Иргэд газрын маргааныг шийдвэрлэхийг хүслээ

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар өнөөдөр иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ийнхүү иргэдтэй уулзаж байгаа юм.Өнөөдрийн уулзалтад Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Баянгол дүүргийн Газрын албаны төлөөлөл оролцож, иргэдийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхээр санал солилцсон юм. Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн Б.Бадамханд тус хорооны нутагт барьсан 266 дугаар цэцэрлэгийн газрын асуудлыг хөндлөө. Тус цэцэрлэгийг барьсан газар нь маргаантай байгаагаас цэцэрлэгийг нийслэлийн өмчид бүртгэх боломж бүрдэхгүй байгаагийн дээр цэцэрлэгт дулаан, цахилгаан нийлүүлэхэд ч саад учраад байгааг өгүүлсэн юм. Мөн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дахь 60 дугаар байрны оршин суугчид БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Номтот компанитай холбоотой гомдлыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчид дуулгасан. Номтот компани 60 дугаар байрны гадна талд тоглоомын талбай байгуулах зай ч үлдээлгүй хашаа татаж, чингэлэг байршуулснаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхийг хөндөж байгаа тухай өгүүлсэн юм. 266 дугаар цэцэрлэгийн газрын маргааныг журмын дагуу шийдвэрлэж, цэцэрлэгийг нийслэлийн өмчид бүртгэх ажлыг түргэвчлэх, 60 дугаар байрны гадна талд хүүхдийн тоглоомын талбай барихуйц газар чөлөөлөх үүргийг Номтот компанид өгөхийг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч холбогдох албаныханд даалгалаа. Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэн С.Гантогоо газрын маргаантай асуудлаа танилцуулж, сүүлийн 10 жилийн турш хүндрэлтэй нөхцөлд аж төрж байгаагаа дуулгав. Тус иргэний хөндөн тавьсан асуудал нь шүүхийн шатанд шийдэгдэж буй тул шүүхийн шийдвэр гартал хөндлөнгөөс оролцох боломжгүйг тайлбарлалаа. Түүнчлэн Баянгол дүүрэгт газрын маргаан удаа дараа гарч, иргэд гомдоллож байгаа тул цаашид анхаарч ажиллахыг сануулсан юм. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Улаанбаатар хот орчмын хөхтөн амьтны тархац, нөөцийн судалгааг хийв

Улаанбаатар хот нь Монгол орны амьтны аймгийн мужлалаар Хэнтийн тойрогт хамаардаг бөгөөд тайгын хамгийн өмнөд захын салбар уулст хамаарах тул тайга болон ойн бүсийн олон зүйл амьтдын тархац нутгийн өмнөд хил болдгоороо онцлогтой. Тус газраас 2016 онд ан амьтны мэргэжлийн байгууллагаар хот орчмын хөхтөн амьтдын судалгааг гүйцэтгүүлэхэд 53 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэн бөгөөд 2021 онд хөхтөн амьтдын тархац, нөөцийн судалгааг нарийвчлан хийлгэх, мөн өмнөх жилүүдэд амьтан хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг тодорхойлох зорилгоор мэргэжлийн эрх бүхий Авралын эрэлд ХХК-тай хамтран судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Судалгааны ажлын үр дүнгээр Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд 58 зүйл хөхтөн амьтан бүртгэгдсэн ба энэ нь Монгол орны хөхтөн амьтны зүйлийн бүрдлийн 40 гаруй хувийг эзэлж байна. Үүнийг багаар нь авч үзвэл: шавж идэштэн 5, гар далавчтан 5, туулай хэлбэртэн 5, мэрэгчтэн 22, мах идэштэн 14, туруутан 7 зүйл, эдгээрийг Дэлхийн Байгаль хамгаалах холбооны (IUCN) улаан дансны шалгуур үзүүлэлтээр үнэлбэл Олон улсын хэмжээнд Анхааралд өртөхөөргүй 86%, Ховордож болзошгүй 9%, Эмзэг 3%, Үнэлгээ хийгдээгүй 2% бол Бүс нутгийн хэмжээнд Анхааралд өртөхөөргүй 53%, Ховордож болзошгүй 12%, мөн Устаж болзошгүй 12%, Эмзэг 2%, Мэдээлэл дутмаг 15%, Үнэлгээ хийгдээгүй 5% байна. Мөн 2016 онд тэмдэглээгүй Vespertilio murinus - Буурал 5 сармаахай, Spermophilus dauricus - Дагуур зурам, Microtus fortis - Өргөөнч оготно, Myopus schisticolor - Ойн хөвхөлжин, Ovis ammon -Аргаль хонь зэргийг шинээр тэмдэглэж, Халиун буга, Бор гөрөөс, Янгир ямаа, Монгол тарваганы тоо толгой өссөн үзүүлэлт ажиглагдаж байгаа нь өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг илтгэж байна. Хотжилтоос үүдэлтэй хөхтөн амьтдад учирч буй сөрөг нөлөөллийг тооцоолоход төвийн 7 дүүргийн газар нутгийн 62.5% нь өөрчлөгдсөн буюу амьтад идээшлэх боломжгүй, амьдрах орчны хуваагдал орсон зэрэг үр дүнгээс харахад дараа дараагийн жилүүдэд зэрлэг амьтан нүүдэллэх боломжийг бүрдүүлэх экологийн гарц байгуулах, биотехникийн арга хэмжээ буюу зэрлэг амьтны тархац нутагт идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх, ойн сан бүхий газарт газар олголтыг хориглох, зуслангийн бүсийн хашаа хайсыг нэгдсэн стандарттай болгох, зэрлэгшсэн нохойн тоо толгойг зохицуулах, тархац нутаггүй болсон амьтдыг шилжүүлэн нутагшуулах зэрэг арга хэмжээг төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх шаардлагатай байна. Нийслэлийн Байгаль орчны газар

Төрийн албан хаагчид ёс зүйн сургалтад хамрагдлаа

Нийслэлийн Байгаль орчны газраас нийт албан хаагчдынхаа мэдлэг, ур чадвар, мэргэжлийн ёс зүйг дээшлүүлж авлига, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор Төрийн албан хаагчийн ёс зүй сэдэвт сургалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Сургалтаар төрийн албан хаагчийн ёс зүй болон сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр ерөнхий мэдлэг, мэдээлэл өгч холбогдох дүрэм журмыг сэргээн сануулсан ба байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх үйл ажиллагаанд анхаарах зарим асуудал, байгаль хамгаалагчийн үйл ажиллагааны хяналт зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл хийв. Сургалтанд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Төрийн албан хаагчдын ёс зүй, хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан мэргэжилтэн Т.Бат-Оргил болон Газрын удирдлага, Захиргааны хэлтсийн дарга болон холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийж, байгууллагын 70 албан хаагчийг бүрэн хамруулав. Тус байгууллага нь төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр шаталсан сургалтуудыг тогтмол зохион байгуулж байгаа ба дараагийн сургалтыг 2021 оны 11, 12 дугаар саруудад Авлигаас нийгэмд учруулах хор аюулыг ухуулан сурталчлах цахим сургалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Авилгатай тэмцэх газартай хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна. НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг хамгаалалтад авч, эмнэлгийн тусламж үзүүлэв

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/837 дугаар Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийн талаар авах арга хэмжээний тухай захирамж гарсан. Энэ дагуу нийслэлд амьдарч байгаа гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг аливаа эрсдэлээс хамгаалах, Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, халамжийн үйлчилгээнд хамруулах нэгдсэн арга хэмжээг өчигдөр нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Нийгмийн хамгааллын тусгай төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм. Нийслэлийн Цагдаагийн удирдах газар нь гэр оронгүй, тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийг олж тогтоох, цуглуулах, бүртгэлжүүлэх ажлын хүрээнд 602 орон сууцны 1315 орц, хонгил, 12 барилга байгууламж, хүнсний долоон зах, худалдааны төв, дулааны 52 худаг, хоёрдогч түүхий эд авах цэгт үзлэг шалгалт хийж, гэр оронгүй 239 иргэнийг олж тогтоон, бүртгэлжүүлжээ. Тэднээс 96 иргэнийг Нийгмийн хамгааллын тусгай төвд, 118 иргэнийг түр хоноглох үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус таван байгууллагад байршуулсан бол 24 иргэнийг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Түүнчлэн гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдээс сүрьеэ, ДОХ, тэмбүү, элэг, цусны ерөнхий шинжилгээ зэрэг бүх төрлийн шинжилгээ авч, цээжний рентген зураг авсны сацуу сэтгэцийн эрүүл мэнд, дотор, мэдрэл зэрэг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Дээрх иргэдэд Ковид-19 цар тахлын түргэвчилсэн оношлуураар шинжилгээг хийхэд 238 иргэний хариу сөрөг гарчээ. Шинжилгээний хариу нь эерэг гарсан нэг иргэнийг Энэрэл эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь судалгааг Хотын даргад танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь төлөөлөгчдийн газрын дарга Тамура Ерико болон бусад албаныхантай уулзлаа. Уулзалтад ЖАЙКА-гаас зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь судалгааг танилцуулан, хамтын ажиллагаа, замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төслүүдийн талаар санал солилцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2022 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохионо. Бид Япон Улстай уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, илүү нягт хамтран ажиллахыг эрмэлзэж байна гэлээ.Тэрбээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлж, ойр дотно хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлд УИХ, Засгийн газраас онцгой анхаарал хандуулж, Түгжрэл бууруулах үндэсний хороог байгуулсан. Тус үндэсний хороо авто замын түгжрэлийг богино болон дунд хугацаанд үе шаттайгаар 30 орчим хувь бууруулахаар төлөвлөснийг онцолсон юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хүн амын суурьшил маш хурдацтай өсөн нэмэгдэж буй Яармагийн авто замын түгжрэлийг бууруулахад өндөр ач холбогдол бүхий Ажилчны гүүрийн төслийг ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлэх саналаа илэрхийлсэн юм. Төслийг хэрэгжүүлснээр Яармагийн авто замын ачаалал 30-40 хувь хүртэл буурах боломжтой гэлээ. Хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр байгальд ээлтэй буюу цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх тухай болон авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн бусад төслүүдийн талаар санал солилцов. ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Ерико өнгөрсөн хугацаанд хамтын ажиллагааны хүрээнд хийж, хэрэгжүүлсэн сургууль барих, агаарын бохирдол бууруулахад чиглэсэн болон бусад төслийг дурдаад, цаашид хэрэгжүүлэх зам тээврийн түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтын төслүүдийн талаар байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн одоо хэрэгжүүлж буй зам тээврийн төслүүдийн талаар ЖАЙКА-гийн Дэд бүтэц, хувийн хэвшил хариуцсан төлөөлөгч Койзума Тайга танилцуулж, зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь судалгааны хүрээнд боловсруулсан 30 орчим төслөөс ойрын жилүүдэд хэрэгжүүлэх ач холбогдолтой таван төслийг онцлон танилцуулна гэдгээ мэдэгдлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.