Чингис хааны тухай үзэсгэлэнгийн төслийн талаар санал солилцов

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөр Францын Бретон мужийн Гүнгийн цайз, Нант хотын Түүхийн музейн захирал Бэртрон Гиеэ, Парис-Нантэррийн Их сургуулийн түүхийн багш, судлаач хатагтай Мари Фэйври нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 5 сарын хооронд Нант хотын Түүхийн музейд гаргахаар төлөвлөж буй Чингис хааны тухай үзэсгэлэнгийн төслийн явцын талаар дэлгэрэнгүй санал солилцов. Үзэсгэлэнг Францын Лувр, Бранли, Гимэй, Сэвр зэрэг томоохон музей, Үндэсний архив, Үндэсний номын санд хадгалагдаж буй эх бүтээлүүдээс гадна Монгол болон бусад гадаад улс орнуудаас бүрдэх цуглуулгаар баяжуулан гаргах, Монголын кино урлаг, уран зохиол, соёл урлагийн арга хэмжээ болон хөрөнгө оруулагчдын уулзалт зэрэг олон үйл ажиллагааг хөтөлбөрт оруулах, франц хэл дээр томоохон каталог ном хэвлүүлэхээр ажиллаж буйгаа музейн захирал Б.Гиеэ тэмдэглэв. Элчин сайд А.Баттөр Эзэн Чингис хааны түүх, монгол өв соёлыг өргөн цар хүрээнд сурталчлах энэхүү төсөлд Монгол Улсын Засгийн газрын зүгээс өндөр ач холбогдол өгч, бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн буйг илэрхийлэв. Дашрамд дурдахад энэхүү үзэсгэлэн тавигдах Бретоны гүнгийн цайз шилтгээн нь жилдээ 1,7 сая үзэгч хүлээн авдаг, жуулчдын тоогоор Францын баруун бүсэд нэгдүгээрт ордог, Францдаа 13 дугаарт орж буй нэр хүндтэй түүхэн газар юм. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлнэ

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 9-нд болох бөгөөд өнөөдөр сурталчилгаа эхэлнэ. Мөн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулах юм. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, Зөв ХҮН электорат эвслээс Д.Энхбатын нэрийг дэвшүүлж, мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрээ өнөөдөр танилцуулж, үнэмлэхийг гардуулснаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Сонгуулийн сурталчилгаа 6-р сарын 7-нийг дуустал үргэлжилнэ. Түүнчлэн нэр дэвшигчдийн хөрөнгө орлого, мөрийн хөтөлбөр Үндэсний аудитын байгууллага, Авлигатай тэмцэх газрын цахим хуудаст байршуулан олон нийтэд мэдээлэх юм.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Говьсүмбэр аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан 100 ортой Нэгдсэн эмнэлгийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд нар оролцлоо. Эмнэлэг иргэдэд эрүүл мэндийн 23 нэр төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бөгөөд нэн шаардлагатай байсан PCR шинжилгээний болон амьсгалын аппаратыг энэ үеэр хүлээлгэн өгөв. Мөн ирэх сард багтаан хүчилтөрөгчийн бичил үйлдвэр байгуулж, яаралтай мэс заслын тоног төхөөрөмж нийлүүлэн мэс заслын өрөөний вакуумжсан агааржуулалтын системийг шийдэж өгөхөө илэрхийллээ. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад стандарт маш чухал учир Стандарт, хэмжил зүйн газар үүнд анхаарах ёстойг Шадар сайд хэлэв гэжШадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАР АЙМГИЙГ ТҮҮХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хэнтий аймаг дахь албан томилолт үргэлжилж байна. Аялал жуулчлалыг газар зүйн байрлал, байгаль, түүх, соёл зэргийн нөөцөд тулгуурлан бүсчилж хөгжүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан танилцуулав. Тодруулбал: - Цэнгэг устай нуур, байгалийн үзэсгэлэн бүхий бүс - Хөвсгөл - Олон ястны зан заншил, соёлын онцлог бүхий өндөр уулын бүсийн экосистемт бүс Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай - Түүх, соёлын үнэт дурсгал бүхий бүс Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Орхон - Эх газрын өвөрмөц, онгон байгаль, палеонтологийн олдвор, ховор ан амьтан бүхий бүс Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь - Их эзэн Чингис хааны түүхтэй холбоотой дурсгалт газар бүхий бүс Дорнод, Хэнтий, Сүхбаатар - Улаанбаатар хот орчмын бүс Дархан, Төв, Улаанбаатар гэж хуваан хөгжүүлэх юм. Зүүн бүсэд түүх, байгаль, соёлын аялал жуулчлал, ялангуяа түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх хөгжих өндөр боломжтой гэж үзэж байна. Улсын хэмжээнд стандартын шаардлага хангасан 1,046 зочид буудал, жуулчны бааз байдгийн 29 зочид буудал, 42 жуулчны бааз нь зүүн бүсэд байрладаг. Үүнээс Хэнтий аймагт 2,045 ор хоногийн хүчин чадал бүхий 10 зочид буудал, 36 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. 2019 онд тус аймагт дотоодын 65 мянга гаруй жуулчин 13,2 тэрбум, гадаадын 6,000 гаруй жуулчин 8,6 тэрбум, нийт 21,7 тэрбум төгрөгийн үр өгөөжийг аймгийн эдийн засагт оруулжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан томилолтын бүрэлдэхүүнд Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Ерөнхий сайдын зөвлөх П.Цэцэгбадам нар багтжээ гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

0-17 НАСНЫ ХҮҮХДЭЭС ХОТ ХООРОНД ЗОРЧИХОД КОВИД19-ЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХИЙГ ШААРДАХГҮЙ

УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж,Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам-ыг баталлаа. Журмаар зохицуулагдах үйл ажиллагааны талаар УОК-ын гишүүн Ц.Ганзориг, НОК-ын гишүүн Т.Гантөмөр нар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагаас Өмнөговь, Дорноговь аймгаас бусад аймаг руу чиглэх хот хоорондын бүх төрлийн зорчих хөдөлөөнийг нээж, хэвийн горимд шилжүүлж байна. Насанд хүрсэн зорчигчид КОВИД19-ын эсрэг дархлаажуулалтын давтан тунд хамрагдаж 14 хоносон, сүүлийн дөрвөн сарын дотор өвчлөөд эдгэсэн бол саадгүй зорчино. Анхны тун хийлгэсэн болон вакцинд хамрагдах боломжгүй, эмнэлгийн заалттай иргэд 72 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний сөрөг хариугаа үндэслэн зорчиж болно. 0-17 хүртэл насны хүүхдээс шинжилгээний хариу шаардахгүй, тухайн очсон газартаа гэрийн тусгаарлалтад долоо хоног байхыг шаардана. Өмнөговь, Дорноговь аймаг руу зайлшгүй шаардлагаар зорчих иргэд Аймгийн онцгой комиссын зөвшөөрлийн дагуу дээрх шаардлагуудыг хангасан тохиолдолд зорчино. Энэхүү хязгаарлалт 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Дараах зургаан төрлийн үйл ажиллагааг тавдугаар сарын 22-ны өдрөөс нээж, хэвийн горимд шилжүүлнэ. Ингэхдээ тус байгууллагуудын үйл ажиллагаа нь давтан тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд нээлттэй байхаар журамлажээ. - Зах худалдааны төвүүд - Ресторан, кафе, сүлжээ хоолны газар /50 хувийн дүүргэлттэй үйлчилнэ/ - Зочид буудал - Амралтын газар - Сауныг тус тус нээхээр шийдвэрлэлээ. Эдгээр газруудыг нээснээр үйлчилгээний бизнесийн 83 хувь нь халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх боломжтой болж байна. Тус аж ахуйн нэгжүүд E-Mongolia-ийн Covid 19- Verify аппликейшинийг ашиглан үйлчлүүлэх гэж буй иргэдийнхээ иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж, дархлаажуулалтын мэдээллийг нь шалгах юм. Мөн өнөөдрөөс өмнө нь тодорхой цагийн хязгаарлалттай үйл ажиллагааг нь нээсэн аж ахуйн нэгжүүдийг ердийн цагийн хуваариар ажиллах эрхийг нээлээ. Тухайлбал,хүнсний дэлгүүрүүд 22:00 цаг хүртэл ажиллах бол ресторан, кафе, хоолны газрууд 00:00 цаг хүртэл ажиллана. Хэдийгээр худалдаа, үйлчилгээний зарим байгууллага аж, ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, нээж буй ч вакцины эсрэг заалттай болон жирэмсэн хүмүүс халдвар авах эрсдэл хэвээр буйг тооцож, өөрөө өөрсдийгөө хамгаалахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Биечлэн үйлчлүүлэхээс татгалзаж, хүргэлт, захиалгын үйлчилгээнүүдийг сонгохыг уриалавгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.