Ууланд аялж, зугаалж байсан 800 гаруй иргэнийг буулгаж ой хээрийн түймрээс сэргийллээ

Цаг үеийн нөхцөл байдлын талаар НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ. Агаарын чанарын мэдээллийн хувьд PM10 болон PM2.5 хэмжээтэй тоосонцор, хүхрийн болон азотын давхар исэл стандартын хэмжээнд байна. Өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад PM10 хэмжээтэй тоосонцор азотын давхар исэл өндөр үзүүлэлттэй гарчээ. Энэ нь шороон шуурга болон, автомашины бөөгнөрөлтэй холбоотой хэмээн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал тайлбарлав. Түүнчлэн агаарын чанарыг сайжруулах ирэх оны өвөлд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Тавантолгой түлш компанитай хамтран сайжруулсан шахмал түлшний дулаан хадгалах хугацааг нэмэгдүүлэх, утааг бага хэмжээгээр гаргах асуудлаар туршилт хийж байгаа талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын А/487 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн ногоон бүсэд байгаль хамгаалагч, морин эргүүл тогтмол эргүүл хийж ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Байгаль орны газрын 32 урамшуулалт эргүүл, 32 байгаль хамгаалагч нар давхардсан тоогоор 400 гаруй удаа хяналт шалгалтын ажлыг хийжээ. Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа хэлэхдээ Өнгөрсөн долоо хоног цаг агаар сэрүүвтэр байсан тул нийслэлийн бүсэд ой хээрийн түймэр гараагүй. Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнт эргүүл ажилласнаар ойн хээрийн болон өнжмөл өвс шатаах хэрэг буурсан. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд өнжмөл шар өвс шатаасан тохиолдол 2, ил задгай хог шатаасан 3, гагнуур хийж байсан 12 тохиолдлыг илэрүүлж холбогдох арга хэмжээг авч ажилласан. Нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймрээс сэрэмжлүүлэхийн тулд хуурайшилттай цаг үед ууланд гарч аялж зугаалахыг ирэх сарын 10-н хүртэл хориглосон захирамж гарсан. Гэтэл захирамжийг зөрчиж ууланд аялж, зугаалж байсан 800 гаруй иргэн, 250 автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж болзошгүй гал түймрээс сэргийлэх арга хэмжээг авлаа гэв. Хуурайшилтын үед иргэдэд ойн хээрийн болон гал түймрийн сэрэмжлүүлэг хүргэж ажиллаж байгаа бөгөөд зуслангийн бүсэд иргэд гагнуур хийх зөрчил гаргасаар байгаа аж. Иймд болзошгүй гал түймрийн эрсдлээс урьдчилан сэргийлэхийг албаныхан зөвлөв. Мөн нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн албад хамтран нийслэлийн хэмжээнд 5 чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж ой хээрийн болон өнжмөл өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа юм. Дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа хүргэсэн юм. Сүүлийн 24 цагийн байдлаар энэ төрлийн халдвараар АНУ, Итали, Испани, Герман, Франц, Их Британи, Турк, ОХУ, Бразил зэрэг улс орнуудад хамгийн их өвчлөл бүртгэгдээд байна. Монгол Улсын хувьд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 140 тохиолдол бүртгэгдээд буй. Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 949 иргэн байгаа бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төв болон Яаралтай түргэн тусламжийн 103 хариуцан ажиглаж байгаа аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Мөнх-Оргил танилцуулав. Тэрбээр Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад дэд бүтэц болон бусад салбарын 13 төсөл, боловсрол, соёл урлаг, спортын салбарын гурван төсөл, нийт 16 төслийг нэмэх саналыг оруулж байна гэв. Мөн нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 20/20 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт-аас авто зам, тээврийн салбарын хоёр төсөл, эрүүл мэндийн салбарын нэг төсөл, нийт гурван төслийг хасах саналтай байгаагаа зөвлөлийн гишүүдэд танилцуулж хэлэлцүүллээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Зарим төлөвлөгөөнд оруулсан төслүүдийг хасч оруулж ирдэг нь ямар учиртай юм бэ. Хасахаар оруулж ирсэн төслүүдийг эргэж харах нь зүйтэй. Хасахгүйгээр нөхцөлийг нь өөрчлөөд хэрэгжүүлээд явах хэрэгтэй гэв. Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэх болон хасах төслүүдэд саналуудаа хэлж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг НИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ Дараа нь зөвлөлийн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төслийн тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/406 дугаар захирамжаар Туул, Сэлбэ, Дунд голын урсацыг нэмэгдүүлж, эргийн дагуу иргэд, олон нийтийн эрүүл мэнд, соёл, амралтын тохилог орчин бүрдүүлэх боломжийг судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгээс холбогдох судалгааг хийж тохижилт хийх боломжит байршлуудыг тодорхойлжээ. Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу иргэд, олон нийтийн тав тухтай амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус орчмын газарт эрүүл мэнд, соёл, амралтын тохилог орчны бүтээн байгуулалтыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, гэрээ хийж хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ дагуу Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төслийн тухай тогтоолын төслийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх саналтай байна гэлээ. Хотын Захирагч С.Амарсайхан Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай харилцан санал солилцож, зарчмын нэг шийдэлд хүрэх нь зүйтэй. Зуны улиралд боломжтой газруудаа хот өөрсдөө Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тохижуулах нь хэрэгтэй. Холбогдох газрууд уялдаа холбоогоо сайн хангаж ажилла. Газрын алба тохижуулж нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгож болохуйц газруудын судалгааг гаргаж ажлын хэсэгт өгөх нь зүйтэй гэдгийг холбогдох албаныханд онцолж хэлэв. Ингээд Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй шаардлага хангахгүй хашаануудыг буулгаж, цэгцлэхажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Мөн тавдугаар сарын 15-ны өдрийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллахыг Хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаныханд үүрэг болгож, Ажлын хэсэг байгуулсан. Энэ дагуу стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг өгсөн юм. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Хотын Захирагч С.Амарсайхан Хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж, гудамж талбайг эвдэж сүйтгэн барьж байгаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хашааг цэгцлэх ажил үргэлжилж байгаа. Энэ ажлыг 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө цэгцэлж дуусах ёстой, холбогдох байгууллагын дарга нар өөрсдөө гарч ажилла, асуудалд хойрго хандаж, хэлтсийн дарга, мэргэжилтнээ явуулчихаад өөрсдөө хойшоо сууж байгаа албан байгууллагын дарга нартай хариуцлага ярина гэдгийг сануулья гээд энэ ажлыг улам эрчимжүүлэх зохион байгуулалтыг хийж ажиллахыг Хотын орлогч нарт болон холбогдох албаныханд онцгойлон анхаарууллаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сайжруулсан шахмал түлшнээс гарах үнсийг дахин боловсруулж ашиглана

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд болон дулааны цахилгаан станцуудын галлагаанаас гарч буй үнсийг агаар орчны бохирдлыг бууруулах, хөрсний бохирдол үүсэхээс сэргийлэн судалгаа шинжилгээнд оруулах, ангилан ялгах, тээвэрлэх, дахин ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын танилцуулгыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хүргэлээ. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/1206 тоот захирамжаар энэхүү ажлын хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан байна. Ажлын хэсгийн хурал нийт гишүүдийг хамарсан албан байдлаар таван удаа, албан бус цаг үеийн асуудлаар 12 удаа хуралдаж, тухай бүртээ ажлын явц, үр дүн, үүрэг даалгаврын биелэлт, дараагийн авах арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэн оролцогч талуудад дэмжлэг үзүүлэн ажиллажээ. Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Үнсийг барилгын материалын үйлдвэрлэлд нэмэлтээр ашиглах тохиолдолд шатаалтыг бүрэн явуулсан, хог хаягдал шатаагаагүй, стандартын шаардлага хангасан үнс байх шаардлагатай. Дутуу шатсан нүүрсний хэмжээ стандарт үзүүлэлтээс давсан үзүүлэлттэй байгаа тул үнсийг ашиглахын өмнө заавал шигшүүрээр шигшиж, дутуу шатсан нүүрс, хогийг ялгасны дараа дутуу шатсан нүүрсний агуулгыг тодорхойлох хэрэгтэй. Барилга архитектур корпораци барилгын материалын сорилт шинжилгээний лабораторитай хамтран энгийн, төслийн, нам даралтын зуухны шатаалтаас гарсан гэх гурван төрлийн үнсний дээжид физик механик үзүүлэлт тодорхойлох сорилт шинжилгээ хийлээ. Сонгинохайрхан дүүргийн 2, 3 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 7, 12 дугаар хорооны 7684 хашааны 11845 өрхийг сонгон туршилтын үнс ангилан тээвэрлэх ажлыг эхлүүлсэн. Гэр хорооллын айл өрхүүдийн сайжруулсан шахмал түлшнээс гарах үнс болон Дулааны цахилгаан станцуудын хаягдал үнсийг дахин боловсруулж ашиглана. Мөн өрхийн түвшинд үнсийг хөргөн, хогийг шигшин ангилан ялгалт хийж үнсийг тээвэрлэлт хийхэд бэлэн байх туршилтыг хийсэн. Айл өрхүүдэд хяналт тавин бүртгэл хөтлөн ангилсан үнсийг тээвэрлэн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт цуглуулалт хийж байна гэсэн мэдээллүүдийг өглөө. Түүнчлэн цахилгаан станцын үнсийг дахин уул уурхайн нөхөн сэргээлтэд ашиглах, авто замын барилгын ажилд дүүргэгчээр ашиглах зэрэг туршилтуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан Үнсийг шууд байгальд нь хаяж болохгүй. Буцааж ашигтай бүтээгдэхүүн болгох боломж байгаа учраас холбогдох дүүрэг, газрууд энэ чиглэлд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах шаардлагатай гэв. 3334 тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлжээ Дараа нь зөвлөлийн хуралдаанд сайжруулсан түлшний үйлдвэр Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой санал, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийсэн ажлын тайлан, сайжруулсан түлш нөөцлөх ажлын хүрээнд цаашид авах арга хэмжээний талаарх танилцуулгыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хүргэсэн юм. Тэрбээр Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 2, 3 дугаар бүст харьяалагдах айл өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж тараах ажлыг зохион байгууллаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан сайжруулсан түлшний агуулахаас Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Улаанчулуутын агуулахад 1279 тонн, Баянзүрх дүүргийн 21 дүгээр бааз буюу Ганц худгийн ойролцоо агуулахад 30 тонн, нийт 1309 тонн түлш нөөцөлж эхлээд байна. Нэмэлтээр Тавантолгой түлш ХХК-ийн Баянзүрх дүүргийн ШШГЕГ-ын хорих 441 дүгээр ангийн байранд 205 тонн, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт дундын баазад 738 тонн, бусад дөрвөн дүүргэд байрлах 10 дундын саравчинд 1082 тонн, нийт 2025 тонн түлш нөөцөлсөн. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 3334 тонн түлшийг тээвэрлэж нөөцөллөө гэв. Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах явцад төрийн албан хаагч нар, түлш борлуулагч, тээвэрлэгч, айл өрх, аж ахуйн нэгжид тулгамдаж байсан асуудал, дэвшүүлэх санал санаачилгыг нутгийн захиргааны нийт байгууллагууд, төрийн өмчит байгууллага, дүүргүүдээс авч нэгтгэлээ. Үүнд нийт 47 байгууллага давхацсан тоогоор нийт 404 саналыг ирүүлсэн. Үүнээс 323 нь дэвшүүлж буй санал, 81 нь тулгамдсан асуудлын талаарх санал байсан. Цаашид энэ хүрээнд Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр нутгийн захиргааны байгууллага болон төрийн өмчит байгууллагуудаас ирүүлсэн саналыг тус байгууллагад хүргүүлж хэрэгжүүлсэн ажлын тайланг сар бүр танилцуулах үүрэг чиглэлийг өгөх нь зүйтэй гэж орлогч Д.Мөнхжаргал онцолж хэллээ. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан Сар бүрийн 25-ны дотор Тавантолгой түлш ХХК иргэд, олон нийт болон нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн саналын дагуу хэрэгжүүлсэн ажлын тайлангаа холбогдох албаны хүмүүст ирүүлж байх нь шаардлагатай. Мөн энд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар тодорхой үүрэг хүлээж ажиллана гэдгийг онцоллоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн дүн, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцэв. Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1311 арга хэмжээг төлөвлөж, 100 хувиар биелүүлэн хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд Хот нийтийн аж ахуй, инженерийн хангамжийн байгууллагуудад өдөр тутамд удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. 2019-2020 оны өвөлжилтийн болон халаалтын улиралд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 15957 аж ахуйн нэгж, 224690 айл өрхийн хэрэглэгчдийг 7,382.0 мян.Гкал ачаалал бүхий дулааны эрчим хүчээр найдвартай ханган ажилласан байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд 98 нам даралтын халаалтын зуух, 133 барилга байгууламжийг төвлөрсөн дулаан хангамжид холбожээ. Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, засвар, арчлалтын ажлын хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, нийт 20 байршилд 24410 м3 лаг хагшаасыг цэвэрлэх, гаргалгаа хоолойн хэвийн ажиллагааг хангасан гэх зэрэг чиглэл бүрт олон ажлуудыг шат дараатай хийж гүйцэтгэсэн гэдгээ Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Түүнчлэн нийслэлийн 2020-2021 оны өвөл инженерийн шугам сүлжээнд хүндрэл гарч болзошгүй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, нутгийн захиргааны барилгын судалгааг дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газраас гаргуулан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны инженерийн шугам сүлжээнд үзлэг хийсэн. Үүнээс инженерийн шугам сүлжээнд гэмтэл гарч өвөлжилт хүндэрч болзошгүй зарим сургууль, цэцэрлэг, эмнэлгийн гадна дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ, дээврийн засварт шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг ерөнхий менежер Т.Гантөмөр зөвлөлийн гишүүдэд уламжлав. Мөн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1377 дугаар захирамжийн хэрэгжилтийн тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Тэрбээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 100 кВт/ц-аас дээш хүчин чадалтай 177 халаалтын зуухнаас 30 аж ахуйн нэгжийн 47 халаалтын зуухыг төвлөрсөн дулаанд, 12 аж ахуйн нэгжийн 12 зуухыг цахилгаанд, 15 аж ахуйн нэгжийн 26 зуухыг хийн халаалтад, таван аж ахуйн нэгжийн 9 зуухыг Сэлбэ дэд төвийн дулааны станцад, 46 аж ахуйн нэгжийн 71 зуухыг сайжруулсан түлш, уур үйлдвэрлэгч 69 аж ахуйн нэгжийн 81 зуухыг мидлинг хэрэглүүлэх техникийн шийдлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэлээ. Мөн нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлээр 8 заалт бүхий үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өгсөний дагуу хийж хэрэгжүүлсан ажлын биелэлтийг танилцуулсан юм. Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, танилцуулгатай холбоотой асууж тодруулах зүйлийг холбогдох албаны хүмүүсээс асуув. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан Холбогдох бүх байгууллагууд цаашид Засгийн газрын 62 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1377 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх авто зам шинэчлэлтийн ажил 45 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй 2020 оны томоохон шинэчлэлтийн ажлын нэг болох Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх 1.09 км авто замын ажил /Аюулгүйн тойргийн хамт/ -ыг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс гүйцэтгэж байна. Шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж, инженерийн шугам сүлжээ, асфальтбетон хучилтыг авч дууслаа. Үргэлжлүүлэн тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэж байна. Авто замын ажил бүрэн дууссаны дараа үе шаттайгаар Баянбүрдийн тойргийн шинэчлэлтийн ажлыг эхлүүлнэ. Тухайн авто зам нь 1988-1989 онд баригдаж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл нийт замын уртад бүрэн шинэчлэлт хийгдэж байгаагүй.Авто замыг шинэчлэснээр 3.75 м өргөн 6 эгнээ авто зам, 2 талаараа явган хүниий зам шинээр баригдана. НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.