ОХУ-аас иргэдээ татан авах ээлжит ажиллагааны бэлтгэл ажил хийгдэж байна
2020-05-21 09:27:27 Нийтлэгдсэн: НийгэмУлсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Эрхүү, Улаан-Үд, Кызыл хотууд дахь Ерөнхий консулын газрууд ОХУ-д оршин сууж буй иргэд, ялангуяа оюутан залуучуудыг бүсчлэн ээлж дараалан эх оронд нь хүргэх ажлыг холбогдох яам, байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа билээ. Өмнө нь Батлан хамгаалах яамны захиалгаар ОХУ-ын цэргийн их, дээд сургуульд суралцагчдыг, түүнчлэн Эрхүү, Улаан-Үд хот дахь Ерөнхий консулын харьяа тойргийн хотуудад амьдарч, суралцаж буй иргэд, оюутнуудыг эх оронд нь хүлээн авсан бол энэ удаад ОХУ-ын Европ тивийн хэсэг дэх хотуудын иргэд, оюутнуудыг Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай захиалгат нислэгээр 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хотуудын иргэд, оюутнуудыг Хиагт-Алтанбулагийн хилийн боомтоор мөн оны 05 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд хэсэгчлэн хүлээн авахаар холбогдох яам, байгууллагууд хамтран ажиллаж байна. 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар ОХУ-ын хэмжээнд эх орондоо буцах хүсэлт гаргасан 1000 орчим Монгол иргэд байгаа бөгөөд энэ удаагийн татан авалтаар тэдний 50 орчим хувь нь эх нутагтаа очих юм. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам энэ цаг мөчид 05 дугаар сарын 25-ны өдрийн шууд нислэг (онгоц нь 170 хүртэлх зорчигчийн суудалтай)-т бүртгэх иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, Улсын Онцгой комисст хүргүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү жагсаалтад нэгдүгээрт, сургууль болон дотуур байрны эрүүл ахуй, халдвар тархалтын байдал нь хүндэрч Монгол оюутнуудыг нутагт нь буцаах боломж гарсан даруйд эх оронд нь хүргэх ажлыг зохион байгуулахыг Элчин сайдын яамнаас албан ёсоор хүссэн сургуулийн оюутнууд, хоёрдугаарт, тухайн хотод ганц хоёроороо сурдаг, өмнө нь нутаг буцах хүсэлтээ гаргасан оюутнууд, гуравдугаарт, бага насны хүүхэд болон жирэмсэн, архаг, суурь өвчтэй иргэд, дөрөвдүгээрт, аль болохоор эмэгтэй оюутнуудыг тус тус бүртгэж байгаа болно. Бүртгэлд хамрагдах иргэдэд дээр дурдсан шалтгаанаас гадна нутаг буцахаар өмнө нь бүртгүүлсэн, тийзийн болон тусгаарлах байрны зардлыг төлсөн, коронавирусын шинжилгээ хийлгэж халдваргүй гэдгийг нотолсон лавлагаатай байх зэрэг нийтлэг шалгууруудыг тавьж байгаа бөгөөд шууд нислэгээр зорчих иргэдийн нэрсийн жагсаалтыг Улсын Онцгой комисс эцэслэх юм. Улсын Онцгой комисс Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Ерөнхий консулын газруудтай хамтран хийж буй энэхүү ажиллагаа цаашид үе шаттайгаар үргэлжилнэ. Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яам
Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг албадан буулгалаа
2020-05-20 16:59:09 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 5 сарын 15-ны өдрийн 12 дугаар хурлаас стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа газар болон барилга угсралтын талбайн хашаануудад хяналт тавьж засаж сайжруулах үүрэг даалгавар өгөгдсөн. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, дүүргүүдийн Засаг даргын тамгын газраас хамтран дээрх чиглэлээр хяналт шалгалтыг газар дээр нь зохион байгуулав. Өнөөдөр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаварын хүрээнд Баянзүрх дүүргийн 5, 19 хороодод авто зам хаасан, барилгын зөвшөөрөлгүй газар барилга барьсан, орчны аюултай байдал үүсгэсэн 2 барилгын хашааг албадан буулгалаа. Нийслэлийн хэмжээнд энэхүү чиглэлээр газар дээр нь үзлэг шалгалт хийж 150 байршилд 420 обьектэд зөрчил илрүүлэн мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд үүний дагуу зөрчлөө арилгаагүй иргэн, ААНБ-ын барилга, газрын хашааг албадан буулгах ажил үргэлжилнэ.
Автобусны буудлын сандал, хогийн сав, нийтийн эзэмшлийн гудамж талбайг халдваргүйтгэлийн бодис, угаалгын хөөсөөр цэвэрлэж байна
2020-05-20 14:57:48 Нийтлэгдсэн: НийгэмДэлхийн олон улсад тархаад буй Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх үүргийг хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаныханд өгсөн. Тус үүргийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн байгууллагатай хамтран нийтийн гудамж талбай, автобусны буудал, олон нийт цуглардаг үйлчилгээний байгууллагууд болон гэр хорооллын модон жорлонд халдваргүйжүүлэлт хийж байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрладаг сандал, хогийн сав, автобусны буудал зэргийг зориулалтын халдваргүйжүүлэлтийн бодис, хөөсөөр угааж цэвэрлэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Их сургуулийн гудамжинд байрлах 26 автобусны буудал, иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг гурван талбайг угааж, цэвэрлэжээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Б.Отгонсүх: 9 дүүргээс ажлын хэсэг гарч газар чөлөөлтийн чиглэлээр ажиллаж байна
2020-05-20 14:55:20 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсанажлын хэсэг зөвшөөрөлгүй барилга барьсан газруудыг чөлөөлөх ажлын явцтай танилцаж, газар дээр үүрэг чиглэл өгч ажиллалаа. Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийтдээ 740 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа. Тэрбээр Нийслэлийн 2020 оны Нэг хот-Нэг стандарт зорилтын хүрээнд 9 дүүргээс ажлын хэсэг гарч газар чөлөөлтийн чиглэлээр ажиллаж байна. Нийслэлд дөрөвдүгээр сарын 1-нээс хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд эхэлдэг. Үүнэтэй холбоотойгоор стандарт зөрчсөн, хууль дүрэм зөрчсөн хашаа, орц гарц, явган хүний зам талбай зэрэг газар чөлөөлтийн ажлыг шийдэхийн тулд 9 дүүрэгт ажлын хэсэг ажлаад явж байна. Миний бие өнөөдөр Банягол дүүргийг нутаг дэвсэгт хийгдэж буй газар чөлөөлтийн ажилтай холбоотой хүндрэлтэй байгаа газруудаар холбогдох албаныхны хамт шалган шийдвэрлээд явж байна Өнөөдөр шалгалтын явцад ямар асуудал гарсан вэ гэхээр хотхон дотор байшин бариад байгаа асуудал байгаа. Үүнийг бид цэгцэлж стандартад оруулах нь чухал. Хотод стандарт шаардлагад нийцсэн барилга, байууламж, бүтээн байгуулалтыг л хийх ёстой гэсэн зарчим барина. Тийм учраас өнөөдрийн ажлын хэсэгт нийслэлийн мэргэжлийн хяналт, стандартын газар, газар зохион байгуулалтын газрын мэргэжлтнүүд бүгд хамт явж байна. Мөн иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор явган болон авто замыг төлөвлөлтийн дагуу гаргуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг иргэдийн санал санаачилга, оролцоо, дэмжлэгтэйгээр хариуцах газар зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд БЗД-ийн 14-р хорооны Өгөөмөр зах орчмын орц гарцыг чөлөөлж, мөн дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр ХСҮТ-ийн орц гарцыг чөлөөлөөд байнагэв. Долоон дүүргийн хэмжээнд 150 байршилд 420 объектын зөрчлүүдийг арилгуулсан Мөн тэрбээр газар зохион байгуулалтын ажлын талаар хэлэхдээ Энэ сарын байдлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт 55.4 хувьтай үргэлжилж байна. Зарим ажлаас дурдвал, газар олгох үйл ажиллагааг тэгш, шударга байх зарчмыг ханган цахим биржээр дуудлага худалдааг өнгөрсөн хугацаанд гурван удаа зохион байгуулж 12 байршлын 5.5 га газрыг худалдан нийслэлийн төсөвт 259 сая төгрөгийг төвлөрүүлсэн. Мөн нэг хүн ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын өнгө төрхийг сайжруулах, нийтээрээ ашиглах зориулалт бүхий газруудын байршлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан, шинээр 38 байршлын 130 га талбайг нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн. Мөн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны цогцолбор, олон нийтийн төв зэрэг нийгмийн хангамжийн 12 барилга, байгууламжийн газрыг холбогдох байгууллагад нь эзэмших эрх олгосон. Улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын нөлөөлөлд өртсөн 175 нэгж талбарын 62.7 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлсөн байна. Түүнчлэн НЗД-ын захирамжийн хүрээнд долоон дүүргийн хэмжээнд 150 байршилд 420 объектын зөрчлий илрүүлэн, зөрчлүүдийг арилгуулсан гэсэн мэдээлэл өглөө.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд газрын зөрчил маргааныг хянан шийдвэрлэж байна
2020-05-20 13:52:21 Нийтлэгдсэн: НийгэмЧингэлтэй дүүргийн хэмжээнд газрын зөрчил, маргаантай асуудлыг шийдвэрлэхээр дүүргийн Засаг дарга Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх Байнгын зөвлөл-ийг байгуулжээ. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ш.Амартайван, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат нар газрын зөрчил маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг цахимаар хүргэлээ. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх Байнгын зөвлөл хуралдаж иргэдээс ирүүлсэн газартай холбоотой зөрчил маргааныг Газрын тухай хууль болон бусад холбогдох хуулиудтай уялдуулан хянан шийдвэрлэж байна. Иргэдээс ирээд шийдвэрлэгдээгүй удсан газартай холбоотой 942 өргөдөл гомдлыг Байнгын зөвлөл хэлэлцээд 533 өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн. Дүүргийн Засаг дарга дан ганцаараа газар эзэмших, ашиглах асуудлыг шийдвэрлэхгүй. Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх Байнгын зөвлөл-ийг байгуулснаар газартай холбоотой бүх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжтой болсон гэдгийг онцолж хэллээ. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын зөрчил маргаантай болон дур мэдэн эзэмшил газраа сунгасан болон зөвшөөрөлгүй хашаануудын судалгааг гаргаж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн байна. Чингэлтэй дүүргийн зургаан хорооны 21 байршилд 70 объектыг чөлөөлөхөөр болжээ. Мөн тус дүүргийн хоёрдугаар хороонд зөвшөөрөлгүй 15 гражийг буулгаж Жишиг өрхийн эмнэлэг баригдахаар барилгын ажлыг эхлүүлжээ. Зуслангийн бүсэд зөвшөөрөлгүй хашаа татсан, орц гарц хааж эзэмшил газраа тэлсэн асуудлыг шийдвэрлэсэн талаар Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ш.Амартайван мэдээллээ. Хууль бусаар олгогдсон газруудыг чөлөөлөх хяналт шалгалтын хүрээнд эрх хэмжээг хэтрүүлэн ашигласан, газар эзэмших эрхийг хууль бусаар олгосон, үндэслэлгүй шийдвэр гаргасан нь тогтоогдсон захирамжуудыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хүчингүй болгох захирамж гаргасан байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол Дүүргийн Засаг дарга Байнгын зөвлөлийн оролцоотойгоор газрын маргаантай асуудлыг хурдан шуурхай хуулийн хүрээнд шийдвэрлэж байна. 2007 оноос хойш шийдвэрлэгдээгүй дарагдсан 940 гаруй өргөдөлд тодорхой шийдвэр гаргасан. Цаашид 14 хоног тутас Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх Байнгын зөвлөл хуралдаж газрын маргааныг хянан шийдвэрлэнэ. Дүүргийн хэмжээнд дан ганц иргэдээс ирүүлсэн газрын зөрчил маргаан шийдвэрлэхээс гадна зөвшөөрөлгүй тавигдсан ТҮЦ-үүд, эзэмшил газраа дур мэдэн сунгасан хашаануудыг буулгаж цэгцэлж байна гэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй