Монгол Улс шинээр мэндэлсэн хоёр иргэнээ цахимаар бүртгэлээ

​ Монгол Улс шинээр мэндэлсэн хоёр иргэнээ e-Mongolia -р дамжуулан цахимаар бүртгэлээ. Тодруулбал, Амгалан амаржих газарт мэндэлсэн иргэн Э болон М нарын гурав дахь хүүхдийн төрсний бүртгэлийг e-Mongolia системээр цахимаар бүртгэсэн бол Өргөө амаржих газарт мэндэлсэн иргэн Н болон Х нарын гурав дахь хүүхдийн төрсний бүртгэлийг e-Mongolia-р бүртгэв. Энэ талаар бид эцэг эхчүүдтэй утсаар холбогдож, сэтгэгдлийг нь авлаа. Ю.Энх-Эрдэнэ:e-Mongolia -д төрсний бүртгэл үйлчилгээг сонгож, анкет бөглөсний дараа Монгол Шуудангаас холбогдож, бичиг баримтыг ирж авсан. Ингээд улсын бүртгэлд хүүхдийг маань бүртгэсний дараагаар шуудангийн ажилтан төрсний гэрчилгээ болон бусад бичиг баримтыг маань e-Mongolia-д бүртгүүлсэн хаягаар хүргэж өгсөн. Шинэ хүнтэй болсон, цаг завгүй хүмүүст их хэрэгцээтэй үйлчилгээ санагдсан. Т.Хонгорзул:3 дахь хүүхдээ e-Mongolia системээр бүртгүүлсэн. e-Mongolia өмнө нь мэддэг, олон үйлчилгээ авдаг байсан. Нэг өдөрwww.e-Mongolia.mnсайт руу ороод үйлчилгээнүүдийг нь сонирхоод харж байхад Төрсний бүртгэл гэсэн үйлчилгээ нэмэгдсэн байхыг хараад шинэ хүнээ цахимаар бүртгүүлсэн. Дөнгөж мэндэлсэн хүүхдээ бүртгүүлэх гэж дүүрэг дээрээ очно. Гэрлэлтээ батлуулаагүй байвал эцэг эх хоёулаа биеэр очно гээд явдал чирэгдэл ихтэй шүү дээ. Харин e-Mongolia -р бүртгүүлэх нь маш амар санагдлаа. e-Mongolia-д баярлалаа. Шинээр төрсөн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлэх үйлчилгээ авах бол: Таe-mongolia.mnсайтад нэвтрэн орно Үйлчилгээнүүд цэсийг сонгоно Иргэний улсын бүртгэл гэсэн дэд цэсийг сонгоно Бүртгэл Төрсний бүртгэл гэсэн цэсийг сонгож, шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлэх хүсэлтээ илгээнэ. Энэ үед Монгол Шуудангийн ажилчид тантай холбогдож, таны бичиг баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргэж, бүртгэл хийгдсэний дараа төрсний гэрчилгээ болон бусад бичиг баримтыг таны хаягаар хүргэж өгнө. Одоогийн байдлаар нийт 14 иргэн шинээр мэндэлсэн хүүхдээ бүртгүүлэх хүсэлт цахимаар буюу e-Mongolia-р гаргаад байна Үйлчилгээ шууд авах линк:https://e-mongolia.mn/service/shineer-tursun-khuukhdiig-tursnii-burtgeld-burtguulekh-khuselt Холбоо барих утас:1111 Заавар, зөвлөгөө биечлэн авах бол Төв шууданд байрлах e-Mongolia төвд хандаарай.

УИХ-ын гишүүн С.Батболд Говьсүмбэр, Дундговь аймгийн бүх сумдад хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хандивлав

​ ​ УИХ-ын гишүүн С.Батболд Говьсүмбэр, Дундговь аймгийн нийт сумдын эрүүл мэндийн төвүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзав. Тэрээр уулзалтын үеэр Covid-19 цар тахлын амаргүй нөхцөлд хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож буй эмч, эмнэлгийн ажилтнууддаа талархал илэрхийлээд орон нутгийн эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, материаллаг бааз, эмнэлгийн ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн хангамжийг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллаж буйгаа онцлов. Мөн тэрээр өөрийн санаачлан байгуулсан Сүхбаатарын Батболд сангаас тогтмол хэрэгжүүлдэг сайн үйлсийн аяны хүрээнд тус сангийн санхүүжилтээр Говьсүмбэр, Дундговь аймгийн нийт сумдын эрүүл мэндийн төвүүдэд Covid-19 цар тахалтай тэмцэхэд нэн шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг өнөөдөр гардуулан өгөв. Энэхүү аппарат нь нэг бүр нь 10 гаруй мянган долларын үнэтэй бөгөөд нийт 700 гаруй сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжөөр сумдын эрүүл мэндийн төвүүдэд хөрөнгө оруулж буй хэрэг аж. Сүхбаатарын Батболд сан нь нийгмийн сайн сайхан, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр голчлон үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Говьсүмбэр, Дундговь аймгуудын эрүүл мэндийн төвүүдэд иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашин, эмнэлгийн халдвар хамгааллын өмсгөл, өвөлжилт хүндэрсэн сумдад 300 гаруй сая төгрөгийн малын тэжээл, малчдад хэрэгцээт барааг хандивлах зэргээр тогтмол үйл ажиллагаа явуулж, аймаг орноо дэмждэг юм байна. Б.Энх-Орших

“Буянт-Ухаа” хороололд 280 ортой цэцэрлэг ашиглалтад орно

​ Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Буянт-Ухаа хороололд 280 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй. Тус хороонд сургуулийн өмнөх боловсролын насны 944 хүүхэд оршин суудаг. Иймд 280 ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдүүд харьяа орчиндоо суралцах, хамран сургах тойргийн цэцэрлэгийн хүрэлцээ нэмэгдэх давуу талтай. Цэцэрлэгийн барилга угсралтын ажил цар тахлын нөхцөлөөс шалтгаалж удааширсан боловч өнөөдрийн байдлаар дотор заслын ажил хийж, барилгын гадна угсралт дууслаа. Энэ онд хүүхдүүдээ хүлээн авахаар төлөвлөн, ажиллаж байна.

“Шар дарцаг” аянд нэгдэхийг уриалж байна

​ НЗДТГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Боловсролын газар, Тээврийн цагдаагийн албанаас хамтран Шар дарцаг аяны талаар мэдээлэл хийлээ. Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжаар Шар дарцаг аяныг нийслэлийн хэмжээнд нэг сарын хугацаатай өрнүүлэх юм. Тус аян нь ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарахдаа дарцаг өргөж гарах дадал хэвшлийг суулгах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход чиглэсэн юм. Түүнчлэн аяны хүрээнд шар дарцаг хэрэглэх таван алхамт үйлдлийн зурган болон бичгэн заавар, замын хөдөлгөөнд оролцох 10 алтан дүрмийг сургууль, цэцэрлэгүүдэд хүргэжээ. Шар дарцгийг гэрлэн дохиогүй гарцны хажууд байрлуулснаар зам гарах гэж буй хүн дарцгийг авч, машин руу дохио өгнө. Гарцаар гарсны дараа шар дарцгийг зориулалтын саванд буцааж хийх юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн гэрлэн дохиогүй 45 гарцад шар дарцгийг байрлуулжээ. НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай Шар дарцаг аяныг хэрэгжүүлснээр ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зам, тээврийн осолд өртөх эрсдэл буурна гэж тооцож байгаа. Иймд нийгмийн хариуцлагын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч нарыг тус аянд идэвхтэй оролцож, үлгэр дуурайлал үзүүлэхийг уриалж байна хэмээв. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат Энэ оны эхний 10 сарын байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн осол улсын хэмжээнд 371 гарч, улмаар 40 хүүхэд амиа алдсан. Нийт осол хэргийн 193 нь Улаанбаатар хотод гарсан тоон мэдээлэл байна. Энэ оны эхний 10 сарыг өнгөрсөн оны 10 сартай харьцуулж үзэхэд, осол нийслэлд 30 гаруй хувь буурсан үзүүлэлт гарсан. Долоо хоногт нийслэлд дунджаар 25 хүүхэд зам, тээврийн осолд өртөж байна. Тус аян эцэг эхчүүд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, жолооч, төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэй хүүхдийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хэмээн ярилаа. Нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Г.Мөнхбилэг 2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд 340 мянган хүүхэд, цэцэрлэгт 84 мянган хүүхэд хамрагдсан. Өөрөөр хэлбэл, нийслэлд гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна. Шар дарцаг хэрэглэх таван алхамт заавар, замын хөдөлгөөнд оролцох 10 алтан дүрмийг мөрдсөнөөр хүүхэд, багачууд зам, тээврийн осолд өртөх магадлал 30 болон түүнээс дээш хувиар буурах боломжтой гэв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Угаарын хийн дуудлага буурчээ

​ НЗДТГ, НИТХ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар /НАБТГ/, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Таван толгой түлш ХХК хамтран хэвлэлийн бага хурал зарлаж, аравдугаар сарын 1-нээс нэг сарын хугацаанд өрнөсөн Угаарын хийн эрсдэлээс сэргийлье аяны үр дүнгийн талаар мэдээллээ. Хэвлэлийн хуралд НАБТГ-ын дарга Б.Пүрэвсүрэн, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул, Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал нар оролцсон юм. НАБТГ-ын дарга Б.Пүрэвсүрэн Өнгөрсөн жил гарсан угаарын эрсдэлүүдийн дийлэнх нь хайхрамжгүй, болгоомжгүй байдлаас үүссэн нь тогтоогдсон. Угаар үнэртдэггүй, амтагддаггүй, нүдэнд харагддаггүй учир шууд хүний амьсгалыг боомилж, амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл бий болдог. 2019-2020 оны галлагааны улиралд 2970 иргэн угаартсан тоо бүртгэгдсэн. Мөн оны зөвхөн аравдугаар сард 712 тохиолдол бүртгэгджээ. Тэгвэл энэ оны аравдугаар сард 430 угаарын дуудлага бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх жилийн аравдугаар сартай харьцуулахад дуудлагын тоо даруй 282-оор багассан гэсэн үг. Хэрэглэгчдэд үйлчлэх төвд ирж буй дуудлагын 205 нь угаарын дуудлага байсан бол бусад дуудлага нь даралт ихсэх, толгой өвдөх гэх мэт өөр шалтгаантай байна хэмээв. Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул хэлэхдээ: -Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, сайжруулсан түлш, түүхий нүүрсний хэрэглээнд манай алба хаагчид хяналт тавин ажиллаж байна. Сайжруулсан түлш, шахмал түлшний зөв хэрэглээний талаар заавар, зөвлөгөө өгч, хяналт, шалгалт тогтмол явуулахын дээр автомашины чанга яригчаар анхааруулга, сэрэмжлүүлгийг өгч хэвшиж байгаа. Угаарын хордлогод өртөж байгаа хэд хэдэн шалтгаан байна. Үүнд, хур тунадас орсон үед сайжруулсан түлшийг бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авч, өрхөө бүтээснээс болж угаарын хордлогод орох нь олон. Мөн айл өрхүүд яндангаа хөөлөхгүй, пийшин зуухны битүүмжийг хангаагүй, тэдгээрт завсар зай гарснаас утаа гарч угаарын хордлогод өртдөг. Угаар мэдрэгч хэвийн ажиллаж буй эсэх, зай нь дууссан үгүйг шалгахгүй байна. Уг нь сайжруулсан түлшний шуудайн дээр уг түлшийг хэрхэн ашиглах заавар бий. Түүнийг үзэж танилцалгүй хаяж орхидог. Энэ мэт шалтгаанаар иргэд угаартах нь бий гэлээ. Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал Иргэд гэр, байшингийнхаа дулааныг алдахгүйн үүднээс яндангийн хаалтаа хаах нь олон. Сайжруулсан шахмал түлш түлсэн үедээ яндангийн хаалтыг хааж болохгүй. Хаалт, сойлт хэрэглэх нь сайжруулсан түлш хэрэглэж байгаа тохиолдолд тохиромжгүй арга юм. Мөн Таван толгой түлш ХХК-аас айл өрхүүдийн угаар мэдрэгчид нэмэлтээр дамжуулагч суурилуулж байгаа. Өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй айл өрхөд дамжуулагч суурилуулсан. Анхны дохио аравдугаар сарын 6-нд ирсэн. Өнөөдрийн байдлаар 120 гаруй удаагийн угаарын хийн аюултай түвшин илэрлээ гэх дохио манай хяналтын дэлгэцэд ирсэн. Энэ бүрд бид тухайн айл руу холбогдож, 24 цагаар хяналт тавьж байгаа хэмээн онцоллоо. Угаарын хийн эрсдэлээс сэргийлье аяны хүрээнд урьдчилан сэргийлэх есөн төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж буй юм. Мөн зорилтот бүлгийн 10 мянган айл өрхийн янданг хөөлөх зорилт тавьснаас одоогоор 3005 айл өрхийн янданг хөөлжээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.