УИХ-ЫН ГИШҮҮН Ц.НЯМДОРЖ: НУТГААСАА ГАНЦ САЙН БӨХ ТӨРҮҮЛЭХЭЭР ТАВАН ЖИЛИЙН ӨМНӨ БҮРЭНТӨГСИЙГ УВСААС ДАГУУЛЖ ИРЖ БАЙЛАА

Угийн нутгархаг, бас амь нэгтэйгээрээ алдартай Увсынхан магнай тэнэгэр наадаж байна. Сүүлийн хоёр жил дараалан наадмын түрүүг авсан Увсчууд энэ жил илүү баяр хөөртэй байгаа. Хэний ч нүдэнд тороогүй аймгийн арслан залуу шууд таван цол алгасан Улсын арслан цол хүртэж, Үндэсний их баяр наадамд түрүүлж, нутаг усныхаа нэрийг орон даяар цуурайтуулж байгаа учраас тэд баярлахаас ч яахав. Хамгийн сонирхолтой нь Аймгийн арслан Бүрэнтөгсийг анх бөхийн спортод хөтлөж, олны хөлийн газар дагуулж ирсэн хүн бол Хуульзүйн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж. Түүнтэй баяр наадмын талаар цөөн хором хуучиллаа. -Сайхан наадаж байна уу? Энэ жил хаагуур наадам үзэв? -Сайхан наадаж байна. Наадмын эхний өдөр гэрээсээ гарсангүй, үр хүүхдүүдтэйгээ бужигнаж, гэртээ зурагт үзэж наадлаа. Хоёр дахь өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд наадсан. Гурав дахь өдөр уяачдын баяр үзээд явж байна даа. Энэ жил нар хур тэгширсэн сайхан наадам болж байна.Наадамчин олны сэтгэл тэнэгэр сайхан байна. -Наадмын талаарх сэтгэгдэл хэр байна. -Наадмын өмнө надаас Энэ жил хэн түрүүлэх бол? гэж асууж байсан юм. Тэр үед би наргиан болгоод Нэг бол манай нутгийн хүн түрүүлнэ. Нэг бол манай хүчний байгууллагын салбараас төрсөн хүн төрүүлнэ гэж хэлж байсан юм. Манай Рагчаа заан үзүүрлэж цол нэмлээ. Сэтгэл их өндөр байна. Рагчаагаа цол нэмэх байх гэж олон жил харсан. Ямар ч байсан итгэл алдсангүй. Рагчаагаа дараа нь жич шагнана даа. Би энэ зааныг хүндэлж, шүтэж явдаг. Олон жил сайхан барилдаж байгаа. Яах аргагүй Монгол төрийн наадамд түрүүлэх хэмжээний бөх. Харин П.Бүрэнтөгс гэнэт түрүүлж олныг гайхшруулсан сайхан наадам болж өндөрлөлөө. -Увс аймгийн гаралтай, хэний ч нүдэнд торж байгаагүй аймгийн арслан түрүүллээ. Танай нутгийнхан их л баяртай байх шиг байна? -Тэгэлгүй яахав. Би УИХ-ын дарга байхдаа 2007 оны өвөл нутагтаа очсон юм. Тэр үед аймгаасаа ганц сайхан бөх төрүүлчих юмсан гэж битүүхэн хорхойсч явсан үе. Бөх болчихоор ганц сайн хүү аваад ир гэж аймгийн удирдлагуудад хэлтэл энэ П.Бүрэнтөгсийг дагуулж ирж байлаа. Бүрэнтөгсийг анх хот руу дагуулж ирсэн хүн нь би юм шүү. Тэгээд тэр намар нь хот оруулж ирж зургаан сар болгосон. Сүүлд нь сумогийн Батбаяр зодог тайлаад монголд ирж байсан ш дээ. Тэр үед арга хэмжээ зохион байгуулахад нь Япон руу явуулчих санаатай Батбаяр, түүний багш нартай танилцуулж байсан. Тэр үед Бүрэнтөгс, Цэвэгням хоёрыг зэрэгцүүлээд зогсооход Бүрэнтөгс хоёр хуруу хиртэй өндөр байсан. Тухайн үед дөнгөж 10-р ангийн хүүхэд байсан юм. Тэгээд тэр жил 10 төгсөөд орж ирэхэд нь А.Сүхбат аваргад өгч дөрвөн жил сургасан. Дараа нь Балжаа аварга дээр ирээд энэ жилийн баяр наадамд түрүүллээ. Тэгээд манай Увсаас гаралтай наадмын түрүү бөхчүүд чинь Хан-Хөхий уулсаа дагасан бөхчүүд л дээ. Баянаа аварга, Балжаа аварга, Мөөеө аварга, Ганбат арслангууд чинь Бал даргын нутгийн хүүхдүүд юм шүү дээ. Манай нутгаас бөхийн түрүү авч сайхан бэлэгшээлтэй наадам болж байна. -Тэгвэл та Бүрэнтөгсийн талаар их сайн мэдэх хүний нэг байх нь? -Мэднээ, мэднэ. Багын тэвчээр хатуужил сайтай хүүхэд байсан. Ганц Бүрэнтөгсийг ч бус өөр хоёр ч хүүхэд Улаанбаатарт авчираад нэг, нэг компанийн захирал бараадуулууд өгчихсөн. Тэд маань бэлтгэл сургуулилт хийгээд явж байгаа. Манай нутгаас өөр олон сайхан бөхчүүд төрж гарах байх гэдэгт итгэлтэй байгаа. Манайхан нутгаасаа бөхтэй болох гэж хичээдэг, хөрөнгө мөнгө, цаг зав зарцуулдаг. Үүнийг би нэг их буруу зүйл гэж боддоггүй шүү. Тэртээ тэргүй монголчууд суурьшмал соел иргэншилд уусаж байна. Тиймээс ёс заншилаа сэргээж, хадгалахад Монгол бөх их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлздэггүй. -Сүүлийн үед улс төрчид морь их сонирхож байгаа. Таны хувьд? -Уг нь жаахан хол байх юмсан гэж хичээдэг л юм. -Яагаад -Би өөрөө бага залуудаа морьтой ноцолдож өссөн хүн. Миний аав нэгдлийн 500-600 адуу хариулдаг адуучин хүн байлаа. Тиймээс би өөрөө морь мэднэ. Нэг морь руу шимтээд орчихвол хэтэрхий гүнзгий орчих байх гэж болгоомжилдог хүн. Гэхдээ сүүлийн үед морь сонирхоод л байгаа. -Өөрийн гэсэн морьдтой болсон уу? -Амьтан ах дүүгийн бэлэглэсэн морь байлгүй яахав. Гэхдээ цуглуулж, эмхэлж аваагүй. Ачийн маань нэр дээр нэг азарга уралддаг юм. Энэ жил их тааруухан давхисан байна лээ. -Энэ жилийн наадам урт удаан болж байна. Саяхан сонгуулийн уур амьсгалд өртөж, бухимдаж байсан иргэдийн ч сэтгэл санаа тайвширч байх шиг байна? -Сонгууль, наадам хоёр нэг талаараа их адилхан шүү дээ. нэг нь ялж, нөгөө нь ялагдаад л дуусдаг. Хаана ч очсон ялагдсан намынхан гунигтай, гомдолтой л байдаг. Сонгууль болдгоороо болж, наадам ч болдгоороо болоод л өндөрлөж байна. Одоо засаг төрөө эмхэлэх, өвөлжилтийн бэлтгэлээ базаах гээд биднийг их ажил хүлээж байгаа.

15 хүнтэй микро автобус осолджээ

Өнгөрсөн амралтын өдөр Налайх дүүргийн зургадугаар хороо, Тэрэлжийн гүүрний урд талын далан руу микроавтобус унаж, олон хүн гэмтсэн осол гарчээ. Осолдсон Хьюндай Грейс маркийн микро автобусанд зорчиж явсан 15 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Тэднээс найман том хүн, нэг хүүхэд тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Осол гарах үед Онцгой байдлын ерөнхий газрын аврагчид тухайн газарт эрэл, хайгуул хийж явсан учраас аврах ажиллагааг шуурхай явуулсан байна.

Хүй долоон хутаг руу 1000 төгрөгөөр үйлчилнэ

Нийтийн тээврийнхэн энэ сарын 11,12-ны өдрүүдэд баярын тусгай хуваарийн дагуу буюу 08.00-22.30 цаг хүртэл, энэ сарын 13-нд хот дотор жирийн амралтын өдрийн хуваариар ажиллана. Төв цэнгэлдэх хүрээлэн рүү энэ сарын 11,12-нд хотын 29 чиглэлээс нийт 203 их багтаамжийн автобус Мохатма Ганди-ийн гудамжаар явж үйлчилнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урдуур буюу Нийслэлийн өргөн чөлөөний шинэ замаас их багтаамжийн 20 автобус Хүй долоон худаг руу явна. 7 сарын 13-нд МУБИС-ийн баруун талын буюу хойшоо явах автобусны зогсоолоос тус бүр их багтаамжийн 20 автобус, энэ сарын 11,12,13-нд хотын 3,4-р хороолол, 7 буудал, 5 шар, ХМК, Офицеруудын ордон гэсэн 5 чиглэлээс тус бүр 4 нийт 20, Хүй 7 худаг хүртэл үйлчилнэ. Мөн Эмээлт өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл 30 автобус үйлчилгээнд ажиллана. Тасалбарын үнийн хувьд Офицеруудын ордон, 7 буудлаас Хүй долоон худаг хүртэл Бага багтаамжийн автобус 1000 төгрөгөөр 3,4-р хорооллын эцэс, 5 шар, Ханын материалын комбинатаас - Хүй долоон худаг хүртэл Бага багтаамжийн автобус 700 төгрөгөөр Төмөр замын буудлаас Хүй долоон худаг хүртэл бага багтаамжийн автобус 300 төгрөгөөр Төв цэнгэлдэх хүрээлэн болон МУБИС-иас Хүй долоон худаг хүртэл Их багтаамжийн автобус 800 төгрөгөөр тус тус үйлчилнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл үйлчлэх бусад чиглэлүүд тухайн чиглэлийн тогтоосон үнийг хэвээр мөрдөн ажиллана.

Наадмын нээлт 11.00 цагт эхэлнэ

2012-07-11 10:06:41 Нийтлэгдсэн: Нийгэм
Наадмын нээлт 11.00 цагт эхэлнэ

Эрэлхэг хүдэр бөхчүүд нь эр бяраа гайхуулсан Эрэмгийн шандаст хүлгүүд нь хурд хүчээ гайхуулсан Эрхий мэргэн харваачид нь онч мэргэнээ гайхуулсан Энэ дэлхийд цор ганц энгүй гайхамшигт монгол наадам ирлээ... Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслол өнөөдөр 11.00 цагт эхэлж, Төрийн хөлт есөн цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах юм. Үүний дараа Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээнэ. Үндэсний их баяр наадмын хөтөлбөр ёсоор өнөөдөр Хүй долоо худагт азарга болон их насны морьдын уралдаан болж, шагайн харвааны шигшээд өрсөлдөх мэргэд тодорч, хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа шувтарч, сурын харваа үргэлжлэх юм. Харин үдэш нь 23.00 цагт баяр наадмын ёслолын буудлага болно. Долдугаар сарын 11-нд болох баярын арга хэмжээний хөтөлбөр: 8.00-10.20 Азарганы уралдаан (Хүй долоон худагт) 9.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа (Шагайн асарт) 11.00 Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа. 11.10 Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын Хувьсгалын 91 жилийн ойн баярын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээнэ. 11.00 Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа (Шагайн асарт) 11.20 Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа (тусгай хөтөлбөрөөр явагдана) 11.50-15.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа 12.30 Шагайн харвааны хагас шигшээ харваа (Шагайн асарт) 13.30-14.00 Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа (Сурын талбайд) 13.30-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа 14.00-16.20 Их насны морьдын уралдаан (Хүй долоон худагт) 14.00-17.00 Үндэсний сурын харваа (Сурын талбайд) 15.20-18.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа 19.00-23.00 Улаанбаатарын үдэш цэнгүүн (Сүхбаатарын талбайд) 23.00 Баяр наадмын ёслолын буудлага

324 өрх усанд автжээ

2012-07-06 11:01:49 Нийтлэгдсэн: Нийгэм
 324 өрх усанд автжээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу, Шанд, Рашаант багийн нутгаар өчигдөр 17:00 цагийн орчим хүчтэй аадар бороо орж, олон айл өрх үерийн усанд автсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид энэ үеэр ажиллаж, тухайн нутаг дэвсгэрт байрлах 324 айлын гэр, орон сууц усанд автсан байсныг усны гольдролыг өөрчилж, үерийн суваг шуудуунд холбосон байна. Мөн үерийн усанд хаагдаж боогдсон долоон иргэнийг аюулгүй газарт гаргаж, 5 айлын гэрийг нүүлгэн шилжүүлжээ. Өчигдөр Орхон аймгаас гадна Архангай, Булган, Увс, Завхан, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн ихэнх, Дундговь аймгийн зарим газраар болон Улаанбаатар хот орчмоор усархаг бороо орсон байна.Ус цаг уурын эрдэм шинжилгээний төвөөс өгсөн мэдээгээр ойрын өдрүүдэд усархаг, хүчтэй аадар бороо тасралтгүй орох төлөвтэй байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.