Ардчилсан нам хууль зөрчсөн нэр бүхий гишүүдтэй хамт тангараг өргөхөөс татгалзжээ
2012-07-06 10:08:08 Нийтлэгдсэн: Улс төрСЕХ-ноос 2012 оны 7 дугаар сарын 04-ний орой хуралдсан хуралдаанаараа Увс, Орхон, Өвөрхангай аймгийн сонгуулийн хэсгийн хороо болон МАН-аас нэр дэвшигчдийн гаргасан зөрчилтэй холбогдуулан эдгээр нэр дэвшигчдийг түр түдгэлзүүлээд байсан билээ. Учир нь Увс аймагт Ардын намаас нэр дэвшсэн Хүрэлбаатар, Чойжилсүрэн нар нь иргэд сонгогчдод гэрээ хийх нэрийдлээр бэлэн мөнгө тараасан нь үйлдэл дээрээ баригдаж өнөөдөр Хүрэлбаатарын туслах залуу хоригдоод байгаа билээ. Өвөрхангай аймагт Ардын намаас нэр дэвшсэн Чинзориг болон Төмөрхүү, Орхон аймагт нэр дэвшсэн Содбилиг нар ч мөн үйлдэл дээрээ баригдаж мөнгө тараасан үйлдэл нь баримтаар нотлогдоод байгаа тул СЕХ-ноос шүүх болон бусад асуудлаар шийдэгдтэл дээрх таван хүний нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээс түр татгалзсан шийдвэрийг гаргасан байна. Гэтэл маргааш өглөө нь ахин хуралдаж энэхүү шийдвэрээ хүчингүй болгож, Увс аймагт нэр дэвшсэн Хүрэлбаатар болон Чойжилсүрэн, Орхон аймагт нэр дэвшсэн Содбилиг нарын нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна. Ардын намын зүгээс Өвөрхангайн хоёр нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлтэл чуулганы хаалт нээлтэнд оролцохгүй гэсэн шийдвэрийг өчигдөр бүлгийн хуралдаанаараа гаргасан. Ардчилсан намын зүгээс ч СЕХ-ны 2012-7-5-ны өдөр гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, мөнгө тарааж хууль бусаар гишүүн болох гэж буй дээрх гишүүдтэй хамт тангарах өргөхөөс татгалзаж байгаа аж. Тэд энэхүү хууль бус үйлдлээ эргэн харж засч залруулах хүсэлтээ СЕХ-нд гаргасан байна.
Асуудал шийдвэрлүүлэх тухай Сонгуулийн Ерөнхий Хороо 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн дүнг авч хэлэлцсэн байна. Энэ хуралдаанаар УИХ-ын сонгуулийн Увс, Орхон, Өвөрхангай аймаг дахь 10, 15, 20-р тойргуудад Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг тус тус удаа дараа зөрчсөн үйлдлүүдийг сонгуулийн тойргийн хороо, шүүх, цагдаа зэрэг хууль хяналтын зохих байгууллагуудаар хянаж хууль зөрчсөнийг нь тогтоосон тул асуудлыг хуульд заасны дагуу эцэслэн шийдэгдэх хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгах Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтад оруулахгүй байх шийдвэр гаргажээ. УИХ-ын сонгуулийн Увс, Орхон, Өвөрхангай аймаг дахь 10, 15, 20-р тойргуудад Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг тус тус удаа дараа зөрчсөн илэрхий булхайтай үйлдлүүд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүрч, иргэд, сонгогчид энэ тухай хангалттай мэдээлэл авсан билээ. Гэтэл Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр буюу 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн өглөө дахин хуралдаж өмнөх өдөр гаргасан шийдвэрээ үндэслэлгүйгээр өөрчилж УИХ-ын сонгуулийн Увс, Орхон аймаг дахь 15, 20-р тойргуудын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгах Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтад оруулжээ. Ардчилсан Нам УИХ-ын сонгуулийн Увс, Орхон аймаг дахь сонгуулийн 15, 20-р тойргуудад Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг тус тус удаа дараа зөрчсөн илэрхий булхайтай үйлдлүүдийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох хуулиудад заасны дагуу шударгаар шийдвэрлэх, Сонгуулийн Ерөнхий Хороо энэ талаар 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрээ хадгалах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд УИХ-ын сонгуулийн Увс аймаг дахь 15-р тойргийн дүнг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтад оруулан Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгасан шийдвэрээ татан авч дахин хянаж шийдвэрлэнэ үү. АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Н.АЛТАНХУЯГ
СЕХ өчигдөр орой хуралдаж, зарим маргаантай асуудлыг хэлэлцжээ. Энэ хурлаар УИХ-ын 15 дугаар тойрог, Увс аймагт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан гэх Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг түр хугацаагаар түдгэлзүүлжээ. Учир нь тэднийг сонгуулийн өмнө мөнгө тарааж, сонгогчдын саналыг худалдан авсан баримтыг Увс аймгийн Ардчилсан намаас дэлгэж, СЕХ-нд хандаад буй юм. Тэдний энэ үйлдэл нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэдгийн аймгийн прокурор, Тагнуулын газрууд нотлоод буй юм. Тиймээс ч тойргийн хороонд энэ асуудлыг шийдвэрлэхийг удаа дараа сануулж байсан юм. Харин тойргийн хорооны МАН-ын төлөөлөл болох зургаан гишүүн энэ хууль бус ажиллагааг хамгаалсан шийдвэр гаргаж байв. Тиймээс Увс аймгийн Ардчилсан нам энэ хэргийг СЕХ-нд, мөн шүүхт өгчээ. Ямартай ч Увсад МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон гэдгийг зарлахаас татгалзаад байна. Тэд Сонгуулийн хуулийг зөрчсөн учраас хасагдах бололтой. Л.Халиу
УИХ, Нийслэлийн сонгуульд ялагдсан МАН-ынхан ууртай байна. Мэдээж, яагаад гэдэг нь мэдээж ойлгомжтой. Сонгуулийн өмнө намынхаа нэрийг сольж, хэдэн хөөрүү залуучуудаар удирдуулж, намаар тоглосонд гишүүд нь бухимдаж сууна. Шинэчлэгдэж байна гэж удирдлагуудаа залуучуудаар цус сэлбэсэн нь Сахил хүртээд шал дордов гэдэг л болчихлоо гэцгээж байна. Намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар, Удирдах зөвлөл гээд бүх бүтцээ өөрчилж, шинэчилсэн гэх боловч байдал улам дордож, гутамшигтайгаар ялагдсан тул дарга нартайгаа хариуцлага тооцох ёстой гэцгээв. Буруу менежментээр явсны гай нь сонгуулиар гарлаа хэмээн үзэж хариуцлага тооцох хугацааг тун удахгүй зарлах бололтой. Тиймээс МАН-ынхан энэ сард багтаан Бага хурлаа хуралдуулж, олон асуудал авч хэлэлцүүлэх гэнэ. Хурлын уур амьсгал ч халуун тогоон дотор байгаа мэт болох таамаг аль хэдийнэ гарчээ. Бага хурлаар сонгуульд намаа ялагдуулсны хариуцлагыг тооцох, намын удирдлагуудыг өөрчлөх, улмаар Их хурлаа хуралдуулах асуудлыг ч тавих аж. Юутай ч энэ мэдээлэлтэй зэрэгцээд одооноос намын дарга болоод генсек, нарийн бичгийн дарга нарт хүч үзэх хүмүүсийн кампанит ажил эхэлж. Намын гол ажлыг нугалах ёстой генсект БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нарын нэр яригдаж эхэлжээ. Тэд энэ сонгуульд нэр дэвшин өрсөлдөөгүй учир ямар нэг хариуцлага нэхэх үндэслэлгүй гэж үзсэнийх бололтой. Магадгүй алсыг харан дараагийн төлөвлөгөөгөө ийнхүү боловсруулсан ч байх талтай. МАН-ын дарга нар сонгуульд нэр дэвшүүлэхдээ хамгийн оновчгүй сонголт хийж, алдаа гаргасан гэж гишүүд нь үзэж байгаа аж. Тухайлбал, тойрогт хэнийг явуулах, жагсаалтад хэнийг бичихээ буруу шийдсэн. Тухайн тойрогтоо иргэдийн дунд нэр хүндтэй байсан хүмүүсийг өрсөлдүүлэхгүй хэтэрхий мөнгө харсан хуваарилалт болсон гэж буй. Буруу хүмүүсээ буруу тойрогт хуваарилснаас ялах магадлалтай газартаа өвдөг шороодлоо гэв. Түүнчлэн намын 28-ын жагсаалтыг нийгэмд нэр хүнд муутай болсон хүмүүсээр толгойлуулснаас бүх зүйл буруугаар эргэсэн гэцгээж байна. МАН-ын гишүүд намын жагсаалтын эхний 10-т улс төрд улиг болтлоо явж, одоо олны эгдүүцлийг төрүүлэх болсон гишүүдийг бичсэн нь хамгийн том алдаа гэж үзжээ. Гэтэл Ардчилсан нам жагсаалтын эхний 10-т залуучууд, эмэгтэйчүүд хууччуул гээд зөв хуваарилалт хийсэн байгааг ч сануулаад байгаа аж. Ардчилсан нам хоёр ч эмэгтэй нэр дэвшигчээ жагсаалтын дээгүүрт оруулсан байтал МАН-ынхан олонд танигдсан эмэгтэйчүүдээ жагсаалтын хойгуур оруулж, аль мөнгө их төлснийг нь дээгүүр жагсаасан гэсэн санал, гомдол хэлэх хүн олон гарчээ. Зарим нэр хүндтэй эмэгтэй гишүүдээ торгуулийн батальон болсон тойрогт илгээж золигт гаргалаа гэв. Намын нэр сольноос болж сонгуульд ялагдвал хариуцлагыг нь хар толгойгоороо хүлээнэ гэж хэвлэл мэдээллээр нэг амлаж байсан У.Хүрэлсүх генсектэй хамгийн эхэнд хариуцлага тооцох гэнэ. Намын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж УИХ-д суух болчихоод байгаа атлаа өдий болтол алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаад бухимдсан гишүүд МАН-аар дүүрэн байгаа аж. Иймээс Бага хурлыг долдугаар сард яаралтай хуралдуулж, ялагдалд оруулсан намын дарга нартай хариуцлага тооцуулж, цаашид тэдэнд итгэл үзүүлэхгүй байх мессэж МАН-д маш хүчтэй тарж эхэлжээ. Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөгчид тодорч эхэлсэн бол цаашид МАН-ыг авч явах дарга болчих нэр хүндтэй лидер хэн байх талаар таамаг өрнөөд эхэлчихсэн сурагтай. Зарим нэг нь намын даргад өөрийгөө сойх тухай ч чих дэлсэв. Юутай ч, сонгуулиас өмнө АНУ-ыг зорьсон С.Баяр удахгүй эргэн ирж, Бага хуралд оролцох мэдээлэл байна. Өмнөх сонгуулиар ялалт байгуулахад МАН-ыг удирдаж байсан гэдгээр нь С.Баярыг эргээд намын удирдлагыг гартаа авах санал гишүүдээс нь гарсан гэх. Түүнээс гадна Шадар сайд М.Энхболдыг намын даргад нэрээ дэвшүүлэх санал гишүүдийн зүгээс хүчтэй явж байгаа ч гэсэн мэдээлэл байгаа. Удтал бухимдалтай байсан МАН-ынхан удахгүй тэсэрч, маш том дуулиантай өөрчлөлт хийж магадгүй Бага хурал энэ сарын хамгийн том сенсаац болох нь ээ.
Монгол Улсын шинэ парламент, Засгийн газар баяр наадмын өмнө эмхлэн байгуулагдаж ирэх дөрвөн жилийн их ажлын гараанаас гарах нь. Сонгуулийн үр дүнд УИХ-д баттай олонхи болчихнам байхгүй. АН 33, МАН 29 суудалтай болсон бол МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс тойргоос дөрөв, жагсаалтаар зургаа, нийт 10 гишүүн орж ирж бүлэг байгуулахуйц сөрөг хүчин бүрэлдээд байна. Дээр нь ИЗН-ын С.Оюун, дөрвөн бие даагч нэмэгдсэнээр парламентын 76 суудал бүрдэж байна. Нэгэнт АН олонхи болж Засгийн газраа дангаараа бүрдүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй учир аль нэг улстөрийн хзүчинтэй эвсэж ажиллах нь тодорхой. Харин парламентын босго давчихаад байгаа гурван улстөрийн хүчний алинтай нь эвсэх нь АН-ын улстөрийн карьерт ихээр нөлөөлөх юм. 29 суудалтай МАН-тай эвслээ гэхэд ах нар маш том, хатуу болзол тавина. Цаашлаад өнөөдөр байгаа ТӨХ, Эрдэнэт зэрэг томоохон суудлуудаа авч үлдэх гэнэ. Энэ мэтээр 10 гаруй жилийн дараа арай гэж олдсон ялалтын бялууны ихэнх хувийг хүртэх гээд зүтгэнэ. Хамгийн гол нь өнгөрсөн дөрвөн жил хангалттай муу хэлүүлсэн өнөөх МАНАН бүлэглэл эргээд нэгдлээ, улстөрийн манан ахин татлаа гэсэн ард түмний дундах шүүмжлэл өрнөж, итгэл нь алдарна. ИЗНН-тай эвсэе гэхээр суудлын тоо хүрэхгүй. Уг нь хамгийн боломжийн хувилбар байх байлаа. Ингээд адаг сүүлд нь МАХН-МҮАН шударга ёс эвсэл үлдэж байна. Яаж ч бултаад, аргаад нэмэргүй энэ хувилбарыг сонгохдоо хэрхэн уран бэрийн нүүдлийг хийх вэ гэдэг л байгаа. Намынхаа нэрийн цаанаа үлдсэн экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг од болгочихгүйн тулд хамгийн зөв тохироог хийх хэрэгтэй болж байна. Сонгуулиас хойшхи хэд хоногт ийм сонголтыг хийн МАХН-МҮАН эвсэлд эхний саналаа хүргүүлсэн. Энэ эвслийнхэн ч тэднийг удаан хүлээлгэж тэвдүүлэлгүй саналыг хүлээж авсан байна. АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай утсаар холбоо барьж дараа нь биечлэн уулзалт хийсэн гэх. Н.Алтанхуягийн санаачлагыг Н.Энхбаяр тун болгоомжтой хүлээн авч, нөхцөл байдлыг сайн шинжлэх ёстой гэсэн байр суурийг баримталж буй бол ядарсан үед нь тус болсон намынх нь нөхөд тун ч баяртай байгаа гэнэ. Тиймээс л УИХ-ын гишүүн Ч.Улаан тэргүүтнүүд яаран сандран хэвлэлийн хурал зарлаж шинээр байгуулагдах Засгийн газарт уриалгахан орно гэдгээ мэдэгдээд авав. Харин тэдний энэ шийдвэрийг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таатай хүлээн авахгүй байгаа гэх. Тиймээс АН-ын удирдлагуудыг дуудан уулзаж МАХН-МҮАН-тай юу бодож эвсэж байна? Эвслээ ч танай Засгийн газрын хувь заяа бүрхэг байна. Тэгээд ч ирэх 2013 онд эвслээс би ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Та нар намайг дэмжих гээд байна уу? Н.Энхбаярыг дэмжих гээд байна уу? гээд бодлогоо тодорхой болгоорой. Ийм хэлэлцээр хийхийн оронд МАН-ын удирдлагатай учраа ол гэсэн утгатай заавар зөвлөгөөг өгсөн гэсэн яриа саарал ордноор таржээ. Саарал ордноор тэнэсэн бор шувуу хоосон худал жиргэдэггүй гэдэг. Ямартай ч тэдний эвсэл тийм ч дардан байхгүй нь. Шинэ спикерээр З.Энхболд очих нь Энэ намын хувьд олон намын нэгдлээс бүрдсэн учир үүзнээс улбаатай олон фракцитай. УИХ-ын гишүүн тодорсон эрхмүүдийн хэн нь ямар фракцид хамааралтайг авч үзвэл Алтангадас фракцид ерөнхийдөө экс социал демократууд буюу АН-ын дарга Н.Алтанхуяг, эрхэм гишүүн Р.Гончигдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, шинээр парламентад орж ирж буй Я.Санжмятав, А.Бакей, Б.Наранхүү нар багтаж байна. Хуучны Монголын үндэсний дэвшлийн намынхан болох мүдняк фракцийг Р.Амаржаргал, Д.Бат-Эрдэнэ, Н.Батбаяр, Б.Болор, Ц.Баярсайхан, Б.Гарамгайбаатар, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар төлөөлж буй. МоАХ гэж нөлөө бүхий фракц бий. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газарт орохгүй хэмээн мэдэгдэж байсан нэлээд тэмцэгч тус жигүүрт Х.Баттулга, Д.Ганбат, Ш.Түвдэндорж, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, Л.Болд, Ц.Оюунгэрэл нар хамаарна. Гол төлөв залуу гишүүдээс бүрддэг, нэлээд хожуу мэндэлсэн Шонхор фракцид Д.Ганхуяг, С.Эрдэнэ, С.Одонтуяа, З.Энхболд, Г.Баярсайхан, М.Зоригт, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Ж.Батзандан, М.Батчимэг нар орж байна. Эдгээр фракцуудын төлөөлөл Засгийн газарт эн тэнцүү багтах магадлалтай. АН-ын бүрэлдэхүүн дотор Улсын Бага Хурал, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, үе үеийн Засгийн газрын гишүүн асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Н.Батбаяр, Х.Баттулга, Ш.Түвдэндорж, Л.Болд нарын хүмүүс бий. Алтангадас фракцийнхнаас бусад нь Шударга ёс эвсэлтэй нэгдэж доошоо орохыг хүсэхгүй байгаа гэсэн яриа гарсан байна. Ямартай ч Өнгөрсөн парламентын хугацаанд байгуулагдаж намынхаа удирдлагуудыг хэдэнтээ дэнжигнүүлээд авсан Шонхор фракцийнхан олуулаа болж чадсан. Дээр нь ерөнхийлөгч тэдэнтэй ойр. Тэгэхээр санаачлагыг гартаа авахын тулд хамгийн их үүрэг гүйцэтгэх хүмүүс. Баттай бус эх сурвалжуудын ярьж буйгаар УИХ-ын даргаар З.Энхболд очих нь тодорхой болж байгаа гэх. Тэгэхээр хууль тогтоох байгууллагынхаа тамгыг гартаа оруулж байга агэснэ үг. Дараа нь Засгийн газрын бүрэлдэхүүнд хэдэн гишүүнээ оруулахыг нь харах үлдэж байна. Мэдээж Алтангадасынхан гүйцэтгэх засаглалаа гартаа оруулахыг хүснэ. Шударга ёс эвсэлд гурван сайдын суудал хуваариласан болохоор үлдсэн суудлыг хагарал үүсэхгүйгээр хуваарилах нь чухал байгаа. Ц.Ургамал www.times.mn
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй