А.Ариунзаяа: Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгуулах үйлчилгээ цахимжиж, “e-Mongolia”-д нэвтэрлээ

​​ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өнөөдөр /2021.12.21/ мэдээлэл хийлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тус салбарт хийгдэж буй цахим үйлчилгээ, цахим гарын үсэгтэй холбоотой шинэчлэл, өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Нийгмийн даатгалын сар бүрийн тайланг заавал манай хэлтэс дээр биеэр ирж, цаасаар өгч, нийгмийн даатгалын дэвтэр дээр нь тамга дарж, баталгаажуулдаг байсан бол үүнийг халж, нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулсан байгаа. Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулаад тухайн байгууллагын нягтлан тайлангаа цахимаар явуулахдаа байгууллагын цахим гарын үсгээр түүнийгээ баталгаажуулдаг тул заавал нийгмийн даатгалын хэлтэс дээр ирж, баталгаажуулах шаардлагагүй. Хэрвээ цахим гарын үсэг байхгүй бол жилдээ хоёр удаа заавал ирж, цаасаар нь баталгаажуулах хэрэгцээ шаардлага байгаа. Гэхдээ ирэх онд иргэн бүрт цахим гарын үсэг олгож, хэрэглээг нэвтрүүлж байгаа учир цаашид энэ мэтчилэн тайлангуудаа цахим гарын үсгээр баталгаажуулж, биеэр хэлтэс дээр ирэх хэрэгцээ шаардлага байхгүй болж байна гэсэн үг. Нийгмийн даатгалын хувьд цахимжуулалт маш сайн хийгдсэн. Нийгмийн даатгалын сайн дурын гэрээгээ цахимаар байгуулах, төлбөрөө цахимаар төлөх гэх мэт ажлууд хийгдэж байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт e-Mongolia аппликейшнд нэгдэж, нэвтэрсэн байгаа. Энэхүү үйлчилгээ нь дээрээсээ хоёрт буюу вакцинжуулалтын гэрчилгээний дараах түгээмэл үйлчилгээнд орж байна. Тус тодорхойлолтыг одоогоор 1.4 сая иргэн цахимаар авсан байна. Нийгмийн даатгалын газраас одоогоор 5 үйлчилгээг e-Mongolia системд нэвтрүүлсэн байгаа. Түүнээс гадна, хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас иргэдэд үзүүлдэг халамжийн үйлчилгээнүүд e-Mongolia-д орсон байгаа. Цахим шилжилт, цахим үйлчилгээнүүдийн хамгийн гол зорилго нь иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, авилга, хээл хахуулиас ангид байх, хувь хүний нөлөөллийг бий болгохгүй байх гэсэн ийм чиглэлтэй байдаг. Өнөө өглөө бид нийгмийн даатгалын газраас шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн. Тодруулбал, ажилгүйдлийн тэтгэмжийг цахимаар авах боломжийг бүрдүүлж өглөө. Гэрээсээ гарахгүйгээр даатгуулагч ndaatgal.mn цахим хуудсаар орон, ажилгүйдлийн даатгалын тэтгэмжээ цахимаар бүртгүүлэн авах боломжтой. Цаашид бид e-Mongolia платформ дээр бүхий л үйлчилгээгээ нэгтгэхээр ажиллаж байна. ЭМЯ-тай бид хамтран эрүүл мэндийн листийг 2022 оны 01-р сард багтаан цахимаар авах боломжийг бүрдүүлнэ. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор листээрээ дамжуулаад хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг олгодог байгаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 56,000 иргэнд илүү олголт хийгдсэн байна. Энэ үйлчилгээ мөн адил цахимжуулахаар ажиллаж байна. Тус үйлчилгээ нь цахимжсанаар илүү олон хүн тус тэтгэмжийг авах боломж нь нээгдэнэ. Сүүлд бол бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээ e-Mongolia платформд нэгтгэсэн. Энэ нь Нийслэлийн Засаг даргын тамгын газраас олгогддог үнэмлэх юм. Тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэн үнэмлэх, тодорхойлолтоо шинээр авах, сунгуулах бол e-Mongolia-д хандаж, үнэмлэх шуудангаар шууд авах эсвэл өөрийн төлөөллийн хүнээрээ дамжуулан авах боломжтой.

Н.Учрал: Цахим баримт бичгийг цаасан баримттай адилтган үзэх хууль эрхзүйн орчин бүрдлээ

​ ​ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өнөөдөр /2021.12.21/ мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд цахим засаглалын суурь болсон багц хуулиуд болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээллийн тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн талаар тайлбар өглөө. Тэрбээр дээрх таван хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм. Тэрбээр Технологийг хэдийгээр хуульчилж болохгүй ч гэсэн эрхзүйн орчныг нь бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн учраас төрийн нэгдсэн систем гэж юуг хэлэх үү, төрийн дагнасан систем гэж юуг ойлгох уу, үндсэн систем гэж юу гэж ойлгох вэ зэрэг тодорхой системүүд буюу дэд бүтцийгээ хуульчилж өгсөн хуультай боллоо. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар бид нийт 67 багц мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно. Мөн хязгаартай мэдээлэл, хаалттай мэдээлэл гэдэгт ямар мэдээллийг хамруулах вэ гэдгийг тодорхой болгосон. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдан гарснаараа өнгөрсөн хугацаанд цахимаар үйлчилгээ авахад давхар цаасан баримт шаарддаг байсан үйлчилгээ зогсож байна. Цахим баримт бичгийг цаасан баримт бичгийн адил үзэх эрхзүйн орчин бүрдлээ. Харин хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд ард иргэдийн зүгээс нэлээд гомдол санал гаргадаг, нийгэмд иргэдийн ялгаварлах байдлыг бий болгодог дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжүүдийг байршуулах стандартуудыг тодорхой болгох, энэхүү дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг хүний эрхийн үндэсний комиссын саналыг үндэслэн Засгийн газраас холбогдох төрийн захиргааны байгууллага журам гаргаж, тэр журмын дагуу байгууллагууд хэрэглэх, хаана дууны төхөөрөмжийг нийтийн зориулалттай байршуулах зэрэг зохицуулалтыг хуульчилж өгсөн. Гол үзэл баримтал нь өмнө нь хүн өөрөө хувийн мэдээллээ хамгаалдаг байсан бол шинэчлэгдсэн хуулиар мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа бол мэдээлэл хариуцагч тал мэдээллийн аюулгүй байдлын бүрэн бүтэн байдлыг хариуцана. Мөн хүний эмзэг мэдээлэл болон хувийн мэдээллийг ангилж, эмзэг мэдээллийг нууцад хамруулсан. Сэтгүүлчид болон иргэдийн зүгээс байгууллагууд нууц гэдэг тамга дараад иргэдэд нээлттэй байх мэдээллийг нууцалж байна гэдэг гомдол нэлээн ирүүлдэг. Дээрх хуулиудаар нууцлаад буй 67 мэдээллийг ил тод болгож байна. Ажил олгогч, төрийн байгууллага болон бусад байгууллагын зүгээс аливаа хуулийн этгээд түүний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа бол тухай мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж буй мэдээлэл хариуцагч хариуцлага хүлээнэ. Цахим гарын үсгийн хуулиар e-Mongolia дээр нэвтэрсэн төрийн 600 гаруй үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, өөрийгөө цахим орчинд таниулах, батлах том шийдэл болсон. Өнгөрсөн хугацаанд бид цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлж байсан ч хувийн байгууллагаар дамжуулан цахим гарын үсгийг олгосон бөгөөд нийт 30,000 хүн цахим гарын үсэгтэй болсон нь л маш хангалтгүй тоо гэж үзсэн. Тиймээс иргэн бүрт цахим гарын үсэг нэвтрүүлж өгөх нь маш чухал. Цахим гарын үсгийн хууль батлагдан гарснаар 16 нас хүрсэн иргэн бүрт иргэний үнэмлэх дээр нь цахим гарын үсэг суулгаж өгнө. Мөн хувийн байгууллагууд болох үүрэн холбооны оператор компани, сим карт, клауд орчинд бусад USB хэрэгслээр дамжуулж, цахим гарын үсгийг хэрэглэх боломж бүрдэж байна. Цахим гарын үсэг дээр нэг зүйлийг онцлон хэлэхэд энэ хууль зөв хэрэгжээд амьдрал дээр биеллээ олох юм бол өнөөдрийн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хамгийн чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Түгжрэл бол төрийн үйлчилгээг авах гэж нэг цонхноос нөгөө цонхонд дараалалд зогсдог, төрийн байгууллага хооронд мэдээллээ зөөж гүйдэг иргэдийн бухимдал зэргээс үүдэлтэй. Тиймээс цахим гарын үсгийн хууль хэрэгжсэнээр гэрээсээ, гар утаснаасаа интернэт орчноос цалингийн зээлээ авдаг, нийгмийн даатгалын тайлангаа мэдүүлдэг, төрийн 600 гаруй үйлчилгээг цахимаар хүлээн аваад, дээрээс нь өөрийгөө цахим гарын үсгээр баталгаажуулах боломж бүрдэж байгаа. Эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд аюулгүй байдлыг хангах ёстой. Энэ утгаараа бид Кибер аюулгүй байдлын тухай хуулийг энэ цагт баталлаа. Тус хууль нь Монгол Улсад анх удаа батлагдаж буй. Монгол улс кибер аюулгүй байдлын тухай хуультай боллоо. Ингэснээр олон улсын түвшинд эрсдэлийн үнэлгээгээ үнэлэх, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх бүрэн боломжтой болж байна. Хувийн байгууллагууд ч гэсэн мэдээллийн аюулгүй байдалдаа аудит хийлгэж, иргэдийнхээ болон хуулийн этгээд, төрийн байгууллагууд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын аюулгүй байдлыг хангах боломжтой болж байна. Энэ хуулийн тусламжтайгаар бид олон улсын түвшинд харилцах Үндэсний төвтэй, хувийн байгууллагууд ААН, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангадаг олон нийтийн төвтэй болж байна. Цаашдаа гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн таатай орчин бүрдэх, ийм нөхцөл бүрдэнэ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хуулийн хувьд биржүүдийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхой болгосон, стандартыг нь өндөр түвшинд барьсан, төрийн байгууллагуудын хяналтыг тодорхой болгосон хууль. Бид олон улсын ФАТФ-ын зөвлөмжийн дагуу бүртгэх, зөвшөөрөх, хориглох гэсэн сонголтоос Монгол Улс бүртгээд хянах гэдэг сонголтыг нь хийсэн. Тиймээс Монгол Улс виртуал хөрөнгийг хуулиар зөвшөөрч байгаа. Гэхдээ тавигдах шаардлагуудыг тодорхой болгож, мэргэжлийн холбоодын дүгнэлтийг гаргах эрхзүйн орчныг бүрдүүлж өгсөн.

Б.Болор-Эрдэнэ: 2022 онд Гадаадад буй монгол иргэд, Монголд буй гадаад иргэд “e-Mongolia”-с үйлчилгээ авах боломжтой болно

​ ​ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өнөөдөр /2021.12.21/ мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia 2021 оны үр дүн болон 2022 онд хийгдэх ажлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр Бид 2021 оныг e-Mongolia-д 600 үйлчилгээг нэвтрүүлснээр үдэж байна. Энэ жил хамгийн түгээмэл авч буй олон шатлалт үйлчилгээг онцолбол: Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох 94,325 Иргэний үнэмлэх дахин авах 50,385 Гадаад паспорт дахин авах 14,471 Шүүхийн шийдвэрийн архивын лавлагаа 3021 Дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал 1844 зэрэг үйлчилгээнүүд байна. Онцлох үйлчилгээнүүд гэвэл хуулийн этгээдийг онлайнаар байгуулах боломжтой болсон бөгөөд тус үйлчилгээ нэвтэрснээр хоёр сарын хугацаанд 356 хуулийн этгээдийг e-Mongolia-р дамжуулан байгуулсан байна. Түүнчлэн Цэргийн бүртгэлийг бид цахимжуулж, e-Mongolia-д оруулсан байгаа. Цэрэгт явахгүй иргэд заавал өөрийн биеэр очиж, бүртгүүлдэг асуудал байхгүй болж, онлайнаар бүртгүүлэх боломжтой болсон. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгах үйлчилгээг энэ 7 хоногт цахимжууллаа. Манай баг өнөөдөр ч гэсэн орон нутагт ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 8 аймгийн нутгийн захиргааны 498 үйлчилгээг цахимжууллаа. Цаашид 21 аймгийн 1200 гаруй үйлчилгээг цахимжуулж, сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. e-Mongolia системээс давхардсан тоогоор нийт 6.5 сая үйлчилгээг иргэд авсан байна. Үүний 56 хувь нь нийслэлийн иргэд бол 44 хувь нь орон нутгийн иргэд байгаа юм. Нийт цахимжсан 600 гаруй үйлчилгээнээс 1 шатлалт үйлчилгээ буюу лавлагаа тодорхойлолт 140, 2 ба түүнээс дээш олон шатлалт 466 үйлчилгээ e-Mongolia системд нэгтгэгдээд байна. Лавлагаа тодорхойлолт авахад 2 цаг зарцуулдаг байсан бол emongolia-с 2 минут зарцуулж байна. Иргэдийн хувьд өдөрт 800-1200 санал хүсэлтийг бидэнд ирүүлдэг. Үүнээс харахад, E-Mongolia бол зөвхөн төр хийж буй төсөл бус иргэдийн хамтын оролцоотойгоор хийж буй төсөл гэж хэлж болно. Бид e-Mongolia фэйсбүүк хуудас, харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын вебсайт, 1111 төвд санал хүсэлт гомдлыг авч буй. Иргэдийн саналыг бид үргэлж хүлээн авч, шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаг хэмнэлтийн хувьд компани байгуулахад ажлын 5 өдөр тус ажлыг хөөцөлддөг байсан бол өнөөдөр 1-2 хоногийн дотор цахимаар тус асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон. e-Mongoliaсистем нэвтэрснээс хойш 65 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн.Бид удахгүй тус статистик судалгааг ямар аргачлалаар хийсэн талаар мэдээллийг хүргэх болно. Та бүхэн сайн мэдэж байгаачлан, 2021 оны 10 дугаар сард бид e-Mongolia шинэчилсэн хувилбараа танилцуулсан. Ингэснээр иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлсэн нь иргэдийн хувьд бага ч гэсэн чирэгдлийг багасгасан байх гэж найдаж байна. 2022 онд бид иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан 100 гаруй төрийн байгууллагын 1000 гаруй үйлчилгээ цахимжуулна. Үйлчилгээний байгууллагууд иргэдийн цахим бичиг баримтыг хүлээн зөвшөөрдөг болох асуудал яригдаж байна. Гадаадад суугаа Монгол улсын иргэн, Монгол улсад буй гадаадын иргэн e-mongolia-р үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хотын захын дүүрэг, хөдөө орон нутагт амьдардаг иргэдэд үйлчилгээгээ хүргэх чиглэлд зорьж ажиллана. Үүний тулд бид нэмэлт хөгжүүлэлт хийхээр төлөвлөж байна гэсэн юм

 "Увертура" хамтлаг Туркийн Истанбул хотод эмчилгээ хийлгэж буй хүүхдүүдийг баярлууллаа

​ Увертура хамтлаг Туркийн Истанбул хотод эмчилгээ хийлгэж буй хүүхдүүдийг баярлуулжээ. Энэ талаар тус хамтлаг өөрийн цахим хуудсандаа: Г.Очир-Эрдэнэ дүүгийнхээ хүслийг биелүүлж өвлийн өвөөтэй нь уулзуулж, хүслийг нь шивнүүлж, бэлгийг нь өгсөн гайхалтай болж өдөр боллоо. Хайртай дүүгээ баярлуулсан шигээ Турк улсын Истанбул хотод хорт хавдарын эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдийг баярлуулж, хамтлагийн гишүүн А.Шинэбаяр маань өвлийн өвгөн болоод эмнэлэгт болон гэрт нь очиж бэлэг өгч, баяр баясгалан, итгэл найдвар, урам зориг бэлэглэлээ. Ийнхүү бидний нэгэн зорилго биелж, Турк улсад ирж Очикооноо дүүтэйгээ өвлийн өвөөг нь уулзуулж, хүслийг нь шивнүүлж, хүнд өвчинтэйгээ тэмцэж буй эрэлхэг баатруудаа баярлуулж чадлаа. Энэ дашрамд Турк улсад зохион байгуулж буй үйл ажиллагаануудад маань дэмжлэг үзүүлж байгаа анд найзууд, ахан дүүс, албан байгууллагууддаа талархал илэрхийлье. Эрэлхэг баатрууддаа эрүүл энхийг хүсье гэжээ.

Иргэний нисэхийн салбарт “Хил хязгааргүй нисэх” бодлого хэрэгжүүлнэ

​ ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Холбоо навигаци, ажиглалтын албаны ажилтнуудтай уулзлаа. Тэрбээр иргэний нисэхийн салбарын өнгөрч буй 2021 оны нөхцөл байдлыг дүгнээд ирэх онуудад хийж хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас Монгол Улсын иргэний нисэхийн салбар сүүлийн хоёр жилийн хугацаанд багагүй уналтад ороод байна. Энэхүү хүндрэлээс богино хугацаанд гарахын тулд иргэний нисэхийн салбарт Эрүүл эрх зүй, Чөлөөт агаарын зай, Хөх тэнгэр, Дэлхийн хүн, Дүүлэн нис, Сэтгэл татам нисэх буудал гэсэн зургаан бодлогоос бүрдэх Хил хязгааргүй нисэх бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан хэллээ. Далайд гарцгүй манай улсын хувьд дэлхийд гарах цорын ганц боломж болсон агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх, зорчигч урсгалыг нэмэгдүүлэхэд энэхүү бодлого үр өгөөжөө өгнө гэж харж байгаа юм. Тухайлбал, Эрүүл эрх зүй бодлогын хүрээнд 1999 оноос хойш шинэчлэгдээгүй Иргэний нисэхийн тухай хуулийг яаралтай шинэчлэн батлуулах, бодлогын баримт бичиг болон дүрмийг шинэчлэхээр төлөвлөжээ. Ингэснээр эрх зүйн болон үйл ажиллагааны эрүүл орчин бий болох юм. Харин Чөлөөт агаарын зай бодлогын хүрээнд агаарын зайг оновчтой зохион байгуулж, Монгол Улсын агаарын орон зайд өнгөрөлтийн нислэгийн тоог нэмэгдлүүлнэ. Энэ хэрээр аюулгүй ажиллагааг сайжруулна гэдгийг хэллээ. Мөн ирэх жилүүдэд иргэний нисэхийн салбар хүндээ чиглэсэн үйл ажиллагааг нэг дугаарт эрэмбэлэхийг ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан онцоллоо. Дэлхийн хүн бодлогын хүрээнд мэргэжил, мэргэшсэн байдалд онцгой анхаарч, бүтээмжтэй, хариуцлагатай тогтолцоог бий болгоно гэсэн юм. 2025 он хүртэл хэрэгжих Хил хязгааргүй нисэх бодлогоос иргэний нисэхийн салбарт парк шинэчлэлт хийгдэж агаарын хөлгийн тоо нэмэгдэх, аюулгүй ажиллагаа сайжрах, ачаа эргэлт болон зорчигч урсгал нэмэгдэх зэрэг олон таатай үр дүн хүлээж байна. Уулзалтын явцад хамт олны санаа бодлыг сонсон, дор бүрд нь асуултад хариулж, санал санаачлагыг нь тэмдэглэн авав. Дашрамд дурдахад, ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан үүрэгт ажлаа авснаас хойшхи 4 долоо хоногийн хугацаанд ИНЕГ-ын бүх алба нэгжүүд, орон нутгийн нисэх буудлууд, мэргэжлийн холбоод, Үйлдвэрчний эвлэлийн хороод зэрэг ТББ-ын төлөөлөлтэй уулзаж, 2021 оны ажлын тайлантай нь танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өгч ажиллаж байна. Эх сурвалж: ИНЕГ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.