Нийслэл рүү түүхий нүүрс нэвтрүүлэхийг завджээ

Улаанбаатар хотын хэмжээнд эрүүгийн болон хэв журмын зөрчлийн нөхцөл байдал ямар байгаа талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын удирдлагаас мэдээлэл өглөө. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл өмнөх долоо хоногоос 6.5 хувиар буурчээ. Гэмт хэргийн төрлүүдээс хулгайлах гэмт хэрэг 1.8 хувиар өсөж, бусад төрлийн хэргүүд 4.3-46.2 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт болон Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран авто тээврийн шалган нэвтрүүлэх баталгаат замын найм, баталгаат бус замын нэг цэгт 18 алба хаагч 24 цагаар хяналт тавин ажиллаж буй. Түүхий нүүрс хэрэглэх, нууцаар худалдаалах зөрчил болон сайжруулсан түлш худалдаалах цэг орчимд хяналт тавих зорилгоор 681 чиглэлд 1444 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 428 хороо, 841 гудамж, 2170 айл өрх, 3844 иргэн, 900 тээврийн хэрэгслийг шалгалтад хамруулж, зургаан тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 21 тонн 110 кг түүхий нүүрсийг илрүүлжээ. Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цахим орчны зүй бус хэрэглээ, цахим гэмт хэргийн ойлголт, Хүүхдийн эрх, аюулгүй байдал сэдэвт сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын 23, 72 дугаар сургуулийн 520 сурагчийг хамруулсан байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн хэмжээнд 2000 тонн тусгай бодис, 500 тонн давс нөөцөлжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа. Нутгийн захиргааны байгууллагын албан хаагч, ажилтнууд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд амжилттай ажиллав 44 дэх долоо хоногт нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын нөхцөл байдал ямар түвшинд байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцуулсан. Эл долоо хоногт халдварын тоо өмнөх долоо хоногоос буурч, өдрийн дундаж 1911 байжээ. Эмчлүүлэгчдийн тоо, хүндэвтэр хүмүүсийн тоо буурсан хэдий ч нэн хүнд хүний тоо нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн байгууллагууд, УБЗАА-наас нэмэлт III тунд онцгойлон анхаарчээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас вакцины нэмэлт тунгийн үйлчлэлийн талаарх мэдээллийг дэлхий нийтийн хэмжээнд өгсөн гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга онцлов. ДЭМБ-ын зүгээс 5-11 насны хүүхдийг том хүний 1/3 тунгаар тарьж болно гэсэн мэдээлэл түгээсэн байна. Мөн дельта хувилбарыг даван туулахын тулд нэмэлт тунг эрчимжүүлж, вакцинтай иргэдээ хамгаалах, 11-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг судлах, амны хаалтны хэрэглээг заншил болгох, хичээл сургуулийг эхлүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх бодлогыг улс орнуудад санал болгож байгаа юм. Нийслэл хотын зургаан дүүргийн хэмжээнд явуулын 40 баг, суурин 39 цэгт вакцинжуулалт хийсэн хэвээр байгаа юм. Нийслэлийн нийт хүн амын 74.7 хувь нь нэгдүгээр тунд, 71 хувь нь хоёрдугаар тунд , нийт хүн амын 15.7 хувь, зорилтот бүлгийн 21.8 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байгаа юм. Тиймээс нэмэлт гуравдугаар тунд эрчимтэй хамрагдах шаардлагатай байгааг нийслэлчүүддээ уриаллаа.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагч, ажилтнууд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажилласан. Тэдгээр ажилтнууд маш идэвхтэй ажиллаж, эмч нарт ихээхэн дэмтэй байсныг Эрүүл мэндийн газрын дарга тодотгоод, тэдгээр хүмүүст талархал илэрхийллээ. Түүнчлэн сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд туслах тусгай аппликэйшн ажиллуулж эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт найман тоглолт, хоёр тэмцээн зохион байгуулагджээ Арваннэгдүгээр сарын 1-нээс соёл, урлаг, спортын байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ингэхдээ 50 хувийн дүүргэлттэй байхаар журамд заасан. Журмын хэрэгжилтийн талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногт Соёлын төв өргөө, Улсын филармони, УДЭТ, УДБЭТ гэхчлэн газруудад найман тоглолт зохион байгуулагджээ. Мөн нийслэлийн хэмжээнд спортын хоёр тэмцээн уралдаан зохион байгуулагдсан байна. Соёл, урлаг, спортын байгууллагуудад хяналт шалгалт хийхээсээ илүү зөвлөн туслахад анхаарч байгаагаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга онцоллоо. Түүнчлэн тус байгууллагаас өнгөрсөн долоо хоногт барилга байгууламжийн чиглэлээр хэд хэдэн шалгалт хийж, Зайсан, Замын цагдаагийн гүүрэн байгууламжийн ойролцоо барилга барьж буй компаниудыг шалгаж, тусгай зөвшөөрөлгүйг нь хааж, зөрчил гаргасанд нь торгуулийн арга хэмжээ авч, ноцтой зөрчлийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл 80-94 хувьтай байна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн зүгээс өвөлжилтийн бэлтгэлд онцгойлон анхаарахыг үүрэг болгосон. Энэ дагуу мэргэжлийн байгууллагууд дараах мэдээллийг өглөө. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Улаанбаатар хотын хэмжээнд тусгай зориулалтын бодис 2000 тонн, давс 500 гаруй тонныг нөөцлөөд байна. Тусгай бодис дахин 2000 орчим тонныг татан авна. Өнгөрсөн оны өвөл хотын хэмжээнд 440 тонн давс хэрэглэж байсан. Тэгэхээр энэ оны нөөцлөлт хангалттай гэж үзэж байна. Хот, нийтийн аж ахуйн байгууллагууд цас орж, халтиргаа үүсэх үед хүндрэл үүсгэхгүйн тулд анхааран ажиллаж байгаа гэлээ. Өвөлжилтийн бэлтгэлд дүүргүүд хэрхэн анхаарч байгааг Хотын дарга тодруулав. Баянзүрх дүүрэг сайжруулсан шахмал түлшний хүрэлцээ хангамжид анхаарч байгаа бол Сонгинохайрхан дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 80 гаруй хувьтай байгаа аж. Баянгол дүүрэгт 32 цэгээр сайжруулсан түлш түгээж буй бөгөөд ойрын хугацаанд 10 цэг нэмэхээр ажиллаж буй юм байна. Чингэлтэй дүүргийн хувьд Ажлын хэсэг байгуулан, өвөлжилтийн бэлтгэл хангажээ. Сүхбаатар дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл 97 хувьтай, сайжруулсан түлшний 73 цэг ажиллаж байна. Налайх дүүргийн тухайд тулгамдсан асуудал цөөнгүй байгааг дүүргийн Засаг дарга онцолж байлаа. Энэ жилээс Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах ажил хойшлогдсонтой холбоотойгоор иргэд бухимдуу байгаа гэнэ. Харин Багахангай дүүргийн өвөлжилтийн бэлтгэлийн 94 хувь нь биелжээ. Тээвэр ложистикоос үүдэлтэйгээр бүтээн байгуулалтын ажлууд удааширч мэдэхээр байгааг анхааруулав Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг өгөв. Тэрбээр Ковид-19-ийн цар тархалтыг бууруулах эрчимжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, иргэд болон албан хаагчдаа дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалах хэрэгтэй байна. Нэмэлт тунд хүн амын 50 хувийг хамруулчихвал бид шар бүс рүү шилжинэ. Аль болох хурдан хугацаанд шар бүсэд орж, амьдралын хэвийн хэмнэлдээ ороход анхаармаар байна. Шинэ сэргэлтийн бодлого буюу цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх хуулийг боловсруулж байгаа. Энэхүү хууль гарснаар улс орон төдийгүй дүүрэг, орон нутагт ч ажил урагшлахын эхлэл байх юм. Тиймээс бүх алба, агентлагийн удирдлагууд үүнд анхаараарай. Нөгөөтээгүүр 2022 онд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлууд тээвэр ложистикийн саатал бэрхшээлээс үүдэн удааширч мэдэхээр байна. Үүнийг нарийвчлан судалж, төсвийн төсөлдөө тусгаарай гэсэн юм. Мөн ирэх долоо хоногт дараах чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. -Хариуцлагын гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцох. -Соёл, урлаг, спортын байгууллагууд 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллаж буй эсэхэд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж ажиллах. -Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, төсвийн орлогыг нэр төрлөөр нь ханган бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэх. -Өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал болон бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. -Сайжруулсан шахмал түлшний нөөц, түгээлт, тээвэрлэлт цаг хугацаандаа тасалдалгүй явах ёстой гэлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Улаанбаатар хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд баталснаас хойш, өнөөдрийг хүртэл зургаан удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулжээ. Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа дуусаж буй тул 2017 оноос эхлэн Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үнэлгээ дүгнэлт, суурь судалгаа, үзэл баримтлал, Ерөнхий төлөвлөгөө гэсэн үе шаттай боловсруулжээ. Энэхүү төлөвлөгөөнд яам, агентлаг, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан хаагчид, эрдэмтэн судлаачид, иргэдээс санал авсан байна.Иргэдийн хувьд гэр хорооллыг үе шаттай инженерийн шугам сүлжээнд холбох, барилгажуулах, цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, соёл, спортын хүртээмжийг нэмэгдүүлэх, авто зам, дугуйн зам, авто машины зогсоолыг нэмэгдүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлэх, орон сууцны хамрагдалтыг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, хотын төвлөрлийг сааруулах, инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлэх зэрэг саналууд ирсэн байна. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан зарим ажлаас дурдвал, авто замын сүлжээг шинэчлэн сайжруулах бөгөөд төлөвлөлтөөр 1338,2 км авто зам төлөвлөж нийт 2463,5 км-т хүргэх аж. Үүнээс дагуул хот тосгодод 986,3 км замыг төлөвлөжээ. Мөн түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн тээврийн салбарыг олон төрөл болгох, шаардлага хангахгүй барилга байгууламж, хотын төвийн болон гэр хорооллын нутаг дэвсгэрийг дахин төлөвлөж хөгжүүлэх зэрэг багтжээ. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм. Ээлжит бус хуралдааныг энэ сарын 11-ний өдөр товлолоо. 10.64 га газрыг нийтийн эдэлбэрт газарт авлаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар мөн Нийтийн эдэлбэр газрыг хамгаалах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.Нийслэлийн Засаг даргын 2020 оны захирамжаар Нийтийн эдэлбэр газрыг хамгаалах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гарч, нийтийн эдэлбэрт бүртгэсэн газруудыг хамгаалах, ашиглалтын байдалд хяналт тавих, тохижилт арчилгааг тухайн дүүргийн Засаг дарга нарт хариуцуулан ажиллаж буй. Тиймээс нийтийн эдэлбэр газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий байршлуудын газар ашиглалтын байдалд дахин судалгаа хийсэн байна. Улмаар 2021 оны 09 дүгээр сарын 30-ны тогтоолоор нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт өөрчлөлтөд 17 байршлын 10.64 га газрыг тодорхойлон , нийтийн эдэлбэр газарт авахаар тусгасан байна. Үүнд: Баянгол дүүрэгт 1 байршилд 0.22 га Сонгинохайрхан дүүрэгт 3 байршилд 1.91 га Сүхбаатар дүүрэг 5 байршилд 1.70 га Хан-Уул дүүрэгт 4 байршилд 6.04 га Чингэлтэй дүүрэг 4 байршилд 0.77 га газрыг тус тус нийтийн эдэлбэр газарт авахаар танилцууллаа. Эдгээр эдэлбэр газарт бичил цэцэрлэг байгуулж, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхээр зорьж байна. Хэлэлцүүлгийн үеэр Тэргүүлэгч Д.Гантулга Нийтийн эдэлбэр газарт Баянзүрх дүүрэг, Нарны зам дагуух Замын цагдаагийн байр баригдахаар төлөвлөгдөж байсан газрыг авч болох уу гэдгийг тодрууллаа. Тэгвэл энэхүү газар дээр цэцэрлэг барихаар газрын гэрчилгээг гаргаж буй бөгөөд нийтийн эдэлбэр бус боловсролын зориулалттай газар болж буйг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сүхбаатар хэллээ. Үүний дараа Тэргүүлэгчид дээрх тогтоолын төслийг дэмжин, батлав. Машин ачилтын журамд оруулах өөрчлөлтийн саналыг танилцуулав Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх, түр саатуулахтай холбоотой журмын хэрэгжилтийн явц, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулах чиглэлээр болон шинэлэг систем нэвтрүүлэх асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тэгвэл тус ажлын хэсэг өнөөдөр Тэргүүлэгчдэд санал дүгнэлтээ танилцууллаа. Ажлын хэсгийн ахлагч Т.Батцогт Энэхүү үйлчилгээ байх нь зөв. Гэхдээ төр хамтарсан байдлаар ажиллуулах, автозамын санд уг үйлчилгээнээс тодорхой хэмжээний хувийг төвлөрүүлэх, гэрээт цагдаа ажиллуулах, иргэдэд урьдчилан утсаар мэдэгдсэний үндсэн дээр ачих...зэрэг дүгнэлт гаргалаа хэмээв. Тэрбээр мөн Одоо мөрдөгдөж буй журмаар зөвхөн иргэн, хувийн хэвшлийн хооронд харилцаа үүсээд байгаа юм. Гэтэл үүнд төрийн байгууллагын зохицуулалт дан ганц зөвхөн журмаар зохицуулагдана гэдэг нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Ажлын хэсгийн зүгээс автомашин ачилтын журамд оруулах өөрчлөлтүүдийг боловсруулсан. Тухайлбал, нэгдүгээр эгнээ болон автомашин зогсоохыг хориглосон байршлуудад автомашинаа байрлуулсан тохиолдолд олон нийтийн байцаагч ажиллана. Ачигч машин ирэхээс өмнө олон нийтийн байцаагч тухайн автомашины жолооч руу мэдэгдэн Зөрчлийн тухай хуулиар торгууль тавина. Тухайн торгууль тавьж буй мөнгө нь төрд төвлөрнө гэсэн үг. Харин тэр хугацаанд жолооч амжиж автомашинаа аваагүй тохиолдолд ачилтын компани ачих ёстой. Эдгээр зохицуулалтуудыг журамд өөрчлөлт болгон оруулахаар санал болгож байгаа юм гэлээ. Товчхон Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын нэр өөрчилж, дүрмийг батлах тухай тогтоолыг баталлаа. Энэ тогтоолын дагуу Улаанбаатар чуулга ОНӨТҮГ-ын нэрийг Улаанбаатар театр ОНӨТҮГ болгон өөрчилж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг эрхлэх асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс байгуулсан. Уг ажлын хэсэг боловсруулсан санал дүгнэлтээ өнөөдөр Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцууллаа. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

"Ярууслын чуулган"-д Д.Урианхай найрагч түрүүлж 30 сая төгрөг гардлаа

​ Channel11 телевиз,www.shilen.mn сайтаас зохион байгуулсан Ярууслын чуулган Монгол туургатны цахим яруу найргийн наадмын сүүлчийн шатанд шилдгийн шилдэг 11 найрагч тунаж үлдсэнээс Азийн шилдэг яруу найрагч, нэрт сэтгэгч, зохиолч Д.Урианхай түрүүлж 30 сая төгрөгийн эзэн боллоо. Дэд байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Амархүү, гутгаар байрт залуу яруу найрагч Г.Барсболд нар шалгарчээ. Дэд байрын эзэн 15 сая, гутгаар байрын эзэн таван сая төгрөгийн шагнал хүртсэн байна. Харин тусгай байр болон нэрэмжит шагнал хүртсэн Болор цом-ын эзэн яруу найрагч Б.Баттулга, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Т.Баянсан нар тус бүр гурван сая төгрөг, бусад оролцогчдыг тус бүр нэг сая төгрөгөөр байлжээ. Сүүлийн шатны шалгаруулалтыг Төрийн шагналт зураач С.Саранцацралт, гавьяат жүжигчин Г.Золбоот, гавьяат жүжигчин О.Бат-Өлзий тэргүүтэй есөн шүүгч шүүн тунгаасан байна. Ийнхүү хагас жилийн турш цахим орчинд үргэлжилж, яруу найрагчдын онгод цалгисан бүтээлүүдээр түмэн олны сонор, мэлмийг мялаан, оюуны цэнгэл эдлүүлсэн Яруусахуйн чуулган наадам өндөрлөлөө.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.