Халх гол чөлөөт бүс нэрээр халхавч хийж байна

Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн Б.Алтангэрэлтэй ярилцлаа. -Дорнод аймгийн Халх гол суманд чөлөөт бүс байгуулах тухай тогтоолыг УИХ наадмын өмнөхөн баталсан. Танай намын зүгээс уг тогтоолын эсрэг байр сууриа илэрхийлээд байгаа. Энэ талаараа тодруулаач? -УИХ-ын хаврын чуулганы хаалтын өмнөхөн буюу 2015 оны долоодугаар сарын 9-ны өдөр Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс байгуулах тухай75 дугаар тогтоол батлагдсан. Манай намын байр суурь бол тодорхой.Энэ 500 мянган га газрыг Хөдөө аж ахуйн чөлөөт бүс нэрийн дор ашиглах гээд байна. Тэрийг л болиулж, эсэргүүцье гэдгээ мэдэгдээд байгаа. Манай улсын нийт газар тариалан эрхэлдэг бүс нутгийн хэмжээ 200 мянган га газар нутгийг хамардаг. Гэтэл тэрнээс 300 мянган га аар илүү том газрыг ашиглуулах гээд байгаа энэ шийдвэрээ эргэн харж, үндэсний компаниуддаа ашиглуулаач ээ. Гадны хүмүүсээр газар тариалан эрхлүүлэх ямар хэрэгтэй юм бэ гэдэг л байр суурьтай байна. Яагаад гэхээр дотоодын аан, хувь хүмүүс газар тариалан эрхлэх газар хайгаад явахаар үржил шимтэй газар нь жирийн хүнд олддоггүй. Гэтэл хөдөө аж ахуйн чөлөөт бүс нэрийн дор өөр улсад өгөх ёстой юм. Нөгөө талаар манай улсын хувьд хүнсний аюулгүй байдал их эмзэг асуудал байсаар ирсэн. Гаднаас хүнсний хувьд хамааралтай. ялангуяа газар тариалан буудайн хувьд энэ илүү яригддаг. Хүмүүсийн хэлж байгаагаар бид өөрсөдөө инноваци нэвтрүүлэх хэрэгтэй. Нэгж талбайгаас авч байгаа гарцаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн бодлого барьдаг. Гэтэл яагаад заавал гадаадын хүнээр эх орондоо хийлгэх ёстой юм. Гадаадад байгаа технологийг нь эх орондоо аваад ирэхэд л болчихмоор санагдах юм. -Танай намын зүгээс газар тариалан эрхлэх нэрээр халхавч хийж, газар булаалт гэдэг асуудлыг хийх гэж байна гэсэн мэдээлэл өгсөн шүү дээ? -Наадмын дараа манай нам дээр салбар салбарын ажлын хэсэг байгуулагдсан. Манай хөдөө аж ахуйн чиглэлээр ажилладаг ажлын хэсэг ийм нэг тогтоол гарчихлаа. Энийг та нар хараач ээ гэсээр авч ирсэн. Бид уг тогтоолыг нь харахад 5-6 асуудлыг тодотгосон, нэг газар зүйн координат заасан хавсралттай байсан. Түүнийг газрын зураг дээрх талбай дээр буулгаад үзэхээр 500 мянган га газар байгаа юм. Бид 500 мянган га-гаар нь гадаадын улс орнуудад ашиглуулдаг, хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэж байдаг юм уу гээд судлаад үзсэн. Гэтэл НҮБ-ын харьяа Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас 2009 оноос эхлээд тайлан гаргаж эхэлэсэн байгаа юм. Ялангуяа газрыг гадаадын улс орнууд, пүүс корпораци, байгууллагуудад өгч ашиглуулдаг талаар судалсан байсан. Тэр тайланд дурьдсанаар 1000 болон түүнээс дээш га г гадаадын аж ахуйн нэгжид түрээслэх нь Land Grabbing буюу газар булаалт гэж дүгнэсэн байсан. Газар шүүрэлт ч гэж болно. Энэ тохиолдолд яаж хяналт тавих ёстой юм бэ гэдгийг ч тодруулсан байсан. биднийсанал бол бидний үгэнд шууд итгэж дүгнэлт хийхээсээ илүү гаргаж ирүүлсэн материалыг өөрсдөө судалж дүгнэлтээ хийгээч ээ. Бидэнтэй адил санаа бодолтой бол бидэнтэй нэгдээч ээ л гэж байгаа юм. Тэгэхгүй бол бид 500 мянган га буюу 5000 км.кв газрыг өгч байгаа гэсэн үг. Оюутолгой төслийг бид 10 гаруй жил ярьж Монгол Улсад ашигтай, ашиггүй гэж маргалдлаа. Гэтэл Оюутолгой төслийн нийт газар нутгийх нь хэмжээ 64 км кв байдаг. Тэгэхээр түүнээс хэд дахин том талбай бүхий газар нутгийг хэн авах нь тодорхойгүй байдалд ашиглуулах тогтоол хараад сууж байна. Тиймээс асуудал өөр түвшинд байна гэж хардах үндэслэлтэй. Нэгдүгээрт, үндэсний аюулгүй байдал, хоёрдугаарт, хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх гээд байна. Жишээ нь, тэнд газар тариалан эрхлээд манай дотоодод үйлдвэрлэж байгаа бусад бүтээгдэхүүнүүдээс хямд үнээр зах зээлд нийлүүлээд эхлэвэл ард иргэд аль хямдханыг нь авч хэрэглэнэ. Тэгэхээр үндэсний газар тариалан эрхэлж байгаа ААН-үүдэд хүнд цохилт болно. Хэрвээ энэ асуудлаас үүдэн үндэсний компаниуд алдагдалтай ажиллаж, дампуураад зогсчихвол бид 100 хувь гадны компанийн, гадны улсын хараат хүнсний хэрэглээтэй улс болох гээд байна. Тэгэхээр энэ асуудлыг тодорхой түвшинд авч үзээч ээ. Энэ бол зүгээр нэг бидний халуун сэдэв гээд яриад байгаа хэн нэгний авлига, албан тушаалын тухай асуудал биш. Өршөөлийн хууль гэдэг ч юм уу цөөн хэдэн хүнд хамаарах асуудал биш. Бүхэлд бүтэн улс үндэстний том асуудал гэдгийг анхаарч үзээч ээ. -Тухайн газар нутгийг гадны улс орны пүүс компанид өгснөөр монголчуудад хаалттай орчин бий болно гэсэн үг үү? -Монгол хүн эх нутагтаа байгаа болохоор орж гарах нь харьцангүй чөлөөтэй байх нь мэдээж. Бид иргэний үнэмлэх, гадаад паспортоо үзүүлээд орно. Гэхдээ нөгөө талаас нь харвал гадаадын иргэн, хоёр хөрш орны иргэд тэр нутагт 30 хоногийн дотор визгүй зорчино. Хамгийн гол нь гадаадын аль нэг улсын иргэн Монгол Улсын хүн амын 3 хувиас ихгүй байх гэдэг тэр квот чөлөөт бүсэд үйлчлэхгүй. Тэгэхээр тэнд хоёр хөршийн хэдэн зуун мянган хүн байж болох нь. Байгаль орчны хувьд ямар нөхцөл байдал үүсэх вэ гэхээр тэр бүс нутаг үржил шим сайтай. 2009 онд Газарзүйн хүрээлэнгийн доктор н.Батхишиг тэр нутгийн хөрсний судалгааг хийсэн байдаг. Түүний судалгаагаар газрын хөрсний зузаан нь 40 орчим см, газраараа 1 метр орчим. Бага зэрэг азотоор дутмаг ч баялаг хөрстэй. Энэ хөрсийг газар тариаланд ашиглах бүрэн боломжтой. Усны хувьд дутагдалтай гэж дүгнэсэн. Усны хувьд дутагдалтай гэхээр Халх гол, Буйр нуураас ус татна гэсэн үг. Суваг татаж болно. Гэтэл 500 мянган га гэдэг маш том газар нутаг. 500 мянган га -г тооцоолвол нэг талдаа 100 км, нөгөө талдаа 50 км гэсэн үг. Нэг талдаа 100 км гэвэл Улаанбаатар хотоос Дархан хүрэх замын тал буюу Урьхан хүрэх зай. 50 км нь Урьхан орох замын тал хүрэх хэмжээний том газар нутгийг хүнд өгөх гээд байна шүү дээ. Энэ том хэмжээний газрын усжуулалтыг суваг татаж хийх боломжгүй. Тэгэхээр гүний ус ашиглана. Гүний ус ашиглаж эхлэхээр гүний усны түвшин багасна. Тэр том газарт хичнээн газар тариалан эрхлэх компаниуд байрлахав. Тэд цөм гүний усыг ашиглахын дулд илүү гүн өрөмдлөг хийнэ. Усны түвшин нь илүү багасна. Нөгөө талаар тэр газарт эрчимжсэн газар тариалан эрхлэх учраас хүчтэй химийн бордоо, нөгөөх пестицидийг ашиглана. Эдгээр химийн бодисыг ашиглаад ирэхээр хөрс бохирдоод ирнэ. Хөрс бохирдохоор газар тариалангийн органик бичил биетүүд хүнсэнд шингэж, түүгээр нь дамжаад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнс бий болно. Хэрвээ манайд ийм бүтээгдэхүүнээ зарах юм бол үндэстний эрүүл мэндийн эрсдэл бий болно. Гадагшаа гаргах байсан ч гэсэн бид дотооддоо тариалсан гээд авч хэрэглэх нь ойлгомжтой. -Тогтоол нэгэнт гарчихсан байна. Тэгэхээр танай намын зүгээс эсэргүүцлээ хэрхэн үргэлжүүлэх юм бэ? -Манай намын хувьд энэ тогтоолыг эсэргүүцэж буцаах арга хэмжээ авахыг л хүсэж байна. Мөн тэр тогтоол гаргах үндэслэл, ямар материал ашиглаж ийм тогтоол гаргаснаа ард түмэнд нээлттэй болгохыг шаардаж байгаа. Олон жилийн өмнөөс л Солонгосчууд Халх голд 200 мянган га газар эзэмшсэн гээд л мэдээлэл гарч байсан. Тухайн үед уг мэдээллийг худлаа байгаасай л гэж бодож найдаж явсан. Гэтэл тэр газар нутгийг хамруулсан тогтоол гарч ирснийг харлаа. Хэнд өгөх нь тодорхой бус байгаа ч уг газрыг ашиглах гээд байгааг мэдэж авлаа. Гол нь энэ тогтоолыг хэрэгжүүлж эзэмших хүн нь солонгос хүн байгаа эсэхийг, ямар улс оронд өгөх гэж байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тогтоолоос өөр мэдээлэл алга. Гэхдээ л ямар нэгэн дотоодын эсвэл гадаадны байгууллагад өгөх нь тодорхой болчихлоо. Тиймээс гадаадынх, монголынх гэлгүй тогтоолоо цуцлаад 500 мянган га газраа дотоодын ААН-үүдэд өгчихвөл яасан юм. Манай улс дотоодын хэрэгцээгээ хангаад гадагшаа экспортлодог орон болно гэсэн төлөвлөгөөтэй зорьж байгаа. Тийм болохоор экспортлодог болохын тулд одооноос дотоодын ААН-үүддээ ашиглуулах л хэрэгтэй. -Африкийн орнуудад газар булаалтын асуудал их гарсан гэж байсан. Энэ талаарх баримтаасаа хуваалцаж болох уу? -Тоо баримт зөндөө байгаа. Жишээ нь Конго улс байна. Ойролцоогоор 1 сая гаруй га газраа гадаадын улсад өмчлүүлсэн. Тэр улсын хувьд гадны улсад өмчлүүлэхдээ Конго мөрний эрэг дээр, хамгийн үржил шимтэй газраа түрээсэлсэн байна. Тэрнээс үүдэлтэй үүссэн асуудлуудыг бид нарийвчлан судлаж байна. Одоохондоо нарийн тоо баримт хэлэхгүй.

Г.Дэнзэн, Л.Гансүх нар Өршөөлийн хуульд хамрагдахгүй

УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой ярилцлаа. -Өршөөлийн хуулийг баталсан нь УИХ-ын ээлжит бус чуулганы гол үр дүнгийн нэг байлаа. Гэхдээ ийм их эсэргүүцэлтэй байхад УИХ заавал энэ хуулийг батлах хэрэг байсан юм уу? -Хаанаас эсэргүүцсэн гэж. -Жишээ нь, Ерөнхийлөгч хориг тавина гэчихлээ, МАН-ын бүлэг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна. -Аан, албан тушаалтнуудаас уу. -Тийм ээ, албан тушаалтнууд эсэргүүцэж байна. Ер нь энэ хуулийг хэнд зориулж гаргасан юм бэ? -Энэ хууль бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шатнаас чөлөөлөх асуудлыг шийдэж байгаа. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулсны 25 жилийн ойг тохиолдуулан гарч байгаа хууль л даа. -Өршөөлийн хуулийн давтамж ойртоогүй юу? -Хамгийн сүүлд 2009 онд Өршөөлийн хууль гарч байсан. Энэ удаагийнх үүнээс зургаан жилийн дараа гарч байна. Ер нь өмнөх Өршөөлийн хуулиудыг хараад байхад арай богино давтамжтай гарч байсан л даа.Том ойнууддаа зориулж гаргадаг шүү дээ. Энэ удаагийнх ч мөн адил. Ардчилсан сонгууль болж, ард түмэн өөрсдөө мэдэж төрөө байгуулдаг болсон гэдэг бол агуу зүйл.Тэрний 25 жилийн ойд зориулж өршөөл үзүүллээ. Ардчилал гэдэг нэг талаас хүнд дандаа боломж олгох байдаг юм. Нэг удаа гэм буруу үйлдэл хийсэн хүмүүст дахиад нэг удаа боломж олгоё. Та сайхан амьдраад, үр хүүхэд, хань ижилтэйгээ хамт амьдралыг ахиад нэг удаа сайн сайхнаар эхлүүлээч гэсэн ийм л хууль. 1990 оны ардчилал ард түмэнд боломж өгсөн. Тэр эрх чөлөөг, боломжийг яаж ашиглаж, үр дүн бий болгох нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг. Тэгвэл 25 жилийн дараа алдаж, оносон хүмүүстээ ахиад нэг удаа боломж олгоё гэж байгаа юм. Боломж олгоё гэдэг нь өөрөө ардчиллын том үзэл санаа. -Тэгвэл яагаад 25 жилийн өмнө ардчилсан сонгууль явуулахын төлөө тэргүүн эгнээнд явж байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ хуульд хориг тавина гэж мэдэгдэв ээ. Энэ хуулийг Ерөнхийлөгч ч тэр, сөрөг хүчин МАН-ынхан ч ялгаагүй авлигачдад зориулсан хууль боллоо гэж дүгнэж байна шүү дээ? -Ерөнхийлөгчийг бид анхны ардчилсан Ерөнхийлөгч гэж авгайлдаг нь үнээн. Гэхдээ ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулж гаргасан хуульд ардчилсан Ерөнхийлөгч маань хориг тавьчихлаа гэж би хувьдаа сонсоогүй. -Прокурорын байгууллагын ойд оролцож хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч хориг тавина гэдгээ мэдэгдчихсэн ш дээ. -Тэр бол өмнөх мэдэгдэл. Магадгүй хуулийн эцсийн найруулгыг нь уншаад ямар байхыг би мэдэхгүй байна.Хоёрт, энэ хууль авлигачдыг өршөөж байгаа юм биш. Харин ч авлигын нэг үндсийг тасалж хаяж байгаа гэж бодож байгаа. Үүнийг зөвхөн Өршөөлийн хуулиар ч ярих ёсгүй юм. УИХ-аас сая баталсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Өршөөлийн хууль хоёр нийлээд чухал зүйлийг бий болголоо. Тэр нь боломж. -Авлигачдад уу? -Үгүй ээ, би чамд хэдхэн жишээ хэлье. Одоо Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар боломжийн тухай ярья л даа. Магадгүй Татварын хуулийн, төрийн албан тушаалтнуудын үйл ажиллагааны янз янзын бэрхшээлээс болоод өөрийнхөө хөрөнгийг ил тод болгож болдоггүй байдал зөндөө байдаг гэдэг. Нэг нуучихсан хөрөнгөө ил болгож болдоггүй, нуусан юмных нь үр дүнд бий болсон зүйлээ дахиад нуудаг байдал яваад байдаг. Тэгвэл боломж олгоё. Одоо бүх хөрөнгө, орлогоо шинэчилсэн бүртгэлд оруулчих.Үүнээс цааш бүх юм нь гэрэл гэгээтэй яваг л дээ. Шилэн данс гэдэг шиг л ил болго. Ардчиллын нэг чухал зүйл чинь ил тод байдал ш дээ. Магадгүй төрийн бодлогын хүндрэлээс болоод хүн нэг удаа тодорхой юмаа нуучихаж, хаачихаж. Тэрийгээ цааш нь ил болгож байж амьдрах боломжийг нь гаргаж өгсөнгүй. Улам цаашаа нуухаас өөр аргагүй байдал руу оруулаад явчихж. Тэгвэл дахиад боломж олгоё. Та нуух хаах юмгүй сайхан амьдар. 25 жилийн өмнө хүмүүс бодлоо нууж хөнжилдөө шивнэдэг байсан. Тэгэхэд бодлоо та яриач, нуух хэрэггүй гээд эрх чөлөөг нь олгосон. Харин одоо бол магадгүй зах зээл рүү шилжээд янз янзын шалтгаанаар орлого, хөрөнгө цуглуулж, татвараас зугтаасан байж болно. Тэгвэл 25 жилийн өмнө үг хэлэх боломж олгосон шиг одоо хөрөнгөө ил гаргах боломжийг өгье. Ийм л зүйл байгаа. Өршөөлийн хууль энэ хуультайгаа шууд холбоотой. -Ийм л агуулгатай хууль юм бол хэрэг мөрдөж шалгадаг албан тушаалтнууд яагаад дургүй байгаа юм бэ. Бүр Өршөөлийн хуулийн комисст ч орохгүй гэдгээ мэдэгдэх хүн гарлаа? -Албан тушаалтнууд дургүй байх нь аргагүй ш дээ. Би түрүүнд энэ хууль авлигын эсрэг, авлигатай тэмцэх чухал зүйл гэж яагаад хэлснээ тайлбарлая. Авлига гэдэг нэг талаас албан тушаалтнууд янз янзын аргаар дарамталж, хүндрэл учруулж, тэгээд шийдвэр гаргах эрх мэдлээрээ дулдуйдаж бусдаас мөнгө авах л асуудал биз дээ. Тэгвэл энэ хуулийг баталснаар УИХ төрийн эрх барих дээд байгууллага гэдгээ харуулж чадлаа. Хамгийн наад зах нь өнөөдөр гишүүдийг янз бүрээр дарамталдаг. Тийм юм чинь байгаа шүү, тэрийг чинь хэлнэ шүү, ингэнэ шүү гэдэг. Тодорхой зорилготой хуулийг гаргах, эсвэл гаргуулахгүй байх асуудал дээр ингэж дарамталдаг гэдэг. Эсвэл улс төрийн тодорхой зорилготой шийдвэр гаргуулахын тулд ингэдэг байсан. Ийм байна гэдгийг ч зарим гишүүн ил тод хэлсэн удаатай. Энэ бол хамгийн дээд талын төвшин нь. Тэгвэл одоо УИХ-ын гишүүдэд ямар ч дарамт, шантааж үзүүлэх боломжгүй боллоо. Би энэ үгээрээ гишүүдийгээ гэм буруутай, гэм буруугаа нуусан гэж хэлээгүй юм шүү. Энэ бол жишээ. Үүн шиг энгийн нэг бизнес эрхэлж байгаа хүн тэр дарамтаас чөлөөлөгдлөө. Магадгүй өмнө нь нэг удаа татвараас зугтаасан байхад нь Чи тэгэхэд тэгсэн ш дээ гээд шантаажилдаг хэрнээ хэргийг нь ил гаргаж хэлдэггүй. Шүүх рүү оруулдаггүй. Харин Үүнийг чинь гаргах уу, яах вэ гээд Х.Тэмүүжингийн хэлснээр саалийн үнээгээ болгочихдог. Тэгвэл одоо энэ хүмүүс чөлөөлөгдлөө. Өөрөөр хэлбэл, энэ хоёр хууль нийлээд албан тушаалтнуудын, тэр тодорхой хэргээр шантаажилдаг хүмүүсийн дарамт, шахалт, авлигыг үгүй болголоо. Энэ чинь авлигатай тэмцэх зорилгын нэг мөн биз дээ. Өнөөдөр зарим албан тушаалтныг албан тушаалынх нь үүргээр энэ хуулийн комисс руу оруулж байхад Орохгүй гэсэн гэнэ лээ. Энэ бол том дохио юм. Арга байхгүй энэ УИХ өнөөдөр нүдийг нь олоод, цагийг нь тааруулаад Өршөөлийн хуулийг гаргачихжээ гэсэн үг. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль ч ялгаагүй. Өөрөөр хэлбэл, энэ хуулиудыг гаргаснаар тэр хүмүүс сумтай буутай байсан бол сумыг нь хураагаад авчихаж байгаа юм. -Одоо шалгагдаж байгаа авлигын маш олон хэрэг энэ хуулиар хэрэгсэхгүй боллоо гэдгийг АТГ-аас хүртэл мэдэгдлээ шүү дээ. Гэтэл та эсрэгээр нь яриад байх юм. -Тийм ээ, сонссон, бүр харсан. Нууц хуралдааны дэглэмээр явж байсан тэр материалыг Нууцын тэмдэг дараагүй байсан гэдэг шалтаг хэлж ил тавьсан ш дээ. Уг нь тэр тусмаа Энэ материал дээр нууцын тэмдэг тавиагүй алдчихсан байна. Нууц задарч мэдэх нь гээд манайх руу давхиж ирэх байтал тэрийг задалж л байдаг. Яагаад гэвэл, АТГ-ын тодорхой юм байхгүй боллоо ш дээ. Өнөөдөр авлига авсан хэргээр хэдэн хүн гэмт хэрэгтэн болсон гэдгийг чи мэдэх үү? -Нарийн мэдэхгүй юм. Хэдэн хүн бэ? -Хэдэн хүн энэ хэргээр ял авсан бэ гэхээр гарын таван хуруунд л багтана. Хэн бэ гэхээр заримдаа өрөвдмөөр л байдаг ш дээ, нуугаад яахав. Тодорхой хэлье л дээ, хамт гишүүн байсан Д.Дондог байна. Нэг хүнд юм хийж өгье гэсэн, тэгээд юм авчихаж л дээ. Би хэргийг нь нарийн мэдэхгүй байна. Гэхдээ нэг тиймэрхүү л юм болсон гэдэг. Тэгээд яасан гэхээр Д.Дондог юмыг нь бүтээж чадаагүй, нөгөө хүн нь гомдол гаргаад хэрэг болчихож байгаа юм. Эндээс харахад Д.Дондог гишүүн эрх мэдлээ ашиглаагүй байна ш дээ, ашиглаж чадаагүй байна. Хэрэв ашиглаад тэр асуудлыг нь шийдчихсэн бол нөгөө хүн нь гомдол гаргах уу, үгүй. Эрх мэдлээ ашиглаж чаддаггүй болохоор л, тэр асуудлыг нь бүтээх эрх мэдэл алга учраас л Д.Дондог хэрэгтэн болж байгаа юм. Үүний нөгөө талд нь асууя л даа. Юм аваад, асуудлыг нь бүтээж чаддаг хүмүүс нь хаана байна, хаана явна. Тэрийг нь мэдэж байна уу. Мэдэж байгаа бол тэрийг нь яагаад гаргахгүй байгаа юм бэ. Тэрийгээ юунд ашиглаад байдаг юм, юунд ашиглах гэж өдийг хүртэл дараад байдаг юм бэ. Тийм учраас л авлига өгсөн, авсан, зуучилсныг нэг удаагийн өршөөлд хамруулсан юм. Энэ долоодугаар сарын 2-ноос өмнөх хэргүүдэд шүү дээ. Хэрэв үнэхээр тийм хэргүүд байсан бол илрүүлэх үүрэгтэй газрууд нь яагаад илрүүлэхгүй зогсож байсан юм, яагаад дараад байсан юм бэ л гэж асууя. Юунд ашиглах гэж байсан юм бэ. Энэ бол асуулт мөн биз. Үнэхээр л илрүүлж чадахгүй байвал хүнийг найм, есөн сараар нь хорьдог. Тэгээд илрүүлж чаддаггүй, шорон оронд байлгаж байгаа нь өөрөө дарамт, шахалт, эрүү шүүлтийн шинжтэй болоод л. Тэгвэл одоо больцгоо. Уг нь албан тушаалтнууд хуулийг хүн болгонд адилхан хэрэглэх ёстой юм. Нэгийг нь мэдээд шууд хэрэгтэн болгодог, нэгийг нь мэдсэн хэрнээ хэрэгтэн болгодоггүй сааж байдаг. Энийг больё. Одоо нэг системд оруулъя. Ингэж алагчилж байгаа нь төрийн буруу байхгүй юу. Одоо яадаг гэхээр муу л бол баруун хойд овоохой гэдэг шиг УИХ руу заадаг. Тэгвэл УИХ энэ бүхнийг чинь дуусгалаа. Одоо шинэ Эрүүгийн хууль, шинэ Зөрчлийн хууль гаргана. Үүнтэйгээ холбогдуулаад хууль хяналтын, мөрдөн байцаалтын, шүүн таслах асуудлыг 25 жилийн дараа цоо шинэ шатанд нь гаргая л гэж байгаа юм. -АТГ-ын мэдэгдлээс харахад Бидэнд хийх ажил үлдсэнгүй. Шалгаж байсан бүх хэргийг хэрэгсэхгүй болгоод төрөөс өчнөөн хөрөнгө завшсан асуудал эргэн төлөгдөхгүй боллоо л гэж байна лээ ш дээ. Тэр их дүнгээр хэмжигдэх мөнгөөр төр хохироод л үлдэх үү? -Тэд нарын хийчихсэн юм нь тэгээд хаана байгаа юм бэ? -Яг шалгаж байхад нь УИХ Өршөөлийн хууль гаргачихаж байгаа юм биш үү? -Шалгаж байгаа юм нь хаана байгаа юм. Шалгаад тогтоосон нь хаана байгаа юм.Тогтоох гэж хэдэн сар жил болдог нь ямар учиртай юм бэ. -Г.Дэнзэн, Л.Гансүх гээд л жишээ ярьж байна лээ. -Энд нэг зүйлийг би зориуд залруулж хэлье. Энэ хүмүүсийг би мэднэ. Хэзээ ч энэ хоёр хүн Өршөөлийн хуульд хамрагдахгүй. Яагаад гэвэл, Өршөөлийн хуульд Заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хохирлоо төлөхөө илэрхийлсэн байна. Хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу ердийн журмаар хэлэлцэж гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ гэж байгаа. Энэ хоёр гэм буруугүй, гэм буруугүй учраас энэ өршөөлд хамрагдахгүй. Гэм буруугүй гэдгээ нотлох хүртлээ шүүхээрээ л явна. Өөрсдөө ч тийм мэдэгдэл гаргасан байна лээ. -МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой хэрэг шалгагдаж байгаа гэдэг ш дээ. Тэр нь энэ Өршөөлийн хуульд хамрагдах уу? -Яахаараа нэг хүнд Ерөнхийлөгч нь уучлал үзүүллээ, дахиад л энийг нь үргэлжлүүлээд яваад байдаг юм, мэдэхгүй. Хэрэг нь өөрөө үргэлжилж байгаа бол нэг асуудал. Өөрөөр хэлбэл, долоодугаар сарын 2-ноос өмнө хэрэг үйлдэгдээд, тэр хэрэг нь үргэлжлээд явж байгаа бол өөр хэрэг. Хэрэв дуусгавар болсон хэргийн тухай ярьж байгаа бол хэрэг өршөөгдөнө. Яах гэж ганцхан хүн рүү онилоод энэ болгоныг хийгээд байгаа юм гэж хүмүүс ч бодож байна ш дээ. Улс төрд олон жил явсан хүний хувьд харахад яахаараа дандаа тодорхой юм руу онилдог юм бэ. Энэ бол бүх юманд адилхан үйлчлэх ёстой хууль. Тэр хүн улстөрч байна уу, өндөр албан тушаалтан байна уу, жирийн иргэн байна уу адилхан л үйлчлээд явах ёстой. Ер нь АТГ-т хандаж хэлэхэд тэдний хийх ёстой хамгийн том ажил бол соён гэгээрүүлэх. Одоо тэд баярлах ёстой. Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай хуулиуд гарлаа иргэд ээ, албан тушаалтнууд аа. Одоо бид шинэ үе рүү орлоо. Авлига гэдэг ийм, ийм юм байдаг юм гээд соён гэгээрүүлэх хэрэгтэй. АТГ гэдэг тодорхой эрх мэдэлтнүүдийн гартаа барьдаг буу зэвсэг биш, төрийн хуулийг хэрэгжүүлж, шударга ёсыг сахиулах чиг үүрэг бүхий байгууллага. -Ер нь энэ удаагийн Өршөөлийн хуулийн гол үзэл баримтлал юу юм бэ? -Өршөөлийн хуулийн үзэл баримтлал их тодорхой. Шинэ гарах гэж байгаа Эрүүгийн хуулийн ялын бодлогын үзэл баримтлал руу чиглэсэн. Одоогийн Эрүүгийн хууль болохгүй байна гээд бид шинэ үзэл баримтлалтай Эрүүгийн хууль хийгээд явж байгаа биз дээ. Тэгэхээр шинэ хууль руугаа чиглэсэн. Энэ хэрэг хийсэн хүн өмнө нь ямар түүхтэй байх нь хамаагүй. Ерөөсөө л хүн сая хийсэн хэрэгтээ л ял зэмийн тухай асуудал яригдах ёстой. Түүнээс энэ хүн тийм хүн байсан юм, ийм хүн байсан юм гэдгийг больё. Хоёрт, хүн ялаа эдлээд дууссан л бол энэ хүн ялтай байсан, ял эдэлж байсан гэдэг хар дансанд оруулахыг больё. Өөрөөр хэлбэл, шинэ Эрүүгийн хуулиар ялгүйд тооцох хугацаа гэж барьдгийг байхгүй болгоё гэж байгаа. Тийм учраас Өршөөлийн хуулиар ч ялгүйд тооцох хугацаа гэдгийг өршөөн хэлтрүүлсэн. Гэхдээ бусдад хохирол учруулсан байвал тэр хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөхгүй. Өнөөдөр бол бүх авлигачийг өршөөчихлөө гээд байгаа. Хэрэв үнэхээр бүх авлигач гэдгийг нь мэдсэн юм бол, ялангуяа ингэж хэлж байгаа төрийн албан тушаалтанд өөрт нь хариуцлага тооцох учиртай. Авлигач гэдгийг нь мэдсэн хэрнээ тэрийг нь тогтоох ажил руу яагаад оруулаагүй юм бэ гэж асууя. -Тэгэхээр ялгүйд тооцох хугацааг өршөөхөөр Өршөөлийн хуулиар өршөөгдсөн бүх хүний сонгогдох эрх шууд сэргэх үү? -Сэргэнэ. Ер нь яагаад хүнийг чи өмнө нь тийм хэрэг хийж байсан гээд хар дансанд оруулах ёстой юм бэ. Энэ чинь ардчилсан ойлголт мөн үү. Ер нь 25 жилийн өмнө бид ардчилсан хувьсгал хийхдээ хар данстай байсан явдлыг шударга биш гээд эсэргүүцээ биз дээ. Эсэргүүний хүүхэд, болдоггүй хүүхэд гээд дандаа болдоггүй жагсаалтад оруулж байсныг нь болиулсан шүү дээ. Шинэ Эрүүгийн хуулийн агуулга ч ийм л байгаа. -Байгаа хуульдаа тохируулж биш, батална гэж төлөвлөж буй хуульдаа тулгуурлаж өршөөл үзүүлэх нь зөв үү. Жишээ нь, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ батлахгүй ч байж болно шүү дээ. -25 жилийн өмнө Улсын бага хурлаас эдийн засаг, нийгмийн харилцааг зохицуулж гаргасан нэлээд олон хууль тэр үеийн Үндсэн хуультай зөрчилддөг юм. Тэр үед Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бол төрийн байгууллынх нь хувьд өөрчлөлт оруулсан байдаг. Түүнээс эдийн засгийн асуудлыг зохицуулаагүй байсан. Тэгэхэд л Бага хурал хувийн сургуулийг зөвшөөрсөн Боловсролын тухай хууль гаргаж байлаа. Тэр үеийн Үндсэн хуулиар бол хориотой зүйл ш дээ. Мал хувьчлах, цэнхэр, ягаан тасалбараар үйлдвэрүүдийн хувьцаа эзэмших асуудлыг шийдээд л. Үнэндээ бүгд Үндсэн хуультайгаа зөрчилдөж байсан. Өөрөөр хэлбэл, Улсын бага хурал хуучин Үндсэн хууль яаж байна гэхээс илүү ирээдүйд гарах шинэ Үндсэн хуульдаа тулгуурласан.Тэгээд л 1992 оны Үндсэн хуулийг баталсан шүү дээ. Тэрэнтэйгээ тэр баталсан хуулиуд нь яв цав нийцсэн. -Авлигачид цагаадсан тэр өдрөөс эхэлж Монгол төр харлана гэж Ерөнхийлөгч анхааруулсан байна лээ. -Хүнийг шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцож болохгүй гэсэн ардчилсан Үндсэн хуулийн үндсэн зарчим байхад тэрийг нь тогтоогоогүй хэрнээ нийтээр нь авлигач гэж хаягладаг бол амнаас унах үг биш шүү. Мэдэж л байсан юм бол тэрийг нуун дарагдуулсан гэдгээр тэр хүмүүс өөрсдөө асуудал руу орох ёстой шүү. Энгийн иргэн хүн биш шүү, иргэн Дорж биш шүү.

Авлига, албан тушаалын хэргийг жирийн хүн хийдэггүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Прокурорын байгууллагын 85 жилийн ойн баярын хуралд хэлсэн үг Улаанбаатар хот 2015 оны 8 дугаар сарын 14 Эрхэм хүндэт прокурорууд, Монгол төрийн хууль цаазын зөвлөхүүд та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж энэ гайхамшигтай түүхт ойн баярын мэндийг хүргэж, чин сэтгэлээсээ халуун баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.(алга ташив...) Өнөөдөр бид шинэ цаг үед үүсч байгуулагдсан прокурорын байгууллагын ойг тэмдэглэж байна. Би хувьдаа Монголын төр үүссэн тэр цагаас тэнд гаргасан зарлиг тушаал, хууль дүрмийг хардаг, хянадаг, төрийн удирдлагад зөвлөдөг, хэлдэг тийм ухаант, цэцэн билэгт хүмүүс Монголын төрд байнга байжээ гэж боддог. Тийм учраас Монголын төртэй,Монголын төртёстой чацуу ийм эрхэм үүргийг та бүхэн гүйцэтгэж яваа хүмүүс юм.Энэ эрхэм үүргээрээ та бүхэн бахархаж байх ёстой гэдгийг хэлье. Энд зөвхөн манай прокурорууд төдийгүй тэдний гэр бүл, тэдэнтэй хамтарч ажилладаг манай прокурорын байгууллагын энгийн ажилтнуудын төлөөлөл хөдөө орон нутгаас, мөн төвөөс хүрэлцэн ирсэн байна. Төрөөс даалгасан тусгай чиг үүргийг, тэр дотроо хамгийн хэцүү чиг үүргийг хэрэгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн прокурорын байгууллага, түүний ажилтнууд, прокурорууддаа Монголын үе үеийн төр үргэлж талархаж явдгийг энд бас хэлэх нь зөв юм. Энд хамгийн гол нь манай прокурорын байгуууллагын үе үеийг төлөөлсөн хүмүүс, сайхан ахмадуудын төлөөлөл ирсэн байна. Өнөөдөр ид ажлаа хийж байгаа үеийнхэн ирсэн байна. Мөн прокурорын байгууллагад дөнгөж ажилд орсон залуус хүрэлцэн ирсэн байна. Энэ мэргэжлийг эзэмшиж улс орондоо сайн сайхан зүйлийг бүтээнэ, шударга ёсыг тогтооно гэж бодож байгаа оюутнуудын төлөөлөл бас биднийг харж байгаа. Тэр бүх хүмүүст энэ түүхэн ойн баярын мэндийг дахин хүргэж, дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье.(алга ташив...) Өнөөдөр бас нэг ой болж байгаа юм. ҮАБЗ-өөр 2010 онд Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр-ийг баталсан. Энэ ойн арга хэмжээнд би өөрөө хүрэлцэж ирсэн нь бас учиртай. Монголд олон ой болж байгаа. Олон газар, олон аймаг, суманд, энд тэнд янз бүрийн ой, баяр болдог. Тэр бүхэнд би очоод байдаггүй. Гэхдээ та бүхний энэ ойн баяр дээр ирье гэж бодсон юм. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг гаргахад хамгийн их дэмжлэг үзүүлсэн, чин сэтгэлээсээ дэмжсэн хүмүүс бол манай прокурорууд, манай шүүхийнхэн, манай хуулийн байгууллагын хүмүүс байгаа юм. Бидэнд бас тааруу нэр байна. Биднийг шударга бус гэж байна. Буруу шийдэж байна гэж байна. Хуулиа зөв болгоё. Бидний барьдаг хуулийг зөв болгоод өгөөч. Бидний хуулийг зөв болгоод өгөөч. Энэ явж байгаа хууль, дүрмийг зөв болгоод өгөөч. Шинэчлээд өгөөч. Цаг үетэйгээ нийцүүлээд өгөөч. Ард түмний шаардлагад нийцүүлээд өгөөч гэж хамгийн их хүссэн, хамгийн их дэмжлэг үзүүлсэн хүмүүсийн төлөөл бол та бүхэн байгаа юм. Ийм учраас та бүхэнд талархал илэрхийлэх гэж, баярлалаа гэж хэлэх гэж ирсэн юм.(алга ташив...) Өнөөдөр баярын хурлын илтгэлд олон талархлын үг гарсан учраас би хэцүү талыг нь, сорилт талыг нь ярья гэж бодсон юм. Прокурорын байгууллагын ажил, прокурорын ажил гэдэг бол хэцүү ажил. Чи хууль зөрчсөн байна. Чамд ийм ял оноож байна гэж Монголын төрийн нэрийн өмнөөс хэлдэг ажил. Түүнийг тогтоодог ажил, Энэ бол хэрийн аавын хүү, хэрийн ээжийн охин хийдэг ажил биш. Энэ ажлыг та бүхэн үе үеийн Монголын төрд гүйцэтгэж ирсэн. Ийм ажил хийх хэцүү байдаг. Одоо улам бүр хэцүү болж байгаа. Тийм учраас би энд чихэр нь ихэдсэн нялуун үгээр энэ баярын хурал дээр олон зүйл яримааргүй байна. Хэцүү ажилтай хүмүүст үнэн үг хэрэгтэйгэж бодож байна. Гашуун ч байсан өнөөдөр бид ямар хүндрэл, сорилт тулгарч байна. Ямар хэцүү нөхцөлд манай хууль хяналтын байгууллагынхан, ялангуяа прокурорын байгууллагынхан ажиллаж байна вэ гэдгийг энд хэлэх ёстой. Авлигачийг өнөөдөр авлигач гэж хэлдэг. Чамд тэдэн жилийн ял тохирч байна гэж хэлдэг ийм хүмүүс бол та бүхэн. Хууль зөрчсөн хүмүүсийг Чи хууль зөрчсөн байна гэж хэлдэг. Хууль зөрчсөн үйл ажиллагааг нь илрүүлэхэд хяналт тавиад явж байдаг. Бусад хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаа хуулийн дагуу явж байна уу, үгүй юү гэдгийг бас хянаад хараад сууж байдаг тийм улсууд. Энэ утгаараа та бүхнийг шударга ёсны харуулууд гэж нэрлэж байгаа юм. Төрийн нүд, чих гэж нэрлэж байгаа юм. Энэ хууль зөв хэрэгжиж байна уу, үгүй юү гэдгийг харж, манаж байдаг манаач нар гэж нэрлэж байгаа юм. Ийм учраас та бүхнийг хууль, шударга ёсыг хэрэгжүүлэх гол хүмүүс, энэ фронтын цэргүүд гэж нэрлэж байгаа юм. Авлига, албан тушаалын хэргийг жирийн хүн хийдэггүй юм.Жирийн иргэн ийм хэрэгт орооцолддоггүй. Авлигын хэргийг борчуудын хүүхэд хийдэгггүй юм. Үүнийг албан тушаалтай хүн хийдэг юм. Үүнийг Хууль ямар хамаатай юм бэ гэдэг хүн хийдэг юм. Энэ хэргийг хийсэн ч би шийтгүүлэхгүй. Би тийм сүлжээтэй хүн. Би тийм чадалтай хүн гэж эрдэж бардсан хүмүүс хийдэг. Энэ хүмүүстэй улаан гараараа тулдаг, тэдний улаан нүүрэн дээр нь Чи ийм хэрэг хийсэн гэж хэлдэг, тэгж ялладаг хүмүүс нь та нар. Энэ бол хэцүү ажил. Энэ ажлыг та бүхэн хийдэг. Хулгайч нэг хүнийг хохироодог.Ихэнхдээ нэг айлаас, нэг хүнээс юм хулгайлсан байдаг.Авлигач бол бүгдээс нь хулгай хийдэг.Авлигач бол улсаас хулгай хийдэг. Авлигач бол ард түмнээс хулгай хийдэг. Авлигач бол Монголын 3 сая иргэнээс хулгай хийдэг. Ийм учраас авлигатай тэмцэнэ гэж ярьдаг юм. Тэгж хулгай хийдэг учраас авлигатай тэмцэх, тэр авлигачийг олж яллах, ялыг нь эдлүүлэх, түүнд нь хяналт тавих гэдэг бол маш чухал ажил. Гэхдээ их хэцүү ажил. Мөнгө өөрөө хүчтэй байдаг. Авлигын мөнгө бүрадынхүчтэй байдаг.Өнөөдөр жирийн иргэн, жирийн прокурор өөрийнхөө цалинг хүргэх гэж арга ядаж яваа. Жирийн иргэн, ариун цагаан хөдөлмөрөөрөө хэдэн төгрөг олох гэж ядарч яваа. Хуруу, хумсаа хуйхалж яваа. Авлигач шуудай шуудайгаар нь, тэрбум тэрбумаар нь авлигад аваад, эргүүлээд түүнийг өөрийнхөө хэргийг баллахын тулд, ул мөрөө баллахын тулд, баллуулахын тулд, тийм систем ажиллуулахын тулд хайр найргүй цацдаг. Ийм учраас мөнгө хүчтэй. Авлигын мөнгө бүр хүчтэй. Бүр аюултай. Ингэж Монголын төрийн утга учрыг, Монголын энэ явж байгаа замын утга учрыг балладаг юм. Ийм хүмүүстэй улаан нүүрээрээ тулж, ийм хүмүүстэй хууль ярина гэдэг бол хэцүү. Авлигын мөнгөөр бүхнийг худалдаж авч байгаа. Улс төрийн намыг худалдаж авч байна. Фракцийг худалдаж авч байна. Телевиз худалдаж авч байна. Радио худалдаж авч байна. Веб сайтууд худалдаж авч байна. Та бүхний хамгийн их итгэдэг шударга хүнийг чинь худалдаж авч байна. Шударга өмгөөлөгчийг худалдаж авч байна. Монголд шударга өмгөөлөгч нар бий. Хамгийн нэр хүндтэй өмгөөлөгчийг нь худалдаж авч байна. Хамаагүй их мөнгө хаяж байна. Ингэдэг учраас, тэгж хэмжээгүй их мөнгө хаядаг учраас авлигын мөнгөний хүч нь тэндээ байдаг. Хар хүч нь тэндээ байдаг. Ад нь тэндээ байдаг. Ийм системийг өнөөдөр бий болгож байна. Өнөөдөр энэ авлигын тухай, авлигын гэмт хэргийн тухай, үүний мөн чанарын тухай хүмүүс ярихгүй байна. Муухай байна л гэж ярьдаг. Өнөөдөр энэ тухай ярихаасаа хүмүүс зүрхшээж байна. Айж байна. Энэ авлигын гэмт хэрэг гэдэг нь юу юм. Яагаад аюултай байдаг юм гэж гэдэс дотрыг нь ярих хэрэгтэй. Анатомыг нь ярьж өгөх хэрэгтэй. Тэгж байж хүн ойлгодог юм. Үүнийг сануулах хэрэгтэй. Энэ ажлыг бид хийх ёстой. Авлигатай тэмцэнэ гэдэг бол тийм амар ажил биш.Өнөөдөр авлигач танай гэрт ороод суучихсан байгаа. Телевизийн чинь дэлгэцээр дамжуулаад, хэдэн зуун сая төгрөг хаяж байгаад хэчнээн сайхан хүн болох тухайгаа захиалгатай нэвтрүүлэг хийгээд бүх телевизээр цацаж байгаа.. Өнөөдөр та бүхэн хойноос нь цээжнийхээ махыг барж явж нэг авлигач бариад шийтгэсэн чинь араас нь та бүхнээс хүүхдүүд чинь асууж байгаа. Ээж ээ, аав аа, та нэг их шийтгээд, яллаад байсан. Энэ чинь ийм л гавьяатай хүн байсан байна шүү дээ гэж. Ингэж ард түмний тархийг угаах гэж оролдож байгаа. Ингэж Монголын ард түмнийг гэнэн юм. Мартамхай юм. Өрөвч юм гэж харж байгаа юм. Тэр авлигачид өнөөдөр УИХ-ын гишүүдтэй, түүгээрээ дамжуулж хууль гаргах гэж оролддог болсон. Өөрийн төлөөлөлтэй, өөрийн намтай. Фракцтай, байгууллагатай. Би үгээ эхлэхдээ хэлсэн. Жирийн иргэн авлигын хэрэг хийдэггүй юм гэж. Авлигачийг барих гээд очиход хажууд нь телевиз нь байж байдаг. Тийм жирийн иргэн байдаг юм уу. Телевизтэй, намтай жирийн иргэн байдаг юм уу, тийм борчуудын хүүхэд бий юү. УИХ-ын гишүүдээр өмгөөлүүлсэн тийм жирийн иргэн бий юү. Тэгээд түүгээр дамжуулж, тэднийг гар, хөлөө болгож өөрсдийнхөө санаа бодлыг хэрэгжүүлэх гэж үздэг. Тийм жирийн иргэн бий юү. Ийм учраас энэ дээр ялгаж салгаж хандах ёстой. Ийм учраас албан тушаал, авлигын хэрэг дээр бид ялгаатай хандах ёстой юм. Энэ ийм учиртай юм. Өмнө нь ийм хүмүүсийн тухай нэг хоёроор ярьдаг байсан бол одоо нэг хэсгээр ярьдаг боллоо.Одоо бүлэглэлээр нь ярьдаг боллоо. Энэ хүмүүс нэг хоёр үзэгдэл мэт харагддаг байсан бол одоо хууль гаргадаг боллоо шүү дээ. Монголын төрийн бодлогыг тодорхойлдог боллоо. Барьцаалж суудаг боллоо. Засгийн газар огцрох уу, үгүй юү. Хэдэн сайд огцруулах вэ. Хэнийг ажиллуулах уу, үгүй юү гэдгийг шийддэг боллоо. Ямар ажлыг явуулах вэ, ямар ажлыг зогсоох вэ гэдгийг шийддэг боллоо. Хэдэн жилээр зогсоох вэ гэдгийг шийддэг боллоо шүү дээ. Ийм байж болох уу? Ийм зүйлийн өмнө бид нар бууж өгөх ёстой юу? Бид ухрах ёстой юу, ийм зүйлийн өмнө? Би ийм үг хэлээд ад болдог.Та бүхэн ийм ялыг олж тогтоогоод ад болдог. Та бүхнийг тэд нэрээр чинь бичиж аваад Тэрэнтэй тооцоо бодно гээд явж байгаа. Намайг тэд яадаг гэж бодож байна, та бүхэн? Хэдэн зуугаар нь хөлсийг нь төлж, мөнгийг нь төлж өмнөөсөө ажиллуулдаг бүхэл бүтэн армитай. Фейсбүүк гэж байдаг. Нүүр ном гэж яриад байгаа. Тэдэн дээр хэдэн зуун бүртгэл, хэдэн зуун хуудастай. Пейж гэж яриад байгаа юм, тийм хуудастай. Твиттер гэж байгаа. Өнөөдөр нийгмийн анхаарлыг татдаг жиргээ. Тэнд хэдэн арваар нь хуурамч бүртгэл нээчихсэн. Аккаунт гэж яриад байдаг, түүнийг нээчихсэн сууж байгаа. Өнөөдөр тэд нар нийгмийн уур амьсгал, нийгмийн бодлогыг тодорхойлох гэж оролдож байгаа. Үүгээрээ аюултай байгаа юм. Өнөөдөр тэд нар нийгмээр чинь, хүүхдээр чинь таныг зүхүүлж байна. Учир мэдэхгүй залуусаар таныг зүхүүлж байна. Хараалгаж байна. Үүгээрээ энэ авлигатай тэмцэнэ. Авлигач аа, чи боль гэж хэлнэ гэдэг аюултай болсон. Чи авлига авахаа боль. Энэ ажлаа зогсоо. Наад ажлаа өг гэж хэлнэ гэдэг бол аюултай. Авлигач та нарыг бөхөлзүүлэх л гэж үзнэ.Та нарт Монголын төрөөс өгсөн нэг эрх бий, авлигачийг та нар бөхөлзүүлэх ёстой. Авлигачийн өмнө бөхөлзөж болохгүй, авлигачийг өмнөө бөхөлзүүлэх үүрэгтэй. Та нар яллах хуультай, тэмцэх хуультай, тийм эрхийг та нарт өгсөн юм шүү. Түүнийг Үндсэн хуулиар, хууль ёсоор өгсөн, Монгол Улсын хуулиар та нарт өгсөн. Тийм учраас тэр эрх, тэр үүрэгтээ, тэр хариуцлага, тэр манаандаа, тэр харуулдаа үнэнч зогсох хэрэгтэй. Миний хамгийн гол хэлэх гэсэн зүйл болмөнгөтэйд нь битгий бөхөлз, мөнгөгүй чадал муутайд нь үйлчил.Бас яавал өршөөж болох вэ, яавал тэр хуулинд байгаа хамгийн бага ялыг өгч болох вэ гэдгийг хар. Албан тушаалтайд нь битгий бөхөлз, алба ажилгүй анх удаа алдсан, гэндсэн тэр хүмүүст та нар үйлчил. Тэр хүмүүст хуулийг нь ойлгуул л даа. Чи ийм алдаа хийсэн байна, чи ийм хуулин дээгүүр гишгэсэн байна, миний дүү гээд ойлгуул. Бид нар Эвлрүүлэн зуучлах тухай хууль гээд тийм хууль хийж өгсөн шүү дээ. Тэр хуулийг ажиллуул л даа. Тийм гэндсэн улсууд хэдэн мянгаараа байгаа. Нөгөө талд нь тэгж даварсан этгээдүүд арав, хориороо л байгаа. Тэр арав, хорьтой тэмдэглэж аваад тэмц. Тэр мөнгө муутай явж байгаа ядуу зүдүү ард иргэдийн хүүхдүүд, Монголд баялаг бүтээх гээд хуруу хумсаа хуйхлаад зүтгэж байгаа тэр хүмүүстэй хөөцөлдөж тэдний халааснаас сүүлчийн цайных нь мөнгө, сүүлчийн талхных нь мөнгийг нь битгий ав. Битгий тэднийг дарамтал, хэрэггүй. Тэдэнд зөөлөн ханд. Болохгүй задарсан улсад нь та бүхэн төмөр нүүрээ харуул. Би хэлдэг. Чиний эрх ашгаас илүү Монголын эрх ашиг гэж байдаг юм. Ийм ажлыг чи хийж болохгүй, одоо боль гэж хэлдэг.Авлигын хамгийн аюултай нь Монголын төрийг өөрийн болгож байгаа юм.Уг нь ард түмний төр, сонгогдсон хүмүүсийн төр байх ёстой шүү дээ. Манай ард түмэн чинь төрөө би байгуулж байна гэж сонгож байгаа. Гэтэл тэр ард түмний төрийг авлигачид замаас нь булааж авч байгаа юм. Яг зэвсэгт дээрэмчид шиг булааж авч байгаа. Тэгээд өөрийн болгож байгаа юм. Энэ УИХ-ын гишүүд гэдэг чинь тоотой юм шүү дээ. 76- хан тоотой, тэднийг дотор нь намаар нь нэг хуваана, дараа нь фракциар нь нэг хуваана, мөнгөтэй, мөнгөгүйгээр нь хуваана, тэгж хувааж аваад хоорондоо ярина. Тэгээд хүсэл зорилгоо тэдэнд тулгана. Ямар учраас авилга гэдэг улс оронд гаднын дайснаас илүү аюултай вэ?Гаднын дайсан Монгол руу довтлоод ирвэл бид нар бүгдээрээ нэгдэж зогсоод эх орноо хамгаална. Бидний бүх үе тэгж ирсэн, бид ч тэгэх л болно. Монгол Улсад гаднын аюул тохиовол шүү дээ. Гэтэл энэ авлига гэдэг чинь дотор нь хуваадаг байхгүй юү. Намаар нь хуваагаад өмчилж аваад өмч хөрөнгөөр нь хуваагаад, гишүүдээр нь хуваагаад, бодлого тодорхойлогчдоор нь хуваагаад, Монголын төрийг сарниулдаг. Тэгж хувааж Монголын төрийг сульдуулдаг, тэр төрд үнэнчээр зүтгэж байгаа хүнийг мохоодог, мохоох гэж оролддог. УИХ-ын гишүүд дотор шударга гишүүд олон бий.Ард түмнийхээ өмнөөс ажиллаж, зүтгэж байгаа гишүүдбий. Өнөөдөр тэр хүмүүс рүү мессеж явуулж дарамталж байгаа. Дараа нь чамайг дэмжихгүй шүү, миний л хэлсэн сайдыг сонгоорой гэж Ерөнхий сайдыг дарамталдаг. Та нар тэр тавьсан сайдаараа ажил хийлгэнэ гэж бодож байна уу. Тийм этгээдүүд хоёрхон зорилго л тавьдаг юм. Нэгд,чи сайд болоод миний хэлснийг л хий. Надад авлигын мөнгө авчирч өг.Хоёртнь, чи бусдын хийх гэж байгаа зүйлийг битгий хийлгэ гэдэг. Ингэж болохгүй, ийм төрийн түшээ байж болохгүй. Ийм төрийн бодлого тодорхойлогч байж болох уу? Үүнийг бид өөрчлөх ёстой. 25 жилийн өмнө энэ хүйтэн талбай дээр жагсаж цуглаж байхдаа төрдөө ажиллах ёстой, бодлого тодорхойлох улсуудаа өөрсдөө сонгодог болъё гэсэн. Өөрсдөө сонгуульд оролцоод өрсөлдүүлж байгаад дотроос нь арай гайгүйг нь төрд явуулдаг болъё гэж 25 жилийн өмнө тэмцэж байсан. Саяын тэр Өршөөлийн тухай хуулийг Ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой, Ардчилсан Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гэж гаргасан. 25 жилийн өмнө бид ариун гэгээн хүсэлтэй, төрдөө ажиллах, төрдөө бодлого тодорхойлох хүнийг сонгох нь л хамгийн чухал байлаа. Тэр сонгуульд ялагдсан ч гэсэн бид баярлан дэвхцэж байсан. Аль нам нь ялагдах нь яах вэ, хэн сонгогдох нь яах вэ, ардчилал яллаа, ард түмэн яллаа шүү дээ. Монголчууд өөрсдөө төрөө байгуулдаг боллоо гэж бид нар нүдэндээ нулимстай баярлаж явсан юм. Гэтэл өнөөдөр төрд шургалсан авлигачид, тэднийтөлөөлөлөөсзөвхөн төрийн албаар дамжуулж мөнгө хийдэг, баяжих гэж үздэг, тийм улсаас яаж салах вэ, тийм хүнээс яаж салах вэ гэдэг өнөөдөр асуудал болоод байна.Өнөөдөр Монголын төрд тулгамдсан хамгийн том асуудлын нэг энэ болж байна. Тэр бүрэн эрхээр хуяглагдсан, тэр хэд хэдэн удаа сонгогдсон гэдэг, тэр өөрийгөө шударга гэж үздэг, эх орныхоо төлөө гэж орилж чаддаг. Ийм Монгол үгийг хэн ч адилхан хэлнэ шүү дээ. Тэгж чаддаг. Гэхдээ цаад талдаа хамаг муу муухайгаа нуусан байдаг тэр хүмүүсээс яаж салах вэ? Уулын чинээн цагаан зорилгыг туулайн чинээн хар хар болгодог гэж ярьдаг шүү дээ. Савтай сүүнд нэг дусал тараг дусаахад гашилдагтай л адилхан юм даа. Тэр дусал таргаа ардаа нуусан, тэр халбага хороо ардаа нуусан, тэр хувийн явцуу сонирхлоо ардаа нуусан, өмнөө худлаа ярьдаг тийм этгээд, тийм бодлого тодорхойлох гэж оролдож байгаа улсаас бид яаж салах вэ? Намайг ад үздэг юм, Өө энэ худал ярьж байна гэж. Би энэ үгийг хэлэх ёстой. Энэ үгийг хэлснийхээ төлөө худал ярьж байна гэж хэлүүлдэг болсон. Би хэлснийхээ төлөө л явдаг. Би энэ үгийг гудамжинд байхдаа ч хэлж байсан, би энэ үгийг УИХ-ын гишүүн байхдаа ч хэлж байсан, би энэ үгийг гишүүнээс өөрөө өргөдөл өгөөд гарч байхдаа ч хэлээд гарч байсан. Би энэ үгийг өнөөдөр Монголын төрийн тамгыг атгаад сууж байгаа хүний хувьд ч хэлж байна. Би нэг л аашаараа байгаа. Энэ авлигатай тэмцэнэ, авлигыг эсэргүүцнэ гэдэг бол миний араншин.Түүнээс биш энэ миний амлалт биш. Би хонь хариулж өссөн хүүхэд, хонь хариулж явсан. Өнөөдөр хоттой хонины чинь тал алга болчихсон, гэтэл хоттой хонины чинь талын оронд тэр хонийг чинь барьж идсэн хонины арьс нөмөрсөн чоно ороод ирчихсэн байна. Яах вэ? Бүтэн хоттой хонь байна гэсэн чинь тал нь хонины арьс нөмөрсөн нөгөөдүүл ороод ирчихсэн байна. Үлдсэн талыг нь барих гэж байна. Чамайг барих гэж байна. Ийм байгаа тохиолдолд бид нар ярих л ёстой. Ямар хууль гаргаад, юу хэлэлцээд сууж байна вэ? Хэчнээн их сануулж хэлж байна. Би сануулж хэлэх эрхтэй. Та нарын өмнөөс шаардлагатай бол сануулж хэлье. Хэцүү юмыг чинь хэлье гэж би гарч ирсэн. Өнөөдөр энэ үгийг хэлснийхээ төлөө, авлигачийг авлигач гэж хэлснийхээ төлөө, авлигачийг Чи боль, чи зогс, чи наад ажлаа өг гэж хэлснийхээ төлөө, та бүхнийг урамшуулсныхаа төлөө, авлигатай тэмцэж байгаа тэр хүмүүсийг, тэргүүн галын шугаман дээр үнэхээр үзэж байгаа хуулийн байгууллагынхныг урамшуулсныхаа төлөө, тэр үгийг хэлснийхээ төлөө би ад болдог юм. Би цаашаа ч хэлэх л болно. Би дэмжих болно. Би шударга юмны төлөө, тэр их мөнгөнд бууж өгөхгүй зүтгэж байгаа хуулийн байгууллагын ажилтан, төрийн хууль цаазын зөвлөхүүдийг өмөөрөх болно. Тэр хүмүүсийн талд би зогсох болно.(алга ташив...) Авлигач авлигад авсан мөнгөөрөө үйлдвэр барилаа гэж сонссон уу, та нар?Үйлдвэр барьдаггүй юм. Одоо сүлжээ үүсгэдэг болсон. Нэг аюул бий болчихоод байна. Манай баялаг бүтээж байгаа хүмүүс үйлдвэр барьж, гаднаас оруулж ирдэг нэг ч гэсэн юмыг Монголдоо хийе гэж ёстой хуруу хумсаа эмтэлж яваа. Тэгэхэд авлигач бол үйлдвэр барьдаггүй. Авлигач бол нам байгуулдаг, авлигач бол фракц байгуулдаг, авлигач бол гишүүнийг худалдаж авдаг, авлигач бол телевиз худалдаж авдаг, авлигач бол хуурамч фэйсбүүкийн аккаунтуудыг, бүртгэлийг худалдаж авдаг, твиттерийг худалдаж авдаг, сониныг худалдаж авдаг. Хамгийн нэр хүндтэй гэж үзэж байгаа тэр нэвтрүүлгүүдийг худалдаж авдаг. Тэр телевизийг худалдаж авдаг, сэтгүүлчид нь мөнгө өгдөг. Тэдний үгийг дамжуулахгүй бол тэднийг боодог, хорьдог. Ийм л болсон. Тийм юманд л мөнгөө зарцуулж байгаа. Тийм юманд мөнгөө зарцуулаад, сайд тавиад, эргэж сонгогдоод, эргэж тэр мөнгөө олж авахын төлөө явдаг. Тийм учраас л тэр ажлыг зогсооё гэж байгаа юм. Авлигачдад Монголын ард түмний эрх ашиг ямарчхамаагүйбайна.Ард түмэн зовно уу, ажилтай байна уу, мөнгө нь хүрч байна уу, хүрэхгүй байна уу авлигачдад хамаагүй. Өнөөдөр жирийн хүмүүсийн амьдрал ямар хүнд байна. Өнөөдөр дансандаа тэрбум төгрөгтэй аж ахуйн нэгж гэж бараг алга боллоо шүү дээ. Өнөөдөр үнэхээр юм олоод, ашиг хийгээд явж байгаа, үйлдвэрлэл хийгээд явж байгаа хүмүүсийн амьдрал ямар хэцүү байна аа. Өнөөдөр худалдаа хийж байгаа хүний амьдрал ямар хэцүү байна аа. Нэг өдөр зогсоод олдог байсан мөнгөө сар зогсоод олж чадахгүй байна шүү дээ. Тэр хүмүүсийн төлөө гэж худлаа ярина, наадуул чинь. Тэр хүмүүст очих ёстой ажлын байрыг наадуул чинь хулгайлж авч байгаа. Тэр бондын мөнгө гэдгийн цаана, янз бүрийн хөрөнгө оруулалт гэдгийн цаана, тэр сайдын нэрээр хулгайлж авч байгаа. Тэгээд тийм хүмүүсийг томилох гэж оролдож байгаа. Тэгж бизнес хийж баяжаад байна. Би үүнд л дургүй. Би үүнийг л үзэн яддаг.Чи бизнес хийх л юм бол улс төрөөс гараад, хийдэг юмаа хийгээд л яв гэж хэлдэг. Чи улс төрд байж болохгүй, сайд байж болохгүй. Би зарим хүнд хэлдэг. Чи Их Хурлын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан тушаал, тэр намын даргын албан тушаалд лав л тэнцэхгүй гэж. Би өмнө нь зарим хүнд хэлж байсан. Үнэхээр чи юм хийх гээд хүсэл чинь оргилоод байгаа бол тэр хийдэг юмаа л улс төрөөс гараад хий, тэр гишүүнээс гараад л хий гэж. Гэтэл тийм юм хийх гэж зүтгэснээс тэднийг худалдаж авч, сүлжээ босгож, түүгээр өөрийгөө хуяглаж, хамгаалуулах гэж оролдож байна. Тэгээд хамгийн гол нь ард түмэн гэнэн, энэ ард түмэн мартамхай. Энэ хүмүүс рүү ийм нэвтрүүлэг явуулаад байхад, ийм зураг эвлүүлээд байхад энэ хүмүүсийн дэмжлэгийн авна гэж авлигачид боддог. Өнөөдөр наадуул чинь арван талаас, зуун талаас довтолж байгаа. Хэцүү. Яах гэж та нарыг Монголын хуулийг сахиул гэж хэлсэн юм бэ? Авлигачийн өмнө бөхөлз, бөхөлз гэж хэлэх байсан юм бол яах гэж Монголын хуулийг сахиул гэж хэлсэн юм бэ? Яах гэж Монголын ард түмэн шударга ёсны төлөө тэмц гэж намайг сонгосон юм бэ? Тэр авлигачийн эрх ашгийг гүйцэлдүүлэхийн төлөө л би байх байсан юм бол. Тэр авлигачийг хамгаалахын төлөө, тэр тусгай сонирхлыг нь хамгаалахын төлөө намайг ажиллуулах гэсэн юм бол яах гэж надад тэгж хэлсэн юм бэ? Яах гэж надад тэгж ажиллаж болно гэж итгүүлсэн юм бэ? Хэзээ ч тийм эрх ашгийн төлөө явахгүй. Хэзээ ч тийм авлигачийн өмнө бөхөлзөхгүй шүү. Би хэлдэг юм. Тэр зарим нэг хүний үгийг сонсож болно. Гэдээ шүүлтүүртэй авах хэрэгтэй. Бөхөлзөж болохгүй ээ гэж хэлдэг. Авлигатай тэмцэх гэдэг бол сонгуулийн үед хэлээд өнгөрдөг зүйл биш ээ. Авлигатай тэмцэх гэдэг бол сууж байх үедээ хийдэг ажил.Ажилтай байх үедээ хийдэг ажил. Гудамжинд орилдог үг биш энэ бол. Прокурор хийж байхдаа л чи шударга бай. Прокурор хийж байхдаа чи Монгол Улсын хуулийг чанд сахиул. Битгий чадалгүйд нь дээрэлх, битгий чадалтайнх нь өмнө бөхөлз. Чамд тийм эрх өгсөн шүү дээ. Чамд тийм итгэл хүлээлгэсэн. Тийм учраас чамайг Монголын төрийн хууль цаазын зөвлөх гэж байгаа юм. Зөвлөх гэдгийн цаана нүд гэж харж байгаа юм, зөвлөх гэдгийн цаана харуул гэж харж байгаа юм, чамайг. Мууг битгий оруул, сайныг хамгаал гэж чамайг тавьсан. Өнөөдөр авлигатай тэмцэнэ, яг сонгууль болоод ирэхээр шударга ёс тогтооно энэ тэр гээд баахан лоозон ярьдаг. Сонгуулийн үеэр ингэж ярьж болно, ард түмэндээ хэлж болно. Харин итгэсэн үед нь, ажлаа авсныхаа дараа хийх л хэрэгтэй. Тэр зарчим дээрээ хатуу суух хэрэгтэй. Ингэхгүй бол чи ард түмнээсээ урвасан болно. Миний хамгийн их итгэж явдаг зарим нэг Улсын Их Хурлын гишүүд өнөөдөр ямар нөлөөнд орсон юм бүү мэд. Авлигачдын өмнөөс ярьж, явж байгаа. Тэдний өмнөөс үг хэлж явж байгаа. Энэ бол сонгогчийнхоо эрх ашгийг огоорсон огооролт шүү. Чи энэ ажлыг үгээр хийхгүй ээ. Үйлдлээр хийнэ. Чи энэ ажлыг гаргаж байгаа хуулиараа хийнэ. Тэр хуулийн үг, өгүүлбэр бүхэн дээр дарж байгаа тэр саналаараа л хийнэ. Үүгээрээ л харуулах ёстой. Үнэхээр энд ийм үг хэлнэ гэдэг бол, ийм ажил хийнэ гэдэг бол хэцүү. Би хэлдэг юм.Төрийн албан хаагч, улс төрийн өндөр албан тушаалтанд ганцхан том шалгалт бий шүүгэж. Чи авлигатай тэмцэж чадаж байгаа бол, чи тэр их мөнгөний өмнө, тэр их амлалтын өмнө, тийм зүйлүүдийн өмнө толгой өндөр зогсож чадаж л байгаа бол чи шалгалтаа давж байна. Бусад нь яах вэ, ард түмний татварын мөнгөөр ороод ирсэн тэр хэдэн төгрөгийг хэн ч хувааж чадна. Хэн ч өнөөдөр гоё гоё юм ярьж чадна. Хэн ч өнөөдөр тэр сайд даргын ажил гэдэг дээр очоод нэг өдөр өнгөрөөж чадах л байх. Ганцхан шалгалт бол Чи наад мөнгөө аваад гар, чи наад үгээ татаж ав, чи миний өрөөнөөс гар гэж хэлж чаддаг. Чи энэ хуулийг хэрэгжүүл, чи хууль зөрчиж байна гэж хэлж чаддаг тийм л ажил, байр суурь хэрэгтэй. Авлигачид бол санаанд оромгүй юм хийнэ шүү дээ. Хуульчид үзсэн дээ. Гэрийнх нь гадаа очиж орилно. 90 гарсан ээж рүү нь хүртэл дайруулна. Өндөр настай ээж рүү нь хүртэл дайрна. Хүү чинь хүн алах гэж байна гэж 7 хоног, сар улиглана. Амийг нь өршөөгөөч, цаг минутаар хэмжигдэж байна, нэг хором өнгөрөхөд үхчих гээд байна гэж эрлэгийн элчтэй цуг эх рүү чинь ирж байгаа юм. Тэгээд аваад явж байгаа юм. Тийм юмыг хүртэл давах хэрэгтэй. Тийм юмыг сөрж чаддаг л байх хэрэгтэй. Уучлаад өгөөч, өршөөгөөд өгөөч гэж. Та нар ийм юм үзсэн. Бид ийм юм үзсэн улсууд. Хэцүү байсан шүү. Хэцүү байдаг юм. Үхэхээрээ айлгана. Өлсөхөөрөө айлгана. Өнөөдөр нэг албан тушаалтан бариад авахаар өлсөхөөрөө айлгана, үхэхээрээ айлгана. Тийм л эмзэг эрүүл мэндтэй байгаа юм бол битгий ард түмний мөнгөнөөс хулгайл л даа. Би энэ үгийг хэлээгүй биш хэлсэн юм. 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр би тангараг өргөхдөө хэлж байсан. Энэ өдрөөс эхлэн авлига авахаа зогсоо, төрийн мөнгөнөөс авдагаа зогсоо. Үүнээс өмнөхийг чинь өршөөе. Би 19-ний өдөр Өршөөлийн хууль санаачлана гэж байгаад оруулж байсан. Бид нэг шугам татах гэж үзсэн юм шүү. Өнөөдөр улсууд Алдсан, эндсэн өршөөе. Тэгээд цааш явъя гэж яриад байгаа. Бид үүнийг 7 жилийн өмнө хийсэн. Авах сургамж ч гарсан, хэцүү юм ч гарсан. Хүнд байдаг юм. Тэнд эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд нь хүртэл автдаг. Би хүн уучлахдаа амь бодож уучилж байсан. Үнэхээр цаг хормоор хэмжигдэж байгаа юм бол гэж бодоод уучилж байсан. Би Монгол Улсынхаа нэрийг бодож гадны хүн уучилж байсан. Би 40-50-иар нь, 200-300-аар нь албан тушаалтны хэргийг уучлаагүй. Амийг чинь бодъё, Монголынхоо нэрийг бодъё гэж уучилж байсан. Өнөөдөр над руу тэгж дайрдаг. Хөлсний нөхдүүд над руу өдөржин юм бичиж байгаа. Миний хамгийн их шударга гэж боддог, шударга үнэний дуу хоолой болж байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр над руу хэдэн талаас минь дайрч байна. Гэхдээ бид зүтгэнэ. Бид ухарч болохгүй. Бид ухарвал хэн нугарахгүй байх юм бэ.Бидний ард ард түмэн, Монгол түмний эрх ашиг байгаа. Ийм юмны өмнө бид бууж өгч болохгүй. Монгол Улсад хууль сахиулахын төлөө бид урагшаа явах ёстой. Бид хийх ёстой. Наад авлигачид чинь бариад авахад Би баригдаагүй байна гэж орилдог улс шүү дээ. Хэргийг нь бариад Чи ийм хэрэг хийсэн байна гэхэд Би хэрэг хийгээгүй л гэж орилдог. Ийм нотолгоотой байна гэхэд Тэр худлаа гэж орилдог. Би хэлмэгдлээ гэдэг. Би өршөөгдөх хүн биш, би цагаадах хүн гэдэг. Тэр авлигач цагаадахюм болМонголын төртэр өдрөөсэхэлж харлана.Авлигачид цагаадаж байгаа тэр цаг мөчөөс эхэлж Монголын төр харлана. Бид тэгж төрөө харлуулмааргүй байна. Бидний өвөг дээдсийн түүхтэй төр. Шударга явж ирсэн төр. Бид нэгэн цаг үед, богинохон цаг үед ажиллана. Бид энэ үед л үүргээ биелүүлэх хэрэгтэй. Бид төрийн алтан гагнаас, нэг гинж нь болоод ажиллаж байгаа энэ үедээ л ажлаа хийгээд бууж өгөхгүй цаашаа явах үүрэгтэй. Хүн төрийн дор амьдрана гэж ярьдаг. Төрийн дор амьдрана гэдэг хуулийн дор амьдрана гэсэн үг. Төр гэдэг бол ардчилсан улс оронд хууль гэсэн үг. Төр эзэнгүй байна гэж улигладаг. Заавал нэг эзэн сууж байх ёстой юм шиг, заавал нэг авлигач сууж байх ёстой юм шиг, заавал нэг хүчтэй сүлжээтэй хүн сууж байх ёстой юм шиг ойлгох юм. Төр гэдэг бол хууль гэсэн үг, ёс суртахуун гэсэн үг. Түүнийг хэрэгжүүлж байхыг л бид шаардаж байх ёстой. Энэ бол төрийн систем. Би хэлдэг юм. Чи авлига аваагүй юм бол, хэрэг үйлдээгүй юм бол шүүхээр асуудлаа шийдүүл гэж. 1994 онд намайг хэрэг хийсэн байж магадгүй гээд ороод ирэхэд. Би тэр үед УИХ-ын гишүүн байсан. УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү. Цахиагийн Элбэгдорж би бүрэн эрхээсээ татгалзаж байна. Шударга шүүхээр хэргээ шийдүүлье гэж өргөдлөө өгөөд тэр өдөртөө УИХ-ын гишүүн биш болж байсан. Дараа нь Цахиагийн Элбэгдорж хэрэг хийгээгүй байна гээд Монголын шүүх намайг цагаатгаж байсан. Хэрэг хийгээгүй хүнийг Монголын төр хийгээгүй гэж, хийсэн хүнийг хийсэн гэдэг юм. Монголын хуулийнхан ийм нүдтэй, ийм уламжлалтай. Зарим хүмүүс хэлдэг. Шүүхээр шийдүүлье, үнэн мөнөө шийдүүлье гэдэг. Чи тийм мундаг УИХ-ын гишүүн юм бол өргөдлөө өгөөд гар, тэр хуягласан бүрэн эрхээсээ татгалз. Тэр улс төрд оролцож улс орны амьдралыг баллахаа боль л доо. Ард түмэн алдааг уучилж чаддаг. Харин мэдсээр байж хийж байгаа гэмт хэргийг уучилдаггүй.Чи хууль сахиулах ёстой, үүрэгтэй байтлаа гэмт хэрэг үйлдэж байвал ард түмэн уучлахгүй. Чи мөнгийг завших ёсгүйг мэдсээр байж завшиж байвал чамайг уучлахгүй. Зарчмаасаа, үнэт зүйлээсээ ухарч байгаа тийм зүйлийг олон түмэн үзэж чаддаггүй. Ард түмэн өөрсдийнх нь итгэлээр тоглох, өөдөөс нь ус цацахыг дэмждэггүй юм. Ард түмэн болохгүй гэж хэлээд байхад УИХ-д суучихаад өршөөнө гээд байгаа юм. Би хүн өршөөхийн эсрэг байгаа юм биш, хүн өршөөхийн төлөө байна.Би тэр ядуу зүдүү, анх удаа алдсан хүмүүсийг өршөөхийн төлөө байна. Үнэхээр тэр гуя дагуулж, хүзүү тээж явуулаад байгааг нь авч үлдэе гэж байгаа юм. 1000 хүн өршөөх гэж хажууд нь 100 албан тушаалын гэмт хэрэгтнийг, 100 авлигын хэрэгт мөрдөгдөж байгаа хүн, 100 хууль бусаар хөрөнгөжсөн этгээд, олон мянган хүнийг залилсан этгээд, мөнгө угаасан этгээдийг өршөөх гээд байгааг л боль гэж байгаа юм. Түүнээс биш хийсэн гэмээ ухаарч байгаа, анх удаа шоронд орсон эхчүүд, эмэгтэйчүүд, өндөр настан, насанд хүрээгүй хүүхэд, дарвиж доргиод алдчихсан тэр хүмүүсийг би өршөөхийн төлөө байгаа. Одоо намайг түүгээр барьцаалж байгаа. Хэдэн мянган хүн суллах гэж байна гэж ярьж байгаа биз. Энэ бол авлигачдын хийж байгаа ухуулга. Тэгж л хэлнэ. Ерөнхийлөгч өршөөхийг зогсоож байна гэж. Би тэр хэдэн мянгыг зогсоогоогүй, өршөөхийн төлөө байна. Ингэж хуйвалдаан болгож, далд хуралдаан зарлаж, зарим нь хаяад гарч байхад үлдэж, бүтэн өдөр сууж байгаад Засгийн газрын оруулж ирсэн хуулийг тэгж өөрчилж болохгүй шүү дээ. Бидэнд зарчим байсан юм.Бид 2009 онд Өршөөлийн хууль гаргасан. Тэнд алдаа дутагдал ч бий, оноотой юм ч бий. Тэгээд Энэ цаг мөчөөс хойш төрийн мөнгө рүү битгий гар дүрээрэй. Авлигад орооцолдож, ийм хэрэг илрэх юм бол хатуу хариуцлага тооцно шүү гэж хэлээд явуулж байсан. Ингээд Эрүүгийн хуулийг шинэчилнэ, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг шинэчилнэ, одоо зөрчлийн гэж яриад байгаа хуулийг шинэчилнэ. Үүнийг шинэчилснийхээ дараа шинэ хуулийнхаа үзэл санаанд тааруулж, өнөөдөр хорих ял эдэлж байгаа хүмүүсийг өршөөх асуудлыг нэг удаа авч үзнэ. Ер нь өршөөлийн асуудлыг хэн нэгэн, Засгийн газар нь санаачилдаг биш, ерөөсөө хуулинд нь хийж өгье, ямар үед нь өршөөх вэ, ямар үед нь гаргах вэ гэдэг эрхийг шүүхэд нь өгье, хууль хяналтын байгууллагад нь өгье. Аль ч улсад байдаг, Үндсэн хуульд байдаг уучлал үзүүлэх гэдэг нь Төрийн тэргүүндээ байвал байна биз гэж бид ярьж байсан. Ингэж бид зарчим тогтоож байсан. Ингэж авлигачдын гар хөл болсон хуйвалдаанаар Өршөөлийн хууль гаргана гэж яриагүй. Тийм хуулийн төсөл оруулж ирсэн ч батлахгүй гэж зарчмаа тогтож байсан. Гэтэл өнөөдөр Засгийн газар санал оруулаад ирэхэд, Засгийн газрыг огцруулна гэдэг асуудлаар дарамталж, айлгаж Би орно, чи гарна гэж энд тэндээс тив, улс дамжуулан утасдуулж яриулж, зочид буудалд цуглуулж байгаад Түүнийг нь ингэж хас, өгүүлбэрийг нь тэгж бич гэж байгаад өөртөө тааруулж хууль хийж байна. Засгийн газар авлигын хэргийг өршөөхгүй гэж хуулийн төсөлд оруулж ирсэн. Саяын хуулиар өршөөнө гэж дарж байна. Өршөөхгүй гэдэг нь Засгийн газрын бодлого. Би Өршөөлийн хууль гэдэг төрийн бодлого байх ёстой гэдгийг хэлсэн. Энд зарчим байх ёстой. Ингэж ялгахыг зарчим гэж байгаа юм. Албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамааруулахгүй гэж оруулж иртэл бүх зүйл ангиар нь хамааруулсан. Хууль бусаар хөрөнгөжихийг хамааруулахгүй гэсэн, хамааруулсан. Төсвийн мөнгө хөрөнгийг зориулалт бусаар завшсаныг хамааруулахгүй гэсэн, хамааруулсан. Залилан хийхийг хамааруулахгүй гэсэн, хамааруулсан. Ингэж өөрчилсөн. Засгийн газар хуулиа татаж авна гэхэд нь дарамталж, айлгаж байгаад баталсан. Тэрний цаана наймаа явж байна. Аймшигтай юм явж байна. Танай энэ хүн сулрах гээд байна, манай энэ хүн сулрах гээд байгаа. Танай намд ч ашигтай, манай намд ч ашигтай. Манай фракцид ч ашигтай, чиний фракцид ч ашигтай, чиний тэр чинь байгаад байна, чи яасан хүн чанаргүй юм бэ, яагаад чи үүнийг дэмждэггүй юм бэ гэж. Хүн л болсон хойно тэр зүрх сэтгэл рүү нь дайрч байж үүнийг гаргаж байгаа. Ийм юмыг тэвчээд, ийм зүйлийг Монголын төрийн босгон дээгүүр бид явуулж болох уу? Ингэж барьцаалж гаргаж байна. Тэгэхгүй бол чиний ажлыг явуулахгүй, чиний асуудлыг маргааш ингэж тавина гэдэг. Монголын төрийн нэрийг, Монгол Улсыг даан ч бодсонгүй дээ.Энэ засаг төрийг ингэж барьцаалж, бужигнуулж байхдаа өөрийнхөө нэрний чинээ, нүүрний арьсны чинээ ч бодсонгүй дээ. Монголын төрд хийж байгаа сайн юм бий, сайн хийж байгаа юм бий. Тэр улсууд чинь татвар төлөхгүй бол, надад мөнгө өгөхгүй бол гэж авлигын бизнесийн хууль болгох гэж оролдсон шүү дээ, наадуул чинь. Та бүхэн бодож байж магадгүй. Алдаж эндсэн, жижиг танхай хэргүүд гэж байдаг даа. Залуучууд дарвиад жижиг алдсан байдаг. Тэр ороогүй байна шүү дээ гэж зарим судлаачид надад хэлж байна лээ. Бүх л өршөөлийн үед ордог байсан тэр зүйл ороогүй байна. Борчуудын хүүхэд алдсан хэрэг ороогүй байна, наадуул чинь худлаа хэлсэн байна аа гэж байсан. Та бүхэн бодож байж магадгүй. Өршөөлийн хууль батлагдлаа гээд 2-3 хоногийн өмнө ярьсан. Өнөөдөр над руу орж ирсэн юм алга. Тэд эмээж л байгаа. Ерөнхийлөгч рүү явуулбал тэр заалтууд дээр хориг тавих гэж байна. Өнөөдөр болтол эцсийн найруулга сонсоогүй нэрээр УИХ дээр бариад байгаа шүү дээ. Хүмүүс бодож байгаа. Өршөөлийн хууль батлагдчихлаа, хориг тавих таван хоног байдаг юм гэнэ лээ. Хугацаа нь дуусч байгаа юм биш биз дээ гэж. Тийм биш ээ. Эцсийн найруулгаа сонсоод, Монгол Улсын хууль гээд гар, хөлийн үсэг нь зурагдаад, манай Тамгын газар ирээд, тэгж ирсэн цагаас нь хойш тав хоногийг тоолдог. Тайван байж болно. Тийм шударга бус, тийм заалттай хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй.Ийм шударга бус хуйвалдааныг Монголын төрийн босгоор алхуулж болохгүй. Алхуулахгүй.(алга ташив...) Иймэрхүү байдлаар Монголын төрийг барьцаалж ажиллаж болохгүй. Авлигатай тэмцэнэ гэдэг хэцүү ажил юм л даа. Та нарын нүүрийг улайлгаж байгаад Хүний эрх шүү дээ гэнэ. Тийм ээ, хүний эрх. Авлигач ч эрхтэй, хүүхэд ч эрхтэй, жирийн иргэн ч эрхтэй. Хуулийн өмнө бүгд адилхан шүү дээ гээд улайлгана. Чи барьж хорилоо, чи шүүх гэж байна гэж улайлгана. Чи яллах гэж байна гэж улайлгаж байгаа. Хэцүү байдалд оруулж байгаа. Энэ юмыг яаж дундуур нь зааглах вэ. Чи ийм хуулийг зөрчсөн байна. Хууль л бол хууль. Энэ хуулийг чамд хэрэглэх гэж байна гэхэд өөдөөс нь Өө ардчилал. Үхлээ, хатлаа, өлслөө цангалаа гээд гарч ирээд, хамгийн мундаг телевиз, хамгийн сайн гэгддэг сурвалжлагчийн өмнө чиний нүүр рүү ус цацаж байгаа. Би ийм хэрэг хийгээгүй. Ийм буян хийж байгаад хэлмэгдэж үхэх шахлаа шүү тэнд чинь. Ёстой балладаг юм байна, энэ хууль хяналтынхан гээд л. Энэ хууль хяналтынхан дотор шударга явъя гэж бор зүрхээрээ Монголын төрд тангараглаад явж байгаа олон мянган хүн байгаа. Тэр нэрийн дор бүгд рүү нь ус цацаж байгаа. Тэр гэр бүлийнхэн рүү нь ч ус цацаж байгаа. Тэгээд өмнө чинь гарч ирээд сууна даа. Тэгээд өөрийгөө хамгаална. Өөрийгөө хамгаалах эрхтэй л дээ, авлигач ч, хүүхэд ч өөрийгөө хамгаалах эрхтэй. Эмэгтэй хүн, жирийн иргэн, борчууд ч өөрийгөө хамгаалах эрхтэй. Эрхтэй, эрхтэй. Гэхдээавлигач өөрийгөө хамгаалуулах илүү эрхтэй болчихоод байна. Яагаад гэвэл мөнгөтэй. Хэдэн тэрбумаар нь цацдаг.Өөрийн биеийг нь аваад ороход мөнгө нь үлдчихдэг байхгүй юу. Тэгээд мөнгө нь үлдчихэж байгаа учраас мөнгөн дээр суурилсан сүлжээ, түүн дээр суурилсан гутаах үйл ажиллагаа, түүн дээр суурилсан доромжлох үйл ажиллагаа нь тэр шударга ёсыг сахиулах гэж байгаа улсууд руу явна. Үүн дээр суурилсан цагаатгах үйл ажиллагаа, үүн дээр суурилсан магтах үйл ажиллагаа, үүн дээр суурилсан бичсэн захидлыг тараах үйл ажиллагаа, хийсэн нэвтрүүлгийг түгээх үйл ажиллагаа Монголын нийгмээр нэг явдаг юм даа. Яах вэ. Ийм л юм болдог. Хүний эрх, хүн өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Би хэрэг хийгээгүй гэж хэлэх эрхтэй. Нотлогдтол би хэрэг хийгээгүй гэж ярьж явах эрхтэй, шүүхээр шийдвэрлэгдтэл тэгж явах эрхтэй. Гэтэл тэр хүний ард тэрбум, тэрбум төгрөг, тэр нам нь, тэр телевиз нь, тэр сүлжээ нь байгаа. Ийм учраас эрх чөлөө эмзэг байдаг.Ийм учраас заримдаа ардчилал гэдэг арчаагүй мэт санагддаг байхгүй юү. Ийм учраас л ардчилал гэдэг юманд өдөр тутмын арчилгаа хэрэгтэй гэж хэлээд байгаа нь тэр. Арчилгаа нь энд аюул болж байгаа тэр авлигатай тэмцэхийг хэлж байгаа юм. Түүнээс биш нэг алчуур аваад ардчилал гэдэг А үсэг арчаад зогсоод байна гэсэн үг биш. Үүнийг ялгаж салгахыг бодлого гэж хэлж байгаа юм. Бодлого гээд хүн ярьдаг. Би бол доторхийг нь ярьдаг. Би бол үгийн, хэлж байгаа тэр бодлогынхоо утгыг нь ойлгох гэж оролддог юм.. Бодлого гэдэг бол ийм зүйлийг ялгаж салгахыг, хар цагааныг ялгаж салгахыг хэлж байгаа юм. Энэ бодлого тэр Өршөөлийн хуулинд туссан байх ёстой. Хамгийн ноцтой юм нь чи мэдсээр байж, чи бүр тэр хуулийг зөрчихгүй үүрэгтэй байж, чи тэр мөнгийг авахгүй, тэр мөнгө төгрөг бүх юмнаас нэг ч төгрөг хумслахгүй үүрэгтэй байж, мэдсээр байж хумсалсан. Чи мэдсээр байж хуулин дээгүүр гишгэсэн. Чи үүнийг мэдсээр байж Би шоронд явсан, намайг бариад явсан ч тэр Улсын Их Хуралд сууж байгаа тийм бүлэглэл намайг татаж авна, намайг гаргана. Миний төлөө тэмцэнэ, хууль санаачилна гэж мэдсээр байж чи хууль зөрчсөн. Үүнийг хүндрүүлэх гэмт хэрэг гэж үздэг юм. Үүнийг хүндрүүлж ялладаг юм. Ингэж хүндрүүлж ялласан бол өршөөдөггүй юм. Үүнийг бодлого гэдэг юм. Аль ч оронд ийм байдаг юм даа. Би хүний эрхийг хүндэтгэдэг, би хүний эрхийн төлөө байдаг.Бүр Би төрийн хууль зөрчихгүй, би ард түмний эрх ашгийн төлөө, би тэр нийтлэг эрх ашгийн төлөө байна гэж тангараг өргөчихөөд, тэгээд түүнийгээ зөрчиж байгаа юм. Бүр ард түмэнд очиж Та бүхэн бол миний шүтээн, шударга

 С.Бямбацогт: Авлигачдыг өршөөхийг дэмжээгүй

УИХ-ын ээлжит бус чуулганаар батлагдсан Өршөөлийн хуулийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. МАН-ын бүлэг өршөөл үзүүлж байсан өмнөх зургаан хуулийн жишгийн дагуу насанд хүрээгүй, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, өндөр настай, бие махбодийн хувьд ял эдлэх чадваргүй болсон, болгоомжгүй, хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөхийг дэмжсэн. Засгийн газар энэ жишгийн дагуу Өршөөлийн хуулийн төслийг өргөн барьсан. Харамсалтай нь хэлэлцүүлгийн явцад АН, Шударга ёс эвслийн бүлгээс гаргасан албан тушаалын гэмт хэрэг, авлига хээл хахууль авсан хүмүүсийг хамруулж өршөөх саналыг анхны хэлэлцүүлгийн үеэр эсэргүүцэж байнгын хороо, чуулган дээр МАН-ын бүлгийн гишүүд саналаа хэлж байсан. Ийм ч учраас Өршөөлийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт МАН-ын бүлгийн гишүүд оролцоогүй, картаа сугалсан. Ээлжит бус чуулган анхнаасаа хууль бус байсан. Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Өршөөлийн хуулийн төсөл дээр зарчмын өөр байр суурьтай байгаагаа илэрхийлж хаврын чуулган завсарлахаас өмнө завсарлага авч байсан. Өршөөлийн хуулийн төслийг хаалттай хэлэлцсэн. Хаалттай хуралдааны явцыг мэдээлэх боломжгүй байсан. Нэгэнт Өршөөлийн хууль батлагдаж, хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулагдаж байгаа учраас энэ комисст МАН-ын бүлэг гишүүдээ ажиллуулах боломжгүй гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ. Ж.Мөнхбат: Ээлжит бус чуулган авлигачдыг өршөөх эцсийн зорилготой байсан нь батлагдлаа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат байр сууриа илэрхийлэхдээ Хэдхэн жилийн өмнө Авлигачдын нурууг атийлгаж, ард түмнийхээ нурууг тэнийлгэнэ гэсэн уриатай сонгуульд орж байсан АН авлигачдын нурууг тэнийлгэж, ард түмний нурууг атийлгасан үйлдэл хийж байгаад туйлын харамсалтай байна. Ахмад настан, эмэгтэйчүүд, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөхийн хажуугаар гуя дагаж хүзүү гэдэгчлэн албан тушаалтан, авлигачдыг хуйгаар нь өршөөсөн хууль баталлаа. Авлигатай дайн зарлаж, авлигачдыг цээрлүүлье гэж уриалж байсан улс төрийн хүчин ийм алхам хийсэн нь монголын улс төрд эмгэнэл болж байна. Энэ үйлдлийнх нь төлөө АН-д эмгэнэл илэрхийлж байна. Цэвэр агаар сан, Нүүрс хөтөлбөр, татварын хэрэг, Г.Дэнзэн, Л.Гансүх, төмөр зам, халамжийн хэрэг гэх мэтчилэн 10 тэрбумаас дээш төгрөгийн хохиролтой хэргүүд өршөөлд хамрагдаж байна. Төрд шургалсан авлигачид, төрөөс төрсөн тэрбумтнуудыг хөхиүлэн дэмжсэн ийм хуулийг хүч түрэн баталж, хууль зөрчсөн ээлжит бус чуулган хийлээ. Улс орны хувьд өнөөдөр тулгамдсан асуудал бол авлигачдыг өршөөх асуудал биш. Ээлжит бус чуулган албан тушаалтан, авлигачдыг өршөөх эцсийн зорилготой байсан нь батлагдлаа. Өчигдөр Ж.Батзандан гишүүн мэдээлэл хийхдээ Авлигын гэмт хэрэгт буруугаа хүлээж уучлал гуйсан бол, төрд учруулсан хохирлоо барагдуулна гэж хэлсэн бол Өршөөлийн хуульд хамрагдана гэж хэлжээ. Төрийн хууль ингэж батлагдаж байгаад үнэхээр эмгэнэлтэй байна. Олон улсын Транспэрэнси интернэшнл байгууллагын гаргадаг авлигын индексээр Монгол Улс 2012 онд 87 дугаар байранд орсон бол 2014 онд 107-д жагсаж 20 байраар ухарсан. Цагаан захтнуудыг өршөөсөн Өршөөлийн хууль баталснаар авлигын индескээр адагт орох нөхцөл байдал үүслээ. МАН зарим гишүүдээ Өршөөлийн хуульд хамруулах гэж далдуур чимээгүй дэмжлээ гэсэн ташаа яриа гаргаж байна. Тийм юм байхгүй. МАН-ын гишүүдээс шалгуулах нь шалгуулж, ял эдлэх нь эдэлж, шоронд хүртэл нас барсан хүн бий. 2012 оноос хойш Чингис, Самурай бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Хөгжлийн банкнаас идэж уусан, завшсан бүх хүмүүс энэ хуулиар өршөөгдөж байна. Авлигыг хөхиүлэн дэмжиж өөгшүүлэн хамгаалж өмгөөлж байгаа үзэгдэл Монголын төрийн эрх барих дээд байгууллага, төр тэргүүлсэн АН-аас төрийн бодлого болон гарч байгааг МАН эсэргүүцэж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна гэв. Ц.Нямдорж: Төрийн эсрэг, хуулийн эсрэг чимээгүй эргэлт боллоо УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ээлжит бус чуулган гэгч халхавч дор Төрийн ордон дотор төрийн эсрэг, хуулийн эсрэг чимээгүй эргэлт боллоо. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл дөрвөн удаа УИХ-аас буцсан атал хүчээр баталлаа. Өршөөлийн хуулийг хүчээр баталлаа. Төрд шургалсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцдог Эрүүгийн хуулийн бүх заалт энэ өршөөлд бүрэн хэмжээгээр хамрагдах улс төрийн алхам хийлээ гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль 305 зүйлтэй аж. Үүний 78 нь ерөнхий ангид, 227 нь тусгай ангид хамаардаг. 227 зүйлээс авлигачид, албан тушаалтнуудад хариуцлага тооцох 10 зүйл байдаг бөгөөд бүгд Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа юм байна. Тухайлбал, залилан мэхлэх замаар өмч завших /148 дугаар зүйл/, улсын хөрөнгийг завшиж үрэгдүүлэх, банкны хууль тогтоомж зөрчиж асар их хэмжээний луйвар хийдэг асуудлыг зохицуулдаг /156 дугаар зүйл/ зүйл заалтууд өршөөлд хамрагдаж байна. Шинэ төрлийн гэмт хэрэгт тооцогдож байгаа мөнгө угаах гэмт хэрэг, албан тушаалаа урвуулан ашиглах /263 дугаар зүйл/, албан тушаалаа хэтрүүлэх /264 дүгээр зүйл/, хээл хахууль авах /268 дугаар зүйл/, хээл хахууль өгөх /269 дүгээр зүйл/, хууль бусаар хөрөнгөжих /270 дугаар зүйл/, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах асуудлыг зохицуулсан /273 дугаар зүйл/ зүйл заалтуудыг өршөөлд бүрэн хэмжээгээр хамруулах шийдвэр гаргасан байна. Өршөөлийн хуулийн дөрөвдүгээр зүйлд хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ гэсэн үг орсныг тэмдэглэе. Ийм хэргийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааг хэрэгсэхгүй болгоно гэсэн байна гэж Ц.Нямдорж гишүүн мэдээлэв. Мөн тэрээр цааш хэлэхдээ АН авлигатай тэмцэнэ, авлигачдыг цээрлүүлнэ гэж 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш 10 жил зарласан. Авлигатай ингэж тэмцдэг юм байна гэдгээ бодитой харууллаа. 2012 онд гарч ирсэн шинэ эрх баригчид идсэн уусан, завчуулсан бүх хэргийнхээ хэрэг бүртгэл, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааг хэрэгсэхгүй болгож байна. Шударга бус эвслийнхэн таван хувьсгал хийнэ гэж 2012 оны сонгуульд оролцсон. Үүний нэг нь шударга ёсны хувьсгал байсан. Шударга ёсны хувьсгалыг ингэж хийдэг юм байна гэдгийг олон нийт арьсан дээрээ мэдэрлээ. Аливаа хэрэгт улс төрийн харьяалал гэж байдаггүй юм. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй. Ерөнхийлөгчөөс эхлээд гудамжинд яваа Должин эмээ хүртэл хууль шүүхийн өмнө тэгш байх Үндсэн хуулийн зарчимтай. Гэтэл засгийн эрх барих хугацааны эхний гурван жилд нь идэж уучихаад үүнийгээ цайруулахын тулд Өршөөлийн хуулиар хаацайлж ялаас мултрах нөхцөлийг бий болголоо. Хэрвээ иймдээ тулж байгаа бол Монгол хуультай, төртэй ч байх хэрэггүй. Бүгдийг нь татан буулгах хэрэгтэй. Ийм ялзарсан хуйвалдаан болж байгаад харамсал илэрхийлж байна. 2000 оны долдугаар сард Р.Гончигдорж бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй байсан гишүүдийг цуглуулж нэг хүнийг зохиомлоор нэмж Өршөөлийн хуулийг батлуулснаар АН-ынхан нэг удаа ял хариуцлагаас зугтаж байсан. Одоо АН ээлжит бус чуулган зарлаж байгаад идсэн уусныг нь хэн ч мөрдөж шалгаж эрхгүй болгох хуулийн орчныг бий болгох алхам хийлээ. Үүний эсрэг Монголын төр, хууль гэж байдаг бол тэмцэх хэрэгтэй байна. Монголын төр, хуулийг хүчгүйдүүлэх ажлыг сүүлийн гурван жилд олон удаа хийлээ. Сонгуульд орохын өмнө сайхан юм амладаг, эрх мэдэл авсныхаа дараа идэж уучихаад өөрсдөдөө зориулж хууль гарган цайруулдаг ёс тогтох нь. Үүний эсрэг хүн болгон тэмцэх хэрэгтэй гэлээ.

Өршөөлийн хуулинд 76 гишүүнтэй холбоотой асуудал нэг ч байхгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа. -Өршөөлийн хуулийг хэлэлцээд баталчихлаа. Энэ хуулийг батлах шаардлага үнэхээр байсан уу? - 2008 оны 2, 3, 5 сард Эрүүгийн хуулинд хийсэн өөрчлөлтүүд байдаг. Энэ өөрчлөлтүүд нь ялын бодлогыг хатууруулсан. Ял шийтгэлийн зүйлчлэлийг хүндрүүлсэн. Үүнээс болоод маш олон залуучууд шоронд хоригдож байгаа. Хууль зүйн яамны хамгийн сүүлийн байдлаар ирүүлсэн мэдээллээр энэ он гарсаар 4600 хүнд ял шийтгэл ноогдуулсан байна гэсэн. Түүнд баривчлах торгох, хорих гэх мэтчилэн янз бүрийн шийтгэл багтана. Энэ маань цаашид нэмэгдэх хандлагатай байгаа. Тэгвэл 2012 онд эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн шинэчлэлийн хуулийн батлах замаар ял шийтгэл хүлээх хүний тоо багасна гэж үзсэн. Энэ хуулийг шууд батлая гэхээр Хууль зүйн байнгын хороонд байгаа нэр бүхий гишүүд мэргэжлийн түвшинд авч үзэх хэрэгтэй. Яаравчлан батлах боломжгүй гэж үзсэн. Онолын хувьд Эрүүгийн хууль гэдэг нь шинжлэх ухаан. Бусад орны хууль тогтоомжуудтай харьцуулах ёстой. Ялангуяа бусад хөгжингүй орнуудын хуулиас дордуулахгүй байх ёстой. Тиймээс УИХ-ын ээлжит чуулган руу шилжүүлж, ээлжит чуулган болтол Эрүүгийн хуулийн зөрчилтэй асуудлуудыг засья гэсэн. Харин Өршөөлийн хуулийг 2012 онд анх Шударга ёс эвслийн бүлгийн нэр бүхий гишүүд өргөн барьсан. Тухайн үед энэ асуудал нь хоёр хардалт дагуулсан. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллах гэж байна гэдэг асуудал яригдсан учраас бид нар тухайн үед энэ хуулиа оруулаагүй. Дараа нь Н.Энхбаяр дарга уучлалаар гарсан тул дахин өргөн барьсан. Яагаад гэвэл шоронжсон нийгэмд, шоронжсон байдлыг одоо больё. Одоо хардах юм байхгүй. Шударга ёс эвслээс нэг чхүн шалгагдаагүй, хоригдоогүй, нэг ч хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн тоот, тогтоолд шийдвэр байхгүй учраас хардалтгүй болсон гэдэг утгаараа өргөн барьсан. -Өршөөлийн хуулиар яг хичнээн хүн суллагдах юм бол? -Би ажлын хэсгийн ахлагч биш учраас нарийвчилсан тоог хэлж мэдэхгүй байна. Багцаа тоо хэлье. Засгийн газрын зүгээс ойролцоогоор 1500 орчим хүнийг суллахаар оруулж ирсэн. Харин манай бүлгээс 1900 гаруй хүн суллагдахаар хуулийн төслийг оруулсан. Ер нь бол Хорих ангиудад 6000 гаруй хүн хоригдож байгаа, тэдний гуравны нэг хувь нь өршөөгдөнө. -Авлига албан тушаалын хэргээр албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн ял эдэлж байгаа хичнээн хүн өршөөлөөр суллагдах юм бэ? -Нэг зүйлийг онцолж хэлье энэ хуулийг хаалттай хэлэлцсэн учраас би тодорхой мэдээллийг хаалттай хэмжээнд л өгөх ёстой. Чуулганы үеэр нэр бүхий гишүүн тодорхой зүйлчлэлээр буюу авлига, албан тугаалтны хэргийг өршөөлд хамруулахгүй гэсэн санал гаргасан боловч хэлэлцэхийн өмнө уг асуудлаа татаад авчихсан. Нэгэнт гишүүн гаргасан саналаа татаад авчихаар тэрийг хэлэлцэх боломжгүй. Харин нэр бүхий гишүүдээс тодорхой асуудлаар Улсын ерөнхий прокуророос ирсэн саналыг өргөн барьсан нь олонхоор унасан. Тэгэхээр эрүүгийн хуулийн 150, 264 гэж ярьдаг тодорхой албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглах, 268 буюу хээл хахууль авах, өгөх зуучлах зэрэг хэргүүд өршөөлд хамрагдсан гэж ойлгож болно. Сэтгүүлчдийн зүгээс УИХ-ын гишүүд өөрсөддөө нийцүүлсэн хууль баталлаа гэсэн хардалт их гарсан. Би үүнийг үгүйсгэнэ. Яагаад гэхээр Монгол Улс УИХ-ын 76 гишүүнтэй. 76 гишүүний нэр дээр нэг ч Эрүүгийн хэрэг үүсгэсэн тоот дугаар байхгүй. Мөн Улсын Ерөнхий прокуророос нэг ч УИХ-ын гишүүнийг эрхийг түтгэлзүүлье. Энэ этгээдийн эрхийг нь хязгаарлаж өгөөч ээ. Шалгая гэсэн хүсэлт байхгүй. Тэр утгаараа өнөөдөр 76 гишүүнтэй холбоотой асуудал нэг ч байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж чадна -Өршөөлийн хуулийг яагаад ээлжит бус чуулганаар тохируулсан юм бэ? -Монгол Улсын Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйл анги гэж байдаг. Энэ зүйл ангиар хөнгөн гэмт хэрэг гэвэл 5 жил, хүнд гэмт хэрэг гэвэл 8 жил ял эдэлсэн боловч насан туршид ялтай гэж цол тавьдаг байсныг нь Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар болиулсан. Шинэ Эрүүгийн хуулийн концепциор болсон. Би ярианы эхэнд ч хэлж байсан. Бид шинэ Эрүүгийн хуулийн концепцид нийцүүлээд хэд хэдэн зарчмын асуудлаар Өршөөлийн хуулийг оруулж ирсэн. Нэгдүгээрт аливаа хэргийн хөнгөн, хүнд, хүндэвтэр гэж ялгахаа больсон учраас хөнгөн, хүнд, хүндэвтэр, онц хүнд гэж ялгахгүйгээр зөвхөн тухайн хэргийнх нь зүйлчлэлээр нь хаалтанд оруулах, хаалтнаас гаргах буюу өршөөе гэсэн асуудлыг ярьж байгаа. Хоёрдугаарт нь ялтайд тооцох, ялгүйд тооцох гэдэг асуудал Эрүүгийн хуульд огт байхгүй байгаа учраас энийг бас бүрэн хасаж байгаа юм. Өнөөдөр энд хувь хүнтэй холбоотой асуудал ерөөсөө яригдах ёсгүй. Яагаад гэвэл 3-4 жил хүлээгдээд байгаа юм. Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг гарахыг хүлээж байсан. Маш олон удаа өргөн бариад буцаад байсан. Одоо өргөн барьсан Эрүүгийн хууль нь ч гэсэн маш хэцүү хууль. Онолын хувьд заавал засч янзлах шаардлага маш их байгаа. Мэргэжлийн хүмүүс энэ асуудлыг маш сайн ойлгож байгаа. Тийм учраас энэ хуулийг удаан хүлээлгүй энэ зун л Өршөөлийн хуулийг гаргахгүй бол болохгүй байсан. Өршөөлийн хуулийг өвөл гаргаж болдоггүй. Яагаад гэвэл маш олон хорих ангиудаас хэн нэгнийг суллах, тэднийг орон байранд нь хүргэж өгөх зэрэг олон асуудал үүсдэг. Өршөөлийн хууль гарлаа гээд маргааш нь шууд хаалгаа онгойлгоод та одоо явж болно гэдэггүй. Комисс гарна, комиссын ажил нь төвлөрнө. Дээрээс нь 21 аймагт шорон байгаа. Шорон болгоноос очиж мэдээллүүдийг нь авна гээд нарийн юм байгаа. Тиймээс энэ зун л гарахгүй юм бол ирэх зун сонгууль болчихно. Цоо шинэ парламент хэрхэн яаж ажиллахав. Тиймээс энэ удаагийн парламентийн үед зайлшгүй хийх ёстой цаг хугацаа нь л ингэж таарч байгаа юм. -Өршөөлийн хуулийн үйлчлэлийг гурав ангилж байгаа гэсэн. Энэ талаараа тодруулж өгөөч? -Нэг хэсгийг нь ял шийтгэлээс бүрэн чөлөөлж байгаа. Нөгөө хэсгийн нь ял шийтгэлээс нь тодорхой хугацааг хасна. Гуравт нь нэгэнт ялаа эдлээд гарсан бол ял шийтгэлтэй гэж тооцох хугацааг нь байхгүй болгох гэсэн гурван төрлийн өршөөл үзүүлж байгаа юм. -Энэ хуулиар тухайн хүний намтар дээр ялгүй гэж бичигдэнэ гэсэн үг үү? -Шинэ эрүүгийн хуулийн 78 дугаар зүйл ангийг хүчингүй болгох төсөл Засгийн газраас орж ирсэн байгаа. Засгийн газрын өргөн барьсан Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн концепицид нийцүүлж энэ хуулиа бид нар оруулж ирсэн. Тодорхой ажлууд дээр тухайлбал, цагдаагийн байгууллагын тухай хуулинд өмнө нь ял шийтгүүлж байсан этгээд гэж байдаг. Гэтэл тэр хүн санамсаргүйгээр автын багахан осол хийчихээд 10 жилийн дараа ч тэр амьдралд нь нэг толбо үлдэж, гадаадын виз авъя гэхээр тэрийг нь өгдөггүй. Тиймээс Өршөөлийн хуулиар тэр эрхийг нь нээж өгч байгаа гэсэн үг. -Залилангийн гэмт хэргийг энэ удаагийн хуулинд оруулсан уу? -Залилангийн хэргийг энэ удаад оруулсан. Яагаад оруулсан бэ гэхээр зургаан удаагийн Өршөөлийн хууль гарахдаа нэг удаа ч энэ хэргийг өршөөлд хамруулж байгаагүй. Гэтэл манай Өргөдлийн байнгын хороонд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэргүүдийн тухай мэдээлэл ирдэг. Тухайлбал, 64 настай эрэгтэй, 62 настай эмэгтэй буюу нэг гэр бүлийн хоёр хүн 11 жилийн ял авчихлаа.Ялыг хөнгөрүүлж өгөөч гээд өргөдөл ирүүлсэн. Тэр хоёр ямар хэрэг хийгээд ял авав гээд судлаад үзэхэд 7 сая төгрөг бусдаас залилсан байгаа юм. Яаж залилсан бэ гэхээр виз гаргаж өгнө гээд ойр хавийнхаа хүмүүсээс 1 сая, 1 сая 500 мянган төгрөг авсан байж. Тэр хоёр консул биш, элчин биш, солонгос хэлгүй, зүгээр л гэр хороололд хашаанд амьдардаг хүнд мөнгөө өгч байгаа иргэд өөрсдөө энэ асуудлаа сайтар бодох ётсой. Ийм үйлдэлдээ иргэд нэг удаа ч хариуцлага хүлээдэггүй. Нөгөө хоёр хүнээс авсан мөнгөөрөө тэтгэврийнхээ зээлийг төлж, байшингаа авч үлдээд, үлдсэн мөнгийг нь хоолондоо л үрчихсэн юм байна. Тэгтэл нөгөө мөнгөө өгсөн хүмүүс нь бидний визийг гаргаж өгөөгүй гээд шүүхэд өгсөн байсан. Тэд хууль бус үйлдэл хийгээгүйнхээ төлөө шүүхээс 11 жилийн ял авч байна. Хууль бус үйлдэл хийгээгүй гэдэг нь тэд бусдад хахууль өгөөгүй, гадаадын элчин сайдын яамны янз бүрийн хүмүүсийг өөртөө татах үйлдэл хийгээгүй, хуурамч бичиг баримт ч бэлдээгүй байгаа юм. Ийм олон хэрэг байгаа. Саяхан нэг хэвлэл дээр гарч байсан даа. Хорт хавдраа эмчлэхэд шаардлагатай мөнгөө хүнээс аваад өөрийгөө эмчилхсэн. Гэтэл залилан болоод ял авсан байна. Ер нь Эмэгтэйчүүдийн хорих ангид гурван төрлийн гэмт хэрэг давамгайлсан байдаг. Нэгд, хүн амь. Тэр нь ихэвчлэн гэр бүлийн хүчирхийлийн дор үйлдэгдсэн байдаг. Хоёрт залилан. Гуравт нь, хулгай. Хулгай гэмт хэрэг нь ихэвчлэн нэн ядуу түвшинд амьдардаг эмэгтэйчүүд үйлдсэн байдаг. Тэд хүүхдээ тэжээхийн тулд, хоолтой байлгахын тулд тийм алхам хийдэг. Өнөөдөр эмэгтэйчүүдийг гэмт хэрэг рүү түлхэж, гэмт хэрэгтэн болгосон нэг нөхцөл нь энэ нийгэм өөрөө. Тиймээс энэ эмэгтэйчүүддээ нааштай хандах ёстой гэдэг утгаараа 148.4 буюу залилангийн хэргийг өршөөлд хамруулсан. -Өршөөлд хамрагдахгүй хэргүүдийг тодруулж хэлж өгөөч? -Өршөөлд хамрагдахгүй хэрэг олон бий. Тухайлбал, тагнуул хийсэн, эх орноосоо урвасан, терроризм, хар тамхи, хүн худалдаалах, хүчин, бэлгийн дур хүслээ гаж хангасан, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан гэх мэтчилэн байгаа. -Хорих ангиас гарч ирж байгаа хүмүүсийг хүлээн авах бэлтгэл хэр байгаа бол. Ард иргэд хорих ангиас олон хүн гарах нь гэсэн болгоомжлолтой байгаа нь нууц биш? -Бидний авсан судалгаагаар гэмт хэрэг хийгээд хоригдоод өршөөлөөр суллагдсан хүмүүсийн 6 хувь нь давтан хэрэг хийгээд эргээд ордог, бусад нь ордоггүй гэж байгаа. Зургаан хувиг харьцангүй бага гэж харж байгаа. Одоо гараад явах хүмүүсийг нийгэмшүүлэх ажлыг хийхийн тулд комисс ажиллах юм. Тодруулбал, тухайн хүний үндсэн захиргаа, нутгийн удирдлага, цагдаагийн байгууллагуудад нь мэдээллийг нь шилжүүлэн өгч, хараа хяналтанд байлгах, ажилд оруулах зэрэг нарийн ширийн зүйлийг хэрэгжүүлэхэд нь анхаарал хандуулж, шаардлага тавьж ажиллана. -Төсөв шаардлагатай юм байна тийм үү? - 2000 хүрэхгүй л иргэний асуудал дээр нэг их айхтар төсөв мөнгө гарахгүй гэж бодож байна. -1900 гаруй хүний хичнээн нь эмэгтэй хүн байгаа бол? -Нарийн тоог нь хэлж мэдэхгүй байна. Хамгийн их өршөөгдөх бололцоотой нь урьдын жишгээр насанд хүрээгүй хүүхдийн хорих, эмэгтэйчүүдийн хорих ангид хоригдож байгаа хүмүүс. Мөн бид өмнөх Өршөөлийн хуулиуд дээр байсан нэг ноцтой алдааг зассан. Тэр нь юу гэвэл, насанд хүрээгүй хүүхэд хүн алсан байхад нь өршөөдөг байсныг энэ удаад хаалтанд оруулж өршөөл үзүүлэхгүй. -Гал үндэстэн холбооны Ц.Мөнхбаярын хэрэг өршөөгдөж байгаа юу? -Өршөөгдөж байгаа. Ц.Мөнхбаярын хэрэг яагаад өршөөгдөж байгаа вэ гэхээр Эрүүгийн хуулийн 177.1 зүйл ангиар ердөө хоёрхон хүн хоригдаж байгаа. Тийм учраас хоёрхон хүн гэдэг утгаар нь өршөөлд хамруулсан. -Авлига, албан тушаалтай холбоотой хэргээр ял эдэлж байсан хүмүүс ялгүй гэсэн тодорхойлолтой болж байгаа юм чинь сонгуульд нэр дэвших эрх нь нээгдэнэ гэсэн үг үү? -Тэр хүний хувийн л хэрэг болсон. -Хуулийнхаа хүрээнд нээлттэй болж байгаа юм байна тийм үү? -Ер нь бол нэг үнэн зүйл байгаа шүү дээ. Өнөөдөр сонголтыг ард түмэн л хийдэг. Тийм болохоор хэнийг сонгох нь ард түмний гарт байна. Харин сонгуулахгүй гээд явж байгаа бол энэ шударга буюу хүмүүнлэг нийгэмд байж болохгүй зүйл. Ард түмэн хэнийг сонгохоо өөрсдөө л шийднэ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.