“Ковид-19” халдвараар өвчилж, эдгэрээд 21 хоног өнгөрсөн иргэдийг нэмэлт тунд хамруулж байна
2021-10-30 13:01:52 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг 24 цагийн турш өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тус дугаарт аравдугаар сарын 21-27-ны хооронд нийт 1550 иргэн хандаж мэдээлэл авсан байна. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Б.Намуунаас зарим зүйлийг тодрууллаа. -Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын явц хэдэн хувьтай байна вэ? -Нийслэлийн хэмжээнд Ковид-19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунгийн хамрагдалт 74.6 хувь, хоёрдугаар тунгийн хамрагдалт 71 хувьтай байна. Есдүгээр сарын 13-наас 18-аас дээш насны иргэдийг дархлаа дэмжих нэмэлт тунд сайн дурын үндсэн дээр хамруулж эхэлсэн. Аравдугаар сарын 26-ны байдлаар нэмэлт тунд 210.724 иргэн буюу 19.6 хувь нь хамрагдаад байна. -Ковид 19 халдвараар өвчилж, эдгэрсэн иргэн дархлаа дэмжих нэмэлт тунд хамрагдах боломжтой болсон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? -Эрүүл мэндийн сайдын тушаалаар Ковид-19-ийн дархлаажуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр тун вакцин хийлгэсний дараа коронавируст халдвараар өвчилсөн 18-аас дээш насны иргэдэд эдгэрсэн өдрөөс хойш 21 хоног, эсрэг биетийн эмчилгээ хийлгэснээс хойш 90 хоногийн дараа сайн дурын үндсэн дээр Синофарм болон Файзер вакциныг сонголтоор хийхээр болсон. Дархлаа сэргээх нэмэлт тунгаар вакцинжуулах ажлыг өчигдрөөс эхлэн зохион байгуулж байна. Ковид-19-ийн эсрэг нэг тун вакцинд хамрагдсан 18-аас дээш насны иргэд хоёр дахь тунгаа хийлгээгүй гурван сараас дээш хугацаа өнгөрсөн бол дахин нэг, хоёрдугаар тунд хамруулах ажлыг зохион байгуулж байна. -Дархлаажуулалтын цэгийн нэгдсэн байршлыг хаанаас харж болох вэ? -Дархлаажуулалтын цэг болон шинжилгээний цэгийн мэдээллийг Нийслэлийн мэдээ пэйж хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой. Мөн дархлаажуулалтын цэг, өрхийн эмнэлэг болон 24 цагаар ажиллах эмийн сангийн байршлын мэдээллийг нийслэлийн Хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн орон зайн дүн шинжилгээний системийг ашиглан, arcg.is/1zaHya холбоос линкээр болон QR кодыг уншуулан авах боломжтой юм. Иргэд та бүхэн дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаарай. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Монголын Залуучуудын Холбооны Удирдах хорооны 9-р сарын 24-ны тогтоолын дагуу Үндэсний залуучуудын зөвлөл \ҮЗЗ\-ийн III хуралдаан 2021.10.29-нд эхэллээ. Уг хуралдаанд 21 аймаг, нийслэл дүүргийн 46 хороо, чиглэлийн болон нийгмийн ТББ 21 байгууллага дүрмийн дагуу оролцож байна. МЗХ-ны төлөөллийн удирдах байгууллага ҮЗЗ-г Удирдах хороо зохион байгуулах ёстой. Энэ дагуу Удирдах хорооны гишүүд Дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Нямаа Дэд Ерөнхийлөгч П.Анхбаяр Дэд Ерөнхийлөгч Б.Дөл Дэд Ерөнхийлөгч Г.Чойжамц Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Төрсүлд Удирдах хорооны нарийн бичгийн дарга Б.Ганбаатар Хариуцлагын хорооны дарга Э.Номин-Эрдэнэ нар ҮЗЗ-г зохион байгуулан хуралдуулж байна. Энэхүү хуралдаанд аймгуудын холбоод болон Улаанбаатар хот дахь салбар хороодын тэргүүлэгчид төлөөлөгчид албан ёсны тамга тэмдэг, бичиг баримтаа баталгаажуулан харуулж,төлөөлөгчдөө танилцууллаа. Ийнхүү хуулийн дагуу төлөөллөө хангасан Залуучуудын үндэсний зөвлөл хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ээлжит бус VII их хурлыг зарлан хуралдуулах нь зүйтэй гэж үзлээ. Төлөөлөгчдийн олонхийн саналаар ээлжит бус VII их хурлыг 2021.10.29-ний 16.00 цагт эхлүүллээ. Дүрэмд заасныдагуу Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нарыг Их хурлаас сонгон баталгаажуулах ёстой юм. Сануулахад Удирдах хорооноос МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одыг өнгөрсөн есдүгээр сарын 23-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Удирдах хорооны гишүүд болон аймаг, дүүргийн салбар хороод оролцоогүй хурал зохион байгуулсныг хууль бус гэж үзэж байгаа юм. Иймээс ээлжит бус VII их хурлаас МЗХ-ны Ерөнхийлөгч сонгон батлах юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдНямжавын Уртнасан: Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн. Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахлын нөлөөгөөр бидний дэвшүүлсэн зорилтуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд урьдчилан тооцоогүй томоохон сорилтууд тулгарч байна. Цар тахлын улмаас олон салбарын үйл ажиллагаа тэр дундаа аялал жуулчлал, агаарын тээврийн салбар хамгийн их алдагдал хүлээж эдийн засгийн хохирол амсаж байгаа. Монгол орны хувьд сүүлийн хоёр жилд жуулчдын тоо болон аялал жуулчлалын салбарын орлого 90 гаруй хувиар тус, тус буурсан үзүүлэлттэй байна. Бид хамтдаа энэхүү хүнд цаг үеийг даван гарах богино хугацаанд сэргээх төлөвлөгөө боловсруулан жуулчин хүлээн авах бэлтгэлээ базаан ажиллах шаардлагатай. Иймд 2021 амжилттай зохион байгуулж цар тахлын дараах үеийн аялал жуулчлалын сэргээх стратеги боловсруулахаар шийдвэрлэж олон талын оролцоотой ажлын хэсэг байгуулж, ажлаа эхэлсэн. Аялал жуулчлалын салбарыг сэргээх, шинэ хэвийн нөхцөлд шилжихэд нөхцөл байдлаас сургамж авч, дүн шинжилгээ хийж, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, орон нутгийн иргэд, нийгмийн зорилтот бүлгүүдийн оролцоог хангасан, инновац, цахим технологийн дэвшлийг нэвтрүүлсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодлого үйл ажиллагааг чиглүүлж байна.
Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох төсөлд арваннэгдүгээр сарын 5-н хүртэл саналаа өгөх боломжтой
2021-10-29 10:30:55 Нийтлэгдсэн: НийгэмУлаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэд, олон нийтээс санал аваад яг нэг сар болж байна. Энэ хугацаанд иргэдийн оролцоо ямар байсан хийгээд ямар асуудалд хамгийн их анхаарал хандуулсан талаарХот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаатай ярилцлаа. -Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний явц болон иргэдийн санал асуулгын талаар эхлээд ярилцъя? -Улаанбаатар-2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил 2018 оноос эхэлсэн. Ингэхдээ эхлээд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний биелэлтийг гаргаж дүгнэсэн. Үүний дараа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцыг гаргасан байгаа. Мэргэжлийн олон байгууллагын дунд уралдаан зарлаж, концепцоо тогтоосон. Шинэ ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажил 2020 оны аравдугаар сараас эхэлсэн юм. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд иргэд, олон нийтийн санаа бодлыг тусгах ажлаа үндсэн таван хэсэгт хуваан хэрэгжүүлж байна. Эхэнд нь мэргэжлийн байгууллагын эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нар, шинжлэх ухааны байгууллагын эрдэмтдийн дунд хэлэлцүүлэг явуулж, санал авсан. Дараа нь бодлого тодорхойлогчид, яамдаас, мөн нийслэлийн харьяа 40 гаруй байгууллагын ажилтан, албан хаагчдаас санал авч, нэгтгэсэн. Удаах нь засаг захиргааны анхан шатны нэгж болох дүүрэг, хороодоор хөгжлийн төлөвлөгөөгөө танилцуулж,цахим хэлэлцүүлэг хийгээд санал авсан. Харин есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 29-нийг хүртэлх нэг сарын хугацаанд иргэд, олон нийтээс санал авч, нэгтгэж байна. Цар тахал, халдвар хамгааллаас шалтгаалаад иргэдээсээ санал асуулгыг цахимаар авч байгаа. БидQRкод бүхий постерыг төрийн байгууллагууд, томоохон зах, худалдааны төв, банк, санхүүгийн байгууллага, дүүрэг, хороодод байршуулсан. Энэхүү кодыг утсаараа уншуулаад, байршуулсан танилцуулгыг уншиж танилцаад саналаа өгөх боломжтой. Мэдээллийн дэлгэрэнгүйUlaanbaatar2040.mn вэбсайт болон фэйсбүүк, твиттер, инстаграммд бий. -Саналаа цахимаар өгөх боломжгүй иргэд хаана хандах вэ? -Цахимаар өгөх боломжгүй иргэд харьяа хороон дээрээ очиж, хэвлэж бэлтгэсэн хуудас бөглөж саналаа өгөх юм. Санал асуулга маань найман асуулттай. Амьдарч буй хороо, дүүрэг, хотод үнэлгээ өгөхийн дээр, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох юм. Тулгамдсан асуудлаа нийгмийн тэгш хүртээмж, хот байгуулалт, хүрээлэн буй орчин, аюулгүй байдал гэсэн дөрвөн хэсгээр тодорхойлох боломж өгч байгаа. Дараа нь ирээдүйд шийдвэрлэх асуудал юу байна вэ гэсэн эрэмбийг гаргаж өгсөн. -Иргэд санал асуулгад хэр идэвхтэй оролцож байна вэ? -Аравдугаар сарын 20-ны байдлаар нийтдээ 10 мянган гаруй иргэн саналаа өгсөн дүн гарсан. Нийслэл хотынхоо ирээдүйн 20 жилийн хөгжлийн чигийг гаргахад сэтгэл гарган саналаа өгсөн иргэддээ талархал илэрхийлье. Иргэн таны амьдарч буй орчинд орчинд тулгамдаж буй асуудлыг та л хамгийн сайн мэднэ. Шийдэл гарц гаргалгаа юу байгааг ч тухайн иргэн л хамгийн сайн мэднэ. Та л хэлэхгүй бол таны өмнөөс хэн ч хэлэхгүй. Тиймээс хөгжлийн ерөнхий төлөвлөгөө бол таны төлөөх төлөвлөгөө гэсэн үг юм. -Иргэдээс ямар хүсэлт хамгийн их ирсэн бэ? -Иргэдийн хувьд сургууль, цэцэрлэгийн хүртээмж, авто замын түгжрэл гэсэн хоёр асуудлыг хамгийн түрүүнд шийдвэрлэхийг хүссэн байна. Удаах нь гэр хорооллыг дэд бүтцийн шугам сүлжээнд холбохыг санал болгосон. Архитекторуудын зүгээс бол хотын төвлөрлийг сааруулж, дагуул хотуудыг хөгжүүлэх асуудлыг илүүтэй хөндсөн байх жишээтэй. -Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөл, загвар гарчихсан байгаа юу. Эрдэмтэд, иргэдийн саналыг хэрхэн тусгах вэ? -Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал, үндсэн чиг, алсын харааг бид бүхэн гаргачихсан байгаа. Үүн дээрээ яам, тамгын газар, эрдэмтэн, судлаачид, иргэд, олон нийтийн саналыг нэгтгэн боловсруулж, хөгжлийн төлөвлөгөөндөө тусгана. Эцэст нь УИХ-аар хэлэлцүүлнэ. -Санал өгсөн иргэдийн тоог оршин суугчдын тоотой харьцуулбал хангалтгүй санагдаж байна? -Тийм ээ. Тиймээс нийслэлчүүд та бүхнийгhttps://ulaanbaatar2040.mn/p/166/sanal-xuseltлинкээр орж Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд саналаа өгөхийг уриалж байна. Иргэдийн саналыг 2021 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хүртэл нэгтгэнэ. Энэ хугацаанд иргэдийн саналыг авах юм. Цахимаар эсвэл хорооны байрандаа очиж саналаа өгөх боломжтой. -Иргэд тулгамдсан асуудлын гарц, шийдлийг хэрхэн харж байна вэ? -Улаанбаатар хот маань 1.49 сая гаруй хүн амтай. 2040 он гэхэд хүн амын тоо 2.89 саяд хүрэхээр төлөвлөсөн. Хүн амын 440 мянга нь дагуул хотод амьдарна гэж төсөөлж байгаа. Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийнхээ ая тухыг хангах үүднээс хот хоёр төвтэй байхаар төлөвлөсөн. Одоо байгаа Их тойруу, Шинэ Яармаг хоёрт хотын төв төвлөрнө. Дүүргийн чанартай Баянхошуу, Сэлбэ дэд төв, Сонсголон, Амгалан, Хорин хоёрын товчоонд шинэ дэд төвүүдийг байгуулна. Цаашдаа хорооны чиглэлийн үйлчилгээ үзүүлэх 27 дэд төв гэр хорооллуудад байрших юм. Тэдгээрт хотын төв дэх бүх үйлчилгээ байхаар төлөвлөж байна. Тэгэхээр иргэн төрийн болоод бусад үйлчилгээг авахын тулд заавал хотын төвийг зорих шаардлагагүй болно. -Шинэ ерөнхий төлөвлөгөөнд гэр хорооллын хөгжлийг хэрхэн тусгасан бэ? -Гэр хорооллыг дахин төлөвлөхдөө төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжтой хэсгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд багтаана. Инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй бол хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд багтаана. Дээрх хоёрын аль алинд нь орох боломжгүйг бие даасан байдлаар шийдэхээр тусгасан. Нийслэлийн хэмжээнд 27 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсийг НИТХ-аас баталсан. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Өвдөөд эдгэсэн 18-аас дээш насны иргэдийг нэмэлт тунд хамруулж эхэллээ
2021-10-29 10:27:44 Нийтлэгдсэн: НийгэмКоронавируст халдвараар өвдөөд эдгэсэн иргэдийг нэмэлт тунд хамруулах тушаалыг Эрүүл мэндийн сайд гаргалаа. Энэхүү тушаалд зааснаар коронавируст халдвараар өвчилсөн 18-аас дээш насны иргэдийг эдгэсэн өдрөөс хойш 21 хоногийн хугацаа өнгөрсөн бол дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулж болно гэж заажээ. Ингэхдээ иргэдийг сайн дурын үндсэн дээр Файзер, Синофарм вакцинаас сонголт хийлгэн вакцинжуулах аж. Харин дархлаажуулалтын нэг дэх тунд хамрагдаад ямар нэг шалтгааны улмаас давтан тунд хамрагдаагүй гурван сарын хугацаа өнгөрсөн бол тухайн иргэнд дахин нэг, хоёр дахь тунг хийх аж. Ийм шалтгаантай 18-аас дээш насны иргэн Синофарм, Файзер вакцины аль нэгээс сонголт хийж хоёр тундаа хамрагдах юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй