Хотлоороо сайхан наадаарай

2012-07-11 10:12:42 Нийтлэгдсэн: Улс төр
Хотлоороо сайхан наадаарай

Эрийн гурван наадамтай, эвийн түшигтэй ард түмэндээ эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Их Монгол Улсын 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн их баяр наадмын мэнд дэвшүүлье. Монголчууд бид баяр наадмаараа ололт амжилтаараа бахархаж, билэгтэй сайхнаа хэлэлцдэг уламжлалтай. Түүхэн ялалттай тэмдэглэлт ойн баяраа Та бид Ардчилсан ерөнхийлөгчтэй, Ардчилсан УИХ-тай, Ардчилсан нийслэлтэй угтаж байна. Ардчилсан нам өнөөдөр 22 жилийг ардаа орхин эрийн цээнд хүрч, эвийн хүч эеийн ухаанд нэгдэн төр улс, түмэн олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирлээ. Төр түших тулхтай, түмэн олныхоо итгэлийг даах Монголын Ардчилал ОЛУУЛАА ялалт байгуулахад эх орныхоо ирээдүйн төлөө, ардчиллын төлөө гэсэн цохилох зүрхтэй хүн бүр итгэл, сэтгэл хувь нэмрээ оруулсан билээ. Иргэдээ ажилтай орлоготой болгох, авлига хээл хахуультай тэмцэх, шударга ёсыг тогтоох Ардчилсан намын Монгол хүн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж ийнхүү бүрдсэнээр Монгол хүн бүр Монгол нутагтаа сэтгэл тэнүүн амьдрах суурь тавигдаж байна. Ардчилсан намд төр түших итгэл үзүүлсэн мянга мянган гишүүд, дэмжигчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж олуулаа хөгжихийн төлөө Ардчилсан нам ажиллах болно. Дээдсээс уламжлалтай, дэлхийд ганцхан Монгол наадмаараа идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эрмэг шандаст хүлгүүд нь хурдан, эрхий мэргэн харваачид нь оноотой, хотол түмнээрээ дэнж хотойтол сайхан наадаарай. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг

Ялагдаж үзээгүй МАН-ынхан язганаж байна

Нэрээ хөсөр хаяад гишүүдээ хоёр хувааж ялагдал хүлээсэн МАН-ынхан ёстой л язганаж байна. Их хурлаа ч хаасангүй хаяж нэг үзэв. Дараа нь хамтарсан засагт орно гэж горьдоод хаагаагүй хурлаа нээж нэг үзэв. Тэгээд ч нэмэр болсонгүй өнөөх зугтаж одсон АН-ынхан Шудрага ёс эвсэлтэй нэгдэж засаг байгуулна гэдгээ зарлалаа. Гэтэл дэвшээд гишүүн болсон 4 хүнийг нь эрүү үүсгэсэнээ нөгөө хэд нь зарлаад эхлэв. Одоо ялагдаж үзээгүй МАН-ынхан хэрхэн хурал хаяж бойкотлох тухайгаа яриад сууж байгаа сурагтай. 1996-2000 онд болсон явдал давтагдана, тэднийг хагалж засгийг нь унагаах ажлаа эхлэнэ гэж төлөвлөж байгаа хэмээн ордноор бор шувуу нисэж байна. Ардчилсан нам одоо бид насанд хүрсэн тэр цаг үе түүх болсон гэж хэлж байна. Гэвч АН олон фракцтай олон толгойтой нам билээ. Гэхдээ 1996 оны үед МАХН-ын бүлгийн дарга Н.Энхбаяр байсныг санах хэрэгтэй. Өнөөдөр МАН-д түүн шиг хүчтэй лидер алга байна. Дараагийн намын даргаар яригдаж байгаа Ө.Энхтүвшин, М.Энхболд харын аль нь ч Н.Энхбаяр шиг хүчтэй лидер биш билээ. Өчигдөр хуралдсан үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс харахад Н.Энхбаяр аягүй бол тун удахгүй Их хурлын гишүүн болох янзтай. Үнэхээр ч Н.Энхбаярын мэдлэг боловсролд эргэлзэж байна гэсэн сонгуулийн хорооны дүгнэлт супер онигоо юм. Тийм болохоор тэрбээр төдөлгүй их хуралд ороод ирэх нь тодорхой болж байгаа юм. Одоо АН, МАХН МҮАН-ы эвсэл хамтарч засаг баривал маш тогтвортой засаг болж мэднэ. МАН хичнээн үймүүлээд ч бүр л нэр хүндээ алдана гэсэн үг. Өчигдөрийн хамтрах тухай мэдэгдэл гарсаны дараа хүмүүсийн сэтгэгдэл бараг зуун хувь зөв гэсэн мессэжээр дүүрэн байгааг харахад энэ бол ард түмний хүсэл байсан нь харагдаж байгаа юм. Хэрвээ энэ 4 жилд МАН хичнээн эсэргүүцнэ төдий чинээ нэр хүндээ барж ирэх сонгуульд бүр мөсөн арчигдах нигуур харагдаж байна. АН ШУДРАГА ЁС эвсэлийн засгийн газар хэр зэрэг ажиллахаас бүх зүйл хамаарах цаг ирлээ. Шудрага ёс эвсэл таван толгойг 100 хувь ард түмэндээ өгнө гэж амлаж гарч ирсэн. Хүн бүхэн жилдээ 200 доллараас багагүй хувь шууд хүртэнэ гэж тэд амалсан. Ардчилсан нам ч ялгаагүй хувьцаа өгнө гэж гарч ирсэн одоо тэд хэрхэн ажиллахыг л харах үлдлээ. Хэрэв тэд амалсанаа биелүүлж эвтэй найртай ажиллаж чадвал үнэхээр ч Монгол орон хөгжих ёстой юм. Монголчууд Ардчилсан намд 35 хувь Шудрага ёс эвсэлд 22 хувь итгэсэн одоо зөвхөн харах л үлдлээ дээ.

 Б.Наранхүү хүртэл Н.Алтанхуягийг огцруулахаар гарын үсгээ зурсан гэнэ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Х.Баттулга тэргүүтэй МОАХ-ныхон амралтгүй, ихэд сайн ажиллажээ. Тодруулбал АН-ын даргыг унагах ажлаа эрчимжүүлж, Ардчиллын цагаан ордондоо гишүүдээ дуудан гарын үсэг зуруулсан байна. МоАХ-ны бүх гишүүд ирж, гарын үсэг зурсан төдийгүй саяхан АН-д элссэн, элсэнгүүтээ УИХ-ын гишүүн болсон Б.Наранхүү хүртэл намынхаа даргыг суудлаас нь унагах цуглуулгад гарын үсэг нэмэрлэсэн сурагтай. МоАХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Х.Баттулын тухайд АН-ын дарга Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг өнгөрсөн парламентын үеэс л ярьж байсан. Энэ асуудлаа шинэ парламентын суурь тавигдангуут эхлүүлсэн нь зуулт хатуутайг илэрхийлж байна. Н.Алтанхуягийг огцруулах Х.Баттулга тэргүүтнүүд МАН хоёр задарч, МАН, МАХН болчихоод байхад намаа ялуулж, олонх болгож чадсангүй гэдгээр барьцаалж, намын даргаас нь унагахаар зүтгээд байгаа билээ.

О.Магнай Сангийн дэд сайд болно гэнэ үү

Нэг хэсэг Иргэний хөдөлгөөн хэмээн явж түүнийхээ гайгаар Ганц худагт хүртэл орсон О.Магнайд ганцыхан их юм зааж өгч хэмээн ярилцдаг. Үнэндээ тэрбээр 7 дугаар сарын 1-ний хэргээр Ганцад суугаад гарч ирсэн цагаас хойш хэлэх ярих үгээ цэгнэж, цахим ертөнцөөр шулагнах болсон. Мөн Ардчилсан намыг бараадаж, нөмөр доор нь явах болсон гэхэд ч болно. Тэрбээр уг нь энэ удаагийн сонгуульд АН-ы листэнд бичигдэж УИХ-д орохоор зэхсэн ч жаахан хойгуур бичигдсэний улмаас гоц мөргөчихөөд байгаа. Гэвч тэрбээр хэдэн жил хамгаалуулж явсан намаасаа абшиг хүртэх бололтой. Түүнийг Ч.Ганхуягийн орыг залгаж магадгүй гэсэн яриа тархаад байна. Өөрөөр хэлбэл тэрбээр Сангийн дэд сайд болж Монгол улсын мөнгөний нэг хэсгийг атгах гэнэ. Хэдэн жил ард түмэн гэж гүйж явсаны ашгийг одоо л хүртэх нь дээ, О.Магнай.

Н.Энхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох гэнэ

Сүхбаатар дүүргийн шүүх МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг энэ сарын 18-нд хэлэлцэхээр товлочихоод буй. МАХН-ынхны хувьд даргад нь холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгоно хэмээн найдаж байгаа гэнэ. Тэд одоогоос гурван сарын өмнө намын даргыг нь хууль хяналтынхан эрх баригдчын захиалгаар улс төрийн зорилготой, зохиомол хэрэгт холбогдуулан хүч хэрэглэж, баривчилсан гэж үзэж буйгаа мэдэгдэж байлаа. Эрх баригчид Н.Энхбаярыг сонгуулиас өмнө яллахаар санаархсан ч бүтэлгүйтсэн. Тиймээс одоо түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно хэмээн намынхан нөхөд үзэж буй гэнэ. Б.Хэрлэн

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.