Төв аймаг 1996 оны сонгуулийг эс тооцвол мөнхийн час улаан тойрог. Одоогийн МАН МАХН байхдаа Төв аймгийн засаг захиргааны удирдлагыг бүрэн нэг намын харьялалдаа авсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Энэ нь ч УИХ-ын сонгууль бүрт одоогийн МАН-д үр өгөөжөө өгсөөр ирсэн төдийгүй нэг намын мөнхийн улаан тойрог болгон дархалсан. Харин улсын нийслэлтэй хаяа залган оршдог, дэд бүтэц хамгийн сайн хөгжсөн, нэг намын удирдлага зонхилж хийж бүтээхэд нь саад болъё гэсэн ч боломж олдохгүй ашигтай сайн талыг нь харвал Төв аймаг өнөөдөр Улаанбаатараас ч даван хөгжих боломжтой байв. Гэтэл тийм сайн сайхан зүйл болоогүйг ард түмэн 10 гаруй жил харж байгааг энэ удаа АН эрх биш нэг анзаарсан бололтой. Учир нь 2012 оны УИХ-ын сонгуульд Төв аймгаас нэр дэвшиж магадгүй тухай сураг дуулдаад алдарсан До.Ганболдыг тус аймгийн Засаг даргад нэр дэвшүүлхээр нөөцөлсөн байж л дээ. Уг нь УИХ-ын сонгуульд Улаанбаатарчууд Ардчилалыг илүүтэй үзсэнийг онцолбол Төв аймгийн сонгогчдын сэтгэл санаа нийсэлэлчүүдтэйгээ нэг их хол зөрөхөөргүй уур амьсгалтай байхаар харагдаж байвч одоогийн МАН МАХН байхаасаа амь бөхтэй авч үлдсэн нэг намын удирдлага ид шид-ээ үзүүлж намдаа ялалт авч ирсэн. АН өмнөх жилүүдийнхээ алдааг ахин давтахгүй байхын тулд 53 мянга гаруй сонгогчтой Төв аймгийн орон нутгийн удирдлагыг гартаа авахаар шийдсэн нь илт харагдаж байна. Цагтаа УИХ-ын 1996 оны сонгуульд ялалт байгуулж цэнхэр туг мандуулж явсан До.Ганболдыг Төв аймгийнхан дахин сонгохгүй гэх газаргүй тул энэ удаа тус аймгийн нэг нам дотроо цус ойртсон улаан удирдлагуудыг шинэчлэх нь АН-ын гол зорилго болоод байгаа бололтой. WORD.MN Г.Инжир
УИХ-ын тамгын газрын экс дарга Ц.Шаравдоржын гэргий Г.Эрдэнэчулуун хатагтай Өмнөговь аймагт МАН-аас нэр дэвшсэн. МАН-ын том даргын эхнэрийн дээр Гандирс гэдэг том компанийн захирал тэрээр энэ удаагийн орон нутгийн сонгуулиар ёстой айдаггүйгээ авдартаа хийчихсэн гэнэ. Тэрээр Даланзадгадын 2-р тойрогт нэр дэвшсэнээс гадна намын жагсаалтын хоёрт давхар бичигджээ. Энэ нь тойрогт өрсөлдөөд унасан ч намын нэрээр ИТХ-д орох дараагийн боломж халаасанд нь бэлэн байгаа аж. Үүнээс дутахгүй бас нэгэн сонирхолтой зүйл гарсан нь Ц.Эрдэнэчулуун хатагтайн экс нөхөр нь аймгийн АН-ын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байгаа гэнэ. Гандирс компаний захиралбүсгүй МАН-ын том даргатай ханилахаасаа өмнө Өмнөговийн Туяахүү гэдэг залуутай гэр бүл байсан. Туяахүү улс төрийн сонголтоороо АН-ыг түшиж өдгөө аймгийн Засаг ноён Б.Бадраагийн мэдлийн гэгдэх Дээдийн говь компанид дэд захирлаар ажилладаг. Урагшаа нүүрс зөөдөг энэ компанид тэрээр үр бүтээлтэй ажиллан өнгөрсөн жил ланд-200-гоор шагнуулсан. Ийнхүү урьд нь тостой тогоонд хошуу холбож байсан хоёр орон нутгийн сонгууль хэмээх даваан дээр ахин учирч байгаа нь энэ гэнэ. WORD.MN Б.Инжир
Орон нутгийн сонгууль олон нэр дэвшигчтэйг хэлэх үү, сонгогдож байвал ороолонтой хүртэл нөхцөхөд бэлэн байгаагаа зарим нэр дэвшигч зарлаад байна. Нийт 19 мянган нэр дэвшигч бүртгэлтэй байгаа орон нутгийн сонгуульд Говь-Алтай аймгийн ИТХ-д Жигмэдийн Дашдаваа гэх эрхэм бие даан нэр дэвшжээ. Амьдрал ахуйг тань өөд нь татна, алаг үрсийг тань амар жимэр амьдруулна гэх нийтлэг ухагдахуун бүхий сонгуулийн сурталчилгаа дундаас Аль ч нам эвсэл, иргэд, бүр чөтгөртэй ч хамтарч ажиллана гэсэн монгол хүний амны билэгт эс багтмаар муу ёрын уриа бодож олоод байгаа Жигмэдийн Дашдаваа гэх энэ эрхэм чухамдаа Говь-Алтайчуудыг голомтоор нь самархаар зэхээд байгаа бололтой. Одоогоор ямар ч шинжлэх ухаан чөтгөр гэж зүйл байдаг эсэхийг нотлоогүй байна. Харин аль ч шашны ойлголтоор бол чөтгөр гэдэг зүйлийг аливаа муу муухайн эх үндсийг таригч хэмээн тодорхойлсон байдаг. Амьдрал ахуйгаа өөд нь татах хэн нэгнийг хайж буй Алтайчууд ад чөтгөртэй нөхцөх дээрээ арай тулаагүй байлтай. Чөтгөр гэдэг үг нь анхаарал татаад байгаагаас биш чухамдаа Аль ч нам, эвсэл, иргэдтэй хамтарч ажиллана гэдэг нь хүртэл логик утгаараа хэнтэй, ямар ч хор найруулахаас сийхгүй гээд байгаа юм биш үү. Сонгуулийн сурталчилгааны хуулинд зүй зохистой үг хэллэг хэрэглэх тухай заалт байдаггүй байлаа гэхэд монгол хүний амны билгийг ингэж харлуулах эрх хэнд ч байдаггүй байлтай. WORD.MN Б.Инжир
Орон нутгийн сонгуулийн өмнө МАН хэд хэдэнээр нь хэлтсийн даргаа сольж шинээр хүн тавьсан. Энэ явдлыг харсан хүмүүс одоогийн генсекийг нь байр сууриа бэхжүүлж байна хэмээн дүгнэж байгаа. Ерөнхийдөө нэг нутаг усны нэг довны хүмүүс нь орж ирсэн. МАН-ын улс төрийн хэлтсийн даргаар хонгор нутгаас угшилтай Д.Дэмбэрэл орсон бол нэгэн үед НХХЯны зөвлөх байсан Энхтүвшин буцаад иржээ. Хэдийгээр дарга нь солигдсон нь ажлын аппарат нь хуучин генсекийн бүрдүүлсэн хүмүүс хэвээр байгаа гэнэ. Шинэ дарга нар нь доороо ажиллах хүмүүсээ өөрсдөө сонгох, өөрийн баг бүрдүүлэх саналыг ил далд тавьсан ч одоохондоо боломжгүй гэсэн хариу сонсжээ. МАН-даа чухал газрын нэг тооцогддог Улс төрийн хэлтэс нь гэхэд л 15 гаруй ажилтантай. Тэд бүгд У.Хүрэлсүхийн үед бүрдсэн хуучны багийн хүмүүс гэнэ. Хэдийгээр тэрээр улс төрөөс гарсан ч түүний бүрдүүлсэн намын ажлын аппаратад одоогоор хэн ч гар хүрээгүй байгаа аж. WORD.MN Б.Бүжүүлэй
Аварга Д.Сумьяабазарын тэргүүлдэг Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороонд урвагчид гарч ирсэн бололтой. Хэн гэдэг нь тодорхой болоогүй ч хийж байгаа хор нь илэрсэн гэнэ. Намын хорооны хэсэг залуус АН-ынхантай сэм уулзаж дүүргийн удирдлагыг хувааж авах талаар шивнээ өрнүүлсэн гэнэ. Ингэхдээ ИХТ-ын даргыг АН-д өгөөд намдаа Засаг даргыг авах нөхцөлтэйгээр тохироо хийж байгаа сурагтай. Ер нь энэ дүүргийн удирдлагыг АН МАН хоёр хэзээнээсээ хоорондоо хуваалцсаар ирсэн. Энэ уламжлал ийнхүү хадгалагдаж байгаа бололтой. Намын хорооны дарга Д.Сумъяабазар энэ явдалд ихэд эмзэглэжээ. Өөрөө дахин санал хураалтанд ороод дээр нь дүүрэгт нэр дэвшигчдийнхээ мөнгийг хүртэл гаргаж байхад хажуугаар урвалт шарвалт гараад уурыг нь хөдөлгөжээ. Тэрээр сонгуулийн өмнө нэр дэвшигчдээрээ хэдэн юм гаргуулах гээд чадаагүй. Арга ядахдаа намын хорооны тэрүүлэгчдээсээ хүн бүр сая төгрөг хандивла гэж шаардсан ч цаадуул нь хөдлөөгүй. Ингээд шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр өөрөө л мөнгө хөрөнгө гаргасан ч эцэст урвагчдыг санхүүжүүлсэн болж таарчээ.. WORD.MN Г.Инжир
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй