Иргэн бүрд ээлтэй их хотын хөгжлийг хамтдаа бүтээцгээе

Эрхэм хүндэт нийслэл Улаанбаатар хотын иргэд ээ, улаанбаатарчууд аа! Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагын ажилтан, ажиллагсад, их хотын сайн сайхан, хөгжил дэвшил, хүн ардын төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж буй төрийн нийт албан хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа хүчний байгууллагын алба хаагчид, цэцэрлэг, сургуулийн багш, ажилчид, эрдэм номд шамдан суралцаж буй оюутан, сурагчид, хөдөө, орон нутгаас шилжин ирэгсэд, өв уламжлалаа дэлгэрүүлж, үүх түүх хуучлан суугаа өтгөс буурал Та бүхэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн баярын мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Өдгөө Монгол Улсын нийт хүн амын 47.5 хувь нь оршин суудаг, ДНБ-ий 66.2 хувийг бүрдүүлдэг нийслэл хотын маань түүх 1639 оноос эхтэй бөгөөд түүх шастирт Монгол гүрний төв цэг Их, Бага Монгол уулын хормой, Ширээт цагаан нуурын хөвөөнөө Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарын Өргөө шар бүсийн ордыг байгуулав хэмээн тэмдэглэсэн нь өнөөгийн Улаанбаатар хотын эхлэл юм. Түүнчлэн тэртээ XII зууны хоёрдугаар хагаст буюу Монголын нууц товчоо-нд Хэрэйд аймгийн удирдагч Ван ханы өргөө Туулын хар шугуй гэдэг газар байв хэмээн тэмдэглэснийг одоогийн Улаанбаатар хотын суурь мөн хэмээн үзэх судлаачид цөөнгүй байдаг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хувьд хотын үүсэл хөгжил, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг ямагт дэмжин ажиллахаа илэрхийлье. Учир нь Улаанбаатар хотын үүх түүх, өөрчлөлт шинэчлэлийн учир шалтгаан, нутаг орны сонгон суурьшсан эх үндэслэл зэргийг танин мэдэх нь шинэ Улаанбаатар хотын хөгжлийг зөв зурж, зөв төлөвлөж, зөв байгуулахын үндэс юм. Ийн аливааг уг үндэс, учир шалтгаанаар нь ойлгож гэмээн урагш илүү хол алхах боломж нээгдэх нь гарцаагүй юм. Тиймээс ч өнгөрсөн жил гаруйн хугацаанд нийслэл хотын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор боловсруулсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хуульчлан батлуулж чадлаа. Уг хууль батлагдсанаар хот бие даан бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болсон бөгөөд улаанбаатарчуудын жилдээ татварт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг эргээд нийслэлийн бүтээн байгуулалт, түгжрэлийг цогцоор нь бууруулахад зориулах түүхэн шийдвэр Засгийн газраас гарсан нь нийслэл хотын хувьд цоо шинэ эргэлтийн цэг болж өгөв. Түүнчлэн 2010 оноос хойш удтал яригдсан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилго бүхий Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, шинээр дагуул хот байгуулах ажлыг эрчимжүүлж байна. Мөн Улаанбаатар хот төдийгүй орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нэгдэн Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог анх удаа байгуулж, хотын хөгжлийн төлөө нэг баг болон ажиллаж байгааг дуулгахад нэн таатай байна. Ингэснээр нийслэл маань ирэх жилүүдэд хүн төвтэй, орчин үеийн шийдэлтэй, зөв төлөвлөлттэй, тэлж хөгжсөн, иргэндээ ээлтэй хот болох бөгөөд Шинэ Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хамтран ажиллаж, хамтдаа бүтээхийг урьж байна. Иргэн бүрд ээлтэй их хотын хөгжлийг хамтдаа бүтээцгээе. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Д.Сумъяабазар: Боловсрол, эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

НИТХ-ын ээлжит Х хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцуулсан юм. Тэрбээр 2020 оны байдлаар Монгол Улсын ДНБ-ий66 хувийг нийслэл хот дангаараа бүрдүүлж байна. Улсад бүртгэлтэй аж ахуй нэгжийн 75.8 хувьнь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн тээврийн хэрэгслийн 54 хувьнь нийслэлд төвлөрчээ. Улаанбаатар хот нь 92 их дээд сургууль, ерөнхий боловсролын 276 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 684 байгууллагатай. Сүүлийн 30 жилийн хугацаанд нийслэлийн хүн ам гурав дахин өссөн. Эрчимтэй энэ нягтрал бодитоор бий болж байгаагийн улмаас замын түгжрэл үүсэх, агаар, орчны бохирдол нэмэгдэх, хөрс,ундныус, халаалт зэрэг хотын суурь үйлчилгээний хүртээмж дордох, хотын цэвэр усны хангалт бохирдох зэргээр байгаль орчин, дэд бүтэц, нийгмийн олон сорилттой тулж байна. Нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хууль, эрх зүйн орчин сайн байх шаардлагатай. Гэвч сүүлийн 27 жилийн хугацаанд хууль, эрх зүйн шинэтгэлийг хийж чадаагүй. Тийм учраас эрх зүйн шинэтгэлийг хийх цаг нь болсон гэж үзээд шинэтгэл хийсэн. Улаанбаатар хотын бие даасан эдийн засгийг бодитоор бий болгох, түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хамтран шинэчлэлийн тодорхой ажлуудыг эхлүүллээ гэв. Мөн үргэлжлүүлэн Авто замын сүлжээг хөгжүүлэх зорилтын хүрээнд шинээр 36.4 км авто зам барьсан. Мөн Баянзүрх дүүргийн 326 метр урттай гүүрийг ашиглалтад оруулж, найман байршилд 32.6 км дугуйн зам, 12 байршилд 26.736 ам метр талбай бүхий явган хүний зам барьж, зургаан уулзварыг нэг жилийн хугацаанд шинэчиллээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй 36 цахилгаан автобусаар парк шинэчлэлт хийн, цахилгаан автобусыг цэнэглэх цэгийг зургаан байршилд байгуулан, үйл ажиллагааг тогтворжуулсан. Цаашид найман байршилд нэмж байгуулахаар төлөвлөөд байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар том оврын 60 орчим автобусны парк шинэчлэл хийхээр нийлүүлэгч талтай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх ажлын хүрээнд хотын шинэ төв, дэд төв, олон нийтийн төвүүдийг байгуулах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Мөн Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр бүтээн байгуулж буйБаянхошуудэд төвийн ажил 95, Сэлбэ дэд төвийн ажил 93, Дамбадаржаа дэд төвийн ажил 4.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Харин Дэнжийн мянга, Толгойт дэд төвүүдийн зураг төслийг хийж байгаа. Шинээр гурван дэд төв, долоон олон нийтийн төвийг байгуулахаар төлөвлөж, ирэх оны төсөвт оруулахаар тооцооллоо. Боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор бага сургууль болоод сургууль, цэцэрлэгийн цогцолборууд зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ онд хоёр цогцолбор, 26 цэцэрлэг, ерөнхий боловсролын есөн сургуулийн барилгыг шинээр ашиглалтад оруулж, хүчин чадлыг 4520 ор, 6888 суудлаар тус тус нэмэгдүүлээд байна. Цаашид нийслэлийн хэмжээнд 65 сургуулийн барилга барьж, ашиглалтад оруулах зайлшгүй шаардлага байгаа. Нийслэлийн хэмжээнд есөн эрүүл мэндийн төв, дөрвөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, гурван амаржих газар, зургаан тусгай мэргэжлийн төв, гурван хүүхдийн сувилал, тосгоны эрүүл мэндийн төв дөрөв, 42 өрхийн эрүүл мэндийн төв, 1151 хувийн хэвшил, эрүүл мэндийн байгууллага, 1300 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байна.Сонгинохайрхандүүрэгт барьсан нэгдсэн эмнэлгийг Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт барьж, байгуулахаар хэлэлцэж байна. Цаашид эмнэлгийн чанар, хүртээмжид түлхүү анхаарч ажиллах болно.Улаанбаатар бол иргэн төвтэй хот байх ёстой. Иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндэд илүү анхаарах хэрэгтэй. Боловсрол, эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Хууль, эрх зүйн шинэчлэлийн ажлын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн хэмээн ярив. НИТХ-ын төлөөлөгчид энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарыг нэг жилийн хугацаанд олон ажил хийж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухайн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталж чадсан нь томоохон амжилт гэдгийг тодотгож байлаа. Мөн аж ахуйн нэгжүүдийн орлого буурсан нь нийслэлийн орлогод ч нөлөөлөх учраас үүнд анхаарах хэрэгтэй. Хотын А бүсэд барилгажилт хэт их байгаад анхаарал хандуулахыг хүсэв. Хотын дарга Ковид бизнес эрхлэгчдэд томоохон цохилт өгч байна. Иймээс тусгай зөвшөөрөлд хөнгөлөлт үзүүлэх, мөн цар тахлын дараа эдийн засгийг дэмжих, хууль, эрх зүйн орчныг бий болгох Ажлын хэсэг Засгийн газарт ажиллаж байна. Бизнес эрхлэгчдийн орлого буурч, хаалгаа барьж, ажлын байр багасаж байгаа нь ганц манайд биш, дэлхий дахинд болж байгаа үйл явдал. Энэ бол хүн төрөлхтөнд тулгарч байгаа бэрхшээл. Бид бизнес эрхлэгчдээ дэмжих, зөвлөн туслах байдлаар ажиллаж байгаа. Улаанбаатар хотод барих хотхонуудад сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй бол зөвшөөрөл олгохгүй гэдгийг хэллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Халдвар авсан хүмүүсийн 69 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

НИТХ-ын ээлжит Х хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Ковид-19 халдварын нөхцөл байдлын тухай байлаа. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар нөхцөл байдал ямар байгааг мэдээлэв. Аравдугаар сарын 27-ны байдлаар нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдол 311.038, үүнээс хүүхэд 66.137, жирэмсэн эх 4569 байна. Тэднээс 273.859 хүн эдгэрч, 27.787 хүн гэрээр эмчлэгдэж, 25.177 хяналтад, 6484 хүн эмнэлэгт эмчлүүлж байгааг НИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа. Мөн НИТХ-ын төлөөлөгчдийн асуусан асуултад хариулт өгсөн юм. НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр НЗДТГ-ыг Яармаг дахь шинэ байр руу нүүлгэх шийдвэр гарсан. Одоогоор тус байранд 145 ор бүхий эмнэлэг ажиллаж байгаа. Эмнэлгийг хааш нь шилжүүлэх вэ гэхэд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Зургаадугаар сарын сүүл үеэс эхлэн Яармаг дахь байранд 145 ор дэлгэж, иргэдийг хэвтэн эмчлүүлж байгаа. Энэ бол богино хугацаанд гаргасан зөв шийдвэр байсан. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 509 хүн тус эмнэлэгт хэвтэж, эмнэлгийн үйлчилгээ авсан. Гэхдээ нэгэнт Засгийн газраас НЗДТГ-ын байрыг нүүлгэх шийдвэр гаргасан тул тус эмнэлгийнхээ үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр нүүлгэх болно гэлээ. НИТХ-ын төлөөлөгч Б.Нэргүй: -Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт найман дүүрэгт Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулна гэсэн зорилт тусгасан. Энэ ажил ямар шатандаа байна вэ. Түүнчлэн цаашид Өрхийн эрүүл мэндийн төвийг чадавхжуулах, бэхжүүлэх зайлшгүй шаардлага тулгамдаж байгаа. Коронавируст халдварын үед онцгой анзаарагдлаа шүү дээ. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвийг бэхжүүлэх чиглэлийн ажлыг сонсъё? Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж: -Дүүргүүдэд Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулах нь зөвхөн нийслэлийн хэмжээнд шийдэх боломжгүй, Засгийн газраас эцэслэн шийдэх асуудал юм. Өрхийн эрүүл мэндийн төвийн чадамжийг сайжруулах, бүтцийг нэмэгдүүлэх зэргийн тухайд ч мөн адил төсөв санхүүгээс шалтгаалсан зүйл олон бий гэсэн юм. Нийслэлийн хэмжээнд өдөрт халдвар авсан архаг хууч өвчтэй болон жирэмсэн эхчүүдийг шууд эмнэлэгт хэвтүүлж байгаа аж. Өдөрт халдвар авсан хүмүүсийн дунджаар 69 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг мөн үеэр онцолж байлаа. Сайжруулсан түлшний хэрэглээ гурав дахин өсжээ Монгол Улсын Засгийн газрын Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай62 дугаар тогтоолын хэрэгжилт, нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй асуудлын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд сайжруулсан шахмал түлшний нөөцийн мэдээг хүргэв. Нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 26-ны байдлаар нийт 51.825 тн сайжруулсан түлшний нөөц байна. Зүүн бүсийн дахин боловсруулах үйлдвэр аравдугаар сарын 3-наас ажиллаж эхэлсэн ба одоогийн байдлаар өдөрт 700-1000 тонн сайжруулсан түлшийг гурван шугамаар үйлдвэрлэж буй аж. Түлш борлуулалтын хувьд хүндрэл саатал арилж, нийслэлийн хэмжээнд 511 борлуулалтын цэг ажиллаж байна. Цаашид борлуулалтын цэгийг 600 болгон нэмэгдүүлэх юм. Ийнхүү сайжруулсан түлшний үйлдвэрлэл, борлуулалт хэвийн байгаа бол тээвэрлэлтийн компаниудын зүгээс гэрээг шинэчлэх, тээврийн зардлыг нэмэгдүүлэх хүсэлтийг удаа дараа ирүүлээд байгаа аж. Одоогийн байдлаар 35 тээврийн компанитай түлш тээвэрлэх гэрээ байгуулсан. Тэдгээр компанийнхан 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн үнэ хөлс, тариф нь өнөөгийн нөхцөлд тохирохгүй байгааг албан ёсоор мэдэгдсэн байна. Түлшний үнэ литр тутамдаа 700-1000 төгрөгөөр өсөж, хил гааль хаасантай холбогдуулан сэлбэг хэрэгсэл, тос тослох материалын үнэ хоёр дахин нэмэгдэж, замын түгжрэл урьдынхаас ихэссэн зэрэг тооцоолоогүй хүндрэлээс үүссэнтэй холбоотой Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх гэрээ-ний тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг Монголын сайжруулсан шахмал түлш тээвэрлэгчдийн холбооноос нийслэлийн удирдлагуудад ирүүлээд байгаа аж. НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх: -Гэр хорооллын иргэдийн зүгээс багагүй гомдол санал хэлж байна. Түлш худалдан авах карт хаана олгож байгаа нь тодорхойгүй, түлш борлуулах цэг хэтэрхий хол байна, долоо хоногт олгож буй зургаан шуудай нүүрс хүрэлцэхгүй байна гэсэн гомдол иргэдээс ирсэн. Энэ ямар учиртай вэ? Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө: -Картыг хороодыг түшиглэж олгож байгаа. 189 мянган карт эзэндээ очсон. Гэр хорооллын айлууд картаа авч бараг дууссан байх ёстой. Зургаан шуудай түлш долоо хоногтоо хүрэлцэхгүй байгаа иргэд Таван толгой түлш ХХК-д хүсэлтээ гарган нэмүүлж болох юм. Түлш борлуулах цэгийн хувьд одоо хангалттай хэмжээнд хүрсэн. Эхэн үед борлуулалтын цэг цөөн байсан тал бий гэсэн юм. Түүнчлэн иргэдийн зүгээс сайжруулсан түлшээ зөв түлэх дадал зуршилд суралцах хэрэгтэй байгааг Хотын даргын орлогч онцоллоо. Өнгөрсөн жилийн турш яндан хөөлөх аяныг өрнүүлсэн бөгөөд энэ жил ч үргэлжлүүлнэ гэдгийг тодотгов. Ганц бие өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй, амьдрал хүнд хүмүүст янданг нь хөөлж өгөх зэргээр иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг нь хамгаалахаас аргагүйд хүрдгийг хэлж байлаа. Таван толгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар: -Сайжруулсан шахмал түлшний борлуулалт жилээс жилд өсөж байна. 2019 оны аравдугаар сарын 4-ний өдөр 1040 тонн түлш борлуулж байсан бол 2020 оны мөн өдөр 1100 тонн, энэ онд 2600 тонныг борлуулсан байх жишээтэй. Хэрэглээ гурав дахин өссөн. Энэ нь хямдралтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Түлшний барьцалдуулагчийг өмнө нь нөөцөлсөн байснаас Эрээний боомт хаагдсантай холбоотой хүндрэл үүсээгүй. Монголын хоёр компани барьцалдуулагч үйлдвэрлэж байгаа. Эдгээр компани нийт хэрэглээний 10 хувийг л хангана. Гэвч барьцалдуулагч тасрах аюул ард үлдсэн. Нисэх орчимд борлуулалтын цэг дутмаг байсныг өнгөрсөн долоо хоногт нэмсэн гэсэн хариултыг өглөө. Мөн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Налайх дүүрэг дэх зүүн бүсийн үйлдвэрийг бүрэн хэмжээгээр ашиглалтад оруулж, шахмал түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тал дээр бүхий л боломжоор ажиллаж байна. Хотын агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах зорилтыг биелүүлэхэд онцгой үүрэгтэй үйлдвэрийн тулгамдсан асуудлыг бид Засгийн газарт тавьж байгаа. Засгийн газрын хуралдаанаар Таван толгой түлш компанийн тодорхой хувийг нийслэл эзэмших нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн. Тэгэхээр энэ оны сүүлчээр асуудал шийдэгдэх байх гэж хүлээж байна. Таван толгой түлш компанийн бүтээгдэхүүний үнийн зохицуулалт, бизнесийн зарчмаар явуулах талаар ярилцана гэсэн саналыг хэллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

О.Амартүвшин: III тун бол эдийн засгаа хамгаалж, бизнесээ үргэлжлүүлэх боломж

​ Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ажилтнууд дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тунд хамрагдлаа. Тус байгууллагаас бизнесийн салбарын аж ахуй нэгж, компаниудыг нэгдсэн журмаар нэмэлт тундаа хамрагдахыг уриалсан юм. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.АмартүвшинДэлхий дахинд коронавируст цар тахлыг даван туулахын тулд нийтээрээ вакцинжуулалтадидэвхтэйхамрагдах хэрэгтэйг уриалж байгаа. Монгол Улсын хувьд нэг болон хоёрдугаар тунгийн вакцинжуулалтынидэвхөндөр байсан. Харин дархлаа сэргээх нэмэлт тундаа маш яаралтай хамрагдах шаардлагатай байна. БНХАУ-тайхиллэж буй манайулсынбоомтуудыг нэн яаралтайнээлгэхийнтулд халдварын тархалтыг бууруулан, нийтээрээ гуравдугаар тундааидэвхтэйхамрагдах хэрэгтэй. Тиймээс МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд болоод нийт бизнес эрхлэгч та бүхэн албан хаагчдаа нэмэлт гуравдугаар тунд хамруулаарай гэж уриалмаар байна. Ингэснээр эрүүл мэнд болоод эдийн засгаа хамгаалж, бизнесээ ямар нэг хязгаарлалтгүй үргэлжлүүлэх боломж бүрдэх юм хэмээн уриалж байлаа. Тус байгууллага нь 140 гаруй ажилтантай бөгөөд нийт албан хаагчдын 20 гаруй хувь нь өмнө нь гуравдугаар тундаа хамрагдсан байжээ. Өнөөдөр үлдсэн бүх албан хаагч сайн дурын үндсэн дээр нэмэлт тундаа хамрагдлаа. МҮХАҮТ-аас албанхаагчдадаа вакцинжуулалтын ач холбогдол, бусад улс орнын туршлага, судалгааны үр дүн зэргийг танилцуулсан байна. МҮХАҮТ-аас гаргасан уриалгад НаранФүүдсХХК нэгдэж, ажилтнуудаа гуравдугаар тунд хамруулсан юм. Энэ талаар НаранФүүдсХХК-ийнБрэндменежер П.Шинэбат: -Наран групп бизнесийн үйл ажиллагааны чиглэлээс шалтгаалан хэд хэдэн охин компанитай. Үүний дотор хүнсний түгээлт, борлуулалтын чиглэлээр НаранФүүдс ХХК ажилладаг. Хүнсний түгээлт, борлуулалт нь Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн бүхий л цэг салбарт хүрч ажилладаг тул ажилтан, албан хаагчид халдварт өртөх эрсдэл өндөр байдаг. Иймд МҮХАҮТ-ын санал санаачилгыг дэмжин, манай компанийн 90 гаруй ажилтан нэмэлт тунд хамрагдлаа. Хүнсний чиглэлээр ажиллаж байгаа болон бусад бизнесийн салбарынбайгууллагууд гуравдугаар тундаа идэвхтэйхамрагдаарай. Хүн бүр вакцинжуулалтдааидэвхтэйхамрагдаж байж цар тахлыг хурдан давж гарна хэмээнуриалсанюм. Эрүүл мэндийн сайдын А/565 дугаар тушаал гарснаас хойш буюу есдүгээр сараас өнөөг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 30 орчим байгууллагын1000 гаруй ажилтан нэгдсэн журмаар дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагджээ. Вакцинжуулалтад нэгдсэн журмаар хамрагдахыг хүссэн байгууллагууд харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвд хандах боломжтой аж. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 20 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар зорьж байна

НИТХ-ын ээлжит Х хуралдаан танхим болон цахим хосолсон хэлбэрээр 91 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хурлыг нээж НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн мэндийг хүргэж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 27 жилийн дараа шинэчлэн батлагдаж, олон улсын хөрөнгө оруулалт, мега төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болсон, мөн Улаанбаатар хот өөрийн дүрэмтэй болно гэсэн юм. Хуралдааны эхэнд нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцуулав. 2020 оны жилийн эцсийн байдлаар Улаанбаатар хотод гэр хорооллын 208 мянган өрх байна. 2016 онд энэ тоо 216 мянга байсан бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 8000-аар цөөрчээ. Энэ оны есдүгээр сард гэр хорооллын 10 мянга орчим иргэнээс авсан түүвэр судалгаагаар орон сууцанд 84.7 хувь нь орох хүсэлтэйгээ илэрхийлжээ. Ингэхдээ 49.2 хувь нь орон сууцаа түрээслээд өмчлөх, 29.5 хувь нь газар, өмчөө орон сууцаар солих хүсэлтэй байгаагаа хэлсэн байна. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 28 байршлын 85 хэсэгчилсэн талбайд 123 мянган айлын орон сууц ашиглалтад орно. Энэ нь гэр хорооллын 26 хувийг эзэлж байгаа юм. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл эхэлснээс хойш 33 төсөл хэрэгжүүлэгч шалгарчээ. Үүнээс ажлын явц удааширсан болон зогсонги байдалд орсон, гурван талт гэрээний үүргийг зөрчсөн зэрэг шалтгаанаар нийт 21 төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан. Учир нь тухайн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаггүй, мөн тухайн газар инженерийн шугам, сүлжээ холбогдох боломжгүй байсан гэдгийг тодотголоо. 2021 онд 19 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан байна. Дахин төлөвлөлтийн хүрээнд дэд бүтэц, сургууль, цэцэрлэгтэй холбоотой ажлыг концесс, бонд гарган шийдвэрлэх, түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаагаа Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар онцоллоо. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төслийн хүрээнд 2022 онд 3500, 2023 онд 4800, 2024 онд 5300, 2025 онд 6400, нийт 20 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Иймээс нийслэлээс дэд бүтэц болон сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэх шаардлагатай байгааг хэлж байлаа. Нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй 344 орон сууц байна. Үүнээс 170-д нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар төсөл сонгон шалгаруулахаар болсон. 58 барилгад 20-оос олон удаа сонгон шалгаруулалт зарласан ч аж ахуйн нэгжүүд ашиггүй, дэд бүтэцгүйн улмаас сонирхохгүй байгаа аж. Иймээс холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулж, хот өөр хэлбэрээр хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгааг хэлж байв. 2025 он гэхэд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 20 мянга, ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байгууламжийг буулган дахин барилгажуулах төслийн хүрээнд 3700, Улаанбаатар хотын ногоон орон сууц төслөөр 5000, мөн түрээсийн болон түрээслээд өмчлөх орон сууцны хорооллын 2007, Ханын материалд орлогод нийцсэн орон сууцны төслөөр 712, Шинэ суурьшлын бүсэд 14.155, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд 1008, нийт 55.584 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байна. НИТХ-ын төлөөлөгчид гэр хорооллын дахин төлөвлөлт маш чухал гэдгийг онцолж, танилцуулсан асуудалтай холбоотой асуулт асууж, санал хэлж байв. Тухайлбал, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хохирсон иргэд байгаа эсэх, байгаа бол асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатараас тодруулахад Дахин төлөвлөлтөөс орон сууцгүй болж хохирсон иргэдийн асуудлыг шийдээд дуусаж байна. Их өргөө компанийн 85 өрх байна. Үүнд багагүй мөнгө шаардлагатай, ирэх оны төсөвт хөрөнгийг суулгахаар саналаа өгсөн хэмээн хариулав. Мөн Нийслэлийн Засаг даргын зөвлөх Р.Дагва гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглаж байгаа хууль, журамд өөрчлөлт оруулах, зах зээлийн зарчимд нийцүүлэх шаардлагатай байгаа, энэ хүрээнд Ажлын хэсэг байгуулах хэрэгтэйг хэллээ. Иймээс Ажлын хэсэг байгуулж, шаардлагатай бол НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулахаар болов. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.