Реппер Pacrap “Aminasa” цомог цацагдаж эхэллээ

Give me justice дуугаараа олонд танигдсан реппер бол Pacrap юм. Тэрээр монголын хип хопод Old school урсгалыг дахин авчирсан гэхэд болно. Тэрээр хоёр дахь биет бус цомгоо Aminasa нэртэйгээр гаргэжээ. Монгол дахь Tupac-ийн хамаатан гэж тодотгодог түүний цомгийг Бүх дижитал хөгжмийн үйлчилгээнээс сонсох болон татаж авах боломжтой.Татах Сонсохhttps://Pacrap.lnk.to/AminasaFBProd. by 976BeatZ Mixing Mastering: Abrahams Puna Хамтран ажилласан уран бүтээлчид: 1А Vande MoG WOLFIZM 290 Special thanks to: Nomads Ink Tattoo Tattoo studio UB TomYo

Д.Наранцэцэг: Салбарын мэргэжилтнүүдээ чадавхжуулж, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Соёлын яамны Соёл гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэгтэй ярилцлаа. -Соёлын яамны Соёл гэгээрлийн газрын чиг үүрэг нь их өргөн хүрээг хамрах болов уу. Таны хувьд шинэ алба, шинэ яаманд ямар бодлого чиглэл боловсруулж ажиллаж байна вэ? -Монгол орон сүүлийн 30-аад жил нийгмийн байгууллын хувьд өөрчлөлт хийснээс хойш шилжилтийн шинжээсээ одоог хүртэл салаагүй байгаа нь манай соёлын салбарт ч мөн адил харагдсаар ирлээ. Үүний улмаас бид төрийн соёлын бодлогодоо дорвитой өөрчлөлт хийж чадаагүй өнөөг хүрсэн. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын бүрэлдэхүүнд Соёлын яамыг бие даалган дангаар нь 24 жилийн дараа байгуулсан нь үүний тод илрэл юм. Хэдийгээр алдаа оноотой замаар Монголын соёл, урлаг хөгжиж ирсэн хэдий ч энэхүү шилжилтийн соёлын бодлого нь соёл, урлагийн салбарт өмчийн олон хэлбэрийг бий болгож, бүтээн туурвих эрх чөлөөг олгосон давуу талтай. Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод ард иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг таван зорилтын хүрээнд томъёолсон нь соёлын салбарын өнөөгийн бодлогын үндсийг тодорхойлж байна. Тодруулбал үндэсний бахархал, эв нэгдэл, нүүдлийн соёл иргэншилт монгол, монгол хэл бичиг, нийгмийн соён гэгээрэл, дэлхийн монгол гэсэн томъёололд багтаан ажлаа чиглүүлж явна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн гээд монгол хэл, бичгийн соёлоо хамгаалан хөгжүүлж, уламжлалт монгол бичгийн сургалт, хэрэглээг нэмэгдүүлнэ гэж заасан байдаг. Д.Наранцэцэг: Нийтийн номын санд 6.2 сая орчим ном хэвлэл хадгалагдаж, жилдээ давхардсан тоогоор 2.3 сая хүнд үйлчилгээгээ хүргэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт соён гэгээрүүлэх орон зайг нэмэгдүүлж, соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтыг дурдсанаас гадна Цахим соёл, Бүх нийтийн соёлын боловсрол зэрэг нийгмийг соён гэгээрүүлэх цогц арга хэмжээг тусгасан. -Харъяалагдаж байгаа бүтцэд тань номын сан, соёлын ордон зонхилох байр суурьтай юм байна. Улсын хэмжээнд хэдэн номын сан, соёлын ордон байдаг юм бэ? -Монгол Улсын хэмжээнд төрийн болон хувийн өмчийн соёл, урлагийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас гуравны нэг буюу 364 нь соёлын төв дэх номын сан байдаг. Номын сангийн 3.3 хувь нь Улаанбаатарт, үлдсэн нь хөдөө орон нутагт бий. Нийтийн номын санд 6.2 сая орчим ном хэвлэл хадгалагдаж, жилдээ давхардсан тоогоор 2.3 сая хүнд үйлчилгээгээ хүргэж байна. 345 соёлын төв, ордон нь 89317 суудалтай, жилд дунджаар 38116 арга хэмжээ зохион байгуулж, 2.7 сая хүнд (давхардсан тоогоор) соёл, урлагийн үндсэн үйлчилгээ үзүүлдэг. Тэдний тавны нэг нь буюу 1.1 сая нь хүүхдүүд. Соёлын яамнаас орон нутгийн соёлын бодлогын цөм болох хүний нөөцөө чадавхжуулах, дахин сургах, яамнаасаа соёлын төв хүртлээ нэгдсэн бодлого удирдлагатай болох, соёлын төвүүдээ чадваржуулах, жишиг байдлаар дэмжлэг үзүүлж хөгжүүлэх, эрх зүйн системийн хувьд боловсронгуй болгох зэргээр эхний ажлуудаа төлөвлөөд ажиллаж байна. Бид саяхан орон нутгийн 600 соёлын ажилтнуудыг хамарсан цахим уулзалтыг зохион байгуулж, өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн. -2025 оноос Төрийн албан хэргийг кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих алсын хараатай байгаа гэж ажиглаад байгаа. Энэ талаар таны ажлын төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсан бол? -Монгол хэл нь монгол хүний оюун сэтгэлгээг бүрэлдүүлж, монгол соёл, монгол хүнийг бүтээдэг бол монгол бичиг нь монгол хэл, сэтгэлгээ, соёл иргэншлийн аюулгүй байдлыг хадгалан батжуулагч болдог. 2019 онд ШУА, Хэл зохиолын хүрээлэнгийн хийсэн судалгаанаас үзэхэд 55-аас дээш насныхны монгол бичгийн чадвар 0.77 хувь, 55-аас доош насныхных 25 орчим хувь байгаа бол судалгаанд оролцсон оюутнуудын 92.6, албан хаагчдын 93 хувь нь монгол бичгийг өдөр тутмын харилцаандаа хэрэглэдэггүй гэсэн үзүүлэлттэй байна. Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангах зорилгоор Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III-г батлуулаад хэрэгжүүлж эхлээд байна. Өмнөх хоёр хөтөлбөрийн хэрэгжилтэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага голлох үүрэг гүйцэтгэсэн бол гурав дахь удаагийнхад соёл, урлаг, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, төрийн бүх шатны байгууллага ижил түвшинд хамтран ажиллах шаардлагатай болж байна. Тухайлбал, Мэдээлэл харилцаа, холбоо технологийн газраас цахим орчинд монгол бичгээр саадгүй харилцах юникод стандартыг батлуулах, Стандарт хэмжилзүйн газар, төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх стандартыг батлах, ШУА, Хэл зохиолын хүрээлэн, Улсын бүртгэлийн газар нь монгол хүний болон ургийн овгийн нэр, хуулийн этгээдийн нэршлийн сан бүрдүүлэх, бүртгэлийн цахим системд шилжүүлэх, байнга шинэчилж байх тогтолцоог бий болгох, хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтлэл, мэдээллийн агуулгыг 2024 он хүртэл үе шаттайгаар хос бичгээр нийтлэх, төрийн бүх шатны байгууллагууд монгол бичгийн цахим бичвэрийн орчин бүрдүүлэх, төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах, боловсролын бүх шатны сургалтын байгууллага, насан туршийн боловсролын төвүүдэд монгол бичгээ судлах суралцах цагийг нэмэгдүүлэх, заах аргазүйн шинэчлэл хийх, цахим сурах бичиг, толь бичиг, цахим сургалтыг нэмэгдүүлэх гэх мэтээр хуваарилагдсан ажлууд бий. Соёл, шинжлэх ухаан, гадаад дахь монгол судлалын төвүүд гэхэд л монгол бичгийн өвийг хамгаалах, судлах, сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үзэсгэлэн эрдэм шинжилгээний хурал, уулзалт арга хэмжээг зохион байгуулахаар заасан бөгөөд Засгийн газраас ажлын хэсэг гарч хэрэгжилтийг хангах төлөвлөгөө боловсруулаад байна. -Бусад хариуцсан чиг үүргийн хүрээнд ямар ажил төлөвлөсөн бэ? -Цахим номын сангийн үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх, судалгаа хөгжүүлэлтийн сүлжээнд холбож, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн, нийтийн номын санд хадгалагдаж буй сан хөмрөгийг цахим хэлбэрт шилжүүлж, олон улсын стандартад нийцсэн номын сангийн систем бүхий цахим номын сангийн дэд бүтцийг бий болгоно. Мөн хүний нөөцөө бэхжүүлэх нь зайлшгүй. Дээр хэлсэнчлэн иргэдийн монгол хэл, бичгийн түвшинг жигд дээшлүүлэх, төрийн албан хаагчид үндэсний бичгээ бүрэн хэрэглэж сурах үйлчилгээний таатай орчин бүрдүүлэх, сурах нөхцөл бололцоог хүн бүрд тэгш хүртээж иргэдийн эх хэл, бичиг үсэг, түүх соёлын мэдлэгийг гүнзгийрүүлэн Бүх нийтийн соёлын боловсрол-ын түвшнийг ахиулахад чиглэгдэж буй бөгөөд мөн монгол хэл бичиг, соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монголын соёлын төв-ийг их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг түшиглэн байгуулж, улмаар монгол соёлыг дэлхий дахинд сурталчлах ажлыг эрчимжүүлнэ. Хүүхэд залуучуудыг сэтгэлгээ болон хандлагын хувьд эерэг монгол хүн болгон төлөвшүүлэхийн тулд ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрийн агуулга болон гэр бүл, хүүхэд хөгжлийн чиглэлийн ТББ-дыг түшиглэн холбогдох чиглэлийн багш нарт зориулсан сургалтын аргачлалыг боловсруулан хүн байх, монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг судлах, хөгжүүлэх, хадгалах, хамгаалах, үнэлэх, түгээх, сурталчлах, нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна. Цаашдаа манай салбар босоо удирдлагын тогтолцоотой болох учраас хууль эрх зүйн орчин бий болгох, зохион байгуулалт хийх гэх мэт ажлууд бий. Түүнчлэн салбарын хүний нөөцөө чадавхижуулахыг юун түрүүний зорилго болгоод байна. Мэдээллийн технологийг соёлын үйлчилгээнд нэвтрүүлж, соёлын нэгдсэн цахим мэдээллийн сан бий болгох судалгааг хийж, хөгжүүлэх чиглэлээр төр-хувийн хэвшлийн бүх талын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих юм.

Соёлын яам 2020 онд хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа танилцуулж байна

Дэлхий нийтэд коронавируст халдварын цар тахал дэгдэж нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн хэдий ч Соёлын яамнаас соёл, урлагийн салбарт хийхээр төлөвлөсөн олон ажлын эхлэлийг амжилттай тавилаа. Соёлын яам байгуулагдсанаар Монгол Улсын соёл, урлагийн салбарт сүүлийн хэдэн арван жил хийгээгүй бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлсэн, шинээр их бүтээн байгуулалтыг эхлүүлсэн ололт амжилтын жил боллоо. Соёлын яам2020 ондсоёл, урлагийг хөгжүүлэх эрхэм зорилгын хүрээнд хэрэгжүүлсэн онцлох 20 ажлаа танилцуулж байна. Шинээр эмхлэн байгуулагдсан яамны ажлын байрны нэр, албан тушаалын ангилал, зэрэглэл, орон тоог, нийт албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг батлан мөрдүүлж, мэргэжлийн мэргэшсэн албан хаагчдыг томилон ажиллуулах нөхцөлийг бүрдүүллээ. Харьяа болон орон нутгийн соёл урлагийн байгууллагын удирдах албан тушаалтны албан тушаалын тодорхойлолт, жишиг загвар боловсруулснаар төрийн албаны чадахуйн зарчмын дагуу иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулах нөхцөлийг бүрдүүлэв. Цахим засаглал үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын нэвтрүүлж буй E-Mongolia төслийн төрийн байгууллагуудын дотоод удирдлагын мэдээлэл солилцох боломж бүхий ERP систем-д нэгдлээ. Хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кино урлагийг дэмжих тухай, Музейн тухай хуулийн төслийг УИХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлэв. Соёл, урлагийн салбарт мөрдөх журам, стандартыг батлав. Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд соёлын салбарын зорилго, зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрэх үр дүн, бүтээн байгуулалт, салбарын хөрөнгө оруулалт төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтийг боловсруулан тусгаж батлууллаа. Орон нутгийн соёл, урлагийн салбарын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцах, санал, мэдээлэл солилцох зорилгоор Цахим уулзалт-ыг зохион байгуулж 21 аймгийн 600 гаруй соёл, урлагийн салбарын төлөөлөл оролцов. Улсын хэмжээнд анх удаа соёл, урлагийн чиглэлээр Цахим ертөнцөд соёл түгээе, Би хариуцлагатай иргэн цувралыг өрнүүлж, сар хүрэхгүй хугацаанд 967 соёлын олон талт ажлыг зохион байгуулж, давхардсан тоогоор 6,851,039 хэрэглэгчдийн хүртээл болголоо. Соёлын цаг соёл, урлагийн аян, Цахим орчинд хөг нэмье цахим фестиваль, Бүх нийтийн хөгжмийн баяр-2020 аян, Миний дуртай хөгжмийн хичээл цахим уралдааныг улсын хэмжээнд зохион байгуулав. Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу дүрслэх урлагийн шилдэг 2, хөгжмийн том хэлбэрийн шилдэг 1 уран бүтээлээр улсын санг баяжуулсан. Ашиглах хугацаа 12-23 жилээр өнгөрсөн Улсын филармонийн Симфони найрал хөгжим-ийн хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд зориулж 1 тэрбум 800 сая, Морин хуурын чуулга-д шаардлагатай 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах тухай Засгийн газрын тогтоолыг батлуулав. Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэн түгээх, сурч боловсрох, авьяас, ур чадварыг нь хөгжүүлэх зорилгоор 18 хүртэлх насны бүх хүүхдийг төрийн болон орон нутгийн өмчийн музейн байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимаар үйлчлүүлэх төлбөрөөс чөлөөлсөн нь үр дүнгээ өгч, музейгээр зочлох хүүхэд залуусын тоо өмнөх үеэс дахин нэмэгдэв. Богд хааны түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолборт цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ. 2014 онд шав тавьсан ч барилгын ажил нь царцсан Соёлын өвийн үндэсний төвийн байрыг ашиглалтад оруулав. Соёлын салбарын их бүтээн байгуулалт Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хаан хаад, язгууртны музей, Үндэсний археологи, палеонтологи, угсаатны зүйн музей, Төв Азийн түүх, соёлын голомт судалгаа, сурталчилгаа, хамгаалалтын цогцолборыг Орхон-Тамир, Хануй-Хүннүгийн дурсгалуудыг түшиглэн байгуулах мэдээллийн төвийн санхүүжилтийг 2021 оны улсын төсөвт батлууллаа. Үндэсний номын сангийн барилгын ажил 85 хувь, Чингис хаан хаадын язгууртны музейн барилгын ажил 65 хувийн гүйцэтгэлд хүрээд байна. Монгол Улсын 2007 онд нэгдэн орсон Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенцын хэрэгжилтийн тайланг дэлхийн тайланд хүргүүлэв. Соёлын салбарын харьяа нийт байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээг эхлүүлээд байна. Улсын хэмжээнд соёлын зориулалттай барилга, байгууламжийн судалгааг эхлүүллээ. Засгийн газрын тогтоолоорХүүхдийн төлөө фонд-ыг сэргээн байгуулав.

Хөөмийбитийг онлайнаар сурч болно

Үндэсний урлагаа шинэлэг хэлбэрээр хөгжүүлж яваа авьяаслаг уран бүтээлч Beatbox Ray буюу Бямбаагийн НАРАНДЭЛГЭР нь үргэлж шинэ содон, гайхмаар зүйлсийг сэдэж, олныг алмайруулдаг нэгэн. Тэрээр энэ удаа бас нэгэн шинэ санаачилга гарган ажиллаж байгаагийн нэгээхэн жишээ нь ХӨӨМИЙБИТ болон БИТБОКС урлагийг сонирхдог хүүхэд залуучуудад онлайнаар сургалт явуулахаар болж байгаа юм байна. Энэ нь Монголын Үндэсний Битбокс Холбооноос анх удаа онлайнаар явуулж буй сургалт болж байгаагийн зэрэгцээ маш олноор нь нэгэн зэрэг битбоксийн үндсэн элементүүдийг хэл хуур, аман хуур, хөөмийтэй хэрхэн хоршуулах тухай багц ойлголт өгөх үнэ цэнэтэй сургалт болж байгаагаараа шинэлэг ажээ. Сургалт ганцаарчилсан болон группын гэсэн хоёр сонголттой байх юм байна. Сургалтаар амьсгалын дасгал, битүү амьсгаа, техник тохиргоо, хөөмий болон аман хуур хөгжмийн анхан шатны мэдэгдэхүүн өгөх юм байна. Ингэснээр олон арван хүүхэд залуучууд соёлын өв тээгч болж, үндэсний урлагийн дархлаанд ихээхэн ач холбогдолтой ба сонирхон судлагч хүүхэд залуучуудад дахин хэрхэн үүнийг тордож хөгжүүлж болох вэ гэдэг сэдэл төрүүлэхүйц гайхалтай сургалт болох юм гэж ХӨӨМИЙБИТ урлагийг санаачилагч Б.Нарандэлгэр хэлсэн юм. Монголын Үндэсний Битбокс Холбоонд өнгөрсөн хугацаанд ирсэн иргэдийн хүсэлтийн дагуу энэ сургалтыг хийхээр болжээ. Энэхүү онлайн сургалтаар дамжуулж, үндэсний хэмжээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ХӨӨМИЙБИТ төслийнхөө эхлэлийг тавьж байгаа юм байна. Хэрвээ та бүхэн тус сургалтад хамрагдахыг хүсвэл Narandelger Byambaa фэйсбүүк хаяг болон 88118871 дугаарт холбогдож мэдээлэл авч болно.

ЗАГВАР ӨМСӨГЧ С.САРНАЙ ШИНЭ ДУУ ГАРГАЖЭЭ

MONROZE брэндийн үүсгэн байгуулагч загвар өмсөгч С.Сарнай олон салбарт өөрийн хүчийг сорьж яваа залуу эмэгтэй. Мэргэжил нэгт залуутай гэр бүл зохиож хоёр хүүхдийн эцэг эх болсон. Боловсрол суваг телевизийн бүтээл Яг түүн шиг шоунд оролцож чамгүй бүжигчин, дуучин гэдгээ батлаад авсан тэрээр GUYS666 хамтлагийн Мийгаатай хамтран Байна уу ээжээ дуу гаргаж нэг хэсэг олныг шуугиулаад авсан. Өөрийн анхны соло дуу болох Илд цэцэг киноны дуу Амин Эрдэнэ гэх дуу гаргаж байсан бол энэ удаад/2020.11.25/Аяс гэх дуугаа цацжээ. Уг дууны үгийг П.Дэлгэрбаяр аяыг Г.Онон нар зохиожээ. https://www.youtube.com/watch?v=btVX5wLJLiofeature=youtu.befbclid=IwAR05B72nJ13KUaTb6BIzzM3NGyYrQVNT50ArOFibGq2c3KChMA7TYEbl6Goab_channel=Sarnai

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.