Говь-Алтай аймгийн Халиун суманд 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

​ Өнөөдөр өглөө буюу арванхоёрдугаар сарын 23-ны 05:17 цагт Говь-Алтай аймгийн Халиун суманд газар хөдөлжээ. Сумын төвөөс зүүн урд зүгт 46 километрын зайд болсон уг газар хөдлөлт нь 5.1 магнитудын хүчтэй байсан аж. ​

Санамж бичигт гарын үсэг зурлаа

​ Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хөшигийн хөндийд шинэ чөлөөт бүс байгуулах тухай асуудлаар Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын хүрээнд өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн захиргаа, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын хооронд санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааг зохион байгууллаа. Санамж бичигт Монгол талаас Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Солонгосын талаас Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн захиргаа-ны комиссар Ли Вон Жэй нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Талууд Санамж бичгээр хоёр улсын олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн бий болох Хөшигийн хөндийн дагуул хотыг байгуулах хүрээнд эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, техник, эдийн засгийн судалгаа, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийг бий болгож хөгжүүлэх бүс хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хамтарсан мэргэжлийн баг байгуулах, судалгаа хийх замаар мэдлэг, туршлага солилцох, мөн хүний нөөцийг чадавхжуулах зэрэг чиглэлд хамтран ажиллахаар харилцан тохиролцов. Эх сурвалж: БХБЯ

Гадаадын иргэнийг уригч иргэн, байгууллагын АНХААРАЛД

​ ​ Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлыг тусгасан. Үүнтэй холбоотойгоор Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд үзүүлж буй үйлчилгээнүүдээ шат дараатайгаар цахимжуулж байна. Тус газраас Монгол Улсын виз олгох журамд заагдсан 3 ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож байсан бол 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 57 ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэлсэн. Тэгвэл ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дээр дурдсан визийн зөвшөөрлийн хүсэлтүүдийг зөвхөн цахимаар хүлээн авахаар болжээ. Мөн өнгөрсөн хугацаанд Гадаадын иргэн, харьяатын газраас төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор баримт бичгийн бүрдэл дутуу хүсэлтүүдийг тухайн уригч иргэн, аж ахуйн нэгжид эргэн мэдэгдэж, зохих шаардлагыг хангуулсны дагуу зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэж байсан нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж байна. Тиймээс гадаадын иргэнийг уригч та, immigration.gov.mn цахим сайтад хандаж, бүрдүүлэх баримт бичгийн талаарх мэдээлэлтэй танилцаж, нягталсны үндсэн дээр хүсэлтээ илгээхийг зөвлөж байна. Хэрэв баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу татгалзах үндэслэл болохыг анхаарна уу гэжГадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Омикрон хувилбарын хүчтэй давлагаанд өртөхгүйн тулд хилийн хяналтаа сайжруулахыг зөвлөв

​ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.12.21) ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица-г хүлээн авч уулзаж, Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, болзошгүй эрсдэл, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар коронавируст халдварын цар тахлын үр нөлөөг бууруулах, үндэсний хариу арга хэмжээ, бэлэн байдлыг бэхжүүлэхэд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зүгээс мөнгөн болон мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлээд цар тахлын шинэ мутац болох Омикрон хувилбар эрчимтэй тархаж байгаа нь олон улсын санааг зовоож байна гэв. ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд Омикрон хувилбарын хүчтэй давлагаанд өртөхгүй байхын тулд хил дээрх хяналтыг сайжруулах, Омикроны халдвартай орнуудаас ирж буй зорчигчдод 4 хоногийн дотор 3-4 удаа шинжилгээ хийх нь зүйтэй гэж бодож байна. Мөн гурав дахь тун вакцины ажлыг үргэлжлүүлэн хийх нь энэ халдвараас сэргийлэхэд илүү үр дүнтэй байна гэв. Талууд Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын ээлжит уулзалтын зохион байгуулалт, оролцооны талаар санал солилцов гэжУлсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээсмэдээлэв.

Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа

​ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар Элчин сайдаар томилогдсон Сэбастиен Сүрүнд баяр хүргээд Цаашид хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нягт хамтран ажиллахад таатай байх болно гэлээ. Тэрбээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 27 жилийн дараа амжилттай батлуулсныг дуулгаад, ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжиж эхэлснээр нийслэл хот нь нийгэм, эдийн засаг, санхүүгийн хувьд бие даан хөгжих эрх зүйн чадамжтай болж байгааг онцлов. Ингэснээр Улаанбаатар хотод тулгамдаж буй томоохон асуудлыг шийдвэрлэх, цаашлаад концесс хэрэгжүүлэх, үнэт цаас гаргах эрхтэй болж буй юм гэлээ. Мөн тэрбээр хоёр улсын хооронд хамтран хэрэгжүүлж буй Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийн талаар дурдаад, цаашид хамтран хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Харин Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хийгдэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөхийг хүсээд нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлж буй төслийг эрчимжүүлэх тал дээр бүх талаар дэмжиж ажиллана гэлээ. Мөн соёл урлаг, спортын салбарт хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм. Уулзалтын төгсгөлд хотууд хоорондын харилцааны бэлэг тэмдэг болсон Парисын гудамж-ийг тохижуулах, Парис хотын онцлог хэв шинж, өнгө төрхийг оруулах, сайжруулах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш Сэлбэ голын баруун талаар Нарны зам хүртэлх гудамжийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 141 дүгээр тогтоолоор Парисын гудамж гэж нэрлэсэн билээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.