Иргэдэд зориулсан талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил 90 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Блю Скай зочид буудлын зүүн талд байрлах талбайн тохижилтын ажлын явцыг шалгалаа. Сурталчилгааны самбар байршуулах байдлаар ашигладаг байсан Ахмадын холбооны байрны уг газрыг нийслэлийн Засаг даргын шийдвэрээр цуцалж, өнгөрсөн зургаадугаар сараас тохижилтын ажлыг хийж эхэлсэн. Нийт 1250 метр.кв талбайд ногоон байгууламж бүхий тохижилтын ажлыг хийж байгаа юм. Ажлын явц 90 хувьтай байна. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Иргэд, олон нийтийг ая тухтай суух орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлыг хийхдээ чанар, стандарт анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн иргэдийн аюулгүй байх орчныг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулах ёстой гэдгийг хэлж байлаа. Мөн тэрбээр ирэх долоо хоногт ирж, ажлын явцыг дахин шалгана гэсэн юм. Нийслэлийн Хот, тохижилтын газрын дарга Г.Эрдэнэбаатар Тохижилтын ажлыг бид гэрээт хугацаанаас өмнө хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Одоогоор цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Ногоон байгууламж бүхий энэ талбайд нийт гурван төрлийн 450 орчим модыг нэмж суулгасан байгаа. Иргэдийн амарч тухлах сандалыг мөн хийж өгч байна хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Ж.Батбаясгалан: Зардлуудаа яаж хэмнэж болох вэ гэдэгт бүгд анхаарч ажиллах хэрэгтэй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр холбогдох албаны хүмүүстэй хуралдаж, нийслэлийн 2020 оны төсвийн орлого, зарлага болон хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл сонсож, төсвийн зарцуулалттай холбоотой асуудлаар холбогдох албаныханд зарим үүрэг чиглэл өгөв. НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нийслэлийн энэ оны төсвийн орлого, зарлагын талаар товч мэдээлэл хийж, орлого тасалдаж буй шалтгаан нь цар тахалтай холбоотой үүсээд буй нөхцөл байдлаас шууд шалтгаалж байгааг хэлж байлаа. Энэ онд нийслэлд хийгдэж буй төсвийн хөрөнгө оруулалтын талаар хийсэн товч танилцуулгадаа НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх 598 төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулагдсан 378 ажил 64 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Худалдан авах ажиллагааны шатанд байгаа 134 ажил байна хэмээв. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүнд боллоо. Энэ нь зөвхөн манай улсад тохиолдоод байгаа хүндрэл биш. Тэр ч утгаараа төсвийн тодотгол улсын хэмжээнд хийхээр болж байна. Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажил бол ард иргэдээ ажилтай, орлоготой байлгах, дээр нь нэмээд өнөөгийнх нь нөхцөл байдлаас дордуулахгүй байхын тулд хэд хэдэн төрлийн татварын хураамжаас чөлөөлсөн. Төсвийн орлого бүрдүүлэхтэй холбоотой тулгамдаж буй асуудлууд мэдээж бий. Гэхдээ бид иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг бууруулахгүй байхад анхаарч ажиллаж байна. Төсвийн тодотгол хийхэд зардлуудаа яаж хэмнэж болох вэ гэдэгт холбогдох газрууд анхаарч ажиллах хэрэгтэй. Хэмнэж болох бүх зардлуудаа болох хэмжээнд нь хүртэл хэмнэх шаардлагатай. Нийгмийн суурь үйлчилгээнээс бусад тэвчиж болох зардлуудаа эхлээд тооцож гаргах нь зүйтэй. Гэхдээ энд бас тодорхой хязгаарлалтууд тавина. Удахгүй сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээр болсонтой холбогдуулан хүүхдийн халдвар хамгааллын дэглэмд анхаарч, энд шаардагдах тодорхой зардлуудыг зайлшгүй гаргаж ёстой гээд цаашид эдийн засгийг дээшлүүлж болох ямар арга хэмжээнүүд байна гэдгийг албан ёсоор нэгтгэж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах үүрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өгсөн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Тахилтаас Авто цогцолбор хүртэлх авто болон төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлыг эхлүүллээ

2020 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих Тахилтын авто замаас Авто цогцолбор хүртэлх авто зам, төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлыг эхлүүлээд байна Төслийн хүрээнд 1,56 км урт, 14м өргөнтэй зорчих хэсэг /4 эгнээ/, 2 талдаа 1.0м өргөн ногоон байгууламж, 2.25м өргөн явган хүний зам, 0.5м өргөн шороон хөвөө, 2 цэгт ус зайлуулах Ф1000 хоолой, 2 талдаа гэрэлтүүлэг, авто машины 4, явган зорчигчийн 2 нүхэн гарцын ажлууд төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар хөрс хуулалт, ухмал, далан дүүргэлтийн ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Энэхүү баруун тойруугийн авто замын үргэлжлэл нь Орбит, Тахилтын авто зам болон 22-ийн товчоо чиглэлийн авто замыг холбосон шинэ холбоос зам үүсэж, улмаар хотын баруун хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, жигд хуваарилах болон гэр хорооллын дахин төлөвлөлтийг хурдасгах олон талын чухал ач холбогдолтой. НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Энэ долоо хоногт хэрэглээний халуун ус хязгаарлах ХУВААРЬ

Нийслэлийн дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарийг УБДС ТӨХК-аас танилцуулсан. Энэ үеэр хэрэглээний халуун усыг хязгаарлаж буй юм. Энэ долоо хоногт буюу VIII/04-VIII/11-нд дараах байршлуудад халуун ус хязгаарлаж, дулааны шугамд засвар үйлчилгээ хийнэ. Үүнд: 25-р эмийн сан, УБ палас, 10-р хороолол ДДТ-113, 114/төмөр замын арын хэсэг/ Техник импорт ХХК, Алтанзулын амины орон сууцууд, III эмнэлэг, нэгдүгээр хороолол орчим Сувилахуйн сургууль, Тэмүүлэл, Сайханбулган хотхон, Нар хажид сүм, Шинэ гэмтлийн эмнэлэг, Говь саун, IV хорооллын ДДТ-111,112, СОТ-3, III хорооллын эцэс орчим БҮК-ийн салаа, Фада-гийн салаа, Нийслэлийн өргөө салаа орчмын хэрэглээний халуун усыг долоо хоногийн хугацаанд хязгаарлах юм.

Сансарын ШТС-аас тунель рүү зүүн эргэхийг хориглолоо

Сансарын шатахуун түгээх станцаас Сансарын тунель рүү зүүн эргэхийг хориглолоо. Энэхүү зохицуулалт хэрэгжиж эхэлснээр: 1.Хойноос урагш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 610 байсан бол зүүн эргэхийг хориглосноор 675-700 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 10-14,7 хувиар нэмэгдэнэ. Гэрлэн дохионы нэг үеэр хойноос урагш чиглэлд хуучин горимоор 14-15,3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол шинэ горимоор 20-22,3 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэж байна. 2. Урдаас хойш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 731 байсан бол 1102-1150 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 50-57,3 хувиар нэмэгдэнэ. Гэрлэн дохионы нэг үеэр урдаас хойш бүх чиглэлд хуучин горимоор 20-22,3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол шинэ горимоор 35-36 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэнэ. 3. Зүүнээс баруун, баруунаас зүүн бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 1612 байсан бол шинэ гэрлэн дохионы горимоор 1773 болж уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 10 хувиар нэмэгдэнэ. Гэрлэн дохионы нэг үеэр баруунаас зүүн, зүүнээс баруун бүх чиглэлд 44-49,2 тээврийн хэрэгсэл уулварт нэвтрэн өнгөрдөг байсан бол шинэ горимоор 54-56,6 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэнэ. Эх сурвалж: Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.