Тамирчдын бэлтгэлийн төвийг шинээр байгуулна

​ Биеийн тамир, спортын улсын хороо, БШУЯ, МҮОХ-ны зүгээс Биеийн тамир, спорт, олимпизм, бие бялдрын хүмүүжлийн ажлыг эрчимжүүлэхээр олон талт ажил зохион байгуулж буй билээ. Энэ хүрээнд Олимпизмыг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх Үндэсний хороог байгуулж, даргаар Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ, дэд даргаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар ажиллаж байна. БТСУХ-ны зүгээс Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, уралдаан, тэмцээний тогтолцоог боловсронгуй болгохоор зорьж байгаа бөгөөд Бээжин-2022 өвлийн олимпын наадамд баг, тамирчдаа бэлтгэн оролцуулах, үндэсний шигшээ багуудыг шинэчлэн зохион байгуулах, Тамирчдын бэлтгэлийн төв-ийг шинээр байгуулах, Парис-2024 зуны олимпын наадамд эрчимтэй бэлтгэх юм. Түүнчлэн биеийн тамир, спортын шинжлэх ухааныг бүх талаар хөгжүүлэх, инновац нэвтрүүлэх, цахим санг төгөлдөржүүлэх, хүний нөөц, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажилд онцгой анхаарал хандуулж байгаа байгааг цохон тэмдэглэе.

Монголын шилдэг 19 дугуйчин мэргэжлийн багт бүртгүүлээд байна

​ Монголын дугуйчид олимпын наадмын эрх авахад мэргэжлийн баг байгуулах буюу мэргэжлийн багт орж уралдан Олон улсын дугуйн холбооны хуваарьт орсон мэргэжлийн тэмцээнүүдээс оноо цуглуулах өндөр шалгуур журамтай болсон. Олон улсын сонирхогчдын болон Мэргэжлийн дугуйчдын холбоо 1995 онд нэгдсэнээр мэргэжлийн дугуйчид олимпод оролцох болж, чансаагаар шалгарсан дэлхийн шилдэг 50 орны зөвхөн 200 дугуйчин оролцох эрхтэй болжээ. Иймээс манайдугуйчид Парис-2024 олимпод эрх авахын тулд холбооныхоо дэргэд мэргэжлийн баг байгуулан мөн шилдэг тамирчдаа гадны мэргэжлийн багуудад бүртгүүлсээр байна.Одоогоор Монголын шилдэг 19 дугуйчин мэргэжлийн багуудад бүртгүүлээд байгаа юм. Тодруулбал, олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц Малайзын Terengganu cycling team багт, олон улсын хэмжээний мастер Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ Японы Levante Fuji Shizuoka багт байгаа. Харин олон улсын хэмжээний мастер Б.Мягмарсүрэн, Э.Билгүүнжаргал, Б.Тэгшбаяр, Б.Амартүвшин, Б.Идэрболд, Э.Мөнхтулга, Б.Наранхүү, Д.Эрхэс зэрэг 16 тамирчин Монголын анхны мэргэжлийн баг Ferei-Mongolia Development team багт байгаа. Манай улсын дугуйчид улирлын эхний тэмцээн АНЭУ-ын Tour of Sharjah олон өдрийн мэргэжлийн уралдаанд оролцохоор энэ сарын 25-нд буюу өнөөдөр эх орноосоо мордоно. Монголын дугуйчдын эхний улирлын зорилго нь гуравдугаар сарын 25-29-нд Тажикстаны Душанбе хотод болох Азийн аваргад амжилттай оролцох явдал юм. Үүний өмнө Туркийн цуврал тэмцээнүүд, Tour of Langkawi зэрэг олон тэмцээн сорилтууд байгаа юмгэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

“Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно

​​ Бээжин-2022 өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрхийн болзол хангасан Үндэсний шигшээ багийн тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно. 2022 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид өвлийн олимп, паралимпын наадамд оролцох гурван эрх аваад байгаа бөгөөд тэшүүр, биатлон, пара гүйлтийн цанын спортын төрөлд тус бүр нэг эрх авах магадлалтай байна. Монгол Улсын Засгийн газар Үндэсний шигшээ багийн тамирчдын нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэн Токио-2022 зуны олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад мөн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгосон юм.

Өвлийн олимпод оролцох цанын тамирчид эрхээ баталгаажууллаа

​​ Олон улсын цанын холбооноос олимпын эрх олгох тэмцээний дүнг нэгтгэж, тамирчдын чансааг эцэслэн гаргалаа. Уг чансаагаар Монгол Улсаас гүйлтийн цанын төрөлд нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин олимпын наадамд оролцох боломжтой болсон гэж МҮОХ-ноос мэдээллээ. Олон улсын цанын холбооны олимпын эрх олгох цуврал тэмцээнд ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар амжилттай оролцож, олимпын эрхийн болзлыг хангасан бөгөөд Монголын талаас нэгдүгээр сарын 24-ний дотор тамирчдын нэрийн мэдүүлгээ Зохион байгуулах хороонд илгээх юм. Б.Ачбадрах нь дөрвөн жилийн өмнө Пёнчаны өвлийн олимпод өрсөлдөж байсан туршлагатай. Харин Тэшүүр, биатлоны олон улсын холбооноос олимпын эрхийн хуваарилалт хийсний дараа нэгдүгээр сарын 21-нд нэмэлтээр эрх авсан тамирчдыг албан ёсоор зарлах аж. Тус хоёр төрөлд өрсөлдсөн манай тамирчид одоогоор нөөц тамирчны жагсаалтад бүртгэгдээд байна. Эх сурвалж: МҮОХ

Шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ

​ Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдрийг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр (2022.01.13) болж, 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж буй энэ жилийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглолоо. Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны дөрвийн давааны дараа Улсын Их Хурлын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах арав дахь удаагийн тэмцээнд түрүүлсэн оролцогч нарт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өргөмжлөл, медаль гардуулж, баяр хүргэсэн юм. Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд эрэгтэй 80, эмэгтэй 32 шатар сонирхогч оролцож, эрэгтэй ангилалд Говьсүмбэр аймгийн оролцогч Э.Түвшинтөгс тэргүүн байр, нийслэлийн Сүхбаатар дүүргийн оролцогч С.Санждорж хоёрдугаар байр, Архангай аймгийн оролцогч Б.Доржсүрэн гуравдугаар байр. Эмэгтэй ангилалд Хан-Уул дүүргийн оролцогч Г.Санчирдулам алтан медаль, хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн оролцогч Г.Батчимэг, Орхон аймгийн оролцогч Г.Хулан гуравдугаар байр эзлэв. Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Оюунлаг түшээ-гээр шалгарч, өргөмжлөлөөр шагнагдсан юм. Зургаагийн давааны дараа Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга амжилттай барилдаж, дунд шөвөгт шалгарсан бөхчүүдэд шагнал гардуулав. Ингээд шинэ Үндсэн хуулиа баталсны түүхт 30 жилийн ойн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд 256 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага Оргихын Хангай түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул, улсын гарьд Мягмарын Бадарч үзүүрлэсэн бол их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат, улсын харцага Баянзулын Цэдэнсодном нар шалгарч үлдэв. Үндсэн хуулийн 30 жилийн ойн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон их шөвөгт шалгарсан бөхчүүдэд Монгол Улсын Их Хурлындарга Г.Занданшатар бай шагнал гардуулж, баяр хүргэв. Энэхүү түүхэн ойн өдрийн үндэсний бөхийн барилдаанд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Бейсен, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, УИХ-ын гишүүн гишүүн асан А.Сүхбат, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав болон тэртээ 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатууд хүндэт зочноор оролцлоогэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. Сонирхолтой тоон баримт Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулсан уламжлалт барилдааны анхны түрүүг Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Монгол улсын гавъяат тамирчин, улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж Увс аймгийн Хяргас сумын харьяат дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байсан билээ.Энэхүү барилдаан 2012, 2013 онуудад тодорхой шалтгааны улмаас зохион байгуулагдаагүй. Хамгийн олон түрүүлсэн бөх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ (одоогийн УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга) 1993, 1996, 1997, 1998 онуудад дөрвөн удаа түрүүлсэн. Хамгийн олон үзүүрлэсэн бөх Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат дархан аварга Агваансамдангийн Сүхбат (УИХ-ын гишүүн асан, 2016-2020) 1997, 1998, 2001 онуудад гурван удаа үзүүрлэсэн. Дараалан түрүүлсэн бөх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1996, 1997, 1998 онуудад гурван удаа дараалан түрүүлсэн. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын арслан Батжаргалын Ганбат 2001, 2002 онуудад хоёр удаа дараалан түрүүлсэн. Дараалан үзүүрлэсэн бөх Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат дархан аварга Агваансамдангийн Сүхбат 1997, 1998 онуудад дараалан үзүүрлэсэн. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 2003, 2004 онуудад дараалан үзүүрлэсэн. Улсын цолгүй түрүүлсэн бөх Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтой түрүүлсэн. Улсын цолгүй үзүүрлэсэн бөх Завхан аймгийн Идэр сумын харьяат улсын гарьд Ширбазарын Жаргалсайхан 2009 онд аймгийн арслан цолтой үзүүрлэсэн. Увс аймгийн Хяргас сумын харьяат улсын начин Сүхбаатарын Батсуурь 2011 онд аймгийн арслан цолтой үзүүрлэсэн.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.