Шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ
2022-01-14 08:46:46 Нийтлэгдсэн: Спорт Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдрийг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр (2022.01.13) болж, 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж буй энэ жилийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглолоо. Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны дөрвийн давааны дараа Улсын Их Хурлын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах арав дахь удаагийн тэмцээнд түрүүлсэн оролцогч нарт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өргөмжлөл, медаль гардуулж, баяр хүргэсэн юм. Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд эрэгтэй 80, эмэгтэй 32 шатар сонирхогч оролцож, эрэгтэй ангилалд Говьсүмбэр аймгийн оролцогч Э.Түвшинтөгс тэргүүн байр, нийслэлийн Сүхбаатар дүүргийн оролцогч С.Санждорж хоёрдугаар байр, Архангай аймгийн оролцогч Б.Доржсүрэн гуравдугаар байр. Эмэгтэй ангилалд Хан-Уул дүүргийн оролцогч Г.Санчирдулам алтан медаль, хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн оролцогч Г.Батчимэг, Орхон аймгийн оролцогч Г.Хулан гуравдугаар байр эзлэв. Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Оюунлаг түшээ-гээр шалгарч, өргөмжлөлөөр шагнагдсан юм. Зургаагийн давааны дараа Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга амжилттай барилдаж, дунд шөвөгт шалгарсан бөхчүүдэд шагнал гардуулав. Ингээд шинэ Үндсэн хуулиа баталсны түүхт 30 жилийн ойн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд 256 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага Оргихын Хангай түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул, улсын гарьд Мягмарын Бадарч үзүүрлэсэн бол их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат, улсын харцага Баянзулын Цэдэнсодном нар шалгарч үлдэв. Үндсэн хуулийн 30 жилийн ойн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон их шөвөгт шалгарсан бөхчүүдэд Монгол Улсын Их Хурлындарга Г.Занданшатар бай шагнал гардуулж, баяр хүргэв. Энэхүү түүхэн ойн өдрийн үндэсний бөхийн барилдаанд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Бейсен, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, УИХ-ын гишүүн гишүүн асан А.Сүхбат, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав болон тэртээ 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатууд хүндэт зочноор оролцлоогэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. Сонирхолтой тоон баримт Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулсан уламжлалт барилдааны анхны түрүүг Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Монгол улсын гавъяат тамирчин, улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж Увс аймгийн Хяргас сумын харьяат дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байсан билээ.Энэхүү барилдаан 2012, 2013 онуудад тодорхой шалтгааны улмаас зохион байгуулагдаагүй. Хамгийн олон түрүүлсэн бөх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ (одоогийн УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга) 1993, 1996, 1997, 1998 онуудад дөрвөн удаа түрүүлсэн. Хамгийн олон үзүүрлэсэн бөх Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат дархан аварга Агваансамдангийн Сүхбат (УИХ-ын гишүүн асан, 2016-2020) 1997, 1998, 2001 онуудад гурван удаа үзүүрлэсэн. Дараалан түрүүлсэн бөх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1996, 1997, 1998 онуудад гурван удаа дараалан түрүүлсэн. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын арслан Батжаргалын Ганбат 2001, 2002 онуудад хоёр удаа дараалан түрүүлсэн. Дараалан үзүүрлэсэн бөх Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат дархан аварга Агваансамдангийн Сүхбат 1997, 1998 онуудад дараалан үзүүрлэсэн. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 2003, 2004 онуудад дараалан үзүүрлэсэн. Улсын цолгүй түрүүлсэн бөх Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтой түрүүлсэн. Улсын цолгүй үзүүрлэсэн бөх Завхан аймгийн Идэр сумын харьяат улсын гарьд Ширбазарын Жаргалсайхан 2009 онд аймгийн арслан цолтой үзүүрлэсэн. Увс аймгийн Хяргас сумын харьяат улсын начин Сүхбаатарын Батсуурь 2011 онд аймгийн арслан цолтой үзүүрлэсэн.
Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр 11:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Барилдаанд зодоглохоор Улсын гарьд М.Бадарч, Улсын заан Б.Соронзонболд, Улсын харцага Б.Цэдэнсодном, Улсын начин Н.Мустафа нарын улс, аймаг, сумын цолтой 256 бөх бүртгүүлжээ. Бөхийн барилдаан үзэх иргэд вакцины гурав дахь тунд хамрагдсан байх шаардлагатайг анхааруулж байна. Эх сурвалж: Монгол үндэсний бөхийн холбоо
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо
2022-01-10 09:00:22 Нийтлэгдсэн: Спорт Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр (2022.01.08-09) үргэлжилж аваргуудаа шалгарууллаа. Тэмцээний нээлтэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг тэмцээнд оролцогчдод уламжлаад Арван жилийн өмнө миний бие Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тухайн үеийн УИХ-ын даргын ивээл дор Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг санаачлан зохион байгуулж байлаа. Жилээс жилд энэ тэмцээний нэр хүнд өсөж, оролцогчдын хүрээ тэлж байгаад баяртай байдаг. Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаад арав дахь жил болжээ. Найман настай балчраас наян настай буурал хүртэл тоглож болдгоороо оюун спорт давуу талтай гэв. Давхардсан тоогоор улсын хэмжээнд 6037 шатар сонирхогч оролцсон бөгөөд шувтаргын шигшээ тэмцээнд эрэгтэй 80, эмэгтэй 32 шатарчин шалгарчээ. Тэрбээр мөн 1992 онд баталсан ардчилсан, шинэ Үндсэн хууль бол монголчуудын шинэ ирээдүйн замыг тодорхойлсон, ардчилсан засаглалыг тогтоон, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох эрхэм зорилгыг илэрхийлсэн эрх зүйн эрхэм дээд эх сурвалж. Тиймээс Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх талаар Улсын Их Хурлаас тогтоол гаргасан. Ойг тэмдэглэх үйл ажиллагааны гол зорилго нь Үндсэн хуулиа танин мэдэх, тайлбарлан таниулах, иргэд, хүүхэд залууст Үндсэн хуулийн мэдлэг олгохыг илүү чухалчилж буйг онцлон тэмдэглэсэн юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хамгийн ахмад шатарчин болох Ардчилсан Үндсэн хууль тогтоогч, АИХ-ын депутат, 83 настай буурал Д.Найдан нар тэмцээний нээлтийн өргийг нүүж, тэмцээнийг эхлүүллээ. Энэ удаагийн тэмцээн сум, дүүргийн хэмжээнд анхан шат, аймаг, нийслэлийн хэмжээнд хагас шигшээ, улсын хэмжээнд шигшээ гэсэн гурван үе шаттай явагдсан. Энэ жилийн анхан шатны тэмцээнд 331 сум, нийслэлийн 9 дүүрэгт 5272 шатарчин оролцжээ. Оролцогчдын тоо өнгөрсөн жилийнхээс 8 хувь өссөн байна. Харин хагас шигшээ тэмцээн 21 аймаг, нийслэлд болж, 645 шатарчин оролцсон байна. Анхан шатны тэмцээнд түүхэн дээд амжилт тогтоож Увс аймагт 509, Баянхонгорт 449, Завханд 408 шатарчин хамрагджээ. Нийт давхардсан тоогоор улсын хэмжээнд 6037 шатар сонирхогч оролцсон бөгөөд шувтаргын шигшээ тэмцээнд эрэгтэй 80, эмэгтэй 32 шатарчин шалгарчээ. Монгол Улсын Үндсэн хууль баталсан өдөрт зориулсан энэхүү тэмцээнийгШвейцар системээр 8 өрөг явуулж, медальт байранд шалгарсан шатарчдад шатрын спортын дэд мастер цолыг гардуулсан юм. Эрэгтэй ангилалд Говьсүмбэр аймгийн оролцогч Энхтунгалагийн Түвшинтөгс (20 нас) 7.0 оноогоор тэргүүн байр, нийслэлийн Сүхбаатар дүүргийн оролцогч Самандын Санждорж (72 нас) 6.5 оноогоор хоёрдугаар байр, Архангай аймгийн оролцогч Батболдын Доржсүрэн (21 нас) 6.5 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарав. Эмэгтэйчүүдийн төрөлд нийслэлийн Хан-Уул дүүргийн оролцогч Ганболдын Санчирдулам (18 нас) 6.5 оноогоор тэмцээнийг тэргүүлж алтан медаль хүртлээ. Хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн оролцогч Галсандоржийн Батчимэг (23 нас) 6.5 оноогоор шалгарсан бол Орхон аймгийн оролцогч Ганзоригтын Хулан (25 нас) 6.0 оноогоор гуравдугаар байр эзэллээ. Хоёр өдрийн турш оролцогчид Швейцар системээр 8 өрөг тоглосон бөгөөд эхний гурван байранд шалгарсан дээрх оролцогчид спортын дэд мастер цолын болзол хангаад байна. Эрэгтэй ангиллын IV, V, VI байранд Г.Эрдэнэбаяр (6.5 оноо), С.Жаргалсайхан (6.0 оноо), А.Дөлгөөн (6.0 оноо), эмэгтэй ангиллын мөн IV, V, VI байранд Э.Батсувд (6.0 оноо), Т.Түмэн-Энх (6.0 оноо), Т.Мандах (5.0 оноо) нар тус тус шалгарав.Мөн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Дүгэрсүрэнгийн Энхжаргал (50+), Улсын Их Хурлын гишүүн асан Цэрэндашийн Оюунбаатар (65+), шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Доосүрэнгийн Мөнхзаяа (50+), Марусягийн Жаргалсайхан (65+) нарыг тодруулсан юм.Түүнчлэн эрэгтэй ангилалд М.Нямлхагва (1800-аас доош), Г.Чинзориг (рейтинггүй), эмэгтэй ангилалд Э.Болор-Эрдэнэ (1600-аас доош), Ё.Болормаа (рейтинггүй) нар тусгай шагналын эзэд боллоо. Шагналыг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан нар гардуулав.
Монголын Үндэсний бөхийн холбооноос 2022 оны нэгдүгээр сарын хугацаанд нийт есөн барилдаан зохион байгуулахаар товложээ. Үүнд: Нэгдүгээр сарын 09-нд Талх Чихэр ХК-ны нэрэмжит Хэвийн боовны баяр Аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, Нэгдүгээр сарын 13-нд Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, Нэгдүгээр сарын 15-нд Завхан аймгийн Их уул сумын харьяат, С.Лхагваа начны нэрэмжит Аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, Нэгдүгээр сарын 16-нд Жем интернэшнл группийн нэрэмжит, Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, Нэгдүгээр сарын 21-нд Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан, Нэгдүгээр сарын 22-нд СПС телевизийн нэрэмжит Бахдам гарамгай барилдаан, Нэгдүгээр сарын 23-нд Үндэсний бөхийн лигийн барилдаан, Нэгдүгээр сарын 29-нд Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан, Нэгдүгээр сарын 30-нд Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болно. Эх сурвалж: МҮБХ
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 10 дахь удаагийн шигшээ тэмцээн энэ амралтын өдрүүдэд болно
2022-01-04 09:00:40 Нийтлэгдсэн: Спорт Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан Монгол Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 10 дахь удаагийн шигшээ тэмцээн 2022 оны нэгдүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдана. Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй тэмцээний анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд бүх сум, дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулагдсан бол хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 12 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд нийт 6000 гаруй шатарчин оролцож байгаагаас 645 шатарчин шалгарч, аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн байна. Эхний шатны тэмцээнд Увс аймагт 509, Баянхонгор аймагт 449, Завхан аймагт 408 буюу хамгийн их шатарчин оролцсоноороо бусад аймгуудаа манлайлжээ. Уг тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2000-аас дээш гараагүй сонирхогчид оролцож байна. Монгол Улсын Үндсэн хууль баталсан өдөрт зориулсан энэхүү тэмцээнд Ардын Их Хурлын депутат 83 настай Д.Найдан гуай хамгийн ахмад оролцогчоор оролцож байгаа бол шувтаргын тэмцээнд нийт 110 гаруй шатарчин оюун ухаанаараа өрсөлдөх аж. Өнгөрсөн жилийн буюу Шатар сонирхогчдын 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа цахимаар зохион байгуулагдаж, тэмцээний нэгдсэн дүнгээр эрэгтэйчүүдийн шигшээ тоглолтод Өмнөговь аймгийн оролцогч Н.Билгүүн 7.0 оноогоор тэргүүн байр, хоёрдугаар байрт нийслэлийн оролцогч Б.Дүүрэнбаяр 6.5 оноогоор, гуравдугаар байрт М.Отгонбаатар 6.5 оноогоор тус тус шалгарсан бол эмэгтэйчүүдийн нээлттэй ангилалд Баян-Өлгий аймгийн оролцогч Р.Айганым 8.0 оноогоор тэргүүлж, Сүхбаатар дүүргийн оролцогч Г.Оюунжаргал (7.0) удаалж, Хан-Уул дүүргийн оролцогч Г.Болормаа (7.0) гуравдугаар байрт шалгарч байжээгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй