Ц.Алтантуяа: Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгад шинээр маш олон зохицуулалтыг оруулсан
2021-12-21 09:26:10 Нийтлэгдсэн: Нийгэм Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны дэд тэргүүн Ц.Алтантуяагаас 2021 оны 5-р сарын 6-нд батлагдсан Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар тодрууллаа. -Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгад ямар зохицуулалтууд орсон бэ? -Шинээр батлагдсан Хоршооны тухай хуульд цоо шинээр нэр томьёоны тайлбар орж ирсэн. Энэ нэр томьёоны тайлбараар хоршооны гишүүн гэж яг хэн бэ, хоршооны бараа бүтээгдэхүүн, хоршооны гишүүддээ үзүүлэх үйлчилгээ гэж юу вэ, гишүүндээ төлөх төлбөр, гишүүддээ хуваарилах ногдол орлого гэж юу вэ гээд өмнөх хуульд төдийлөн нарийвчлан тодорхойлж гаргаж ирээгүй байсан нэр томьёонуудыг тайлбар тодорхойлолттой тусгасан. Эдгээр нь хоршоод үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд, санхүүгийн тайлангаа гаргахад чухал томьёоллууд болж өгсөн. Хуульд хоршооны зохион байгуулалт, дарга, хяналтын зөвлөл, бүх гишүүдийн хурлын шийдвэрлэх ёстой асуудал, эрх үүргүүдийг илүү нарийвчлан оруулж өгсөн. Өмнө нь хоршооны үйл ажиллагаанд доголдол гарахад гишүүд нь нөхөх хариуцлагатай байсан. Энэ нь гишүүдийн хоршоондоо итгэх итгэлийг бууруулж, үйл ажиллагаанд хайнга хандаж, өр төлбөрт оруулж болзошгүй учраас нөхөх хариуцлагыг хассан. Гишүүн зөвхөн хоршоонд нийлүүлсэн хөрөнгөөрөө л нөхөх хариуцлага хүлээхээр оруулсан. Хоршоо хариуцаж байгаа төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх гэдгийг цоо шинээр бүлэг болгон оруулж ирсэн. Үүгээрээ хоршоонд чиглэсэн төрийн захиргааны байгууллагуудын дэмжлэг нэмэгдэнэ. Мөн орон нутгийн засаг дарга, нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх гэж оруулж ирснээрээ аймаг, сумын удирдлагууд орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодыг дэмжиж ажиллахаар хуульчлагдсан. Хоршоодын холбоодын талаар заалт бүлэг орж ирснээр энэ холбоод Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх хоршоог эгнээндээ нэгтгэх үүрэгтэй болсон. Ингэснээр хоршоодын мэдээллүүд илүү нэгтгэгдэж, илүү нарийн гарч ирнэ. Хоршоодын нийгэм болон эдийн засагт гүйцэтгэж байгаа үүрэг тодорхой болно гээд маш олон өөрчлөлтийг оруулсан шинэчилсэн найруулга болсон. Хуулийг дагаад НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодын гишүүд НӨАТ-ын тухай хуулийн 14.1.2-д заасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд хоршоо нь зуучлан борлуулсан бол НӨАТ төлөхгүй байхаар болсон. -Хоршооны 100 жилийн ойтой холбоотойгоор хоршоодод чиглэсэн ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ? -Энэ жил Монгол Улсад хоршооллын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа. Тэртээ 1921 оны 12-р сард Монгол Улсад Ардын харилцан туслалцах хоршоо нэртэйгээр анхны хоршоо байгуулагдаж байсан. Үүнээс хойш хоршоо нийгмийн янз бүрийн үеийг туулаад 100 жилийнхээ нүүрийг үзэж байна. 12-р сарын 24, 25-нд улс орон даяар хоршооллын салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна. -Бодлогын ямар дэмжлэг үзүүлж байна? -100 жилийн ойд зориулан хоршоологчдод барьж буй хамгийн том бэлэг бол Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Энэ хуулийн анхны төсөл тэртээ 2006 онд гарсан. Энэ хугацаанд бид хуулиа өргөн барьж батлуулах хүртлээ 10 гаруй жилийг тууллаа. Олон жилийн хичээл зүтгэлийн үндсэн дээр 100 жилийн ойн босгон дээр хоршоологчдодоо зориулсан хууль батлагдлаа. Өмнөх хуулиар зохицуулдаггүй эсвэл зохицуулалт нь нэлээн бүрхэг байсан маш олон зүйлийг оруулж өгсөн. Хууль баталсантай холбогдуулж УИХ-ын 40-р тогтоол энэ оны 5-р сарын 6-нд гарсан. Энэ тогтоолд хоршооллын салбарт хэрэгтэй маш олон ажлыг хийж гүйцэтгэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Үүний нэг нь Сум хөгжүүлэх санг Хоршоо хөгжүүлэх сан болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэр юм. Сангийн журам бэлэн болоод удахгүй ХХААХҮ-ийн сайдаар батлагдах юм бол хоршоологчид барьцаа хөрөнгө дутмаг байдгаас болж арилжааны банкнаас зээл авч чаддаггүй байсан асуудал шийдэгдэнэ. Сум хөгжүүлэх санг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг хоршоодод давуу эрхтэйгээр олгодог Хоршоо хөгжүүлэх сан болгон өөрчлөн зохион байгуулж байна. Энэ нь бидний зүгээс бодлогод нэлээн сайн нөлөөлж ажилласны үр дүн. Мөн 2022 оныг Засгийн газраас хоршоо дэмжих жил болгон зарлуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна. Түүнчлэн хоршоодын бүртгэлийг цэгцэлж шинэчлэх, бусдадаа үлгэр дууриалал болохуйц, шилдэг хоршоодыг шалгаруулах зэрэг маш олон зүйлд төвлөрөн ажиллаж байна. -Улсын хэмжээнд хэчнээн хоршоо үйл ажиллагаа явуулдаг вэ? -Манай улсад 4468 хоршоо улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа. 2020 онд улс даяар явуулсан хоршооны хөгжлийн үнэлгээгээр 2229 хоршоо үнэлэгдсэн байдаг. Үлдсэн хоршоодын үйл ажиллагаа нь зогсонги, татан буухад бэлэн болсон. Тэгэхээр тооны араас хөөцөлдөх биш төрийн бодлогоор чанартай хоршоог дэмжээд явах ёстой. Энэ ч үүднээс үйл ажиллагаа нь доголдсон, зогсоод олон жил болсон хоршоог цэгцлэх бодлого барьж ажиллаж байна. Эх сурвалж: ХХААХҮЯ
Ж.Батбаясгалан: Хуулиас давсан шаардлагыг бизнес эрхлэгчдэд тавихгүй байхаар журамлалаа
2021-12-21 09:21:09 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2011, 2016, 2019 онд баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам, Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний журам-д тус тус өөрчлөлт оруулах тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Энэ нь Улаанбаатарт бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилготой юм. Улмаар төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, коронавируст халдварт цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилтын хүрээнд үйлчилгээ, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохтой холбоотой шаардлагагүй зарим зохицуулалтыг хасах, хүчингүй болгохоор тусгажээ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас олгож буй зөвшөөрлийн шинжтэй 225 нэр төрлийн үйлчилгээ байдаг аж. Үүнийг задалбал тусгай зөвшөөрөл 46, энгийн зөвшөөрөл 28, гэрээ байгуулж, гэрчилгээ олгодог 102, дүгнэлт тодорхойлолт олгодог 49 үйлчилгээ байгаа юм. Гэтэл эдгээрийн 74 нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна. Тодруулбал, уг хуулийн 5.2-т Тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно хэмээн заасан байдаг юм. Энэхүү асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Олон төрлийн зөвшөөрөл шаарддаг байдлыг халах шийдвэрийг бид Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Хамгийн гол нь хууль нийцэж, стандарт, эрүүл ахуйн шаардлагаа хангах шаардлагыг л тавьж байна. Засгийн газрын 62 дугаар тэмдэглэл дээр энэ талаар маш тодорхой тусгасан. Хүчингүй болсон тушаал, захирамж, тогтоолоос эхлээд ач холбогдлоо алдсан, дагаж мөрдөхгүй байгаа журмууд, хууль нь өөрчлөгдсөн ч дагаж мөрдөх журмаа шинэчлээгүй зэрэг олон асуудал үүнд бий. 2022 оны эхнээс хэд хэдэн хууль шинээр хэрэгжинэ. Тиймээс Засаг дарга, түүний нэгжийн зүгээс хуульд байхгүй зүйлийг аж ахуйн нэгжүүдээсээ шаардахгүйгээр ажиллая. Энэ шийдвэр цар тахлын нөлөөгөөр унасан эдийн засгийг богино хугацаанд сэргээхэд түлхэц болно гэлээ.Улмаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам, Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний журам-д байгаа Зөвшөөрлийн гэрчилгээ гэсэн томъёоллыг хасахыг Тэргүүлэгчид дэмжив. Мөн хуулийн 5, 6 дугаар зүйл болон 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, 7.4, 7.5, 7.6, 8 дугаар зүйлийн 8.2, 8.4, 9 дүгээр зүйлийн 9.8, 9.9, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.6 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгохыг дэмжсэн юм. Ингэснээр стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүд бүх төрлийн үйлчилгээ эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх бизнесийн таатай орчин бүрдэх боломжийг баталгаажуулж байна. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Солонгосын Хүний эрхийн комисс 13 настай монгол охины асуудалд анхаарч ажиллаж байна
2021-12-21 09:17:00 Нийтлэгдсэн: Нийгэм Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан БНСУ-д дунд сургуульд сурдаг 13 настай монгол охиныг дөрвөн эмэгтэй сурагч нийлж, зодсон ноцтой хэрэг гарсантай холбогдуулан 2021 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр БНСУ-ын Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Дуван Сонгд хандан албан бичгийг хүргүүлжээ. Хохирогч болон түүний ээж, мөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн хохирогчийг юу үзэж туулсан болохыг тогтоохоор уг хэргийг Комисс шалгасан. Уг албан бичгийн хариу 2021 онарванхоёрдугаарсарын 17-ны өдөр ирсэн бөгөөд, уг бичигт БНСУ-д амьдардаг 13 настай Монгол охиныг дээд ангийн сурагчид нь дээрэлхсэн хэрэг гарсан тухайд гүн харамслаа илэрхийлж байна. Улс орон, нийгэм бүрд хүүхэд бүр бүх төрлийн хүчирхийллээс ангид байх ёстой гэсэн зарчмыг баримталж, ямар ч нөхцөлд хүүхдийн эрх ашгийн үүднээс эрхийг нь хамгаалах ёстой байдаг. БНСУ-ын ХЭҮК-оос цагдаа, боловсролын алба, тухайн сургуулиас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд хяналт тавьж ажилласан болно. Түүнчлэн, хохирогч болон түүний ээж, мөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн хохирогчийг юу үзэж туулсан болохыг тогтоохоор уг хэргийг Комисс шалгасан. Мөн анхан шатны шалгалтын үр дүн дээр үндэслэн Комиссын байнгын хорооны хуралдаанаас хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалтын асуудлаар хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчлийг арилгуулахаар гомдлын бус хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шийдвэрийг 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр гаргасан. БНСУ-ын ХЭҮК нь гомдлын бус хянан шийдвэрлэх ажиллагааг хийж дуусмагц, гаргасан үр дүнг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хүргүүлэх болно гэдгээ мэдэгдлээ. БНСУ-ын ХЭҮК-ын даргын хувьд, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран, зөвхөн нийтлэг хүний эрхийг хамгаалах төдийгүй тус тусын нутагт оршин суугаа Солонгос-Монгол иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр цаашид ч хамтран ажиллахаа илэрхийлсэн байна гэжХЭҮК-оос мэдээллээ.
300 мянга болон вакцины 50 мянган төгрөгөө аваагүй иргэд энэ сарын 27-ны дотор хүсэлтээ илгээнэ үү
2021-12-21 09:08:57 Нийтлэгдсэн: Нийгэм Монгол Улсын Засгийн Газраас иргэн бүрд олгож буй 300,000 төгрөгийн мөнгөн дэмжлэг, 50,000 төгрөгийн вакцины урамшууллаа аваагүй иргэд 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны 23:59:59 цагаас өмнөwww.ebarimt.mn/300цахим хуудсанд хүсэлтээ гаргана уу. Та мөнгөө авсан эсэхээwww.ebarimt.mn/300хуудсаар нэвтэрч, регистрийн дугаараа хийн шалгах боломжтой. Харин шинээр төрсөн хүүхдэд олгогдох мөнгө бол Засгийн газрын тухайн шийдвэр гарах өдрөөр төрсөн хүүхдүүдээр хязгаарлагдаж байгаа буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 23:59:59 цагаас өмнө төрсөн хүүхдүүдэд олгоно. Дээрх олголтууд Сангийн яамнаас хийгдэж байгаа учраас манайд хүсэлт ирүүлэх бус, харин дээрх цахим хуудсанд хүсэлтээ гаргаарай гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээллээ. Энэ сарын 28-ны өдрөөс хойш хүсэлт гаргах боломжгүй юм байна.
2021 оны арванхоёрдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна. Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 7-9 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 10-12 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй