СХД-ийн МАН-аас нэр дэвшигчид хууль зөрчсөн гэв

Ардчилсан намын хуулийн зөвлөхүүд Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалт хууль бус явагдсан гэж мэдээлэл хийлээ. СХД-ийн дахин санал хураалтаар МАН 17, АН 17, харин МАХН 2 суудал тус, тус авсан гэж мэдээллээ. Гэвч МАН-аас нэр дэвшигч таван гишүүнийг Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 34.6.1, 34.6.2-т заасан хуулийн заалтуудыг зөрчсөн гэж Л.Эрхэмбаяр тэргүүтэй СХД-ийн АН-ынхан тайлбарлаж байна. Эдгээр заалтуудад Сонгогчдод мөнгө, эд зүйл, төлбөргүйгээр эд материал тараахгүй, Сонгогчдын саналыг татах зорилгоор хүлээн авалт, дайллага, цайллага зохион байгуулахыг хориглоно гэж заажээ. МАН-аас нэр дэвшигч таван гишүүн хуулийн байгууллагад мөрдөн байцаалт өгч байгаа, Орон нутгийн сонгуулийн хууль зөрчсөн нэр дэвшигчийн нэрийг татах хүсэлт тойргийн хороондоо гаргаад байна гэж СХД-ийн АН-ынхан мэдэгдлээ. Гэвч МАН-ын гишүүд хууль зөрчсөн гэдэг яриаг л тэдний зүгээс тараагаад байгаа болохоос бодит байдал дээр ийм зүйл болсон эсэхийг дүгнэж хэлэхэд эрт байна.

С.Баярцогт оо намайг хуурах гээд үз

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нарын мэтгэлцээн болоод нэлээд хэд хоног өнгөрөөд байгаа хэдий ч хүмүүсийн дунд яригдсаар байгаа халуун сэдвүүдийн нэг мөнөөс мөн билээ. Харин С.Баярцогтын мэтгэлцээн дунд гаргасан үйлдэл зарим нэг талаараа олон хүнийг гайхшруулахад хүргэсэн. Өөрөөр хэлбэл түүний бухимдуу байгааг харуулах хүний биеийн үйлдлээр илэрхийлэгдэх психологи юм. Үзэгчид Америкийн нэгэн цуврал кино болох Lie to me буюу Намайг хуурах гээд үз хэмээх киног санаж буй байх. Lie to Me нь Америкийн гэмт хэргийн драм бөгөөд 2009 оны нэгдүгээр сарын 21-нээс 2011 оны нэгдүгээр сарын 31 хүртэл Fox network-оор гарсан билээ. Тус кинон дээр гол дүр болох доктор Кал Лайтман биеийн хэлээр буюу хүний үйл хөдлөл, нүүрний хувирал, мимикээр тухайн хүн худлаа ярьж буй эсэхийг тодорхойлон хэрэг илэрүүлдэг тухай гардаг. Энэ дүрд Тим Рот гайхалтай тоглосон. Хэрэв энэ доктор Кал Лайтман УИХ-ын гишүүн С.Баярцогтын гаргасан үйлдлийг харсан бол юу гэх байсан бол? Ингээд түүнийг доктор Калын нүдээр харах гээд үзье. С.Баярцогт мэтгэлцээн эхэлснээс эхлээд сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй байсан. Түүний тэсч ядан байрандаа холхих, гараа байнга нуруундаа авч, эсвэл зангидаж байгаа нь түүний түгшүүртэй байсны нотолгоо. Мөн мэтгэлцээний явцад өрсөлдөгч рүүгээ байн байн дайрч доош нь хийхийг оролдож байсан нь С.Ганбаатар гишүүний хэлсэнчлэн мэтгэлцээний тактик биш. Харин үүнийг буруу зүйл хийж байгаагаа мэдсээр байж хэн нэгэнд амласан амлалтаа биелүүлэхээр улайрч байгааг гэрчилнэ. Үүнд тохирох нэг сайхан монгол зүйр үг бий. Ичсэн хүн хүн ална аа гэж. Байн байн холхиж хойш урагшаа яван дэлгэцэн дээрх материалаа байнга сольж байгаа нь ердөө л хүмүүсийн анхаарлыг өрсөлдөгчдөө өгөх яв цав хариултаас бултуулж, өөр тийш нь залах гэсэн оролдлого юм. Түүнчлэн гэрээнд гарын үсэг зурсан хүмүүсээс тэр ганцаарханаа хариуцлага хүлээх маягаар энэ мэтгэлцээнд орж буй нь түүнийг үнэхээр бухимдуулж орхив. Тэрбээр байн байн Би С.Ганбаатар гишүүнийг мэдлэгтэй гэхэд эргэлзэж байна хэмээн давтаж байсан юм. Энэ нь үзэгч олныг өрсөлдөгч нь мэдээлэлгүй, мэдлэггүй байгаа гэсэн ойлголтод хөтлөөд, харин өөрөө жирийн иргэд ойлгоход бэрх тоо баримт амнаасаа цувуулж байгаа нь мөн л араас нь түлхэж буй хүчин зүйлийг далдлан өнгөрөөх гэсэн нэг арга байлаа. Духаа долоовор хуруугаараа маажих нь ялангуяа улстөрчдийн худал амлах, мэдэн будилах үедээ гаргадаг зангаа, дохио. Тэд ингэх үедээ ёс юм шиг духаа атируулж, өрөөсөн завьжаа мурийлгадаг. Ийм үйлдлийг АНУ-ын ерөнийлөгч асан Билл Клинтон их гаргадаг байсан. Түүнийг Моника Левинскийтэй холбогдсон сексийн харилцаанд буруутгасан тухай хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ийм мимик гаргаж байсныг хэвлэлүүдээр олонтаа бичсэн. Харин энэ мэтгэлцээн дээр үзэгчид анзаарсан бол С.Баярцогт гишүүн ийм нүүрний хувирлыг багагүй гаргасан юм. Хоёрдугаарт энэ мэтгэлцээнд С.Ганбаатар гишүүн ганцхан С.Баярцогтыг онцолж өдөөн дуудсан нь үнэхээр шударга бус гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ гэрээ буруу болсон бол хариуцлагыг нь АН, МАН адилхан хүлээх учиртай. Энэ мэтгэлцээнд МАН-аас тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд, ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт, АН-аас томилогдсон тухайн үеийн БОАЖ-ын сайд асан Л.Гансүх нар оролцох ёстой байлаа. Үнэн хэрэгтээ энэ удаагийн мэтгэлцээнээр хамтарсан Засгийн газраас байгуулсан Оюу толгойн ноотой гэрээг С.Баярцогт ганцаараа бус Засгийн газар, хөрөнгө оруулагчдын бүхэл бүтэн баг, эдийн засгийн маш том бүлэглэл хамтаараа С.Ганбаатарын эвгүй асуултуудаас бултаж, хамгаалаад өнгөрсөн шүү дээ. Тэгэхээр дараагийн удаа Ерөнхий сайд асан С.Батболд, ЭХЭБ-ын сайд асан Д.Зоригт, БОАЖ-ын сайд асан Л.Гансүх нарт Lie to me гэж хэлэх л үлдлээ. С.Майдар

 Дмитрий Медведев зөвхөн Путины удирдлаганд ажиллана

Сэтгүүлчидтэй хийсэн ярилцлагандаа сайдуудын танхимын тэргүүн Дмитрий Медведев одоогийн хашиж байгаа албан тушаалдаа сэтгэл хангалуун явдгаа тэмдэглэжээ. Би өөр хэн нэг ерөнхийлөгчийн дор ерөнхий сайд нь болох байсан нь юу л бол. Энэ талаар огт төсөөлөл алга. Ерөнхийлөгчөөр ажилласныхаа дараа ерөнхий сайдын суудалд сууж хамтран ажиллах миний хувьд хамгийн таатай байх хүн бол зөвхөн Владимир Путин юм гэж тэрээр Францын AFP агентлаг, Le Figaro сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. Мөн Дмитрий Медведев улс эх орноо дахин удирдах боломжоо бас үгүйсгээгүй аж. Хэрэв надад хангалттай хүч тэнхээ, эрүүл мэнд байгаад, ард түмэн маань ирээдүйд надад энэ итгэлийг хүлээлгэвэл би мэдээж хэрэг татгалзахгүй. Гэхдээ энэ нь маш олон хүчин зүйлээс шалтгаална. Би өмнө хэлж байсан, ямар нэг зүйлээс бүр мөсөн татгалзах нь хэзээд хэрэггүй зан байдаг шүү дээ. Хэзээ ч үгүй гэж хэзээ ч битгий ярь гэж үг байдаг. Нэг давж болсон юм хоёр давж болох байлгүй гэж ОХУ-ын өнөөгийн ерөнхий сайд Дмитрий Медведев сэтгүүлчдийн Та дахин төрийн тэргүүн болох хүсэлтэй байна уу? гэсэн асуултанд хариулжээ. Дмитрий Медведев нь 2008 оны 5 дугаар сараас 2012 оны 5-р сар хүртэл ОХУ-ын ерөнхийлөгчөөр ажилласан. Өнгөрсөн намар тэрээр ерөнхийлөгчид дахин нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путиныг дэмжсэн. 2012 оны 5 дугаар сарын долооны өдөр Владимир Путин ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа Медведевийг сайдуудын танхимынхаа тэргүүнээр зарласан юм.

Тархи угаагчид Өмнөговьд дахин “заларчээ”

Дөрвөн жил аймаг удирдахдаа тогны асуудлаа ч шийдчихэж чаддаггүй Б.Бадраа тэргүүтэй АН-ын ахиад сонгуульд ялжээ. Лааны гэрэлд амьдардаг хүмүүс хаусанд тарвалздаг дарга нарын төлөө саналаа өгжээ. Даланзадгад хот нь 6-дахь жилдээ Монголын хамгийн харанхуй аймгийн төвөөр шалгарч байгаа бол Засаг ноён Б.Бадраа, ИТХ-ын дарга Л.Батчулуун нарын хаус нь 24 цаг гэрэлтэй байдаг. Учир нь тэд хаус бариулахдаа цахилгаан үүсгүүр суурилуулаад хувийнхаа тогны асуудлыг шийдчихсэн улс гэнэ. Тийн атлаа хэрвээ биднийг сонговол аймгийн төвийн тог цахилгааны асуудлыг бүрэн шийднэ хэмээн тархи угааж явжээ. Та бүхэн өмнө нь юу хийж байсан юм бэ гэхээр харин одоо л цахилгаантай болгоё хэмээн ичихгүй хариулж байсан гэдэг. Ажнай Д.Бат-Эрдэнийн дагуул Тавантолгой компаний захирал Х.Түмэнбаяр ахин ИТХ-д тэргүүлэгч суух нь. Түүний Хан-Уул хэмээх тансаг зочид буудлын цэс нь дан англи, хятадаар бичигдсэн байдаг. Монгол хүн үйлчлүүлэхийн аргагүй өндөр үнэтэй, угаасаа л гадныханд зориулагдсан зочид буудал гэнэ. Өмнөговьчууд өөрсдийгөө ланд унах заяатай ч лаа барих тавилантай улс гэж ярьдаг. Дээр нь ийм арчаагүй амьтад сууж байгаа хойно аргагүй биз.

Засагт Ханы Хөх харчууд “Алсын бараагүй...”

Говь-Алтай аймаг Хөх харчуудаараа алдартайсан. Ямар сайндаа л Засагт Ханы Хөх харчууд, Зартай нутгийн сайн эрчүүд гэж дуу хүртэл байхав дээ. Хамгийн олон генерал цолтон төрсөн аймаг гээд бодохоор ямар муу эрчүүл дундаас тийм олон генерал төрөв гэж. Мөн шинэ үеийн дүрслэх урлагийн анхдагч Балдуугийн Шарав болон Монгол Улсын баатар Магсарын Жанчив, Дүгэрийн Гуулин, төрийн хошой шагналт нэрт зохиолч Чадраагийн Лодойдамба, Лодонгийн Түдэв, Ерөнхий сайд П.Жасрай гээд үнэхээр хуйхтай, оюунлаг харчууд олон төрсөн нутагсан. Гэтэл орон нутгийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийг харах нь ээ Ховд, Увс, Завханы нөхдүүд голдуу дэвшиж байгаа харагдана. Тухайлбал Увсын Ж.Ганбат, Ховдын Я.Эрхэмбаяр, Завханы н.Самбуудаш гэхчлэн нэрсийн жагсаалт үргэлжилж буйг хараад эрхгүй засагт Ханы Хөх харчууд, түүний залгамжлагчид Алсын бараагүй болсон юм биш биз дээ хэмээн халаглахад хүрэв. Өөрийнхөө гэрт багтаагүй хүн өрөөлийн гэрийг төвхнүүлж чадна гэдэг юу л бол. Дэлтэй чоно шиг эрмэг харчууд чинь хаа одов, Дэлхийд цуутай монгол эрчүүд чинь хаа одов оо, Алтайчуудаа. WORD.MN Б.Бүжүүлэй

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.