Шинэ Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэж хэн бэ

Төрсөн өдөр: 1958-01-20 ( 54 настай ) Төрсөн нутаг: Увс Мэргэжил: Биофизикч, физикийн багш Албан тушаал: УИХ-ын гишүүн Нам: Ардчилсан нам Төгссөн сургууль, мэргэжил: 1976 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн дунд сургууль 1981 онд Монгол Улсын Их Сургууль Биофизикч, физикийн багш мэргэжлээр тус тус төгссөн. Ажилласан байдал: 1981-1990 онд Монгол Улсын Их Сургуульд багш 1990-1992 онд Монголын Социал Демократ намын Нарийн бичгийн дарга 1992-1994 онд *Энэ өдөр* ББХК-ий захирал 1994-1996 онд Монголын Социал Демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд 1999-2000 онд Монголын Социал Демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга 1999-2000 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга 2000-2001 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга 2001-2003 онд Монголын Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд 2006-2008 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлд зөвлөх 2008 онд Монголын Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга 2008 оноос Монголын Ардчилсан намын дарга 2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Шагнал: 2006 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

АН-ынханд ИЗНН-аас хамтрах хүсэлт ирүүлжээ

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар хэд, хэдэн зарчмын шийдлийг гаргасны дотор Засгийн газрыг байгуулахдаа МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлтэй хамтрахаас гадна ИЗНН-ын асуудлыг авч хэлэлцэх шийдвэрт хүрчээ. Учир нь ИЗНН-ын зүгээс Ардчилсан намыг Засгийн газар байгуулан ажиллахад хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. УИХ-ын гишүүн З.Энхболдын тайлбарласнаар бол МАН-аас бусадтай хамтрахад Ардчилсан нам бэлэн байгаа гэж мэдэгдлээ.

“ШУДАРГА ЁС” ЭВСЭЛ: ДЭД САЙДААР АЖИЛЛАХ ТУРШЛАГАТАЙ ХҮН ЭЛСҮҮЛНЭ

АН-ыг Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх бол гэсэн таамаг баяр наадмын хуушуурын хачир болон амнаас ам дамжин яригдлаа. АН-ынхан энэ удаад МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийг сонгосон. Тиймээс энэ эвсэлд дор хаяж 4-5 сайдын суудал өгөх нь ойлгомжтой. Шударга ёс эвслийн хувьд боловсон хүчин тэр дундаа сайд болох шалгуурт тэнцэх хүнээр тун маруухан улс төрийн хүчин. АН-ынхан энэ удаагийн Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх талаар нам доторхи фракцуудынхаа саналыг сайтар сонсч байгаа гэсэн. Ямартай ч, нам дотроо Алтангадас фракцын нөлөө өндөр хэвээр байгаа гэдгээ баталж АН-ын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайд болно гэдгээ зарлав. Ингэхдээ өнөөдөр хуралдах ҮЗХ-ны хурлаар энэ асуудлаа эцэслэх гэнэ. Алтангадас фракцын хүчтэй өрсөлдөгч Шонхор-ын удирдагч З.Энхболд УИХ-ын дарга болох юм гэнэ. Н.Алтанхуяг, З.Энхболд нарын дунд болсон хэлэлцээр иймэрхүү байдлаар өндөрлөж. Мэдээж, З.Энхболдын шунал УИХ-ын дарга болсноор дуусахгүй нь ойлгомжтой. Тэрээр фракцынхаа хоёр ч хүнийг сайдын суудал руу зүтгүүлж байгаа гэнэ. Ингэхдээ Г.Баярсайхан гишүүнийг БОАЖ-ын сайд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан УИХ-ын гишүүн С.Эрдэнээг НХХ-ийн сайдад зүтгүүлэхээр тохиролцсон байх талтай. АН Шударга ёс эвсэлтэй хамтарч төр барих дөрвөн жилд байгалийн баялгийнхаа ачаар манай улсын эдийн засагт асар их хэмжээний мөнгө орж ирэх магадлалтай гэсэн таамгийг эдийн засагчид гаргах болсон. Тиймээс энэ л үед улсын мөнгөний авдраа зөв хүнд атгуулах нь АН-ын хувьд толгойны өвчин болоод буй. Өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байсан, мэдлэг туршлагыг нь ч бодсон С.Баярцогтод эрдэнэсийн авдрын түлхүүрээ өгч мэдэх л юм. Гэхдээ АН-даа олон жил хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсэн, Монголдоо толгой цохидог эдийн засагчийн нэг гэгддэг Р.Амаржаргал ч мөн энэ суудалд санаатай байгаа сурагтай. Магадгүй Р.Амаржаргалыг Сангийн сайдаар тавьбал С.Баярцогт Гадаад харилцааны сайд болох гэнэ. АН-ынхан Х.Тэмүүжинд ХЗДХ-ийн сайдын суудлаа өгөхөөр аль эрт тохиролцсон гэдгийг хэвлэлүүд мэдээлж байсан. Х.Тэмүүжин гишүүн өнгөрсөн дөрвөн жил 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг сөхөж, энэ хэрэгт холбоотой албан тушаалтнуудыг Төрийн ордонд дуудаж байцаалт авч олны анхаарлыг татаж чадсан нэгэн. Тиймдээ ч энэ удаад АН-ын удирдлага түүнд Хууль зүй дотоод хэргийн сайд болох санал тавьсан гэсэн. АН-ын гишүүд Шударга ёс эвсэлд аль аль яамаа өгөх талаар олон хоног хэлэлцэж. Ингээд Эрүүл мэндийн салбараа МАХН-д өгөхөөр санал нэгдсэн бололтой. Н.Энхбаярыг зовох цагт хамгийн түрүүнд гар сунган тусалсан Н.Удвалыг энэ суудалд суулгах аж. Н.Удвал УИХ-ын сонгуульд Архангай аймагт нэр дэвшээд бүдэрсэн. Тиймээс Н.Энхбаяр түүнийг гудамжинд үлдээхийг хүссэнгүй. Ямар ч байсан нэг яам толгойлуулах нь ойлгомжтой. Өнөөгийн Засгийн газрынхны нүүрийг ХХААХҮЯ хамгийн сайн тахлаж байгаа. Учир нь, Монгол Улс 50 сая малтай боллоо хэмээн баахан шоудсан. Харин 50 сая малтай яамыг хэн толгойлох бол. Тус яамны дэд сайд асан Х.Золжаргалыг тавина гэсэн яриа ч гарах болж. Шударга ёс эвсэл ядаж байхад боловсон хүчин муутай. 4-5 яаманд нь сайд олдохгүй зүдэрч байхав дээ. Нэгэнт хамтарсан Засгийн газар байгуулж буй хойно МАХН-МҮАН Шударга ёс эвслээс Тэргүүн шадар сайд томилно. Д.Тэрбишдагва Тэргүүн шадар сайд болж, АН-ынхан Г.Батхүүгээ Шадар сайдын суудалд залах бололтой. Харин Ч.Улаан УИХ-ын дэд дарга болох магадлалтай. Хамтарсан Засгийн газар байгуулж буй хойно УИХ хоёр дэд даргатай байж таарна. Харин АН-ын хувьд Р.Гончигдорж энэ албан тушаалд тохирох нэгэн гэдэгтэй маргах хүн гарахгүй л болов уу. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаа АН-ынхан өөрсдөө авахаар ярилцаж буй. Л.Гантөмөр энэ салбарыг удирдах хүний тоонд нэр нь багтсан байна билээ. Батлан хамгаалах яамаа АН-ынхан хамтрагчдаа өгч мэдэх нь. Ингэхдээ Д.Батцогт тус яаманд очих сурагтай. ЗГХЭГ-ын даргын албыг Ч.Сайханбилэг хаших гэнэ. АН-ынхан Монгол хүн 2020 хөтөлбөрийн багийнхныг сайдын суудалтай зууралдуулах бодлого барина гэдгээ зарласан. Тиймдээ Ч.Сайханбилэг Монгол Улсын сайдаар ажиллах аж. ЗТБХБ-ын сайдаар Х.Баттулгыг тавина гэсэн таамаг сонгуулийн маргаашаас яригдаж эхэлсэн. Түүний хувьд энэ салбарыг удирдаж байх хугацаандаа томоохон төсөл хөтөлбөр эхлүүлсэн. АН-ыг засаг барих үед л 100 мянган айлын орон сууц хөтөлбөр, шинэ төмөр замын ажлууд хийгдэх учиртай. Тиймээс ажлаа мэдэх хүн тавина гэдэг үүднээс Х.Баттулга энэ салбартаа эргэн ирэх бололтой. АН-ынхан Хөдөлмөрийн яамтай болно гэж ам гарсан. Засгийн газрын бүтэц хэлэлцэх үед энэ асуудал хөндөгдөж л таарна. Харин энэ яамыг хэнээр удирдуулах бол. О.Чулуунбатын хувьд УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн ч амжилт олоогүй. МАХН-МҮАН-ынхан О.Чулуунбатыг зүгээр л золигт гаргахгүй нь тодорхой. Түүний хувьд улс төрөөс хөндийрөхгүй байхын тулд яам толгойлох ажил руу гар дүрэх нь тодорхой. Тэрээр магадгүй Хөдөлмөрийн яамтай ирэх дөрвөн жил нөхөрлөж мэдэх л юм. БСШУЯ-ыг АН-ынхан анхнаасаа л С.Ламбаад амласан гэнэ. Тэрээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэрээ татаж авсан. Ингэхдээ алсаа бодож, сайдын суудал горилж ийм шийдвэр гаргасан гэх юм билээ. С.Ламбааг Эрүүл мэндийн сайдаар ажиллах үед нь багш хүн эмчийн ажлыг мэдэхгүй, мэргэжлийн бус хүн гэсэн шүүмжлэл олонтаа сонссон. Харин тэрээр энэ удаад мэргэжлийнхээ дагуу БСШУЯ-аа авах нь. Ийм байдлаар сайд нараа томилдог юм байж. Гэтэл дэд сайд, агентлагийн дарга нарын томилгооны асуудал ч араас нь гарна. АН-ын хувьд төрд олон жил айлын хатавчинд байсан. Тиймээс сүүлийн жилүүдэд боловсон хүчний хомсдолд орох шахсан. Харин Шударга ёс эвслийн хувьд боловсон хүчин гээд байх зүйл үнэхээр байхгүй. Тиймдээ ч дэд сайдад санал болгочих чадвартай нэгэн олдохгүй сандарч байгаа сурагтай.

Ерөнхий сайдаар Н. Алтанхуяг, УИХ-ын дарга З. Энхболд болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дөнгөж сая Төрийн ордны Б танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өчигдөр Ардчилсан намын бүлэг хуралдаж Үндэсний зөвлөлдөх хороог маргааш хуралдуулах шийдвэр гаргасанаа УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Ч. Сайханбилэг мэдэгдлээ. Түүнчлэн тус нам удирдлагуудаа сонгох асуудлыг хэлэлцэж санал нэгтэйгээр УИХ-ын даргаар УИХ-ын гишүүн З. Энхболд, АН-ын ЕНБД ажиллаж байсан Д. Эрдэнэбатыг УИХ-дахь АН-ын бүлгийн даргаар томилох шийдвэрт хүрчээ. Бүлгийн дарга Ч. Сайханбилэг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамтран ажилласан хэвлэл мэдээллийнхэнд талархалаа илэрхийлж, ирэх дөрвөн жилд ч шинэ намын бүрэлдэхүүнтэй хамтран улам илүүтэйгээр дэмжиж ажиллахыг хүсээд шинэ бүлгийн дарга Д. Эрдэнэбатад мэдээллийг үргэлжлүүлэн хийх үүргээ шилжүүллээ. Д.Эрдэнэбат хэлэхдээ АН олуулаа болсон учраас хариуцлагаа нуруун дээрээ үүрэх ёстой. Тиймээс манай намын хийх ёстой хамгийн чухал асуудал Засгийн газраа байгуулах асуудал . Тиймээс хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой төрийн өндөр албан тушаалын хүмүүсээ томилох асуудлыг хэлэлцлээ. Мөн маргааш хуралдах ҮЗХ-ны хуралдаанаар Манай намын хэрэгжүүлж байгаа хөтөлбөр болох Монгол хүн 2020 хөтөлбөрийн хүрээнд хийх ажлуудаа илтгэл болон оруулна. Х.Тэмүүжин гишүүний санаачилсан хууль зүйн болдлогын асуудал, Гүржийн туршлагыг монголд гэсэн үндсэн хоёр асуудлыг яригдана. Мөн МАХН-МҮАН ын Шудрага ёс эвсэлтэй хамтран Засгийн газраа байгуулах асуудлыг хэлэлцэж баталгаажуулна хэмээлээ. Маргааш болох ҮЗХ 11 цагт эхлэх бөгөөд 200 гаруй гишүүд оролцох ёстой. Хуралдаанаар хэлэлцэх дараагийн асуудлаар дээр яригдсан УИХ-ын дарга, ,Ерөнхий сайдыг томилох нэгдсэн саналыг хэлэлцэнэ.

Дахин санал хураалт орон нутгийн сонгуультай хамт болно

УИХ-ын сонгуулийн 22,26 дугаар тойрогт явуулах дахин санал хураалтыг ирэх намар орон нутгийн сонгуультай хамт явуулах төлөвтэй байна. Өнгөрсөн 6 дугаар сарын 28-нд болсон УИХ-ын сонгуулиар 22 дугаар тойрог буюу Баянзүрх, Налайх дүүрэг, 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт 3 дахь мандатад 28 хувийн санал чадаагүй учир гурав дахь ялагч тодроогүй байгаа. Тус бүр 3 мандаттай дээрх хоёр гурав дахь мандатад санал хураалт явуулахаар болсон юм. СЕХ-ны дарга Н.Лувсанжав сонгуулийн дүнг энэ сарын 4-нд Ерөнхийлөгчид өргөн барихдаа, дахин санал хураалтыг наадмын өмнө явуулах гэхээр бэлтгэл хангагдаагүй, наадмын дараа явуулна гэхээр сонгогчдын ирц хүрэлцэхгүй байж магадгүй гэж санаа зовж байгаагаа хэлж байсан юм. УИХ-ын сонгуулийн Баянзүрх, Налайх дүүргийн 22 дугаар тойрог131 мянга, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойрог 113 мянган сонгочтой юм. Дахин санал хураалтаар 22 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Батзориг, Д.Арвин нар өрсөлдөх бол 26 дугаар торйогт АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр, МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар нар өрсөлдөнө.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.