Дундговь аймагт үйл ажиллагаа явуулж буй ураны компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Дундговь аймгийн Өлзийт, Баянжаргалан, Гурвансайхан, Өндөршил сумын иргэд, удирдлагууд УИХ-ын гишүүн С.Батболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандаж тус сумуудын нутаг дэвсгэрт ураны ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗТЭЙ АЖ АХУЙН НЭГЖИЙН үйл ажиллагааг ШАЛГАХ хүсэлтийг 2020 оны 05 дугаар сард гаргасан билээ. Нутгийн иргэдийн гаргасан тус хүсэлт, санал гомдлын дагуу МХЕГ арга хэмжээ авлаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад байгууллагын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагчдаас бүрдсэн хяналт шалгалтын баг энэ долоо хоногт Дундговь аймгийн Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Өндөршил сумын нутагт ураны ашиглалтын 3 ширхэг лиценз эзэмшиж буй Гурвансайхан ХХК-д ажиллав. Эдгээр байцаагчид Гурвансайхан ХХК-ийг цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн гэж үзэн үйл ажиллагааг нь зогсоож зөрчил дутагдал арилгах албан шаардлага хүргүүллээ. Энэхүү албан шаардлагын дагуу ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Гурвансайхан ХХК зөрчил дутагдалаа арилгах, байгаль орчны менежмент, аюулгүй ажиллагааны талаар нутгийн иргэд, оршин суугчид, орон нутгийн засаг захиргаанд танилцуулах үүрэг хүлээлээ. Ийнхүү Дундговь аймгийн Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Өндөршил сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг хайгуулын лиценз бүхий тус компанийн үйл ажиллагааг шалгаж өмнөх жилүүдэд удаа дараа тавьсан нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу төрийн холбогдох байгууллагууд арга хэмжээ авлаа.

Нийтэлсэн:
Баянзүрх дүүрэгт олон улсын стандартад нийцсэн иж бүрэн спортын талбай нээгдлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы гаргасан шийдвэрийн дагуу дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих шийдвэр амжилттай хэрэгжиж байна. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах Ерөнхий газрын баруун талд байрлах 1.8 га газарт цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулах ажил өнөөдөр дуусч нээлтээ хийлээ. Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид оролцов. Анх 2019 оны тавдугаар сарын 09-ний өдөр буюу жил гаруйн өмнө энэ талбай дээр Хотын Захирагч С.Амарсайхан биечлэн ирж, нөхцөл байдалтай танилцан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар зэрэг холбогдох байгууллагуудад нийтийн спорт талбайн тохижилтын ажлын зураг төслийг яаралтай боловсруулж, шаардлагатай хөрөнгө мөнгийг батлуулан тохижилтын ажлыг эхлүүлэх үүрэг даалгаврыг өгсөн. Энэ дагуу өнгөрсөн намраас эхлэн спортын талбай байгуулах ажил эрчимтэй хийгдэж, өнөөдөр ийнхүү хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар хичээллэх боломжтой газар нэгээр нэмэгдлээ. Хотын Захирагч С.Амарсайхан Хотын хөгжил хүний хөгжлөөр илэрхийлэгдэх учиртай. Бид хүн төвтэй бодлогын хүрээнд эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглалгүй олон жил болж, орчноо бохирдуулсан, хамгийн гол нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулах аюул эрсдэл бүхий газруудын эрхийг цуцалж, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай, дугуйн зам байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр энэ 1.8 га талбайг олон улсын стандартад нийцсэн иж бүрэн спортын талбай болгон тохижуулсан бүтээн байгуулалтын ажлыг хүлээн авч байна. Өнгөрсөн хугацаанд Чингэлтэй, Баянзүрх, Төв талбайд цэцэрлэгт хүрээлэн хийсэн. Одоо Баянхошуу уулын бэлд 3.8 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Тахилт, Цагдаа толгой, Хан-Уул дүүрэг гэх мэт газруудад ногоон байгууламж, өвлийн спортын ордон баригдаж байна. Улаанбаатар хотын өнцөг булан бүрт усалгаатай ногоон байгууламж, аюулгүй хүүхдийн тоглоомыг байгуулахаар төлөвлөж байна. Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнгээ удахгүй нээх гэж байгааг та бүхэнд дуулгах байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 158 нийтийн эзэмшлийн газрыг хот шийдвэр гарган буцаан авч тохижуулсан. Үүнд 16 эмнэлгийн гадна талбайг тохижуулж, гурван эмнэлгийг нисдэг тэргийн зогсоолтой болгож хэмээв. Энэ үеэр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн зүгээс хөлбөмбөгийн талбайн бүтээн байгуулалтын ажилд талархалтай байгаагаа Хотын Захирагч болон бусад холбогдох албаны хүмүүст илэрхийлж, цаашид ийм газруудыг олноор байгуулж өгөөрэй гэж хүссэн юм. Тохижилтын ажлыг Монгол менежмент төв ХХК гүйцэтгэсэн байна. Энэ хүрээнд 3450 ам метр талбайд 4.4 метр өргөнтэй, дөрвөн эгнээ 450 метр гүйлтийн зам, 5500 ам метр талбайд хөлбөмбөгийн талбай, 880 ам метр талбайд сагсанбөмбөг, гарбөмбөгийн талбай, 84 метр урттай 1.2 метр өргөнтэй уртын хариалтын зам, 1155 ам метр явган зам хийгджээ. Мөн үзэгчдийн суудал, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, төвлөрсөн бие засах газар бүхий олон улсын стандартад нийцсэн иж бүрэн спортын талбай нээгдэж, хүүхэд залуучуудын очих дуртай газар нэгээр нэмэгдлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийг Чингэлтэй болон Сүхбаатар дүүргүүдэд нээлээ

Жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийг Чингэлтэй болон Сүхбаатар дүүргүүдэд шинээр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа, ГБХЗХГ-ын Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул, НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч А.Илиза нар оролцлоо. Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол улсын засгийн газар болон НҮБХАС-ийн хамтран хэрэгжүүлж буй Монгол улсад ЖСХ, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох хариу арга хэмжээ авах үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилготой, ЖСХ-тэй тэмцэх нь төслийн хүрээнд энэхүү 2 төвийг нээж байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд нийт 11 төвийг шинээр байгуулснаар НҮБХАС-ын дэмжлэгтэйгээр Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Нэг цэгийн үйлчилгээний төв 17 болоод байна. Монгол улсын засгийн газраас ковид-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хөл хорио хязгаарлалтын дэглэм тогтоосноор хүн амын өдөр тутмын амьдралын хэв маягт эрс өөрчлөлт оруулсан нь олон нийтийн дунд стрессийн түвшин нэмэгдэж, зарим өрхийн түвшинд гэр бүлийн хүчирхийллийг дэврээх шалтгаан болж байгааг харгалзан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тавьсан саналын дагуу энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зориулан НҮБХАС-аас донор байгууллага болох Швейцарын хөгжлийн агентлагтай зөвшилцөн төслийн төсөвт яаралтай нэмэлт өөрчлөлт оруулж, дүүргийн захиргаанаас байр ажилтнуудын асуудлыг шийдсэнээр энэхүү 2 төвийг байгуулах боломж бүрдлээ. НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Энэ долоо хоногт дулааны шугамын засвар хийх ХУВААРЬ

Энэ долоо хоногт буюу зургаадугаар сарын 15-22-ны хооронд дараах газруудад дулааны шугамын засвар хийх тухай Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас мэдээллээ. Энэ үеэр хэрэглээний халуун усны хязгаарлалт хийх байршлууд: Бөмбөгөр худалдааны төв Гэсэр сүм Баянбүрд төв III, IV дүгээр сургууль VII дугаар хороолол Хангай хотхон 100 айл КТМС Цэцэг зочид буудал XII хороолол орчмын хэрэглэгчид XV хороолол орчмын хэрэглэгчид

“Драгон” төвийн зорчих орчныг сайжруулж, авто зогсоолын тоог нэмэгдүүлнэ

Сонгинохайрхан дүүрэгт байрладаг Драгон төвд хот хоорондын ачаа, тээвэр, төрөл бүрийн үйлчилгээг 20 гаруй жил иргэдэд үзүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд хот хоорондын зорчигч тээврийн голлох үйлчилгээ үзүүлдэг Драгон төвийн ачаалал нэмэгдэж авто зогсоолын хүрэлцээ хангалтгүй, эмх замбараагүй байдал үүссэнтэй холбогдууланхотын Захирагч С.Амарсайхан газар дээр нь очиж ажиллаж, Драгон төвийг дахин төлөвлөх, шинэчлэх, ногоон байгууламж бий болгох, иргэд зорчигчдын ая тухтай байдлыг бүрдүүлэхтэй холбоотой тодорхой үүрэг чиглэлийг холбогдох газруудад өглөө. Мөн хотын Захирагч С.Амарсайхан Драгон төвийн удирдлагуудтай уулзаж санал хүсэлтийг сонсож хамтран ажиллахаар болов. Тус төвөөр өдөрт 5000-6000 иргэд үйлчлүүлж, 500 гаруй авто машин тогтмол зорчдог байна. Драгон төвөөс 17 аймаг 240 гаруй сум руу тээврийн үйлчилгээ үзүүлдэг юм. Драгон холдинг ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Баярт Драгон төв үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жилийн нүүр үзэж байгаа. Баруун аймгуудад үйлчилдэг хот хоорондын тээврийн үйлчилгээг үзүүлж хөгжлийнхөө хугацаанд өнгө төрх өөрчлөгдөж байна. Гэхдээ энэ төв орчин цагийн шаардлагад нийцэхгүй болсон. Жишээлбэл зогсоол хүрэлцэхгүй, хөл хөдөлгөөн ихтэй, эмх замбааргүй гэх мэт. Харин анх удаа Нийслэлийн Засаг дарга манай төвийн үйл ажиллагаатай танилцаж шаардлагатай арга хэмжээг авахаар болсонд талархалтай байна. Бидний зүгээс төвийнхөө орчныг тохижуулж нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж, Драгон төвийг орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан олон улсын терминаль болгон хөгжүүлэх зорилготой гэв. Хотын Захирагч С.Амарсайхан Драгон төвд ажиллах үеэрээ тус төвийг дахин төлөвлөж шинэчилж, тохижуулж олон улсын стандартад нийцүүлэх асуудлыг бүх талаар дэмжиж хамтран ажиллахаар болов. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.