Дарь-Эхийн зам засварт хөрс солих нөхцөл байдал үүссэн тул зорчих хэсгийг нээх хугацааг хойшлууллаа
2020-08-07 10:12:35 Нийтлэгдсэн: Нийгэм![Дарь-Эхийн зам засварт хөрс солих нөхцөл байдал үүссэн тул зорчих хэсгийг нээх хугацааг хойшлууллаа](/uploads/0bdba83cfdff400c07a87ab2aa6af4baaef56b20.png)
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нар өнөөдөр Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо Дарь-Эхийн гудамж-ны эхний ээлжийн 3.3 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын явцыг шалгалаа. Зам засварын ажлыг энэ сарын 10-ны өдөр гүйцэтгэж дуусах ёстой байсан. Гэвч ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүссэн тул тодорхой хугацаагаар хойшлогдож, зорчих хэсгийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра хэлэхдээ Дарь-Эхийн энэ зам түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр явж байсан. Гэтэл барилгын ажлын явцад хар шороо гарч ирсэн тул хөрсийг солих шаардлага үүсээд байна. Ийм хөрсөн дээр хучилт хийвэл даац, насжилтын хувьд чанарын шаардлага хангахгүй учир бид эхний ээлжийн 400 метр замыг хөлдөлтөөс хамгаалах дайрга, хайрга бүгдийг үе шаттайгаар хийж байж чанартай зам барина. Иймээс зорчих хэсгийг нээх хугацаа хойшлогдохоор нөхцөл байдал үүсээд байна гэлээ. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан үүсээд байгаа нөхцөл байдлыг шалгасны дараагаар Ийм хөрсийг хучиж хэрхэвч болохгүй. Стандартын дагуу хучилтыг хийж ажиллах ёстой. Хэдийгээр хоног хугацаа хойшилж байгаа хэдий ч чанартай зам барих нь чухал. Эхний ээлжийн 400 метр замын ажлаа яаралтай эхлүүлж, ажиллах хүчний ачааллаа нэмэх хэрэгтэй. Мөн хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажиллах ёстой. Зорчих хэсгийг нээх ажил 7-10 хоног хойшлогдохоор байгаа тул иргэд та бүхэн ойлгож хүлээж авна гэж бодож байна. хэмээсэн юм. Дарь-Эхийн замд 2010 оноос хойш засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүй байна. Борооны ус ихээр хуримтлагдаж, улмаар авто замын эвдрэл үүсгэдэг. Зам засварын ажлыг хийхдээ эхний ээлжийн 3.3 км авто замд нийт 12 ус зайлуулах шугам хоолойг суурилуулахаас гадна гэрэлтүүлэг, хоёр талаараа явган хүний замыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөллүүдтэй санал солилцлоо
2020-08-07 10:07:17 Нийтлэгдсэн: Нийгэм![Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөллүүдтэй санал солилцлоо](/uploads/116662931ae9834c8e306f5ea848c5a4998e9c32.jpg)
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр НҮБ-ын шилжилт хөдөлгөөний мэргэшсэн байгууллага Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын төлөөллүүдтэй уулзлаа. Монгол дахь салбар нь дотоодын шилжилт хөдөлгөөний талаар бодит цаг үеийн, олон талт мэдээлэл бий болгох ажлуудыг хийсээр ирсэн. Энэ дагуу Ковид-19 халдварт өвчин гарсантай холбоотойгоор эрсдэлийн бэлэн байдлыг цаг ямагт хангаж, цар тахал тархсан үед авах арга хэмжээг оновчтой төлөвлөж, чанаржуулахад НЗДТГ-тай хамтран иргэдийн орж, гарах урсгалын талаарх бүртгэл мэдээллийг сайжруулах ажлыг гурван сарын хугацаанд хэрэгжүүлсэн. Тус үйл ажиллагаанд шилжилт хөдөлгөөний талаар бодит цаг үеийн мэдээлэл авахад ашигладаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ОУШХБ-ын ДТМ арга хэрэгслийг ашигласан. НЗДТГ нь шаардлагатай тохиолдолд тус арга хэрэгслийг ашиглаж, бие даан хэрэгжүүлэх, боловсон хүчин болоод техник, технологийн хувьд боломж бүрдэх юм. НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнд дотоодын шилжилт хөдөлгөөн, ялангуяа Улаанбаатар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний талаар шинэ, өмнө нь ашиглагдаж байгаагүй хэрэгцээт мэдээлэл, төлөв, хандлага ажиглагдсан. Энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлж, нийслэлийн шилжилт хөдөлгөөний талаар бодит тоон мэдээллийг ойрхон, давтамжтайгаар цуглуулах, улмаар шилжилт хөдөлгөөнд оролцож буй иргэдийн талаар бодит цаг үеийн, олон талт мэдээллийг бий болгох замаар судалгаанд суурилсан ухаалаг төлөвлөлтийн дагуу иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээг чанаржуулахад НЗДТГ-тай хамтран ажиллах хүсэлтэй байна. ОУШХБ-аас ажлын чиг үүрэг гарган, төсөв санхүүгийн асуудлыг ярилцаж боловсон хүчний асуудал дээр анхаарч цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзлаа
2020-08-07 10:04:33 Нийтлэгдсэн: Нийгэм![Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзлаа](/uploads/ba50c21df5eca28866b34b19783a441d21ac4433.jpg)
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн банк хамтран өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрүүд болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа төслүүдийн талаар санал солилцов. Уулзалтын эхэнд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев Хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлье. Дэлхийн банк нийслэлтэй олон жил өргөн хүрээнд хамтын ажиллагаатай явж ирсэн. Бид өнгөрсөн хугацаанд Улаанбаатар- Цэвэр агаар төсөл-ийг амжилттай хэрэгжүүлж байгааг та бүхэн мэднэ. Цаашид арьс шир боловсруулах байгууламжийг сайжруулах төсөл болон Улаанбаатар хотын авто зам, нийтийн тээврийн үйлчилгээг дээшлүүлэх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх саналтай байна. Төслийн судалгааны ажлууд хийгдсэн. Судалгааны тайлангуудыг нийслэлийн холбогдох газруудад өгсөн. Энэ төсөл хэрэгжихэд нийслэлийн дэмжлэг их чухал гэдгийг онцолж хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Дэлхийн банктай Улаанбаатар хот урт хугацаанд түнш явж ирсэн. Монгол Улс эдийн засгийн хүнд үед ороход ч гол түнш нь байсаар ирсэнд талархалтай байдаг. Улаанбаатар- Цэвэр агаар төсөл нь агаарын бохирдлыг бууруулах ажилд чухал нөлөө үзүүлсэн. Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй төслүүд ард түмний санал, хэрэгцээнд тулгуурласан байдгаараа давуу талтай байдаг. Төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах, арьс шир боловсруулах байгууламж, хотын авто зам, нийтийн тээврийн үйлчилгээг дээшлүүлэх энэ төслүүд бүгд чухал төслүүд учраас амжилттай хэрэгжүүлэх талд нийслэл бүх талаар дэмжиж, хамтарч ажиллахад таатай байх болно хэмээсэн юм. Уулзалтын төгсгөлд талууд нийслэлд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн явц, анхаарах асуудлаар дахин мэдээлэл солилцож ажиллахаар тохиролцов. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Засгийн газрын гишүүд хотын удирдлагуудтай уулзаж, салбар хоорондын уялдааг сайжруулах талаар хэлэлцлээ
2020-08-07 10:01:43 Нийтлэгдсэн: Нийгэм![Засгийн газрын гишүүд хотын удирдлагуудтай уулзаж, салбар хоорондын уялдааг сайжруулах талаар хэлэлцлээ](/uploads/e2ff5d72dace56631a04e216d0b6b19c7fd48703.jpg)
Засгийн газрын гишүүд өнөөдөр нийслэлд ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд салбар хоорондын үйл ажиллагааны уялдааг сайжруулах чиглэлээр уулзаж, санал солилцлоо. Уулзалтад УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн П.Анужин, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон нийслэлийн холбогдох албаныхан оролцсон юм. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийслэлийн эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэхдээ Монгол Улсын хүн амын 46.7 хувь нь нийслэл хотод амьдардаг. Нийт өрхийн 54.5 хувь нь гэр хороололд амьдарч байна. Иймд бид ирэх өвөл Улаанбаатар хотод сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг байгуулах замаар агаарын бохирдлыг 80 хувь бууруулах зорилт тавин ажиллаж байна. Сайжруулсан түлш үйлдвэрлэхээс гадна түгээлт, борлуулалтын зөрүү татаасын асуудал чухлаар тавигдана. Өнгөрсөн өвөл түлш борлуулах 389 цэг ажиллаж байсныг энэ онд 1000 гаруй борлуулалтын цэг болгон нэмэгдүүлэх саналтай байна. Мөн хөрс, орчны бохирдлын асуудлаар нүхэн жорлонг эрүүл ахуйн шаардлага хангуулах тал дээр анхаарч ажиллана хэмээн онцоллоо. Мөн хот байгуулалтын хүрээнд ирэх дөрвөн жилд Азийн хөгжлийн банктай хэрэгжүүлж буй зургаан дэд төвийг ашиглалтад оруулахаас гадна Дагуул хотуудыг бий болгож, 150 мянган айл-орон сууц үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ялангуяа УИХ-аар батлагдсан шинэ Зуунмод, Аэросити, Майдар хот болон алслагдсан дүүргүүдээ төрөлжсөн хөгжилтэй бие даасан хот болгон хөгжүүлэх бодлогыг Хөгжлийн алтан тойрог баримт бичигт тусгаад байна. Мөн шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт, авто замын шинэчлэл, борооны ус зайлуулах шугам хоолойг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулах чухал ажил бий. Эдгээр асуудлаар салбарын яамдтай уялдаа холбоогоо сайжруулж ажиллахаа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар УИХ, Засгийн газар маш нягт хамтран ажиллах шаардлагатай. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулсан алхмаа ахиулан 80 хувь хүртэл бууруулахаар зорьсон. Хотын түгжрэл, цэвэрлэх байгууламж, эрчим хүчний хомсдол, авто замын стандарт, чанар гээд тулгамддаг олон асуудлыг шийдвэрлэх, иргэдийн ая тухтай амьдралын нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө уялдаа холбоогоо сайжруулан ажиллах шаардлагатай байна хэмээлээ. Уулзалтын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орохтой холбоотойгоор нийтийн тээврийн чиглэлийг шинээр бий болгох асуудлыг нийслэл анхааралдаа авах хэрэгтэй. Мөн ирэх жилүүдэд барьж байгуулах Богдхан төмөр замтай Хөгжлийн алтан тойрог буюу Дагуул хотуудыг холбосон замын ТЭЗҮ-ийг уялдуулж ажиллах шаардлагатай гэдгийг онцолсон бол Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хотуудыг төрөлжүүлж хөгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа инженерийн шугам сүлжээний асуудал нь цэгцтэй, нэгдмэл байх ёстой. Нийслэлтэй хамтарч орон сууцжуулах хөтөлбөрийг цогцоор нь шийдвэрлэнэ хэмээн хэллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
2020-2021 оны хичээлийн жилд Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй
2020-08-06 11:50:00 Нийтлэгдсэн: Нийгэм![2020-2021 оны хичээлийн жилд Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй](/uploads/b238de3eaaf21d7336b35fb0086c90fa245629a8.jpg)
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай А/451тоотзахирамжийн хэрэгжилтийг хангаж 2017-2018, 2018-2019, 2019-2020 оны хичээлийн жилүүдэд Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар хамтран төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл, элсэлтийг амжилттай зохион байгуулж ирсэн. Улсын Онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн харулдааны шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг дагуу боловсролын байгууллагуудын хичээл,сургалтын үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлүүлэх болсонтой холбогдуулан, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны хичээлийн жилд 2 настай хүүхдийг гэр бүлийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэх арга хэмжээ авах, цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 3-4 настай хүүхдийн тодорхой хувийг, 5 настай хүүхдийг сургуульд бэлтгэх зорилгоор бүрэн хамруулах шийдвэр гаргасан. Дээрх шийдвэрүүдтэй холбогдуулан 2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй болсныг мэдэгдэж байна. Харин бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг Шинээр элсэх 5 болон бусад насны хүүхдүүдийн бүртгэл, элсэлт 2020 оны 08 дугаар сарын 17-оос 08 дугаар сарын 21-ний өдрүүдэд; Өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагаа 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд тус тус харьяа цэцэрлэг дээр ажлын цагаар зохион байгуулах болсон байна. НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй