх, орц, гарц гаргах, Газрын тухай хуульд заасан газар өмчлөх, ашиглах эрх олгох гэхчлэн хуулиар зохицуулж буй тусгай зөвшөөрлийн шинжтэй зохицуулалтууд бий. Үүнийг газрын зөвшөөрөл олгох үйл явцыг хялбарчлах, хөнгөлөх, шаардлагагүй бичиг баримтыг цөөрүүлэх ажлыг танилцуулж, эхлүүлнэ. Үнэн, зөв мэдээлэл хүргэхэд анхаарч ажиллая Т.Дүүрэн:-80-90 хувийн дэмжлэгтэй, зөв сайн хэрэгжиж буй ажил 10-20 хувийн эсэргүүцлээс болоод цааш явдаггүй. Тиймээс мэдээлэл өгөх тал дээр зорилготой компанит ажил явуулах хэрэгтэй юм билээ. Гурван хувийн зээл олголтын үед буруу ойлгосноос болоод иргэд зээлээ авч чадахгүй үлдсэн тохиолдол гарч байсан. Энэ шийдвэр ч бас тийм алдаа мадаг дагуулах вий. Тиймээс үнэн зөв мэдээлэл хүргэх тал дээр онцгойлон анхаарч ажиллая. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлд МҮХАҮТ орж ажиллана. Тэгэхээр мэдээлэл түгээхэд ч бид анхааръя. Загвар гэрээ, загвар технологийн карт, бүрдүүлэх материалын мэдээллийг загвар байдлаар мэдээлж, түгээх хэрэгтэй санагдаж байна. Интернэтэд орж чаддаггүй хүмүүс байна. Тэдэнд мэдээллээ хэрхэн хүргэх вэ гэдгийг бодолцох учиртай. Н.Сугар:-Иргэдийн асуугаад байгаа, хүсээд байгаа бүхий л мэдээллийг иргэдэд яаравчлан хүргэх хэрэгтэй байгаа. Шаардлага, стандарт нь тавигдчихна. Үүний дараа стандартыг хангасан хэн ч байсан үйл ажиллагаа эрхлэх, орлого олох боломжтой. Хэрэв стандарт хангаагүй бол хяналтын байгууллагууд шаардлага тавиад явна. Хотын дарга либерал үзэл баримтлалтай бодлого чиглэлээ гаргаад явна гэж хэлсэн. Тийм учраас Улаанбаатар хотын иргэд халамж авдаг биш ажил хөдөлмөр эрхэлдэг, орлого олдог байхын төлөө бодлогоо чиглүүлэн ажиллах юм. Нөгөө талд иргэд, аж ахуйн нэгжийнхэн таны үйл ажиллагаа, худалдаа үйлчилгээ, бизнесээс болж хэн нэгэн хохирох ёсгүй гэдгийг маш сайн ойлгож ажиллаасай гэж хүсье. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй