О.Цэцэнцэнгэл Парисын их дуулгын +100 кг жинд АЛТАН медаль хүртлээ

​ Жүдо бөхийн оны эхний томоохон тэмцээн, 52 орны 285 тамирчин оролцсон Парисын их дуулга өчигдөр дууслаа. Тэмцээний хоёр дахь өдөр манай улсын таван жүдоч зодоглосноос +100 кг жинд О.Цэцэнцэнгэл дэлхийн аваргын мөнгөн медальт, Азербайжаны Ушанги Кокариг ялж алтан медаль хүртлээ. Шөвгийн дөрөвт 2021 оны дэлхийн аварга, Японы Кокоро Кагеүра, шөвгийн наймд Европын аваргын хүрэл медальт Финландын Мартти Пүүмалайненыг ялсан О.Цэцэнцэнгэл 2021 оны Абу Дабигийн их дуулгад түрүүлж байсан. Тус өдөр зодоглосон жүдочдоос Эрэгтэйчүүдийн -81 кг жинд Г.Болор-Очир хоёрдугаар шатанд Эрэгтэйчүүдийн -100 кг жинд Б.Гончигсүрэн хоёрдугаар шатанд Эмэгтэйчүүдийн -70 кг жинд Ц.Энхчимэг нэгдүгээр шатанд Эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адъяасүрэн нэгдүгээр шатанд тус тус ялагдлаа.

Монголын баг, тамирчид Бээжингийн олимпыг зорив

​ Өвлийн олимпын наадамд оролцох Монголын баг, тамирчид өчигдөр Хүннү Эйр компанийн нислэгээр Бээжин хотыг зорилоо. Бээжин-2022 өвлийн XXIV олимпын наадам энэ сарын 4-нөөс 20-ныг хүртэл долоон спортын 15 төрлөөр зохион байгуулагдах юм. Энэ удаагийн цагаан олимпод нийт 91 улс, багийн 2,800 гаруй тамирчин оролцох бөгөөд Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, А.Энхтуул нар хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорих юм.

Залуу боксчид Узбекистанаас 12 медальтай ирнэ

​ Узбекстаны нийслэл Ташкент хотод 2022 оны 01 дүгээр сарын боксын U22 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-29-нд болов. Тэмцээнд Монголын 15 ширэн бээлийтэн өрсөлдөхөд хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, 60 кг-д Г.Бадмаараг нар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв. Мөн 57 кг-ын жинд М.Намуун, 63 кг-д М.Цэцэгдарь нар мөнгөн медаль хүртсэн бол 48 кг-д Б.Жанаргуль, 50 кг-д А.Хулан, эрэгтэйчүүдийн 51 кг-д Х.Азбаяр, 54 кг-д Д.Ганболд, 60 кг-д Б.Буяндалай, 63.5 кг-д Б.Төгөлдөр, 67 кг-д А.Жандос, 75 кг-д Б.Гантулга нар хүрэл медаль хүртсэн байна. Тус тэмцээнд 12 орны нийт 109 тамирчин өрсөлджээ. ​​​

Монголын гурван бүсгүй 53 кг-ын жинд алт, мөнгө, хүрэл медаль хүртэв

​ ​ОХУ-ын Красноярск хотод болж буй Иван Ярыгиний Гранпригийн гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд манай бүсгүйчүүд алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болов. Тодруулбал, олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Бат-Очирын Болортуяа, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Отгонжаргал мөнгө, өнгөрсөн жилийн энэхүү тэмцээний хүрэл медальт ОУХМ Батхуягийн Хулан хүрэл медалийн эзэн боллоо. Шигшээ барилдаанд монгол бөхчүүдийн дуэльд Б.Болортуяа оноогоор цэвэр (11:0) ялснаар тус тэмцээнд анх удаа түрүүлснээс гадна манай эмэгтэй бөхчүүдээс 18 дахь алтан медалийг авчирлаа. Тэгвэл Б.Хулан хүрэл медалийн төлөөх барилдаанд Екатерина Вербинаг цэвэр дарав. Түүнтэй хамт нөгөө хүрэл медалийг эзэн орны Лейла Каримова хүртсэн. Сонирхуулахад, Монголын эмэгтэй бөхчүүд Красноярскийн Гранприд нэг жинд медалийн иж бүрэн цуглуулгатай буцсан хоёр дахь тохиолдол болж байна. Гурван жилийн өмнө буюу 2019 онд 68 кг-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэг алт, ОУХМ Э.Даваанасан мөнгө, ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртэж байв.​

Цагаан сарын барилдаан өнөөдөр эхэлнэ

XVII жарны Сайжруулагч хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр 12:00 цагаас эхэлнэ. Энэ өдөр нэг, хоёрын даваа болох бол маргааш 14:00 цагт гурвын даваа үргэлжлэх юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.