Улаанбаатар хотын агаар дахь тоосонцрын хэмжээ 2016 оноос 50 гаруй хувиар буурчээ
2021-12-25 10:11:15 Нийтлэгдсэн: Нийгэм НИТХ-ын ээлжит XII хуралдаан өнөөдөр боллоо. Энэхүү хуралдаан нь 2021 оны отгон хуралдаан болж буйг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан онцолсон. Хуралдаанаар: НИТХ, Тэргүүлэгчдээс 2021 онд зохион байгуулсан ажлын тухай танилцуулга Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын танилцуулга Журамд өөрчлөлт оруулах тухай болон бусад асуудлыг хэлэлцсэн юм. Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батлав Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулсан. Соёлын өвийн тухай хуулийн заалт болоод Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэл Улаанбаатар хот дахь түүх соёлын өв, үл хөдлөх дурсгалын тооллогыг явуулсан бөгөөд тооллогын дүнд нийслэлд 217 дэсийн 479 дурсгалыг бүртгэн соёлын санд оруулжээ. Эдгээрээс 15 дурсгалыг улсын хамгаалалтад, 14 дурсгалыг нийслэлийн хамгаалалтад бүртгэсэн байна. Хуулийн дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалаас дүүргийн хамгаалалтад авах шаардлагатай жагсаалтыг боловсруулжээ. Жагсаалтад хөшөө дурсгал, эртний булш, цогцолбор, баримал, байшин зэрэг 144 түүх, соёлын үл хөдлөх дурсгал багтсан байна. Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 15 дурсгалыг өмчлөгч байгууллага, аж ахуйн нэгжээс санал авсан байна. Анхны европ эмийн сан байршиж байсан байшин, Шар дэлгүүр, Туул зоогийн газрын барилга, МУИС-ийн анхны хичээлийн байр зэрэг дөрвөн барилгын өмчлөгчдөөс түүх, соёлын үл хөдлөх дурсгалаас хасуулах санал ирүүлсэн. Харин 40 мянгат орон сууцны хорооллын 41, 42, 44, 60, 62 дугаар барилга, зургадугаар хороонд байрлах 1, 2, 24 дүгээр байрны СӨХ-ноос барилгын хүчитгэл, их засвар, гадаад сэргээн засварлалтыг төрөөс хийж өгвөл татгалзах зүйлгүй гэсэн хариу өгсөн байна. Мөн Баянзүрх дүүргийн нутаг дахь Монголорын хоёр давхар барилга, Төр хурахын аман дахь Айргийн амралтын хоёр давхар барилгыг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад үлдээх зэрэг асуудлыг батлуулах саналыг оруулсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан НИТХ-ын зарим төлөөлөгчийн зүгээс Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дахь Гоожингийн өндөр хэмээх барилгын асуудлаар тодруулга авсан. Нийслэлийн Соёл урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга хэлэхдээ Гоожингийн өндөр хэмээх түүхийн дурсгалт барилга бол БСШУ-ы сайдын тушаалаар нийслэлийн хамгаалалтад байдаг. Энэ жилийн хувьд тухайн дурсгалыг өмчлөгч нь нийслэлд буцаан худалдъя гэсэн санал тавьсны дагуу судалж байгаа гэлээ. НИТХ-ын хуралдаанаар дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай асуудлыг дэмжиж, НИТХ-ын тогтоол гарлаа. Нийслэл хот 204 хороотой боллоо Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөлт хийх талаар Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва танилцуулсан. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах, хороодын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс хүн ам, газар нутгийн хэмжээг харгалзан зарим хороог хуваах шаардлага тулгарсныг тодотгосон. Баянгол дүүргийн 25 хорооноос 11-ийг нь хувааж, шинээр есөн хороо байгуулж, нийт 34 хороотой болж буй бол Баянзүрх дүүргийн 28 хорооноос 17 хороог хувааж, шинээр 15 хороо байгуулж, 43 хороотой болж буй юм. Энэхүү шийдвэрээс үүдэн таван хорооны хилийн цэсэд өөрчлөлт оржээ. Хан-Ул дүүргийн 21 хорооноос гурван хороог хувааж, дөрвөн хороог шинээр байгуулж, нийт 25 хороотой болсон бол Чингэлтэй дүүргийн 19 хорооноос таван хороог хувааж, мөн тавыг шинээр байгуулж, тус дүүрэг 24 хороотой боллоо. Нийт 36 хороог хувааж, 33 хороог шинээр байгуулснаар нийслэл хот 204 хороотой болов. Ийнхүү хороодыг хувааж ачааллыг тэнцүүлсний үр дүнд иргэдэд хүргэх төрийн үйлчилгээ шуурхай саадгүй болохын дээр ажил үйлчилгээний чанар хүртээмжид ахиц гарна гэж үзэж буй юм. Тээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулагч бодисыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно НИТХ-ын 2021 оны отгон хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолд нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай заасан бөгөөд уг тогтоолын хэрэгжилтийн талаар Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа: -Гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлыг сүүлийн хоёр жилийн турш хэрэгжүүлж байна. Айл өрхүүдийн түлшний хэрэглээг хангахын тулд нийслэлд шахмал түлшний 600 цэгийг гаргаж, борлуулалт хийж байгаа бөгөөд 735 автомашинаар тээвэрлэлт хийж байна. Мөн нийслэлийн хэмжээнд 36 түлшний агуулах ажилладаг хэмээсэн юм. Мөн тэрбээр сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсноор Нийслэл Улаанбаатар хотын агаарын чанарт ямар өөрчлөлт гарсан тухайд танилцуулахдаа 2016 оны Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулагч бодисын дундаж агууламжийг сайжруулсан шахмал түлш бүрэн нэвтэрсэн 2020 оныхтой харьцуулахад РМ 2.5 тоосонцор 59 хувиар, РМ 10 тоосонцор 52.6 хувиар буурсан байна хэмээн танилцуулав. 2021 оны аравдугаар сарын байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт 195.992 зуух тоологдож, сайжруулсан түлшний хэрэглээ 685.972 тоннд хүрчээ. 100 кВт-аас дээш хүчин чадалтай тусгай зөвшөөрөлтэй усан халаалтын 182 зуух, 100 кВт-аас дээш хүчин чадалтай уур үйлдвэрлэгч усан халаалтын 88 зуух, 4200 кВт-аас дээш хүчин чадалтай усан халаалтын 41 зуух нийслэлд бий. Эдгээр зуухыг түүхий нүүрс, мидлинг болон сайжруулсан түлшээр галлаж байгаа ч ирэх оны тавдугаар сарын 15-ны өдрөөс түүхий нүүрсээр галлахгүй байхаар Шадар сайдын шийдвэр гарсан байна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 661.348 агаар бохирдуулагч хөдөлгөөнт эх үүсвэр буюу автомашин тоологджээ. Энэ нь 2016 оноос 16 хувиар, харин жилийн өмнөхөөс 51.157-аар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлын хоруу чанарыг хөл хорионы үе болон хөдөлгөөн хэвийн үетэй харьцуулж үзжээ. Ингэхэд РМ 2.5 тоосонцор дөрөв дахин, РМ 10 тоосонцор 3.8 дахин, хүхрийн давхар исэл 3.2 дахин, азотын давхар исэл 2.7 дахин ялгамжтай гарсан байна. Цаашид Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн Налайх дүүргийг, цаашлаад 2024 он гэхэд Багануур, Багахангай дүүргийг нэмж оруулахаар төлөвлөжээ. Хүн амын шилжилт хөдөлгөөний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, Шадар сайдын 123 дугаар тушаалын хэрэгжилтийг хугацаанд нь бүрэн хангуулж, 130 мянган тонн түүхий нүүрс, 68 мянган тонн мидлинг хэрэглээнээс хасагдана. Авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулагч бодисын хэмжээг бууруулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ажээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Б.Ууганбат: 18 мянга гаруй иргэн, байгууллага зөвшөөрөл авах, жил бүр сунгуулах шаардлагагүй болж байна
2021-12-24 11:50:11 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон Ковид-19 цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.Дархлаажуулалтын болонКовид-19-ийншинжилгээний цэгийн байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх нарийвчилсан мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой. НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбатаас зарим зүйлийг тодрууллаа. -Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын ачаалал хэр байнавэ. Энэ долоо хоногт хэдэн дуудлага хүлээж авсан бэ? -Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт 2021 онд нийт 109.102, сүүлийн долоо хоногт 1086 иргэн хандаж, мэдээ мэдээлэл авсан байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 10 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.40 минут байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын үйл ажиллагааг 24 цагийн горимд шилжүүлэн ажиллаж байна. -Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын үйл ажиллагаатай холбоотой иргэдэд өгөх ямар мэдээ, мэдээлэл байна вэ? -Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч арванхоёрдугаар сарын 20-нд А/987 дугаар захирамж гаргасны дагуу бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилготой ажиллаж байна. Тус захирамжийн хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хуулиар тусгай зөвшөөрөл авахыг шаардсанаас бусад 74 төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг бүрдүүллээ. Ингэснээр нийслэлд бүртгэлтэй үйл ажиллагаа эрхэлж буй 18.664 иргэн, аж ахуйн нэгж байгууллага зөвшөөрөл авах, цаашид жил бүр сунгуулах шаардлагагүй болж байна. Мөн эдгээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага жил бүр төрийн 5-6 байгууллагад очих, 30-40 баримт бичиг бүрдүүлэх шаардлагагүй болж, цаг хугацааг хэмнэснээр төрийн албаны хүнд суртал, шат дамжлагыг бууруулахад бодитой үр дүн гарна. -Энэ шийдвэрийг ямар судалгаан дээр үндэслэж, хэрхэн гаргасан бэ? -Дээрх шийдвэрийг гаргахад МҮХАҮТ-ын гаргасан хүнд суртлын индекс, Улаанбаатар хотын Худалдааны танхимаас хийсэн Улаанбаатар хотын захиргааны байгууллагуудаас авдаг зөвшөөрлийн талаарх судалгаа, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаараар дамжуулан нийслэлийн нутаг дэвсгэрт жижиг, дунд худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч 131 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн санал, хүсэлтийг харгалзан үзсэн юм. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн гомдол, маргааныг хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэх, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий зөвлөлийг байгуулсан. -Хүнд суртал, чирэгдлийг бууруулахад иргэдийн оролцоо ямар байх вэ? -Эдгээр асуудлаар жижиг, дунд, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаараар дамжуулан санал, хүсэлт, гомдол, мэдээллээ зөвлөлд гаргах боломжтой. Зөвлөл нь жижиг, дунд, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн талаарх гомдлыг хүлээн авч, хууль тогтоомжийн дагуу судалж, шуурхай шийдвэрлэхээс гадна жижиг, дунд, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг зохион байгуулахтай холбоотой асуудлаар зөвлөмж боловсруулна. Мөн зөрчил хийдлийг арилгах талаар санал боловсруулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид танилцуулах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах юм. -Иргэдэд юу гэж уриалах вэ? -Жижиг, дунд, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас авч хэрэгжүүлж буй дээрх шийдвэр, бодлого, үйл ажиллагааг дэмжиж, үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах стандарт, шаардлага, холбогдох хууль тогтоомжийг биелүүлэхийн зэрэгцээ санал, хүсэлтээ хуваалцаж, идэвх санаачилгатай хамтран ажиллахыг уриалж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Засгийн газраас олгосон 300.000, вакцины урамшуулал 50.000 аваагүй иргэдийн анхааралд
2021-12-24 11:28:48 Нийтлэгдсэн: НийгэмЗасгийн газраас энэ оны дөрөвдүгээр сард коронавирусийн цар тахлын үед иргэдийн орлогод дэмжлэг үзүүлэх зорилгоор 300 мянган төгрөг олгосон. Иргэн бүрд олгосон уг дэмжлэг болон вакцины бүрэн тунд хамрагдсаны урамшуулал 50 мянган төгрөг аваагүй иргэдийгwww.ebarimt.mn/300цахим хуудсанд бүртгүүлэхийг уриалжээ. Дэмжлэг, урамшууллаа аваагүй иргэн Та 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны 23:59:59 цагаас өмнө цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргахыг Сангийн яамнаас санууллаа. Оюу Толгой ХХК-д тавьсан татварын актын хүрээнд орж ирсэн нэг их наяд гаруй төгрөгийг 3,373,025 иргэндээ олгож байгааг Сангийн сайд мэдээлж байв. Иргэн бүрд 300 мянган төгрөгийг тараахтай холбоотой Засгийн газрын 93-р тогтоол нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд үндэслэн батлагдсан байна. Эх сурвалж:Сангийн яам
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийг УИХ-аар баталлаа
2021-12-24 09:11:00 Нийтлэгдсэн: Нийгэм Монгол Улс, Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлав. Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл-ийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцож, уг зээлийн хэлэлцээрт 2021 оны наймдугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зурсан.2021-2026 онд НЗДТГ-ын хэрэгжүүлэхуг төсөл нь Улаанбаатар хотын гудамж замын цогц шинэчлэлт, нийтийн тээврийн системийн шинэчлэл, зам тээврийн үр ашигтай удирдлага, ухаалаг системүүд, ТЭЗҮ судалгааны ажил болон магадлашгүй онц байдлын хариу арга хэмжээ гэсэн дөрвөн үндсэн хэсэгтэй.Сангийн сайд Б.Жавхлан Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийн талаар танилцуулав. Зээлийн хэлэлцээрийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь хуулийн төслийг дэмжиж, зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан. Төслийн зорилго нь Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний эрчим, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн үе шаттай ажлыг хэрэгжүүлэх, сонгогдсон гудамжнуудыг аюулгүй, хүртээмжтэй, эрсдэлгүй болгож олон улсын туршлагын дагуу жишиг гудамж бий болгох, замын хөдөлгөөний удирдлагын төвийн цар хүрээ, техник технологийг шинэчилж, нэгдсэн систем бий болгох замаар түгжрэлийг бууруулах хэвтээ тэнхлэгийн шинэ гарцыг бий болгох, замын өргөтгөл, шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа аж.Төслийг санхүүжүүлэхэд Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох бол Нийслэлийн төсвөөс 10 сая ам.доллартой тэнцэх хэмжээний санхүүжилтийг газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтэд зориулж гаргахаар төлөвлөжээ. Хөнгөлөлттэй зээл нь 30 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм. Төслийн хүрээнд гудамжны замын одоо байгаа сүлжээг засварлаж шинэчлэх, шинээр авто зам барих, замын хөдөлгөөний зохицуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг сайжруулах, хотын зам, тээврийн стратегийн судалгаа, чадавхыг бэхжүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ. Түүнчлэн төслийн хүрээнд 35.5 км авто замыг шинээр барина. Энэхүү зам нь 20 жилийн өмнө баригдсан Нарны замын хэвтээ тэнхлэгт баригдах бөгөөд зургаан эгнээ замд дохио, камераас гадна удирдлагын мэдээллийн санг багтааж өгөх юм. Одоо байгаа авто замын зурваст явган хүний зам, автобус давуу эрхтэй зорчих эгнээ, дугуйн замд илүү орон зай хуваарилахаар төлөвлөж буй. Коридор өргөтгөлийн хүрээнд Улаанбаатар хотын, тэр дундаа гэр хороолол дахь замын сүлжээг өргөтгөнө. УИХ-ын гишүүдийн зүгээс Улаанбаатар хотын авто замын түгжрэл бол зөвхөн нийслэл хотын асуудал бус, Монгол Улсын асуудал гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн зээлийн эргэн төлөлт, замын өртөг, түгжрэлийг бууруулах замын урсгалын тооцоолол, шинээр баригдаж буй орон сууцны хорооллын асуудал, газар чөлөөлөлтийн өртөг, шинээр баригдах замуудын зураг төсөв, ТЭЗҮ хийгдсэн эсэх, хотын замын стандарт, нийтийн тээврийн хүртээмж, шинээр импортоор оруулж ирж буй тээврийн хэрэгсэлд хязгаар тавих зэрэг асуудлыг хөндөн тавьж, асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын чуулганы хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож санал бодлоо илэрхийлсэн. Тэрбээр: -Нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад бидний тооцоолсноор 9.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Нийслэл хотын инженерийн байгууламж, зам, гүүр, гүүрэн байгууламж, ногоон бүтээн байгуулалт, орон сууцны хороолол, түүнийг холбосон дэд бүтцүүд гээд тооцвол хийх ажил маш их байна. Жил тутамд 35 мянган хүн буюу Ховд хотын хүн амын дайны хүн ам шилжин ирж байна. Цэвэр өсөлт нь 75 мянга. Жилд 80 мянган авто тээврийн хэрэгсэл нэмэгддэг. Хотын хүн амын даацыг 800 мянган хүн амаар тооцсон байтал одоо хоёр дахин нэмэгдсэн. Тийм учраас хотын зам түгжирч байна, бусад олон асуудал ундарч байна. УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороог байгуулж, Засгийн газраас түгжрэл бууруулж, төвлөрөл сааруулахад 420 тэрбумыг төсөвлөсөн гэхчлэн тал талын дэмжлэг, хүчин чармайлт гаргаж байгаа. Та бүхний оролцоотойгоор асуудлыг шийдэх боломж бүрдэж буй юм.Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар 2022 оноос нийслэл хот бие даан хөрөнгө татах, өрийн удирдлагын менежмент хийх боломж нээгдсэн.Одоо бид өрийн удирдлагыг ашигтай болгоход онцгой анхаарч ажиллах боломж бүрдсэн. Дэлхийн банктай хамтран ажиллаж, техникийн тусламж авахаар ярилцсан байгаа хэмээн тодотгон өгүүллээ. Эцэст нь зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэнээр хууль батлагдлаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт 37.9 км хатуу хучилттай автозам барина
2021-12-24 08:59:40 Нийтлэгдсэн: Нийгэм Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт баригдах 37.9 км хатуу хучилттай авто зам, барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүлээлцлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Монгол Улсын засгийн газраас Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохоор 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийт 9 чиглэлээр үе шаттайгаар томоохон ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Үүний нэг Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Зам барилга, дэд бүтцийг сайжруулах бодит ажлууд 2022 оны эхний сараас эхлэхээр тендерт шалгарсан байгууллагатай гэрээгээ албажуулаад байна. Хөвсгөл нуурын баруун эрэг дагуу байрлах Хатгал Жанхай -Тойлогт чиглэлийн хатуу хучилттай авто зам, зогсоол барих болон тохижилтын ажлуудыг гэрээнд тусгасны дагуу 2022-2023 онд бүрэн гүйцэтгэх юм. Ингэснээр Монгол орны цэнэг усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур орчмын замын тоосжилтоос үүдэлтэй бохирдлыг бууруулах, олон салаа зам гарган хяналтгүй зорчихыг багасгах, байгаль орчныг хамгаалах давуу талтайгаас гадна дотоод, гадаадын аялагч, жуулчдын тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэдгийг онцоллоо. Авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин Юни-Констракшн Групп компанитай байгуулж, гэрээг гардуулав. Гэрээт ажлын хүрээнд Хатгалын төв замыг Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замтай холбох 2 км хатуу хучилттай авто зам барих Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км хатуу хучилттай авто зам барих Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто зам барих Хатгал орчмын 7 байршилд авто зогсоол барих Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 2 чиглэлд явган болон морин аяллын жим тохижуулах ажлууд тус тус багтсан. Дээрх авто замуудын зураг төслийг боловсруулахдаа тухайн бүс нутгийн байгаль цаг уурын онцлогт тохируулан олон жилийн мөнх цэвдгийг хөндөхгүй байх, хамгаалах зорилгоор замын нийт уртад ухмал төлөвлөөгүй. Мөн Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн авто замын төгсгөлийн 4.1 км-т мөнх цэвдгийг хамгаалах зорилгоор замын хучилтаас ирэх дулааныг доош дамжуулахгүй зориулалттай гео-нэхмэл болон гео-торлог хязгаарлагчийг ашиглахаар төлөвлөсөн нь технологийн онцлог шийдэл болсон. Мөнх цэвдэгтэй бүс нутагт түгээмэл хэрэглэгддэг уг технологи нь манай улсад анхны тохиолдол юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй