Гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр 807 иргэнээ эх орондоо авчирна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 04 дүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр бусад улсаасСөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх иргэдийг татан авах бол 05 дугаар сарын 01-нд БНСУ-аас хүндэтгэн үзэн шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг эх орондоо авчирна. Эхний буюу 04 дүгээр сарын 30-ны Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр 7 улсаас 273 зорчигч,05 дугаар сарын 01-ний Сөүл-Улаанбаатарын нислэгээр БНСУ-д байгаа 271 зорчигч, 05 дугаар сарын 02-ны Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирэх юм. Өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй, жирэмсэн гэсэн үндсэн таван шалгуураас гадна иргэдийн хүсэлт оюутнуудын нөхцөл байдлаас шалтгаалаад оюутнуудыг энэ удаагийн нислэгт хамруулж байна. Мөн БНСУ-ын Хууль зүйн яамнаас визийн хугацаа хэтрүүлээд саатуулах байранд байгаа 33 иргэн, өршөөлийн аянд хамрагдаж байгаа 200 гаруй иргэнээсээ татан авах хүсэлтийг харгалзан нэрсийг гаргасангэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Улсын дугаар нь 4, 9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн татвараа төлөх хугацаа дуусахад 2 өдөр үлдлээ

Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусахад 2 хоног үлдсэн тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой. Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn, www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө. Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол: Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно. 1.Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/ 2.Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган, нисдэг машин салбар/ 3.Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/ Даваа ~ Баасан: 09:00 - 18:00 Бямба, Ням : Амарна 4.Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/ Даваа ~ Баасан: 08:30 - 20:30 Бямба, Ням: 09:00 - 19:00 5.Да хүрээ худалдааны төв Мягмар ~ Ням: 08:30 - 17:30 Даваа : Амарна НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна

Энэ оны 3 дугаар сарын 20-ноос эхлэн Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагч, гэрээт эргүүлүүд нийслэлийн ногоон бүсэд Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн Цагдаагийн албаны бүрэлдэхүүн бүхий багтай хамтран өдөр бүр эргүүлээр ажиллаж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг өгч, ногоон бүсийн айл өрхүүдээр түймрийн баталгаа биечлэн гаргуулж байгаа хэдий ч гагнуур хийх, өнжмөл өвс шатаах, үнс нурмаа ил задгай хаяснаас үүдэн ахуйн түймэр буурахгүй, улмаар ойн түймэр болон өргөжих эрсдэлтэй байгаа юм. Иймд иргэддээ хандан дараах зөвлөмжийг хүргэж байна. Хуурайшилтын үед: Өнжмөл өвс, хог шатаахгүй, Гагнуур хийхгүй, Ил задгай гал түлэхгүй, Ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй, Ойн дагалт баялаг түүж бэлтгэхгүй байх нь таныг болон бусдыг түймрийн эрсдэлээс хамгаална. Мөн тамхины ишээ бүрэн гүйцэд унтрааж, шашны аливаа зан үйл хийхдээ ил гал гаргахгүй, арц хүж, зул, лаа зэргийг асааж орхихгүй байх, цахилгааны утасны бүрэн бүтэн байдлыг мэргэжлийн байгууллагаар шалгуулж, аюулгүй байдлаа хангах, халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй, тусгайлан бэлдсэн таглаатай төмөр сав болон нүхэнд хийх, гэр, малын хашаа, саравч, өтөг бууцны эргэн тойронд хамгаалалтын шороон зурвас татах, хүүхдийг чүдэнз, асаагуур, бусад гал гаргах эд зүйлтэй явуулахгүй байх, түймрийн эрсдэл, аюулыг тайлбарлаж ойлгуулах, өөрийн хашаа, ойр орчмын нийтийн эзэмшил газарт түймэр гаргах эрсдэлтэй эд зүйл байвал түүж хаях, түймэр гарсан тохиолдолд иргэний үүргээ биелүүлж гал унтраахад дэмжлэг үзүүлэхийг иргэддээ уриалж байна. Ойн санд түймэр гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцох бөгөөд ойн сан бүхий газарт гал түймэртэй тэмцэх, түүнээс сэргийлэх талаар хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг болохыг анхаарна уу. НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

 Ачааны машиндаа 110 кг дэрвэгэр жиргэрүү нууж хил нэвтрүүлэхийг завджээ

Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2020 оны 04-р сарын 06-ний өдөр жолоооч Монгол улсын иргэн Г нь өөрийн унаж явсан VOLVO маркийн ачааны автомашины чиргүүлийн хананд 110 кг нэр нь үл мэдэгдэх ургамлын үр гэх зүйлийг нуужулсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Тухайн ургамлын үр нь Гаалийн Төв лаборторийн 2020 оны 04-р сарын 24-ны өдрийн шинжилгээний дүгнэлтээр дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үр гэж тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн шинжтэй байх тул цагдаагийн байгууллагад харъяалалын дагуу шилжүүллээ.

Шинэ Хөдөө буюу Монгол хүн Монголын баялаг

Хөгжил гэж юу? Хөгжил гэдгийг хүн хүн янз янзаар тайлбарлах байх. Гэхдээ ихэнх нь эдийн засгийн өсөлтөөр хэмждэг. Монгол улсын эдийн засаг өсөн тэлж байна. Том том барилгууд өдрөөс өдөрт нэмэгдэж байна, зам харгуй барилаа гэдгээр улс орныхоо эдийн засгийг төр засаг ч тайлбарлаад бид ч үүнд нь ийм л байх ёстой мэтээр хүлээж аваад сурчихаж. Угтаа би ажилгүй, миний гэр бүл орлогогүй хоногын хоол муутай бол тэр том барилга , зам талбай, байшин барилга сайхан байх надад юуны хамаатай... Аливаа улс орны хүн амын дийлэнх нь ядуу буурай, олсон орлого нь амьдралд нь хүрдэггүй, сэтгэл ханамж муу бол хөгжлийн үнэлэмж нь шууд доогуурт бичигддэг. Хүний хөгжлийн индекс нь хүний чадавхийн хөгжлийг харуулах бөгөөд ерөөсөө л эрүүл саруул байж, урт удаан наслах; эрдэм мэдлэг эзэмших; амьжиргааны зохистой нөхцөлд аж төрөх гэсэн үндсэн гуравхан хэмжигдэхүүнээр илэрхийлдэг. Зохистой нөхцөл гэдэг нь шууд утгаараа орлогоор хэмжигддэг. Манай улс хүний хөгжлийн индексээр дэлхийн 189 орноос 92-т буюу дунджаас доохнуур ангилалд багтаж байна. Нэг хүнд ногдох орлогын хэмжээгээрээ ч дунджаас доогуур буюу Армен Шриланк улстай хойно урдаа орж явна /2016 оны судалгаа/ Үнэндээ бол иргэд нь хэр сайхан амьдарч байгаагаар улс орны хөгжил яригддаг, үнэлэгддэг бол харамсалтай нь манайд эсрэгээрээ байна. УИХ, Засгийн газар, тэр ч бүү хэл тухайн харьяа газар нутгаас та биднийг төлөөлөн суугаа эрхэм гишүүдтэйгээ уулзахдаа хүртэл сургууль цэцэрлэгийн засвар, сумын төсөв нэмэгдүүлэх, зам тавиад өгөөч л гэж хүсдэгээс намайг ажилтай болго, миний орлогыг нэмэгдүүлэх боломжийг бий болго, миний бизнес эрхлэх мөнгө олох тэр нөхцлийг бүрдүүлээд өгөөч, энэ тал дээр та юу хийв? гэдэг асуудлыг огт тавьдаггүй. Нэг талаасаа сайхан амьдрахад орчин нөхцөл сайжрах, байшин барилга зам талбай янзлах, сургууль цэцэрлэгийн засвар хийх мөн л дөө. Гэхдээ ажилтай орлоготой хүн, өдрөөс өдөрт орлого нь өсөн нэмэгдэж байгаа хүн бол төрөөс, хэн нэгэн дарга даамлуудаас хараат бус харин өөрөө энэ боломжуудыг бий болгож чадна гэдэгт л гол учир нь байгаа юм. Та ажилтай, боломжийн орлоготой байвал ямар байх бол? -Чанартай сайхан хоол хүнсээр гэр бүлээ тэжээх -Өөрийнхөө төдийгүй гэр бүл үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарах. Чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авах -Үр хүүдийнхээ боловсролд анхаарах. Боловсролынх нь чанарыг сайжруулах. -Амьдрах гэр орон, орчин нөхцлөө сайжруулах. -Орлого олох нэмэлт үүсвэрийг бий болгох. -Гэр бүл ах дүү найз нөхөддөө, бусдад туслах боломжтой болох гээд олон нөхцөл боломжийг энд дурдаж болно. Нэг хүн биш нийтээрээ ийм болж байж улс орны эдийн засаг өсөх, дундаж давхарга нэмэгдэх, хот, аймаг, сум, багийн орчин нөхцлийг сайжруулах боломж нөхцөл нь бүрдэх юм. Энэ бол улс орны хөгжил. Боломж, шийдэл хаана байна вэ? 3,1 сая хүн амтай, хүн амын талаас илүү хувь нь хөдөө оршин суудаг, өргөн уудам газар нутагтай, уламжлалт МАА, газар тариалантай, байгалийн үр өгөөжтэй манай улсын хувьд энэ боломж нь хөдөөд л байна. Өнөөдөр манай улсад хүнсний 3000 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Манайдаа л томд тооцогдох Сүү ХК, Витафит ХК, АПУ гэх мэт томоохон үйлдвэрүүд бүгд л түүхий эдийн дутагдалтай байдаг гэнэ. Аарц сүү, ааруул, өрөм зөөхий хэд л бол хэдэн тонноор нь авна гэдгээ уулзалт болгонд хэлж байна. Харин хөдөөгийнхний хувьд боломж нь байгаа ч хөрөнгө санхүү байхгүй, тоног төхөөрөмж байхгүй. Авья гэхэд бэл бэнчин хүрэхгүй, хэдэн малынхаа тоонд л анхаарахаас чанарт анхаарах нөхцөл боломж муу, борлуулалтын сүлжээ байхгүй, төрийн болон орон нутгийн дэмжлэг муу, зээл тусламж хүрдэггүй зэргээс шалтгаалан дийлэнх нь өнөөдрөөр өдөр өнгөрөөж байгаа нь нууц биш. Гэтэл манай улсын ХАА-н бүтээгдэхүүний дийлэнх нь импортоор орж ирдэг бөгөөд сүү сүүн бүтээгдэхүүний 50 гаруй хувь, жимс жимсгэний 90 гаруй хувийг гаднаас зөөвөрлөгдөн орж ирдэг гэсэн харамсмаар статистик тоо гарч байна. Тухайлбал Сүү /үнээний / 15-20% Жимс жимсгэнэ 92-95% Хүнсний ногоо 58% Малын мах 14 хувь% гэх мэтээр гайхмаар бас халагламаар тоо үргэлжилнэ. Энэ бол нэг талаасаа боломж хаана байгааг харуулж байгаа хэрэг. Цаашид яах вэ? Эдийн засгийнхаа бааз суурийг ХАА-н үйлдвэрлэлээс бүрдүүлж, хөдөөд байгаа айл бүрээ үйлдвэрлэгч болох боломж, нөхцлийг бий болгож өгснөөр эзгүй тал нутаг сэрж, иргэн бүр ажилтай орлоготой болох юм. Ингээд бодвол Монголын хөгжил бол Монгол хүн юм. Монгол хүн ажилтай орлоготой, амьдралын түвшин сайжирч байж улс орны хөгжил яригдана. Монгол хүн бол Монголын баялаг. Энд ганцхан төрийн бодлого, өнөөдрөө биш маргаашыг харж хөрөнгө оруулалт хийх л үлдэж байна. Өнөөгийн УИХ-ын гишүүдээс Ж.Бат-Эрдэнэ гишүүн энэ гарцыг харж Шинэ хөдөө төслийг санаачилсан нь Булган аймагт 3дахь жилдээ хэрэгжиж түрүүчээсээ үр өгөөжөө өгч эхэлжээ. Үр дүн холын ирээдүйг нь харсан бусад аймгууд ч бас хэрэгжүүлсэн эхэлсэн бөгөөд одоогоор Хөвсгөл, Өмнөговь, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгуудад эхлээд явж байна. Хэдэн жилийн өмнө одоогийнЕрөнхийлөгч Х.Баттулга Шинэ сум төслийг санаачлан эхлүүлж байсан нь бас л нэг хувилбар байлаа. Булганд хэрэгжиж буй Шинэ хөдөө төсөл бол хүн амыг ажилтай орлоготой болгох, үйлдвэрлэл эрхлэх бүхий л боломж нөхцлөөр нь хангах, төрөөс бодлогоор дэмжих, зөвхөн хөдөө гэлтгүй улс орны эдийн засгийг бүхлээр тэтгэх төсөл юм. Хүнээ дэмжсэн, орлогыг нь нэмэгдүүлсэн улс орон л хөгждөг жамтай. МОНГОЛЫН БАЯЛАГ ХҮН-ээ хөгжүүлэх гарц нь хөдөөд байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.