Наадмын тасалбарыг НЗДТГ,СТӨ-ний кассаар борлуулна

Улсын баяр наадмын арга хэмжээний тасалбарыг маргаашнаас худалдана. Энэ жилийн баяр наадмын тасалбар 2500-12000 төгрөгийн үнэтэй бөгөөд наадмын нээлт хаалт зэргээс шалтгаалан үнийн хувьд өөр өөр байна. Наадмын тасалбарыг НЗДТГ болон СТӨ-ний кассаар борлуулах ажээ. Долдугаар сарын 11-ний нээлтийн тасалбар 8000-12000 төгрөг бол долдугаар сарын 12-ны бөхийн барилдааны тасалбар үдээс өмнө 2500-3000, үдээс хойших 6000-9000 төгрөгийн үнэтэй зарагдана. Харин шөвгийн дөрвөн бөхийн барилдааны тасалбар 6000-9000 төгрөгөөр борлуулагдахаар болжээ.

Цуу ярианаас болж иргэд Яармагийн дэнжид бухимдаж өнжлөө

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт газар үнэгүй өгч байна гэсэн зарын дагуу Яармагийн гүүрний цаанаас Өлзийт хороолол хүртэл олон хүмүүс эгээтэй л наадам болж буй мэт цугласан байлаа. Яармагийн төв замын урдаас Богд уулын бэл хүртэл урт олсоор хөл толгой нь мэдэгдэхийн аргагүй газрыг тэд хэржээ. Учрыг лавлахад одоо иргэдэд олгох газрыг хүмүүсээс түрүүлэн авч өөрийн өмч гэдгийг тэмдэглэсэн нь тэр аж. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөөд ирлээ гэдэг шиг дөнгөж төрсөн хүүхдээ тэвэрсэн эх, тулгар биетэй бүсгүйчүүд, таягтай, тэргэнцэртэй, машинтай, дугуйтай олон хүн ам уралдан газрын тухай ярьж байв. Хэн, хаанаас ямар учиртай газар олгож байгаа тухай лавлахад сонгуульд нэр дэвшсэн хүмүүс газар өгнө гэсэн. Тэр газраа авах гэж байна гэв. Энд ирцгээсэн хүмүүсийн ихэнх нь уржигдар шөнө ирж асар, майхнаа зоон газраа хүрээлээд авсан гэнэ. Урьд өдрийнх нь шөнө том хар жийп машин хөлөглөсөн залуус айлуудын хаалга цохин Ардчилсан нам Яармагийн эмнэлгийн зүүн тийшээ газар өгч байна. Бушуу газраа авахгүй бол газаргүй үлдэх нь байна хэмээн зар тараасны харгайгаар иргэд ийн цугласан ажээ. Тэр ч бүү хэл үүгээр гудамж гарна, энд дэлгүүр баригдана. Та наанаа газар авах юм бол бүх үйлчилгээндээ ойрхон байх юм байна хэмээн ухуулж явжээ. Төв замтай ойр газар авахын тулд залуус шөнө гар чийдэнгийн гэрэлд араатан мэт аяглацгаан цус нөжтэйгээ холилдсон тухай ч ярьж байв. Ардчилсан нам гарчихлаа. Одоо та нар минь газар авах хэрэгтэй. Амлалтыг нь биелүүлээч гэсэн хатгаас хийж байгаа хүмүүс байсан юм. Тэнд байсан нэгэн цагдаа одоогоор 500 гаруй машин 2000 хол давсан хүн ирсэн байна гэж байлаа. Газраа алдахгүй гээд гадаа хоносон ахмад настай хүмүүсийн даралт ихэсч, бие нь хавагнан хорооныхоо эмнэлгийг зорьжээ. Дээрх худал мэдээллийг УИХ-ын сонгуульд МАН-аас ухуулагчаар ажиллаж байсан иргэд тараасан гэх яриа байгаа. Тиймээс мэдээллийн талаар УИХ-ын гишүүн Ц.Батбаяраас тодруулахад Та нар ч гэсэн хурдан очиж газраа ав. Ц.Оюунгэрэл, Л.Болд нар сонгуулийн маргааш газар өгнө гэсэн шүү дээ гэсэн юм. Харин Хан-Уул дүүргийн Ардчилсан намын зүгээс дээрх үйл явдалтай холбогдуулан мэдэгдэл хийжээ. Мэдэгдэлд Иргэдийн газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх талаар Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гэхдээ сонгуулийн дүн баталгаажаагүй, УИХ-ын гишүүд нь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээгүй байхад энэ асуудлыг хууль, журмаас гадуур шийдвэрлэх эрх, үүрэг хэнд ч байхгүй. Аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд эхлээд эрх бүхий байгууллага нь бодлого, шийдвэрээ гаргаж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлдэг. Үүнээс өмнө хэн ч хууль, журмаас гадуур үйлдэл хийж болохгүй юм. Ардчилсан намын нэрийг барьж, иргэдийг хууль бус, эмх замбараагүй зүйлд турхирч байгаад харамсч байна гэжээ. Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас дээрх үйл явдлын талаар тодруулахад Тухайн газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагддаг бөгөөд тус газарт нийслэл, дүүргийн зүгээс шийдвэр гаргаж газар олгодоггүй болохыг нийт иргэдэд анхааруулж байна. Энэхүү эмх замбараагүй үйл ажиллагааг зохион байгуулж буй этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг мэдэгдье гэв. Иргэдтэй уулзаад зогсож байхад цээж нүцгэн нэг залуу ирээд МАН гарсан бол шууд газраа өгөх байсан. Энэ муусайнуудаас газраа нэхэмжлэхгүй бол олдохгүй шүү. Ямааны мах халуун дээрээ дээр шүү гээд эргээд гүйчихэв. МАН-ын цуу яриагаар шал дэмий хүрээд ирчихэж гэж хэлснийхээ төлөө нэгэн эмэгтэй гурван бүсгүйд үсдүүлэн, алгадуулж тэр хавьдаа шуугиан дэгдээгээд амжив. Дөрөвдүгээр хорооны Засаг дарга Т.Ганболд Энд газар өгөх боломжгүй. Ямар ч шийдвэр гараагүй байгаа гэж хэлээд иргэдийн ад болов. Газраа авъя. Э.Бат-Үүл баатар, Лу.Болд, Ц.Оюунгэрэл нар амлалтаа биелүүл хэмээн хэсэг хүмүүс орилолдов. Тэдний эсрэг Ардчилсан намынхны эсрэг ард түмнийг турхирсан МАН-ын нэр дэвшигчид хамт ир гэцгээж байлаа. Иргэд Газраа өөрийн нэр дээр автлаа тэмдэгт газраа хононо. Манай найзууд гэрээ авч ирж барихаар Яармагийн эцсээс портер хөлслөхөөр явсан гэв. Олны хөлөөс зайдуухан гудас дэвсэн суугаа эмээгээс тодруулга авахад Өглөө зургаан цагт Солонгост ажилладаг хүү маань утасдаад Яармагт газар өгч байгаа гээд манай найзууд бүгд очсон байна. Та газар авчих. Хоёулаа байшин барьж амьдарна гэсэн гээд сууж байв. Тэрээр Зүүнсалааны эцсээс такси барин ирсэн аж. Мөн дүүгийнхээ хүүхдүүдийг Газар ав гээд Дарь-Эхээс дуудчихсан байгаа гэв. Газраа өг. Үгүй бол долдугаар сарын нэгэн Ардчилсан намын байрны гадаа болно шүү хэмээн халамцуухан хэдэн залуус шонгийн сүүдэрт суунгаа орилно. Улсын дархан цаазат бүсэд хамаардаг энэ газарт газар олгохгүй. Эртхэн гэртээ харьж амарвал дээр шүү дээ гэж дүүргийн газрын албаныхан тэднийг аргадаж, гуйх, бухимдахын хооронд хэлж байхад дэргэд нь Ардчилсан намаас гарсан гишүүд газар өгч байна. Ажлаа хаяад бушуухан ир хэмээн зарим нь ийш тийш утас цохино. Иргэд Үүссэн нөхцөл байдлын талаар тус дүүрэгт АН-аас нэр дэвшсэн Ц.Оюунгэрэлээс тодрууллаа. -Л.Болд гишүүн та хоёрыг сонгуулийн өмнө Яармагийн иргэдэд газар олгоно гэсэн гэх юм. Үүнээс болоод эмх замбараагүй байдал үүсээд байна. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу? -Өчигдрөөс хойш Л.Болд гишүүн бид хоёрын нэрийг барин айлуудаар газар өгч байна гэсэн цуурхлыг хэн нь мэдэгдэхгүй хүн тараасан юм билээ. Манай намынхан болон штабынхан, бид хоёр ч өөрсдөө мэдээгүй байхад ийм яриа дэгдсэн байна. Энэ талаар ямар хүмүүс цуурхал тараагаад байгааг тодруулж өгнө үү хэмээн Засаг дарга, цагдаагийн хэсэгт хандчихсан. -Хоёр нэр дэвшигчээсээ газраа авъя гэсэн иргэд олон байна. Газар олгоно гэж амласан юм уу? -Газар бол хуулиар олгогдох ёстой. Тэр хуулийн талаар бид ярьсан. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр дээр Иргэдийн газар өмчлөлийг бүрэн шийднэ гэснийг иргэд мэдэж байгаа байх. Харин Газар олгож байна гэсэн хууль бус яриа дэгдээжээ. Үүнийг зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж ойлгож байгаа. Энэ хууль бус мэдээллийг хаанаас тараагаад байна вэ гэдгийг тогтоохоор ажиллаж байна. ХУД-ийн IV хорооны Засаг дарга Т.Ганболдтой ярилцлаа. -ХУД-ийн IV хороонд газар өгч байна гэсэн мэдээлэл тарснаас болж иргэд олноороо ирсэн байна. Танай хорооны нутаг дэвсгэрт газар олгох юм уу? -Тийм зүйл байхгүй. Сонгуульд унасан нөхдүүд ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй иргэдэд худал мэдээлэл цацсанаас болж иргэдийг олноор нь энд буулгаж байна. Энэ газар Дархан цаазтай бүс нутаг болохоор хуулиар зохицуулагдана. Гэтэл бие биеийнхээ нэр хүндийг унагаж, өшөө авахын тулд ийм бусармаг зүйл хийж байгаа юм. -Иргэд өчигдөр оройноос эхлэн энд ирцгээсэн гэж байна. Та энэ талаар хэзээ мэдсэн бэ? -Шөнө 02.00 цагаас хойш хүмүүс над руу утасдсан. Газар олгох эрх зүйн орчин бүрдээгүй байгаа гэдгийг хэлсэн. Газар өгч байна хэмээн айл болгоны хаалга нүдэж явсан тэдгээр хүмүүсээс болж ийм байдал үүсчихээд байна. Зохион байгуулалттайгаар үүнийг хийж байгаа. Хэрэв тиймгүйсэн бол хэн тэр шөнөөр айлын хаалга цохиод явах вэ дээ. Одоо бушуухан очиж буухгүй бол газаргүй болно шүү гэсэн байгаа юм. -Иргэдэд газар олгохгүй гэдгийг тайлбарлаад байхад эндээс буцах хүн цөөн харагдаж байна? -Зарим хүмүүс нөхцөл байдлыг ойлгоод буцаж байгаа хэдий ч хэлээд байхад ойлгохгүй хүмүүс ч байгаа юм. Манай хорооны иргэдээс гадна бүр танихгүй хүмүүс ч их ирсэн байна. Зохион байгуулалттай үйл ажиллагаа болоод байгаа гэдэг нь харахад л илт мэдрэгдэж байгаа биз дээ. -Иргэдийг өдөөн турхираад байгаа хүмүүс байна гэсэн үү? -Тэгэлгүй яахав. Тийм хүмүүс жирийн иргэдийн дунд орчихсон явж байна. Газар олгохгүй ээ гээд намайг хэлэхээр иргэд үнэмшихгүй байгаа юм. Байхгүй гэж байгаад араар нь өөр хүмүүст өгчихнө гэсэн хардлага байна. Цуу яриа дэгдээж буй хүмүүсийн нэг гэгдээд буй Н.Ариунжаргалтай уулзлаа. -Таныг иргэдэд худал мэдээлэл тараасан гэж хүн болгон ярьж байна. Та уг мэдээллийг хаанаас авсан бэ? -Өчигдөр ажлаа тараад л мэдсэн. Өглөө бөөн хүн бужигнаад байхаар нь ирсэн. Э.Бат-Үүл гуай утаагүйжүүлэх маягаар иргэдэд хоёр сая төгрөгт багтааж сэндвичэн барилга барьж өгнө. Лу.Болд гишүүн Яармагийн газрыг 400 айлд олгоно гэсний үндсэн дээр хүмүүс ирчихээд байна. Албан ёсны зөвшөөрөл өгөөгүй байгаа. Лу.Болд гишүүний өндөр амлалтаас болоод иргэд замбараагүй ирээд байна л даа. Энэ талаар нэр дэвшигч нар мэдээлэл өгөх хэрэгтэй. Энэ ард түмний амлалт нэхсэн тэмцэл юм шүү. Би ч гэсэн юмыг яаж мэдэх вэ газар олдож магадгүй гээд явж байна гэв. Газрын маргааны талаар Нийслэлийн газрын албаны дэд дарга Э.Ариунгэрэлээс тодруулахад Богдхан уулын тусгай хамгаалалттай газрыг Нийслэлийн газрын алба хариуцдаггүй. Тиймээс бид энэ талаар мэдэхгүй гэв. Харин тус газрын Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө хариуцсан мэргэжилтэн Б.Баатаржаваас дараахь зүйлийг тодрууллаа. -Яармагийн дэнж дээр газар олгож байна гэх мэдээллийн дагуу иргэд тэнд эмх замбараагүй байдал үүсгэж байна. Тэнд газар олгох төлөвлөгөө байна уу? -Энэ жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тэнд газар эзэмшүүлэх асуудал тусгагдаагүй. Тэгээд ч Яармагийн дэнж буюу замын урд талын хэсэг тусгай хамгаалалттай газарт ордог. Дархан цаазат Богдхан уулын тусгай хамгаалалтын хязгаарлалтын бүсэд ордог. Дүүргийн Засаг дарга эсвэл Нийслэлийн Засаг даргын захирамжаар тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшүүлэх, өмчлөх асуудлыг шийдэхгүй. -Тэгвэл тэнд газар эзэмшүүлэх асуудал байхгүй гэсэн үг үү? -Байгаль орчны яамны харьяа Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын захиргаа гэдэг байгууллага тэр газрыг хариуцан ажиллаж байгаа. Нийслэл, дүүргээс тусгай хамгаалалттай газарт газар хуваарилах эрх зүйн бололцоо байхгүй. Байгаль орчны яам ч тусгай хамгаалалттай газрыг иргэдэд хуваарилаад байх боломжгүй. Иргэд ямар мэдээллийн дагуу цугласныг мэдэхгүй юм. -Иргэд энэ талаар танай байгууллагаас асууж лавлаж байна уу? -Манай байгууллагаас олон хүн лавласан. Худал мэдээлэл гэдгийг тухай бүрт нь тайлбарлаж байна. Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Газрын албаны даргаас тодруулга авах гэсэн боловч Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн тасгийн дарга, бусад хамаарах албадын дарга нартай хуралдаж байсан юм. Түүний дараа мэдэгдэл гаргалаа. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох Яармагийн замын урд талд иргэдэд газар олгож байгаа тухай ташаа мэдээлэл олон нийтэд тарсан байна. Тухайн газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагддаг бөгөөд тус газарт нийслэл, дүүргийн зүгээс шийдвэр гаргаж газар олгодоггүй болохыг нийт иргэдэд анхааруулж байна. Энэхүү эмх замбараагүй үйл ажиллагааг зохион байгуулж буй этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг мэдэгдье гэжээ. Дүүргийн Засаг даргын тамгын газраас БОАЖЯ, Нийслэлийн Засаг дарга нарт мэдэгдэл хүргүүлсэн байна. Тус мэдэгдэлд дүүргийн цагдаа нар иргэдийг тарааж хүчрэхгүй байгаа тул нэмэлт хүч гаргаж өгөхийг хүсчээ. Э.ЭНХБОЛД Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

 “Цэцгийн баяр-Цэцгийн мандал 2012” болж байна

Нийслэлийн тамгын газар,Захирагчийн албанаас жил бүр зохион байгуулагддаг Цэцгийн мандал 2012 өдөрлөгт энэ жил Сүхбаатар, Чингэлтэй, Сонгино хайрхан, Баянзүрх, Баянгол гээд дүүрэг бүрээс идэвхитэй оролцлоо. Тус өдөрлөг энэ сарын 27-н буюу өнөөдөр хүртэл үргэлжилнэ.

Налайх дүүрэгт боом гарчээ

2012-06-23 16:23:43 Нийтлэгдсэн: Нийгэм
Налайх дүүрэгт боом гарчээ

Нийслэлийн Налайх дүүргийн V хорооны нутаг, Бүс нуурын хойд энгэр гэдэг газар зусч байгаа Төв аймгийн Эрдэнэ сумын III багийн малчин Даваахүүгийн үнээодорхой бус шалтгаанаар хорогдсон байна. Улмаар тус хорооны Бөх-Мо хувийн мал эмнэлгийн эмч нар үзлэг хийж, дээж аван Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид хүргүүлжээ. Шинжилгээний урьдчилсан хариу гарч хүн, мал, амьтны халдварт боом өвчний халдварын улмаас хорогдсон болохыг тогтоосон бөгөөд эцсийн хариу энэ сарын 25-нд гарах аж. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өнөөдөр Улсын Онцгой комиссыг зарлан хуралдуулж, цагийн байдлыг хэлэлцэн, авах арга хэмжээний талаар үүрэг өглөө. Шинжилгээний хариу эцэслэн гараагүй хэдий ч хязгаарлалтын дэглэм тогтоож, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажлыг эрчимжүүлэх, өвчний голомтод эргүүл, хяналт шалгалтын хэсэг гаргах, ариутгалын цэгийг Тэрэлж, зүүн аймгууд руу явах замд өнөөдрөөс ажиллуулж эхлэхээр шийдвэрлэжээ. Мөн гурван айлын 15 хүн, 1000 гаруй малыг дахин үзлэгт хамруулж, гартаа шарх авсан хоёр иргэнд үзлэг, шинжилгээ хийн, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл хүргэх болжээ. Цаашид шүлхий болон боом өвчний вакциныг цаг хугацаанд нь хийж дуусгах, халдварын голомтод байгаа айлын малыг нядлуулахгүй, сүү, цагаан идээг худалдан борлуулахгүй байхад хяналт тавих болсон байна. Дээрх гурван хот айлын малд гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг долоо хоногийн өмнө хийсэн байжээ.

Румыны экс ерөнхий сайд амиа хорлохыг завджээ

Румыны ерөнхий сайд асан Адриан Настасе амиа егүүтгэхийг завдсан талаар тус улсын Засгийн газрын одоогийн тэргүүн Виктор Понта мэдээлэл хийсэн байна. Одоо Адриан Настасег эмнэлэгт хүргэн, эрчимт эмчилгээ хийж байгаа гэнэ. Шүүхээс түүнийг авлигын хэрэгт холбогдуулан ял төлөвлөхөөр шийдвэрлэсний дараа хүзүүн тус газраа буудаж амиа хорлохыг оролджээ. Дашрамд дурдахад тэрбээр 1989 оноос хойш анх удаа ял сонсч байгаа Румыны Засгийн газрын тэргүүн болж байна. Виктор Понтагийн ярьснаар Настасегийн биеийн байдал хяналтад байгаа гэнэ. Настасе 2001-2004 оны хооронд Румыны Засгийн газрыг толгойлж байсан бөгөөд 2004 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, улмаар ялагда хүлээсэн билээ. Адриан энэ үед янз бүрийн байгууллага болон үйлдвэрийн эздүүдээс 1.7 сая еврог хууль бусаар авч, сонгуулийн кампанит ажилдаа хэрэглэсэн аж. Тэрээр өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шүүхийн үйл явцыг улстөрийн явуулга гээд хүний эрхийн асуудлаар Европын шүүхэд хандана хэмээсэн билээ. WORD.MN А.Одсар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.