Адууны махны үнэ хониныхтой дүйцэх болжээ

Хүчит шонхор захаар махны үнэ ямар байгааг сурвалжлахаар очиход цаашид хүйтрэх тусам махны үнэ өсөх байх гэж захын наймаачид өөр хоорондоо ярилцаж байлаа. Харин иргэдийн хувьд буурдаггүй юм аа гэхэд тогтвортой байна байх гэсэн итгэл өвөртөлж яваагаа хэлж байсан. Өнгөрсөн баасан гарагийн үдээс хойш гэхэд тус зах хөл хөдөлгөөн багатай байлаа. Махны ченж нар худалдан авагчаасаа олон байна гэхэд болно. Арга ч үгүй биз дээ. Тус захыг махны бөөний зах гэдгээр нь иргэд андахгүй. Тиймдээ ч нийслэлийн олонхи иргэн тус захаас махаа авдаг. Түүнчлэн малчид ч үүрээр ирж тус захын наймаачдад махаа бөөнддөг. Хүчит шонхор захад махны үнэ өдөр бүр өөр өөр байдаг гэнэ. Энэ нь хүйтэн, цастай өдөр нүүрс, түлээний үнэ нэмэгддэгтэй адил махны үнэ ч өндөр байдаг аж. Тухайн өдөр махны үнэ ямар байхыг ченж нар мэддэг гэх нь ч бий. Харин баасан гарагт тус захад хонины цул мах килограмм нь 4700-4800, ястайг нь 4500-4600 төгрөгөөр борлуулж байсан бол үхрийн гуяны цул мах 6500, адууных 5000, ямааны шулсан мах килограммыг нь 4600 төгрөгөөр борлуулж байв. Махны үнэ сонирхохоор худалдагч нартай уулзахад Хэр хэмжээний мах авах юм. Сайн яриад өгнө шүү. Жаахан махаа хямдхан борлуулаад эртхэн харъя хэмээн хөл алдан гүйнэ. Харин махны үнэ одоогийн байдлаар тогтвортой байгаа гэдгийг тус захын худалдагч Л.Сүрэн хэлэв. Тэрээр Жил бүрийн яг энэ үед махны үнэ тэнгэрт хаддаг байсан бол өдгөө үнэ нь гайгүй байна. Энэ нь шатахуун, нүүрсний үнэ тогтвортой байгаатай холбоотой. Шинэ Засгийн газар овоо юм хийх гээд л үзээд байх шиг байна хэмээн хуучлав. Үүнээс гадна махны нийлүүлэлт хамаагүй ихэссэн ажээ. Энэ нь малчдад бэлэн мөнгө байхгүйгээс малаа их нядлах болсонтой холбоотой гэнэ. Өмнө нь Хүний хөгжил сан-гаас иргэдэд сар бүр 21 мянган төгрөг олгодог байсан нь малчдад бэлэн мөнгөний шаардлага гардаггүй байсан. Таван ам бүлтэй өрх байлаа гэхэд төсөвт нь сард 105 мянган төгрөг нэмэгддэг байж. Энэ нь сарын хүнсээ базаах хангалттай мөнгө. Харин бэлэн мөнгө олгохгүй болсноор аргагүйн эрхэнд малчид малаа нядлах болов. Ингэж махны нийлүүлэлт ихэссэн нь өндөр үнээр мах худалдан авдаг нийслэлийн иргэдийн нуруун дээрх ачаанаас бага ч болов хөнгөлсөн гэдгийг наймаачид хэлж байлаа. Ченж нар махны үнэ буурахгүй байгааг нийлүүлэлт багассан, малчид малаа махлах дургүй, өсгөх хүсэлтэй цаашлаад шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой гэх ар араасаа цуварсан олон шалтгаан, тайлбар хэлдэг байв. Тэгвэл эл олон шалтгааныг тэд хэлэх эрхгүй болжээ. Иргэдийн хувьд ч Амьдрал минь одоо л нэг жигдрэх гэж байна. Өмнө нь дандаа өслөө, нэмэгдлээ л гэсэн мэдээ дуулддаг байсан бол буурлаа, тогтвортой байна гэх болж. Нэг үе үхрийн мах килограмм нь 9000 төгрөг хүрсэн. Одоо махны үнийг бууруулж чаддаггүй юм аа гэхэд тогтвортой байлгах байх хэмээж байлаа. Тус захад үдээс хойш махны үнэ буудаг аж. Учир нь, наймаачид өглөө эрт махаа малчдаас бөөндөж аваад 10:00-11:00 цагийн үед худалдан авагч буюу цайны газар, бусад зах, худалдааны төвийнхөн ирж шилээд авдаг гэнэ. Ингээд үдээс хойш болоход шилэгдсэн муу нь үлддэг байна. Дашрамд, Хүчит шонхор захад адууны мах моодонд орох болжээ. Энэ нь, хүйтэнд ханиад томуунд адууны мах сайн, биеийн эсэргүүцэл нэмэгдүүлдэг гэх үүднээс эрэлт нь ихэсчээ. Иймдээ ч килограмм адууны махны үнэ хониныхтой дүйцэх болжээ. Б.Мягмаржав

Өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүнийн үнийг бууруулна

Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд байгуулсан Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах дэд хөтөлбөрт Зам, тээврийн сайд А.Гансүх, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар өнөөдөр гарын үсэг зурлаа. TLF дэд хөтөлбөр нь өргөн хэрэглээний барааны тээвэр, логистикт тулгарч буй хүндрэлийг богино хугацаанд шийдэхэд чиглэжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх вагон хангалтыг нэмэгдүүлж, ачаа эргэлтийг хурдасгах улмаар ачаа тээвэрлэлтийн өртгийг бууруулах, Тяньжин-Замын-Үүд чиглэлийн ачаа тээвэрлэлтийг хөнгөвчлөх, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний парк, ачааны терминалын хүчин чадлыг нэмэгдүүлэх таван зорилтыг дэвшүүлсэн байна. Зам, тээврийн яам нь зохицуулалтын чиглэлээр дараах хэд хэдэн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний тээвэрт зориулж өдөрт хоёр удаа хатуу хуваарьтай галт тэргээр 24-н цагийн дотор тээвэрлэнэ. Мөн Улаанбаатар болон Замын-Үүд боомтын төмөр зам, авто замын тээврийн терминалын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн шинэ жил, цагаан сарын баяр, улирлын чанартай ачаа барааны нийлүүлэлт ихэсдэг үеэр ачааллыг бууруулахад чиглэсэн тусгайлсан хөтөлбөрийг урьдчилан хэрэгжүүлэхээр боллоо. Эдгээр арга хэмжээг цогцоор нь авж хэрэгжүүлснээр бизнес эрхлэгчид ажлаа зөв төлөвлөх, бизнесийн эргэлт хурдасч, өргөн хэрэглээний барааны өртөг тодорхой хувиар буурах юм. Энэнхүү дэд хөтөлбөр гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болох бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг улирал тутам Монголбанкны Захирлуудын зөвлөл, Зам, тээврийн яамны Сайдын зөвлөлд тус тус танилцуулахаар болжээ.

 Үнэт цаас гаргах төслийг хэлэлцлээ

УИХ дахь МАН-ын гишүүдийн суултаас болж өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гацаанд орж, хоёр ч өдрийг алдсанаас өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааныг цаг сунган үргэлжлүүллээ. Ингэснээр 19.00 цаг өнгөрч байхад чуулганы нэгдсэн хуралдаанаар Үнэс цаас гаргах зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 80 гаруй хувийн саналаар дэмжин хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Төсөлд тусгаснаар эдийн засгийг эрчимжүүлэх, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжих бодлогыг санхүүжүүлэх зорилгоор дунд, урт хугацааны таван тэрбум хүртэлх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг 2012, 2013 онуудад үе шаттайгаар олон улсын зах зээлд арилжаалах юм. Ингэхдээ бондын хөрөнгийн зориулалтыг төсвийн алдагдал нөхөх бус дунд урт хугацааны бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг дэмжиж импортыг орлох бодлогыг санхүүжүүлэхэд чиглүүлэхээр тусгасан юм. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Г.ДАРЬ

Төв банк хоёр тонн гаруй алт худалдан аваад байна

Алтны үнэ сүүлийн жилүүдэд огцом өсч буй. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотой. Энэ оны эхний есөн сарын байдлаар Монголбанк 2330 кг алт худалдан авсан тоо гарлаа. Он дуустал энэ тоо нэмэгдэх нь тодорхой. Долоо, наймдугаар сард хамгийн их алт худалдан авчээ. Тухайлбал, долдугаар сард гэхэд 547.5 кг алт авсан байна. Тус банк өнгөрсөн онд хоёр тонн алт худалдан авч байсан. Лондонгийн металлын бирж дээр өнгөрсөн баасан гаригийн ханшаар нэг унци алт 1737 ам.долларын үнэтэй байгаа. Харин Монголбанкны авах ханшийн хувьд нэг трой унци буюу 31.1 гр нь 77408 төгрөг байгаа юм. Т.Жанцан

 Монгол эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байна

- ОУВС Азийн эдийн засгийн өсөлтийн таамгийг хасаж, Европынхыг хазав - Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамгийг бууруулж, шинэчлэн гаргаснаа танилцуулав. Тэд өнгөрсөн зургаадугаар сард дэлхийн эдийн засгийн өсөлт 3.5 хувьтай байхаар тооцож байсан бол өчигдөр дээрх үзүүлэлтийг 3.3 хувь болгон бууруулснаа мэдэгдлээ. Энэ нь 2009 оноос хойших дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамгийн бага хувь болж буйг Bloom berg онцолжээ. Европын холбооны удирдлагууд өрийн хямралыг өнөө хэр гэтэлж чадахгүй байгаа нь, АНУ-ын Засгийн газар санхүүгийн байдлаа тогтворжуулах ямар ч алхам хийхгүй байгаа нь бидний санааг зовоож байна хэмээн ОУВС-гийн ахлах эдийн засагч Оливиер Бланчард ярьсан байна. Тэрбээр ирэх онд АНУ дотоодын нийт бүтээгдэхүүнээ дөрвөн хувиар өсгөхгүй бол эдийн засгийн өсөл т дээшлэхгүй гэдгийг сануулав. Мөн Европын холбооны улсуудын эдийн засгийн өсөлт 0.4 хувь байгаа бөгөөд ирэх онд 0.2 хувь болж буурах төлөвтэйг ч мэдэгдлээ. Үүгээр зогсохгүй Дэлхийн банк БНХАУ-ын энэ оны эдийн засгийн өсөлтийг 7.7 хувь байхаар тооцсон нь 1999 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болж байна. Өнгөрсөн жил гэхэд л дээрх үзүүлэлт 9.3 хувь байлаа. Үүнтэй зэрэгцэн Дэлхийн банк Зүүн Азийн 14 орны (Японоос бусад) эдийн засгийн өсөлтийн таамгийг гаргаснаа танилцуулав. Өнгөрсөн тавдугаар сард Азийн эдийн засгийн өсөлт энэ онд 7.6 хувь байна хэмээсэн таамаглалаа тэд бууруулан, 7.2 хувь болгожээ. Европын эдийн засгийн хямралаас шалтгаалан дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад, улмаар Азийн бусад орны экспорт, импортын хэмжээ огцом багасаж, эдийн засгийн өөрчлөлт ажиглагдаж байна гэж Дэлхийн банк дүгнэж байна. Энэ онд БНХАУ-ын эдийн засаг 7.7, Индонез 6.1 Малайз 4.8, Тай ланд 4.5, Вьетнам 5.2, Монголынх 11.8 хувиар өсөх таамаглал гаргажээ. Уг таамгаас үзвэл, Монголын эдийн засгийн өсөлт дэлхийн бусад орноос хамгийн өндөр байх нь. Гэвч Олон улсын валютын сан манай улсын эдийн засгийн өсөлт ойрын дөрвөн жилд 14 хувьтай байх тооцоо гаргаж байсантай харьцуулбал энэ чамлахаар үзүүлэлт юм. Хятадын эдийн засаг ирэх оноос сэргэж, Зүүн Өмнөд Азийн орнуудад дотоодын хэрэглээ нэмэгдэх үед эдийн засгийн хөгжлийн хурдац 7.6 хувьд хүрнэ гэж Дэлхийн банк таамаглаж байгаа ч Европын хямрал гүнзгийрсэн тохиолдолд эдийн засгийн байдал муудах эрсдэлтэй байна гэдгийг онцолжээ. ОУВС, Дэлхийн банк хоёул дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх онд 3.6 хувьд хүрнэ хэмээн тэмдэглэжээ. Гэвч энэ нь өнгөрсөн зургаадугаар сард 3.9 хувь байх таамаг гаргаж байснаас доошилсон үзүүлэлт юм. М.СУГАР, Ж.ТЭГШ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.