Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав
2020-07-22 11:14:22 Нийтлэгдсэн: Улс төрЗасгийн газрын ээлжит хуралдаан 2020.07.22-ны өдөр болж хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар хэлэлцэн шийдвэр гаргав. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав Засгийн газрын хуралдаанаас: - Нийслэл, аймгийн төв, суурин газрын хүн амын өвөл, хаврын хүнсний хэрэгцээнд зориулж мал, мах бэлтгэх, 20 мянган тонноос багагүй хэмжээний махны нөөц бүрдүүлэх - Мал, махны экспортыг бүх хэлбэрээр дэмжих, нэмэгдүүлэх - Отрын бүс нутгийн ашиглалтын хуваарь гаргах, оторлох мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга, туулгад хамруулах, тууврын замд хяналт тавих - Байгаль, цаг агаарын аюултай, гамшигт үзэгдлийн талаархи урьдчилан сэргийлэх мэдээг иргэд, малчдад түргэн шуурхай хүргэж байх - Малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх график гаргах, жирэмсэн, 0-5 насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байнгын хяналтад байлгах зэргийг бүх сайд, холбогдох агентлагуудын дарга нарт даалгав. Мөн: - Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих - Аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг заасан хэмжээнд бүрдүүлэх - Малчид, мал бүхий иргэдийг өөрсдийнхөө хэрэгцээнд зориулсан хадлан, гар тэжээл бэлтгүүлэх - Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн улсын хилийн зурвас газрын ойролцоо хадлан бэлтгэх талбайг говийн бүсийн болон хадлангийн нөөц багатай аймгуудад ашиглуулах, дэмжлэг үзүүлэх - Улсын тусгай хамгаалалттай газар болон хилийн зурвас газарт отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тоог урьдчилан гаргах, холбогдох төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авч гэрээний дагуу өвөлжүүлж, хаваржуулахдаа газар нутгийн маргаан гаргахгүй байх - Отроор өвөлжих, хаваржих малчдыг эрүүл мэндийн даатгалд заавал хамруулах - Малчин өрхийн талаархи мэдээллийг аймаг хоорондоо солилцож, отроор яваа үед нь тухайн орон нутаг эмнэлгийн тусламж /ялангуяа яаралтай тусламж/ үзүүлэх бэлтгэлээ хангахад нь дэмжлэг үзүүлэх зэргийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Зуншлагын байдал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны танилцуулгаас үзвэл 2020 оны 07 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд зуншлага сайн, 40 хувьд дунд, 20 гаруй хувьд тааруу. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн ихэнх, Төв, Дорноговь аймгийн зарим нутгаар муу байна. Үүнтэй холбоотойгоор отор нүүдэл ихсэх хандлагатай болжээ. Тухайлбал Дундговь аймгаас 1331 малчин өрх нэг сая гаруй толгой малтайгаа Хэнтий, Сүхбаатар, Улаанбаатар, Булган, Төв, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймагт оторлож байгаа мэдээ иржээ. Өнгөрсөн өвөл олон жилийн дунджаас их цас орсноос өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Архангай, Хөвсгөл, Булган, Хэнтий, Өвөрхангай, Завхан аймагт нийт нэг сая мал хорогдсон. Энэ нь улсын хэмжээний нийт хорогдлын 86 хувийг эзэлж байна. Мал, мах бэлтгэл Манай улсын нийт хүн амын 2020 оны хүнсний хэрэгцээнд 116 мянга гаруй тонн мах шаардлагатай. Хүн амын бодит хэрэглээ, хүнсний зориулалтаар төхөөрөх малын тоонд үндэслэн тооцоход 354 мянга гаруй тонн мах дотоодын зах зээлд нийлүүлэх нөөцтэй гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үзжээ. 2019 онд 11 мянга гаруй тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд энэ оны долоодугаар сарын байдлаар 10 мянга орчим тонныг нь худалдан борлуулаад байна. Бэлчээрийн усан хангамж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 21 аймгийн 241 суманд 582 худаг шинээр, 184 худаг сэргээн засварлах, 126 булаг, шанд тохижуулах, 9 хөв цөөрөм, 10 худагт сэргээгдэх эрчим хүчээр ажиллах ус өргүүр суурилуулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Үүнд улсын болон орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөрөөс 10 тэрбум гаруй төгрөг зарцуулж байна гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагаатай танилцлаа
2020-07-21 11:49:46 Нийтлэгдсэн: Улс төрЗасгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон холбогдох газрын дарга нар өчигдөр цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагаатай танилцлаа. Сайд тэргүүтэй албаныхан эхлээд Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг сонсч холбогдох ажилтнуудад үүрэг чиглэл өгөв. Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн ажил 21 хоногийн дараа эрчимтэй өрнөнө Дараа нь Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон албаныхан Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил ямар түвшинд байгааг төслийн багийнхнаас асууж, тодрууллаа. Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажилдзайлшгүй шаардлагатай материалуудаас эхний ээлжинд БНХАУ-аас импортоор нийт 6 мянга гаруй арматурыг оруулж, барилга угсралтын талбай дээр буулгажээ. Мөн барилгын талбайд барилга байгууламжийн суурийн бэлтгэл болох 13 мянган метр куб хөрс хуулалтын ажлууд тус тус хийгдсэн байна. Ковид-19 халдварын нөхцөл байдлаас үүдэн ажил удааширсан гэж төслийн зохицуулагч Т.Болорчулуун энэ үеэр хэлсэн юм. Тэрбээр БНХАУ-аас ирсэн инженер, техникийн ажилчид тусгаарлалтад орсон бөгөөд 21 хоногийн дараа тусгаарлалтаас гарч ажил эрчимжинэ гэв. Нисэхийн цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцав Яармагт бүтээн байгуулалт ид өрнөж, суурьшлын шинэ бүс бий болж байгаа энэ үед Нисэхийн цэвэрлэх байгууламж чухал үүрэг гүйцэтгэх учиртайг сайд Б.Мөнхбаатар онцлон хэллээ. Уулзалтын үеэр тус байгууллагын хамт олон сайдад хийсэн ажилаа тайлагнахын зэрэгцээ тулгамдаж буй асуудлаа танилцуулж, тодорхой үүрэг, чиглэл авсан юм. Эх сурвалж: БХБЯ
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.ЭНХТАЙВАН ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД Х.КОБАЯШИ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2020-07-21 10:44:30 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г өнөөдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд Сайд Н.Энхтайванд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Сайд Н.Энхтайван Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-гээс баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. COVID-19 коронавируст халдвартай тэмцэхэд улс орнуудын нягт хамтын ажиллагаа нэн чухал байгааг Элчин сайд Х.Кобаяши онцолж, Япон Улсын Засгийн газар яаралтай хөнгөлөлттэй иенийн зээл олгох зэргээр хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад дэмжлэг туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгааг танилцуулав. Сайд Н.Энхтайван үүнд талархаад COVID-19-ийн улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндрэл бэрхшээлтэй тулгараад байгаа тул дээрх дэмжлэгийг ойрын хугацаанд олгохыг хүсэв. Мөн Японы хөрөнгө оруулалт, дэвшилтэд технологийг нэвтрүүлж, Монголын экспортыг дэмжих хүрээнд жишиг үйлдвэр байгуулах санал тавив. Талууд Монгол, Японы харилцааг дараагийн 4 жилд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийг тохирох, дипломат харилцааны 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэлийг эртнээс сайтар хангаж ажиллахаар ярилцав.
ГХ-ны сайд Н.Энхтайван БНТУ-ын Гадаад хэргийн сайдтай утсаар ярив
2020-07-20 09:56:07 Нийтлэгдсэн: Улс төрБүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай утсаар ярьж, Гадаад харилцааны сайдын албанд томилогдсонд нь баяр хүргэв. Тэрбээр Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйг тэмдэглээд, цаашид хоёр талын худалдааны хэмжээг нэмэгдүүлэхийн чухлыг онцлов. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавируст цар тахлын хөл хорионы улмаас нутаг буцах боломжгүй болсон Турк Улсад буй монгол иргэдэд Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Сайд нар эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар санал солилцон эдгээр асуудлыг Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтын үеэр хэлэлцэхээр тохиров. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Япон, Шведийн парламентын тэргүүн нар Г.Занданшатарт баяр хүргэлээ
2020-07-10 09:42:48 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан Гомбожавын Занданшатарт Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Оошима Тадамори, Зөвлөхүүдийн танхимын дарга, хатагтай Санто Акико, Шведийн парламент Риксдагийн дарга Андреас Норлен нар баяр хүргэж, мэндчилгээ ирүүлэв. Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Оошима Тадамори ирүүлсэн баярын мэндчилгээндээ Эрхэмсэг ноён Таныг Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой холбогдуулан Төлөөлөгчдийн танхимыг төлөөлөн чин сэтгэлээсээ баяр хүргэе. Миний бие Төлөөлөгчдийн танхимын даргын хувиар Эрхэмсэг ноён Тантай хоёр орны болоод хоёр орны Парламент хоорондын найрамдалт харилцааг улам бүр хөгжүүлэн цэцэглүүлэхэд бүхий л хүчээ дайчлан ажиллах болно гэсэн бол Зөвлөхүүдийн танхимын дарга, хатагтай Санто Акико Цаашид Япон, Монголын парламент хоорондын харилцааг өргөжүүлснээр хоёр орны харилцаа улам бүр хөгжин цэцэглэнэ хэмээн найдаж байна. Эрхэмсэг ноён Танд ажлын өндөр амжилт, танай сайхан оронд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе гэжээ. Шведийн парламент Риксдагийн дарга Андреас Норлен Манай хоёр улсын парламентын харилцаа нэгдмэл үнэт зүйлс, зарчмуудад суурилан амжилттай урагшилж ирсэн бөгөөд цаашид ч энэхүү хамтын ажиллагаа тууштай өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Коронавирусийн хямралыг даван туулж, олон улсын хамтын ажиллагаа эргээд хэвийн болмогц Тантай хоёр талын болон олон талт харилцааны хүрээнд уулзаж ярилцана гэдэгт найдаж байна. Таны нэн хариуцлагатай албанд өндөр амжилт хүсье гэсэн байна. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй