Орон сууцтай болох гэсэн иргэдийн мөрөөдөлд бүү цэг тавиасай

НИТХ-ын дарга Д.Баттулга шинээр барилгын ажил эхлүүлэхгүй байх тухай шийдвэр гаргажээ. Эл шийдвэрт Сүүлийн үед НИТХ-ын тэргүүлэгчдийн даргын нэр дээр орон сууцны хороолол доторхи газрыг хууль бусаар олгосон мөн шинээр барилга барихаар хашаа хатгаж, газар шорооны ажил эхлүүлэх гэж байгаа талаар иргэдээс гомдол олон ирж байна. Ойрын үед нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн ерөнхийлөгчийн хооронд 2008 онд байгуулсан санамж бичгийн хэрэгжилт болон газар олголтын асуудлаар НИТХ-аар хэлэлцэхээр төлөвлөж байгаа тул энэ хугацаанд улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх барилгаас бусад барилгын ажил шинээр эхлүүлэхгүй байхыг мэдэгдье гэжээ. Эл шийдвэрээс харвал, нийслэлийн Засаг дарга, НИТХ-ынхан нягт уялдаатай ажиллаж, ойрын хэдэн жил өмнөх удирдлагуудын чихнээс нь хонх уяж байсан маргаантай газар олголтыг эргэн харж, цэгцлэхээр болж. Гэхдээ хэднээс хэдний хооронд өнгөрсөн дөрвөн жилийн газар олголтыг шүүж, шалгах юм бол. Энэ талаар НИТХ-ын нарийн бичгийн дарга н.Ичинхорлоогоос тодруулахад Ийм шийдвэр гарсан. Хэзээ энэ талаар хэлэлцэхийг мэдэхгүй байна. Нарийн мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Тэгэхээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олгосон газрын зөвшөөрлийг хэдий хугацаанд нягтлах нь тодорхойгүй байгаа аж. Ямар ч гэсэн орон сууцны хороолол дотор болон гадна зөвшөөрөлгүй барилга барьж байна гэсэн гомдол өнгөрсөн жил олонтаа гарч байсан. Тиймээс Хашаа арга хэмжээний хүрээнд нийслэлийн Газрын алба 273 байршлын 1169 ТҮЦ, контейнер, гараж, хашаа хайс хаалтыг авч, газрыг нь чөлөөлсөн. Газар нь чөлөөлөгдсөн Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур, бичил цэцэрлэг байгуулж оршин суугчид болон Сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэж өгсөн тухай мэдээлж байсан удаатай. Орон сууцны хороолол дунд зөвшөөрөлгүй барилга барьж буй гомдол хэр ирж байгааг Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн мэргэжилтнээс тодруулахад Манайд НИТХ-ын шинээр барилгын ажил эхлэхгүй байх тухай шийдвэр ирсэн. Сүүлийн үед орон сууцны хороолол дунд дураараа хашаа хатгаж, барилга барих нь багассан. Энэ тухай гомдол ч цөөн ирдэг. Энэ нь, уржнан жил Газрын алба, МСӨХДЗ-тэй гэрээ байгуулж, орон сууцны дундах нийтийн эзэмшлийн талбайг СӨХ-ны мэдэлд өгсөнтэй холбоотой байх аа хэмээв. Тэгэхээр орон сууцны хороолол дунд газрын маргаан бага байгаа бол нийслэлийн сөөм газарт оффис болон орон сууцны барилга барихаар зөвшөөрөл авсан компаниуд ном, журмаар нь авсан уу гэдгээ шалгуулах нь. Өөрөөр хэлбэл, дээрх шийдвэрээс харвал улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдах бусад барилгын ажлыг эхлүүлэхгүй гэхээр 100 мянган айлын орон сууц хөтөлбөр яах вэ хэмээн асуумаар санагдсан хэрэг. Өнөөдөр эл хөтөлбөрт хамрагдсан 50-иас дээш гүйцэтгэлтэй барилгууд аль хэдийнэ захиалга авчихсан, зургаан хувийн хүүтэй зээл авах юмсан гэсэн иргэд захаасаа ОССК, Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаар эргэлдэж буй. Нэгэнтээ эл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагын нэг гэгдэж байсан Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү Бид хөтөлбөрт хамрагдах 50 хувийн гүйцэтгэлтэй компаниудын хүсэлтийг судалж үзээд хоёр ч удаа орон сууцнуудын жагсаалт гаргасан. Зах зээлд бэлэн байр алга, дараагийн жагсаалт хэзээ гарах вэ гэж иргэд асууж байгаа. Ямар ч байсан төр газрын асуудлыг нь шийдэж өгнө гэж байхгүй учраас зөвшөөрөлтэй барилгын компаниудыг хамруулахаар болсон. Судалгаа хийн шалгаж, нягталж байна хэмээн мэдээлж байсан. Судлуулж, шалгуулаад улаан шугамаар гарсан компаниуд өдгөө газар шорооныхоо ажлыг эхлэх гэж байгаа биз. Гэвч НИТХ-ын даргын шийдвэрээр шинээр барилгын ажил эхлүүлэхгүй хэмээн хот даяар зарлачихаар шинэ бүтээн байгуулалтад хамрагдсан тэдний хувь заяа яах бол... Энэ шийдвэрийг мэдсэн эсэх, ямар арга хэмжээ авч байгаа талаар 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хариуцаж буй Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны Төсөл хөтөлбөрийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Солонгоос тодруулахад, Манай дарга гадаадад яваа. Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн амарсан байна. Тийм болохоор энэ талаар мэдээлэл өгөх хүн алга хэмээв. Уг нь, хөтөлбөрт хамрагдах иргэдэд Төрийн болон Капитал банк зээл олгохоор болсон. Зээл олголтоосоо болж удааширч байна хэмээн хэвлэлээр баалуулсан эл хөтөлбөр ийнхүү асуудалгүй болж байхад, дараагийн ээлжийн орон сууцны барилга хэзээ баригдах бол хэмээн нүдээ чилтэл харж суугаа иргэд яах вэ. Хэдийгээр нүдээ олсон зөв шийдвэр ч гэлээ дөрвөн жилийн хугацаанд олгогдсон газар олголтыг үнэн зөвөөр хурдан шуурхай шалгаж тунгаан орон сууцтай болох гэсэн иргэдийн мөрөөдөлд бүү цэг тавиасай.

Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлнэ

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Л.Болд, С.Эрдэнэ нар өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай, Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээг тогтоох тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан юм. Аль нэг төрлийн татварын орлогыг улс орны өмнө тулгамдсан хамгийн том асуудлыг шийдвэрлэхэд 100 хувь зарцуулахыг зорилтот татвар гэж нэрлэн Зорилтот татварын хуулиар шийдвэрлэдэг юм байна. Ийм хуулийг өндөр хөгжилтэй орнууд хэрэглэсээр иржээ. Дээрх гишүүд нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг нүүрсний экспортын татварын орлогоос санхүүжүүлж шийдэхээр Зорилтот татварын тухай хуулийг Монголд анх удаа санаачлан батлуулахаар өргөн бариад байгаа юм. Монгол улс нүүрсний экспортын татвартай болсон ч энэ салбар бусад нүүрс олборлогч, экспортлогч орнуудтай харьцуулахад хамгийн бага татвартай хэвээр байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Энэ хуулийн төсөл батлагдсанаар нүүрсний экспортын татварыг 100 хувь гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд зарцуулах юм байна. Монголд нүүрсний экспорт жилд 20-30 хувь өсч, энэ татвараар жилд улсын төсөвт дунджаар 370 орчим сая ам.доллар орох төлөвтэй байгаа аж. Улаанбаатарын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд ойролцоогоор 1,8 их наяд төгрөг шаардлагатай байгаа ажээ. Ийм хэмжээний хөрөнгөтэй бол нийслэлийн гэр хороолол гурваас дөрвөн жилийн дотор дэд бүтэцтэй болох юм байна. Ингэснээр нийслэлийн гэр хорооллын 310 мянга өрхийн 60,2 хувь болох 184 мянган өрх ая тухтай хувийн орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй болж, санхүүгийн боломж нь нэмэгдэх тооцоо гаргажээ. Мөн хүйтний улиралд Монголын нийт хүн амын 45 орчим хувь болох нийслэлчүүд хорт утаагаар амьсгалж, эрүүл мэндээрээ хохирох явдал төгсгөл болох аж. Ийнхүү АН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжиж эхлэх анхны хуулийн төсөл өргөн баригдаад байна. Д.ОЮУН

 Төрийн албаныхан түгшиж эхлэв

Засаг барих нам солигдох бүрт халаа сэлгээ хийдэг нь бичигдээгүй хуулиар зохицуулагддаг зүйл. Хамгийн гол нь ажлаа мэддэг хүнийг л тухайн ажилд томилох нь чухал гэдэгт санал зөрөх хүн гарахгүй л болов уу. Ер нь Сонгуулийн дараа төрийн аль ч байгууллагад халаа сэлгээ хийгдэх нь энгийн зүйл. Гэхдээ ажлаасаа халагдсан, албан тушаал буурсан хүн бүр үүнийг таатай хүлээж авдаггүй. Төрийн албаны зөвлөл маргааныг хянан хэлэлцээд ажил олгогчийн буруу, тухайн хүнийг ажилд нь эргүүлэн авна уу гэсэн албан бичиг явуулна. Гэвч тухайн газар нь халаад явуулсан хүнээ ажилд нь эргүүлэн авч байсан тохиолдол урьд өмнө нь гарч байгаагүй. Ийнхүү Монголын хууль улс төрийн намуудын өлмий дор оршсон хэвээр л. АРДЧИЛАЛ СОНИН

Осолдсон хөлгөөс 120 -иод хүн ор сураггүй болжээ

Энэтхэгийн далайд осолдсон Танзаний Скагат Калама нэртэй усан онгоцноос нийтдээ 145 хүнийг аварч 31 зорчигчийн шарилыг уснаас гаргаж авчээ. Уг онгоцонд нийтдээ 280 зорчигч , мөн хөлгийн багийн зургаан гишүүн байжээ. Бусад зорчигчдыг одоогоор ор сураггүй алга болсонд тооцоод байна. Амиа алдсан хүмүүсийн дотор нэг гадаадын иргэн байсан бол , аврагдсан хүмүүсийн дунд 13 өөр улсын иргэд байсныг эмнэлэгт хүргэжээ. Аль үндэстэн болох нь одоогоор тодорхойгүй байгаа аж. С. Раздук

Орос Америкийн харилцаа муудаж магадгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн улс орнуудад суугаа Оросын Элчин сайдуудад хандан үг хэлэхдээ Өрнөдийн орнуудын эдийн засаг доройтож, буурахын хэрээр дэлхий дахинд үзүүлэх нөлөө нь багасч байгаа хэмээжээ. Тэрбээр Олон улсын маргаан зөрчлийг шийдвэрлэхдээ өрнөдийнхөн ганцаарчилсан тоглолт хийж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Иймэрхүү зөрчлийг НҮБ-ын хүрээнд шийдэх нь зүйтэй. Эдийн засгийн хямралын дүнд хөгжингүй орнуудын нийгэм, эдийн засгийн байдал муудсанаар өрнөдийнхний давамгайлал суларлаа. Иймээс та нар Оросын ашиг сонирхлын төлөө тухайн орнуудын үйл явдалд нөлөөлөх ёстой хэмээжээ. Үүнээс үзэхэд Орос улс цаашид ч өөрийн холбоотон Сири улсыг дэмжихийн тулд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд хориг тавих бололтой. В.Путин Нөхцөл байдал яаж ч эргэхэд бэлэн бай. Бүр хамгийн муу хувилбар ч биелж магадгүй хэмээн Оросын дипломатч нарт сэрэмжлүүлээд, хүйтэн дайны үеийн дайснууд-тай болгоомжтой харьцахыг сануулжээ. Дэлхийн улс орнуудын шинжээчид В.Путиний энэхүү мэдэгдлийг маш ноцтой хүлээн авч, ОХУ, АНУ-ын харилцаа муудаж магадгүй хэмээн таамаглаж байна. Оросын Ерөнхийлөгч В.Путин Европын холбооны асуудал бол дэлхийн эдийн засагт тулгарсан мөсөн уул-ын оргил. Өрнөдийнхөн дэлхийн улстөрд нөлөөгөө хадгалж үлдэхийн тулд НҮБ-ын хүрээнээс хальж, нэг талыг барьсан дипломат бодлого явуулж байгаа. Чухам тэд л Арабын хувьсгалын ард байсан юм. Одоо энхийн замаар зөвшилцөлд хүрэх арга зам хайх хэрэгтэй хэмээн мэдэгдэв. Өмнө нь Д.Медведев ОХУ-ын Ерөнхийлөгч байхдаа өрнөдийн орнуудыг Ливи улс руу халдан довтлоход хориг тавиагүй. Тухайн үед В.Путин тэрхүү халдлагыг дундад зууны Загалмайтны аян дайн хэмээн нэрлэсэн. Одоо тэрбээр ямар ч тохиолдолд Сирийг Ливи улс шиг сүйтгүүлэхгүй гэдгээ харууллаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.