Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 50 км замыг УБТЗ амжилттай барьж дуусгалаа
2020-06-15 11:19:23 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын хөгжилд чухал үүрэгтэй шинэ төмөр замын бүтээн байгуулалт өнгөрсөн жилээс эрчимтэй өрнөж амжилттай хэрэгжиж байна. Энэхүү бүтээн байгуулалтад Монгол Улсын хөгжилд асар их үүрэг гүйцэтгэж ирсэн Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хамт олон чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тус нийгэмлэг өнгөрсөн онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр замын дээд бүтцийг богино хугацаанд чанарын өндөр түвшинд барьж, Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгсөн юм. Уг замыг УБТЗ болон манай үндэсний компаниуд өөрсдийн хүчээр барьж байгуулсан нь монгол хүний өөртөө итгэх итгэл урам зоригийг улам бадраасан түүхэн үйл явдал болсон билээ. Мөн энэхүү бүтээн байгуулалт нь УБТЗ-ын техникийн хүч бололцоо, мэргэшсэн чадварлаг хамт олны туршлага, ур чадварт тулгуурлах нь төмөр замын бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлэх үндэс болохыг тод харуулсан юм. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газар дараагийн төмөр замын том бүтээн байгуулалт болох Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад УБТЗ-ын хамт олныг татан оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү төмөр замын дээд бүтцийг барих бэлтгэл ажлыг УБТЗ-ын хамт олон богино хугацаанд амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын даланг армийн анги салбарууд барих ажилтай зэрэгцүүлэн УБТЗ-ын хамт олон Зүүнбаянд үе угсрах баазыг шинээр барьж байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэхүү баазыг амжилттай барьж байгуулснаар төмөр замын дээд бүтцийн үеэ ажлын фронтод ойр угсарч нийлүүлэх бололцоог бүрдүүлсэн юм. Тус үе угсрах баазыг барихын тулд нийтдээ 70 мянган метр/ куб газар шорооны ажил хийж, 400 метр урт краны зам, 6150 метр урт салбар замуудыг барьж, 20 тоннын краныг холоос зөөж авчирч босгосон байна. Ийнхүү бэлтгэл ажлаа сайтар хангасан УБТЗ-ын хамт олон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын эхний 50 км замын дээд бүтцийг богтно хугацаанд чанарын өндөр түвшинд амжилттай барьж Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өглөө. Энэ нь манай улсын хөгжилд 70 жилийн турш асар их үүрэг гүйцэтгэж ирсэн Улаанбаатар төмөр зам ХНН-ийн үүрэг оролцоо улам бүр өсөн нэмэгдэж байгаагийн тод жишээ болж байна. Мэдээллийн эх сурвалж: УБТЗ ХНН
Хорооллын доторх замд 20 км/цаг хурдыг хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа
2020-06-15 10:23:04 Нийтлэгдсэн: НийгэмАмралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 284дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтсэнээс 3 нь хүүхэд байна. Харин орон нутагт 2 хүний амь нас хохирчээ. Хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: Явган зорчигч мөргөх хэлбэрээр-6 Мөргөлдөх хэлбэрээр-2 Онхолдох хэлбэрээр-2 Унадаг дугуйтай мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 2020.06.12-ны 22:20 цагийнорчим Төв аймгийн Сүмбэр сумын 1-р багийн нутаг дэвсгэр /сумын төв/-д шороон замд Toyota Prius маркийн Ш жолоочтой автомашин явган зорчигч 35 настай, эрэгтэйгмөргөж амь насыг нь хохироосон 2020.06.14-ний21:00 цагийнорчим Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй амь нас нь хохирсон хэргүүдийг шалгаж байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 2 зөрчил бүртгэгдсэн байна. Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 208 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан. Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 4.4 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 35.2 хувиар тус тус буурч, бүртгэгдсэн зам тээврийн осол 1.4 хувиар, ослын улмаас нас барсан хүн 50хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн хорооллын дотор замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээр тогтоосон 20 км/цаг хурдыг хэтрүүлэхгүй байх, явган хүний гарц гарамтай авто замын хэсгүүдэд явган зорчигч нарт зам тавьж өгөх, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, бага насны хүүхдийг заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Эх сурвалж:ТЦА
Байдрагийн гүүр–Алтай чиглэлийн 60 километр замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ
2020-06-15 10:10:11 Нийтлэгдсэн: НийгэмБайдрагийн гүүрАлтай чиглэлийн 126.7 километр хатуу хучилттай авто замын эхний 60 километр замыг ашиглалтад оруулж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн М.Билэгт, гүйцэтгэгч компанийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс, орон нутгийн иргэд оролцов. Энэхүү авто зам нь концессийн гэрээний маргаанаас үүдэн 10 жил гацсаны эцэст өнгөрөгч 2019 онд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан үүссэн зөрчлийг шуурхай шийдвэрлэж, барилгын ажлыг эхлүүлжээ. Ерөнхий гүйцэтгэгч Макс рөүд ХХК энэ жилийн зам барилгын ажлыг дөрөвдүгээр сарын 06-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд одоогоор барилгын ажлын талбайд 700 орчим хүн хүч, 200 гаруй машин механизм ажиллаж, нийт ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус авто замын барилгын ажлын хүрээнд СТВ хольцны гурван үйлдвэр, асфальтбетон завод 2, хоолой цутгалтын үйлдвэр 2, чулуу ангилан бутлах 5 үйлдвэр, тээрмийн үйлдвэр 1, бетоны 1 үйлдвэр ажиллаж байна. Уг авто замыг энэ онд багтаан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Шадивлангийн зуслангийн 12 байршилд орц гарц чөлөөлөх ажлыг зохион байгууллаа
2020-06-15 09:49:23 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын 2020 оны Ногоон бүсийн зусланд газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А/454 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан.Тэгвэл өнөөдөр Зуслангийн бүсэд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Шадивлан орчмын зуслангийн бүсэд ажиллав.2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан. Зуслангийн бүс нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 23872,2 га газар нутгийг хамардаг бөгөөд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийт 12334 айл өрх, аж ахуйн нэгж газар эзэмшиж, ашиглаж байна. Одоогийн байдлаар зуслангийн 4 амны ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх зургийн даалгаварыг батлуулаад байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал 2020 он гарсаар нийслэлийн нутаг дэвсгэрийн ногоон бүсэд өнжмөл өвсний түймэр 273 удаа гараад байна. Тиймээс Нийслэлийн нутаг дэвсгэрт оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зуслангийн бүсэд иргэд чөлөөтэй нэвтэрч амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, ой хээрийн түймэр болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийн автомашин чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Ногоон бүсийн зусланд газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А/454 дүгээр захирамж батлагдсан. Тус ажлын хүрээнд нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 26 зуслангийн аманд үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ ажил иргэдийн дэмжлэгтэйгээр хамтран ажиллаж үр дүнд хүрэх учиртай.Эхнээсээ иргэд орц гарц нээх асуудлыг дэмжиж байгаа учраас энэ ажил үр дүнтэй болж Шадивлангийн 12 байршилд орц гарцыг амжилттай нээгээд байна гэв. Шадивлан зуслангийн тухайд 896.9 га талбайг эзэлдэг бөгөөд 176 өрхийн 528 хүн амтай. Судалгаагаар Шадивлан зуслангийн аманд илүү талбай хашаалсан, ойн сан руу орж хашаалсан 687 зөрчлийг илрүүлээд байгаа бөгөөд ойн сан руу орох орц гарцыг 12 байршилд нээхээр байршлыг тодорхойлсон. Тиймээс Шадивлан зуслангаас эхлэж байна. Ажлын хэсэгт нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран орц гарц чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Нийт 65 албан хаагчид оролцож байна.Цаашдаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө баримтлан дүүргүүд газар олголт хийх, кадастрын зургийн дагуу хашаа бариулах, орц гарц гаргаж газар зохион байгуулалтыг хийх, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авах шаардлагатай байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Хоёр давхар цахилгаан автобус удахгүй нийтийн тээврийн үйлчилгээнд гарна
2020-06-15 09:37:50 Нийтлэгдсэн: Нийгэм Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хоёр давхарцахилгаан автобусыг энэ сараас эхлэн туршиж байгаа билээ. Уг автобусаар өнөөдөр хотын Захирагч С.Амарсайханзорчиж, аюулгүй, тохилог, тав тухтай нийтийн тээврийн үйлчилгээг 7 сард багтаан иргэдэд хүргэхээр болсныг дуулгалаа. Тэрбээр энэ үеэр Эдийн засаг, экологид ээлтэй, иргэдийг ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн, өвөл цантахгүй зэрэг олон давуу талтай энэ автобусыг ашиглах нь хотын бидний давуу тал. Эхний удаад ийм төрлийн 10 автобус орж ирсэн. Ирэх жил 40 ширхэг орж ирнэ. Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэхийн тулд бид парк шинэчлэлтийг хийхээр зорьж ажиллаж байна. Цаашид ч гэсэн энэ хүрээнд олон ажил хийгдэх болно. Эдгээр автобусын төлбөрийн хувьд улс, нийслэлийн төсөвт дарамт учруулахгүйгээр бидний одоо нэг нийтийн тээвэрт гарч байгаа зардлыг 90 хувь хэмнэх байдлаар өөрийн төлбөрөө өөрөө олох боломжтойгоороо давуу талтай гэсэн юм. Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон Хоёр давхар, эко автобус нь удахгүй нийтийн тээврийн үйлчилгээнд маршрутын дагуу явж эхэлнэ. Энэ нь 100 хувь цахилгаанаар ажилладаг автобус. Нэг цэнэглэлтээрээхоёр өдрын рейст гарах боломжтой буюу400 км явах хүчин чадалтай. Жилийн дөрвөн улиралд иргэдэд үйлчлэх боломжтой, зундаа сэрүүцүүлэгчтэй, өвөлдөө халаагууртай юм. Хоёр давхар автобусны тухайд нийт 70 хүний суудалтай гэсэн мэдээллийг өгөв. Эхний ээлжинд ийм давхар эко автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаанавтобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, дөрвөн ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй