Дархан-Уул аймагт ахмадуудад зориулсан хоёр автобус үйлчилгээнд гарахаас өнөөдөр эхнийх нь явж эхэлжээ. 25 хүний суудалтай, дунд оврын уг автобус ахмадуудад үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Ахмадууд эхний ээлжинд иргэний үнэмлэхээ үзүүлэн уг автобусаар зорчих юм. Тус аймгийн хэмжээнд 6000 гаруй өндөр настан байдаг гэсэн судалгаа байдаг аж. Ц.Уянга
Буддын шашны тэргүүн XIV Далай лам Их Британи дахь айлчлалаа Лидс хотоос эхэлжээ. Тэрбээр тус улсад арван хоног саатах бөгөөд төлөвлөгөө ёсоор зургаан хотын талбайд сургаалаа айлдах юм. Урьд нь Хятадын эрх баригчид Далай ламын энэхүү айлчлалыг эсэргүүцэн Лидсийн хотын засаг захиргаанд шаардлага тавьжээ. Хэрэв шаардлагыг нь хүлээн авахаас татгалзвал Лидсэд олимпийн өмнөх бэлтгэлээ хангах гэж буй өөрсдийн орны шигшээ багийг илгээхээс татгалзахаа мэдэгдсэн байна. Үүний хариуд хотын засаг захиргааныхан энэ нь хувийн шинжтэй айлчлал агаад бизнесийн уулзалтад оролцоно хэмээх тайлбарыг өгчээ. Их Британид байх хугацаандаа буддын шашны тэргүүн түвд балба, монгол лам, шашны тэргүүнүүд болон Их Британийн парламентын гишүүдтэй уулзах юм байна. Үүний өмнөхөн Далай лам Лондон хотноо очиж Темплтоны шагналаа гардан авчээ. Уг шагналыг оюун санааны үйл ажиллагаанд гавьяа байгуулсан хүнд олгодог юм. Далай нам 1959 онд Хятадад гарсан түвдүүдийн бослого амжилтгүй болсны дараа Энэтхэгт дүрвэн өнөөг хүртэл Дарамсала хотод амьдарсаар байгаа билээ. Тэрбээр дэлхийн олон оронд буддын сургаалыг айлддаг бөгөөд Түвдийн тусгаар тогтнолыг дэмжүүлэх талаар ухуулга хийдэг хэмээн Хятадын эрх баригчид хурцаар шүүмжилж ирсэн. Д.ЦЭРЭНДОЛГОР
МАХН-ын дарга Н.Энхбаяр болон иргэн С.Нарангэрэл, С.Авирмэд, Э.Батшугар, З.Ойдов, нар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргалаа. СЕХ дээрх нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх үндэслэлээ Н.Энхбаяр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2, 29 дүгээр зүйлийн 29.11.4 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг, С.Нарангэрэл, С.Авирмэд нарыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6., 26.7 дугаар зүйлийг, Н.Санжаадоржийг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дугаар зүйлийг, Э.Батшугарыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.4-г зөрчсөн гэж үзэн бүртгэхээс татгалзсан юм. СЕХ-ны энэхүү шийдвэрийг улс төрчдийн захиалгаар хийгдэж байгаа хууль бус үйлдэл гэж дээрх иргэд үзсэн тул Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, 8 дугаар зүйлийн 2.6.-г удирдлага болгон иргэний өргөдөл гаргаж байна аж. Иргэн Н.Энхбаяр энэ дагуу өнгөрсөн баасан гаригт хийсэн мэдэгдэлдээ Би өнөөдөр /2012-06-08-нд/ СЕХ-нд дахин гомдлоо хүргүүлсэн. СЕХ шударга шийдвэр гаргах нь уу үгүй юу гэдгийг харна. Шударга шийдвэр гаргахгүй байх магадлал бол их өндөр байгаа. Иймд бид СЕХ-ны хууль бус шийдвэрийг хүчингүй болгохын төлөө ажиллана. Гадаад улс орны хүний эрхийн байгууллага, Монголд суугаа элчин сайдын яамдууд, Европын холбоо, НҮБ, Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж Монголын СЕХ ингэж хууль бус шийдвэр гаргаж, бусармаг ажиллаж байгаа талаар мэдээлнэ хэмээн мэдэгдэж байсан юм. WORD.MN Ш.Хишгээ
Тувагийн Бүгд Найрамдах Улсад гарсан ойн түймрийг унтраах ажиллагаанд оролцож байгаа Гал түймэртэй тэмцэх албаны есөн шүхэрчин амиа алджээ. ИТАР-ТАСС агентлагийн мэдээлснээр Тувагийн агаарын цэргийн баазаас 13 шүхэрчин Баруун Хемчикскийн ойн бүсийн 500 га газрыг хамраад байгаа түймрийг унтраахаар буужээ. Гэвч одоогийн байдлаар түймрийн голомтоос дөрвөн хүн эргэж ирсэн бөгөөд мөн дөрвөн шүхэрчний цогцос олдоод байгаа гэнэ. Цогцснуудыг шинжилсний дараа хэн болохыг нь тогтоох ба үлдсэн хүмүүсийг амь үрэгдсэнд тооцож байгаа юм. Тувад ойн түймэр гарсантай холбогдуулан зургадугаар сарын тавнаас онц байдал зарлажээ. Түүнчлэн нутгийн гал сөнөөгчдөд туслахаар ОХУ-аас 100 гал сөнөөгч илгээсэн байна. WORD.MN О.Одсар
Нийслэл хотноо тулгамдаж буй нэгэн асуудал бол хог хаягдал юм. Тиймээс Улаанбаатар хотын удирдлагууд хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөөг 2007 онд боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн Цагаан даваанд хог боловсруулах үйлдвэрийг энэ жил шинээр барихаар шийдвэрлэсэн юм. Тэгвэл энэ сарын 4-нөөс буюу өчигдрөөс Баянзүрх, Сүхбаатар дүүргийн хог хаягдлыг хогийн шинэ цэгт хүлээн авч эхэллээ. Өөрөөр хэлбэл, Нарангийн энгэрт шинээр байгуулсан хогийн цэгт Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн хог хаягдлыг хүлээн авдаг байсан бол Цагаан даваан дахь хогийн шинэ цэгт хог хаягдлаа хүлээлгэн өгөх боломжтой болов. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батаас энэ талаар тодруулахад Цагаан даваанд хогийн шинэ цэгтэй болсноор хог ачсан машинууд хотын гудамжаар хогоо савируулан Нарангийн энгэрт хүрдэг байсан дутагдал үгүй болж байгаа юм. Энд хог хаягдал хүлээн авахаас гадна өдөрт 200 тонн хог боловсруулах үйлдвэр байгуулж, ангилсан хог хаягдлаар барилгын тоосго, блок, явган хүний замын хавтан үйлдвэрлэх боломж бүрдэж байна. Үүнээс гадна хог тээвэрлэх машинуудын парк шинэчлэлийг энэ жил 100 хувь хийж, 163 шинэ машинтай боллоо. Товчхондоо, Улаанбаатар хотын хог хаягдлын асуудлыг энэ онд бүрэн шийдвэрлэнэ гэсэн юм. Харин албаны зарим эх сурвалж Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөөний дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Улаанчулуутын хогийн цэгийг хааж, Нарангийн энгэрт хогийн цэг шинээр байгуулсан. Ингэхдээ хог хаягдлыг өмнөх шиг ил задгай хаялгүйгээр олон улсын жишгийн дагуу ландфелийн аргаар тодорхой үе шаттайгаар булшилж эхэллээ. Үүний үр дүнд хог шатааж агаар, орчныг бохирдуулдаг, гялгар уут, цааснууд энд, тэндгүй хийсдэг, эвгүй үнэр үнэртдэг зэрэг сөрөг үзэгдлүүд үгүй болсон гэв. Үнэхээр ч хүн ам олонтой хотын хог хаягдлын асуудлыг нэг л өдөр сэтгэлийн хөөрлөөр шийдчихдэг юм биш. Харин тодорхой үе шат, төлөвлөгөөтэйгөөр олон жил хэрэгжүүлдэг онцлогтой.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй