Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх санал дэмжлэг авлаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсны эхэнд Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Мягмар гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Дэмбэрэл нар Хуулийн төслийг хэлэлцэх нь зөв. Гэхдээ Нийгмийн даатгалын байгууллагын удирдлагыг томилохдоо тухайн шатны Засаг дарга ч биш, босоо удирдлагаар ч биш, харин Нийгмийн даатгалын дэргэдэх гурван талт Үндэсний зөвлөлөөс томилдог байхаар энэ хуулийн төслийг сайжруулаач гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан. Энэ саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Дараа нь Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Г.Уянга Сангийн сайдаас Монгол Улсын гадаад болон дотоод өрийн хэмжээг асууж, Бид төсвийн тодотголыг хийхдээ өрийн бичгээр шийдэж, урд хормойгоо хойд хормойгоороо нөхдөг болжээ. Нэмэлт хөрөнгийн эх үүсвэр олон тал дээр дутмаг ажиллаж, зөвхөн ашигт малтмалаа тойрсон ядмаг арга хэрэглэж байгаагаа өөрчлөх хэрэгтэй. Тамхины онцгой албан татварыг нэмж байгаатай адил архи болон ашигт малтмал олборлож байгаа уул уурхайн компаниудын ус ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах боломж бий эсэх талаар асууж байлаа. Сангийн сайдын мэдээлснээр манай улсын дотоод өр 770 орчим тэрбум төгрөг, гадаад өр буюу дутуу төлөгдсөн зээл 2,6 орчим их наяд төгрөг байгаа гэнэ. Гэхдээ энэ нь одоогоор эдийн засгийн байдалд дарамт үүсгэхгүй гэлээ. Бусад гишүүдийн хувьд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний асуудал дээр нилээд нухацтай хандаж байсан. Тухайлбал, С.Эрдэнэ, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар 2008 онд хүүхдийн хоолны мөнгийг 1100 төгрөгөөр тооцож төр 100 хувь даадаг болсон. Гэтэл өнөөдөр инфляцийн түвшин нэмэгдэж энэ мөнгөөр хүүхэд хооллоход хүндрэлтэй байна. Тиймээс төсвийн тодотголд тусгаж 2100 төгрөг болгох хэрэгтэй. Мөн эцэг эхчүүдийн хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс төр, эцэг эх хувааж төлөх гарц байгааг ч дурьдлаа. УИХ-ын С.Ганбаатар, Гадаадын улс орны жишгээр нөхцөлт мөнгөн тэтгэлэг бий болгож, давхар нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн саналыг ч гаргаж байлаа. Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хоолны мөнгийг нэмэгдүүлж үдийн цайг 400 байсныг 800 төгрөг, дотуур байрны хоолны зардлыг 1500 байсныг 3400 төгрөг болгох саналыг холбогдох яамдад хүргүүлж дэмжигдсэн. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулна. Наана нь шийдэх шаардлагагүй гэсэн бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Оюунгэрэл нар хэлэхдээ Яагаад тодотгол хийж байгаагаа мартах хэрэггүй. Төсвийн орлого 1,2 их наяд төгрөгөөр дутаж, төсвийн алдагдал 4,9 хувьтай байна. Хүүхдүүдээс мөнгөө харамлаж байгаа биш. 10-р сарын 1-нээс хүүхэд бүрт сар тутамд олгох 20000 төгрөг өгөх гээд төсөвт 60 тэрбум төгрөг тусгасан. Бас эх орны хишиг хувьцаа аваагүй иргэдэд 1 сая төгрөг олгох үүрэг байгаа. Ийм байдалд төсөвт ачаа нэмэх шаардлага байхгүй. Хөнжлийнхөө хирээр хөлөө жийцгээе гэв. Ийнхүү гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараагаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулсан. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн гаргасан Архины онцгой албан татварыг нэмэх замаар орох нэмэгдэл орлогоор цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 2100 төгрөг болгож нэмэх санал олонхийн дэмжлэг авсан юм. Байнгын хорооноос гарах санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэх болсноор хуралдаан өндөрлөв.

 Хүнсний бүтээгдэхүүний үнэ буурчээ

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.0 хувиар буурсан бол, өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувиар өссөн байна. Тухайлбал, махны дундаж үнэ өмнөх сарынхтай харьцуулахад үхрийн махны үнэ 2.6-4.5 хувь, адууны махны үнэ 3.9 хувь, хонины махны үнэ 5.2 хувиар буурсан байна. Харин ямааны махны үнэ 0.1 хувиар өсчээ. Энэ сарын 22-ны байдлаар нэг кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7075 төгрөг, хонины цул мах 7460 төгрөг, үхрийн /ястай/ мах 7814 төгрөг, үхрийн цул мах 8788 төгрөг, ямааны мах 5820 төгрөг, адууны мах 6083 төгрөгийн үнэтэй байлаа. Т. Тататунга

 Орон сууцны үнэ 40 хүртэл хувиар өсчээ

Шинэ орон сууц-2012 үзэсгэлэн Монголын Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үзэсгэлэн яармагт 30 гаруй барилгын компанийн 50 гаруй орон сууцны барилгын мэдээллийг танилцуулж буй юм. Ингэхдээ орон сууцны метр квадратын үнэ 1200 ам.доллараас дээш яригдаж байна. Үзэсгэлэнг зохион байгуулагчдын мэдээлж байгаагаар орон сууцны үнэ өмнөх жилийнхээс байршлаасаа хамаараад 40 хүртэл хувиар өсчээ. Тодруулж хэлбэл, хотын төвд байршилтай орон сууцны үнэ 40 хүртэл хувиар өссөн байгаа бол нийслэлээс алс байршилтай бол 20 хувийн өсөлттэй аж. Орон сууцны үнийг бууруулахын тулд нийлүүлэлтийг ихэсгэх шаардлагатай, эрэлт их байгаагаас болж үнэ буурахгүй улам өсч байна. Нөгөө талаас хотын төвд газар авсан компаниудын хувьд газрынхаа үнэд асар их мөнгө төлдөг байдлаас болж орон сууцны үнэд нөлөөлж байна гэлээ. Шинэ орон сууц-2012 үзэсгэлэнг Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилгын мэдээлэл судалгаа, сурталчилгааны Координат инфо төвүүд хамтран зохион байгуулж байна. Г.ДАРЬ

Унци алт 1750 ам.долларт хүрнэ

Лондоны металлын бирж-д алтны ханш өсөж байгаа бөгөөд өнгөрсөн баасан гаригт алтны ханш нэг хувиар өссөн байна. Харин Европын төв банк-ны шийдвэрээс шалтгаалан мягмар гаригт 0,5 хувиар өссөн бол Morgan Stanley банкнаас унци алтны ханш 1750 ам.долларт хүрэхийг үгүйсгэхгүй гэжээ. Алтны үнэ нэмэгдэх болсон шалтгаан нь европын холбооны нөөцийн сангаас эдийн засгийн өсөлтийг дэмжих алхам хийнэ гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор хүлээлт үүсгэснээс ханш өссөн гэж эдийн засагчид үзсэн байна.

Капитал банк зээл олгож эхлээгүй байна

Капитал банк 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдаж зээл олгох боломжтой болсныг өнгөрсөн сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар зарласан. Гэтэл Засгийн газартай гэрээ хийсний дараа зээлийн өргөдлийг шийдэгдэнэ хэмээн иргэдийг хүлээлгэж байсан тус банк өнөөдрийг хүртэл зээл олгож эхлээгүй л байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.