ӨМНӨГОВЬ БРЭНД БҮТЭЭГЧИД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА САЙЖРУУЛНА

Өмнөговь аймгийн брэнд бүтээгчдийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөх үйлчилгээг BIG төвөөс зохион байгуулав. Энэхүү зөвлөх үйлчилгээнд дараах аж ахуйн нэгжүүд хамрагдаж өөрт хэрэгцээтэй мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг авлаа. 1. Диваажингийн зам хоршооны Говь сармис брэнд 2. Өнөд өвлөх урлахуй ХХК-ийн Хөмүүл брэнд 3. Удмын өргөө ХХК-ийн Хурга брэнд 4. Говь Гоо ХХК-ийн Говь Гоо брэнд 5. Их Говийн төгөл ХХК-ийн Говь чацаргана брэнд 6. Сүүн дэгжих ХХК-ийн Хүүлээ брэнд 7. Говь Трэвел Эксперт ХХК-ийн Nomad homestay брэнд Эдгээр аж ахуйн нэгжүүд брэнд бук (brand book)-аа хөгжүүлэхээс гадна брэндийн стратеги боловсруулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана. Зөвлөх үйлчилгээг 2020 он дуустал үргэлжлүүлнэ.

ШАДАР САЙД, УОК-ЫН ДАРГА Ө.ЭНХТҮВШИН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ НАР ТАНАА

Ковид-19 гэх дэлхийг нөмөрсөн аймшигт цар тахал, үлгэр домгийн Их-8, G-20-оос эхлээд өндөр хөгжилтэй бусад орнуудыг хөл алдуулж, даян дэлхийг бараг тэр чигээр нь чичрүүлж байна. Энэ аюулт өвчинд хүмүүс хэдэн зуун мянгаараа нэрвэгдэж, үй олон хүний амь насыг хар салхи мэт хаман авч явж байгаа тухай дуулдах юм. Харин Төв Азийн ядуу буурай жижигхэн Монгол Улс бусдаас танагтай явааг дэлхий өнөөдөр бишрэн харж байна. Энэ бол Улсын Онцгой комиссын бие бүрэлдэхүүний дайчин шуурхай ажиллагаа, эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтэн ажилтан ажилчдын ач буян. Сайд Сарангэрэл та салбарынхаа хамт олныг чадварлаг зохион байгуулж, төр засгийн эрх баригчдын анхаарлыг тэр зүгт хандуулан дэмжлэг авч, тэдний бодлого шийдвэрийг аюулт өвчний эсрэг оновчтой чиглүүлж, өөрсдөө санал санаачилга, сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаагийн үр дүн хэмээн үзэж ахмад сэтгүүлчид бид гүнээ талархаж байна. Ө.Энхтүвшин, Д.Сарангарал нартай Монголын сэтгүүл зүйн салбарт хамтран ажиллаж Монгол Улсад чөлөөт сэтгүүл зүйг үүсгэж хөгжүүлэн төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж явснаа ахмад сэтгүүлчид бид энэ цаг дор дурсан бахархаж Та бүхний өнөөдөр зохион байгуулж байгаа нөр их ажлыг тань дэмжиж байна. Та нараар уламжлан Монгол орны өнцөг булан бүрт аюулт өвчнийг сөрөн зогсож, сэрэмжлэн сэргийлэх, эмчлан эдгэрүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа нийт эмч мэргэжилтэн, сувилагч асрагч, ажилтан албан хаагчид, ялангуяа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олон, мөн Улсын Онцгой Комиссын бие бүрэлдэхүүнд талархалаа илэрхийлж тусгай чиг үүргийн салбаруудаа ухаалаг бодлого, оновчтой шийдвэр, шуурхай удирдлагаар хангаж, улам эрмэг зоримог, эрч хүчтэй, сонор сэрэмжтэй, өндөр хариуцлагатай ажиллахыг хүсье. Сүүлийн үед цөөнгүй хүн тайвшрах, амны хаалт хэрэглэхгүй байх, онцын шаардлагагүй атлаа сэлгүүцэн хэсүүчлэх, ялангуяа зуслан зэрэг хотын зах газруудад олноороо цуглаж бужигнах, хүүхэд залуучууд сагс, гар бөмбөг зэрэг олныг хамарсан тоглоом наадмыг хээр гадаа зохион байгуулах, хорооллын дотор болон орон сууцны орц хонгил, гудамж талбайн цэвэрлэгээ хангалтгүй байгаа зэрэгт ахмад сэтгүүлчид бид сэтгэл зовниж байна. Энэ цаг үед монголчууд бид эв нэгдэлтэй, чанд зохион байгуулалттай, өндөр хариуцлага сахилга баттай, онцгой сонор сэрэмжтэй байж чадсанаар тохиолдож болох өвчин бэрхшээл эрсдэлийг хохирол багатай даван туулах болно. Бид тайвшрах болоогүй. Цагийн байдал хүнд хэвээрээ, өдрөөс өдөрт шинэ шинэ нөхцөл бий болж байна. Иймд манай ахмадууд, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, аж ахуйн нэгж, албан газрын удирдлагууд, орон нутгийн төр захиргааны шат шатны байгууллагуудын эрх баригчид эв нэгдэлтэй байж атгасан шагай шиг хамтарч ажиллахыг ахмад сэтгүүлчид бид уриалж байна. Та бүхэнд амжилт хүсье. Ахмад сэтгүүлчдийг төлөөлж Д.Амбасэлмаа.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Т.Баасансүрэн.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч Л.Гүнсэн.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганболд.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц. Дашдондов.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Дорждулам.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Н.ДариймааМонгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Дамба. Ахмад сэтгүүлч, зохиолч Г.Жамъян.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч С.Зэвсэг.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч Б.Пүрэвдаш.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч Я.Сумъяа.Ахмад сэтгүүлч, редактор Х.Цэвлээ. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Цэдэн-Иш.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Шагдарсүрэн.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Р.Чулуун.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Энхбат.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

Долоо хоногийн тойм

2020-04-10 11:37:34 Нийтлэгдсэн: Нийгэм
Долоо хоногийн тойм

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны дөрөвдүгээр сарын 06-наас дөрөвдүгээр сарын 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Нийслэлийн удирдлагууд цахимаар оролцлоо Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган энэ 7 хоногт нээлтээ хийлээ. Дэлхий нийтэд тархаад буй шинэ коронавирусийн халдварын улмаас энэ удаагийн ээлжит чуулганыг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Чуулганы нээлтэд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Засаг даргын зургаан орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон Нийслэлийн харъяа газар, агентлагийн дарга нар цахимаар оролцов. Хаврын чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээлтэд оролцож, хэд хоногийн өмнө олон нийтэд хандаж гаргасан уриалгаа дахин танилцууллаа. Чуулганы энэ удаагийн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, СОVID-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, АЛСЫН ХАРАА-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх юм байна. Яармагт шинээр баригдаж буй нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв эмнэлэг удахгүй ашиглалтад орно Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байхаар болсон билээ. Хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хүргэлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд дэлхийн 40 гаруй улс орнуудтай Улаанбаатар хот ах дүүсийн харилцаатай хамтран ажилладаг бөгөөд эдгээр хотуудтай Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцож байгаа талаар дурдлаа. Өнөөгийн байдлаар Нью-Йорк хотод халдвараар өвчлөгчдийн тоо хоёр дахин нэмэгдэж байгаа нь иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байгаа учраас иргэдийг амны хаалтыг байнга хэрэглэж, хувийн ариун цэврээ сайтар хангахыг уриаллаа. Тэрбээр хэлэхдээ Иргэдийг тоо баримтаар айлгаж, сэтгэл санаагаар зовоохоос илүүтэйгээр бодит мэдээллийг өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хурдан шуурхай авч ажиллах хэрэгтэй гэдгийг онцолж хэлсэн юм. Хотын Захирагч С.Амарсайхан Covid-19 халдвараас үүдэж, иргэн аж ахуй нэгжийн орлого тасарч эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа инженерийн байгууламж хариуцсан аж ахуйн нэгжүүдэд тог цахилгааныг тасалж, төлбөр тооцоо нэхэж иргэдэд дарамт шахалт үзүүлэхгүй байхыг уриаллаа. Нийслэл хотын хэмжээнд өнгөрсөн оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн 2020 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, Таван толгой түлш ХХК-д үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний түгээлт борлуулалт, угаарын хийнээс урьдчилсан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажилласан бөгөөд үргэлжлүүлэн COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Өндөржүүлсэн бэлэн байдалд илүү цагаар үр дүнтэй ажилласан нийт 43 байгууллагын 2098 албан хаагчидад 855,9 сая төгрөгийн урамшуулалыг нийслэлээс олгосоныг Хотын дарга мэдээлэлдээ дурьдлаа. Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа өнгөрөгч 04 сарын 01-ний өдрөөр дууссантай холбоотойгоор цаашид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих, сайжруулсан шахмал түлшний борлуулалт, нийлүүлэлтийн асуудлыг дүүргүүдийн Засаг дарга нар бүрэн хариуцан ажиллах талаар дуулгалаа. Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хороолол орчимд баригдаж буй нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг яаралтай ашиглалтад оруулахаар болсон тухай мэдээллийг хотын Захирагч С.Амарсайхан олон нийтэд хандан хүргэлээ. Тус эмнэлгийн хувьд одоогийн байдлаар барилгын явц нь 95 хувьтай байгаа бөгөөд холбогдох яамдуудтай хамтран ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар болж байгаа тухай таатай мэдээллийг өглөө. Баянхошуунд 11000 айл өрх төвийн дулаанд холбогдох боломж бүрдлээ Баянхошуу дэд төвийн төвлөрсөн дулаанаар хангах даралт өргөх насос станц ирэх тавдугаар сард бүрэн ашиглалтад ороход бэлэн болжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тус станцын үйл явцыг шалгаж, ашиглалтад оруулахад тулгамдаж буй асуудал бий эсэх асуудлаар газар дээр нь очиж ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах тус станц нь ашиглалтанд орсноор 11000 айл өрхийг төвлөрсөн шугамд холбох, халуун хүйтэн усаар хангах боломж бзүрдэж байгаа аж. Даралт өргөх насос станцыг Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Нийслэлийн захиалгаар Азийн хөгжлийн банк, нийслэлийн хамтарсан санхүүжилтээр Janghan engineers, KFDHEC болон Одкон холидинг компанийн түншлэлээр барьжээ. Одоогийн байдлаар станцид туршилт тохируулгын ажлыг хийж байгаа бөгөөд 1100 м.куб усыг 60 метрийн өндөрт өргөх хүчин чадалтай юм байна. Даралт өргөх насос станц нь Баянхошуу хэсгийн өндөрлөг цэгт байрлаж байгаа айл өрхүүдэд дулааны эрчим хүчээр тасралтгүй хангах зорилготой бөгөөд үндсэн хоёр насос, нөөцийн нэг насос ажиллана хэмээн Одкон холдинг компанийн дулаан хангамжийн инженер Б.Золбаяр тайлбарлалаа. Тэрбээр Станцын аюулгүй байдлыг хангасан бүрэн тохируулгын ажил хийгдэж дууссан. Баянхошуу дэд төв хүртэл 3,2 км зайд оршиж байгаа учраас Баянхошуу дэд төв төвлөрсөн дулааны шугамд бүрэн холбогдож байна. Төвлөрсөн шугам дагуу газар чөлөөлж орон сууцны хороолол барих, гэр хорооллын айл өрхүүдэд төвийн дулаанд холбох боломж бүрдсэн, зөвхөн крант нээхэд хэрэгжихэд бэлэн болсон гэдгийг Хотын захирагч С.Амарсайханд дуулгав. Төрийн олон талт үйлчилгээг гэр хороолын иргэд дэргэдээсээ авна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн дэд бүтцийн салбарт хийгдэж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. Хотын Захирагч хэдэн сарын өмнө энд ажиллахдаа Бизнес Инкубатор сургалтын төвийн барилгын гүйцэтгэгчид хандан хана, хаалга, хаалганы бариулаас шалны хулдаас хүртэл чанаргүй, стандартад нийцэхгүй материалаар хийсэн байгааг нэн даруй солих, чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр өөрчлөх үүрэг чиглэлийг өгсөн. Энэ дагуу Баянхошуунд анх удаа төрийн нэг цэгийн үйлчилгээ бүхий бизнес инкубатор төвийн дотоод тохижилтын ажлыг чанар стандартын шаардлага хангасан материалаар гүйцэтгэгч компани хийж, бүрэн тохижуулсан байв. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд Бизнес Инкубатор сургалтын төвийн үйл ажиллагаа жигдэрч, иргэдэд үйлчлэх сургалтын төвүүд, нэг цэгийн үйлчилгээний танхимууд бэлэн болсон байна. Шинэ коронавирусийн цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосон учраас одоохондоо зарим үйл ажиллагаа зогссон. Хөл хорионы дараа бүх ажил хэвийн үргэлжилнэ гэдгийг Хотын Захирагчид хэллээ. Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын I хэсэг яндангүй, нүхэн жорлонгүй бүс болно Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороолол Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой, Монгол орны шашин, түүх соёл, аялал жуулчлалын төв хэлбэрээр хөгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөнд төлөвлөгдсөн байдаг. Тэр ч утгаараа хөрсний бохирдол, агаарын бохирдлыг багасгах зорилгоор Агаарын чанарыг сайжруулах бүсэд үе шаттайгаар нүхэн жорлонг багасгаж, янданг буулгах гуравдугаар бүсэд дангаараа хамаарагддаг. Гандангийн дэнжийн гэр хорооллыг бүрэн бохир, цэвэр ус, төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбохоор улс, нийслэлийн төсвөөр Орхон хэсгийн Ус дулаан дамжуулах төв-1, Туул хэсгийн Ус дулаан дамжуулах төв-4, Орхоны 3,4,5,7,10 дугаар гудамжуудын дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ хийгдэж байгаа ба Орхоны 1 дүгээр блокийн бусад гудамжуудын дэд бүтцийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, 2020 онд бүрэн ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Ажлын явцыг эрчимжүүлж, шаардлагатай техникийн нөхцөл авах, зураг төслийн ажлын газар дээр нь шийдвэрлэхээр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Орон сууц, дэд бүтцийн газрын дарга Г.Ганзориг, Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Цолмон, нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК-ны холбогдох албаны хүмүүс Гандантэгчинлэн хийд орчмын байршлуудад ажиллалаа. Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн шав тавих ёслол Налайх дүүрэгт боллоо. Шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаны хүмүүс оролцлоо. сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор Налайх дүүрэгт л гэхэд 1500 гаруй шууд ажлын байр шинээр бий болж, иргэдийн ажил амьдралд томоохон хувь нэмэр оруулах юм. Түүнээс гадна нийслэлийн агаарын бохирдол 70-80 хувь буурах тооцоо гарсан гэдгийг Ерөнхий сайд онцолж хэлэв. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих газрыг сонгохдоо төмөр зам, авто зам, цахилгаан сүлжээ, эдийн засгийн тооцоо судалгаанд үндэслэжээ. Жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэрийн барилга, дэд бүтэц, машин механизм, тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг Эрдэнэс Тавантолгой компани гаргах юм байна.Түүнчлэн шинээр барих үйлдвэр жилд 600 мянган тонн тортог бохирдол багатай, стандартад нийцсэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн есөн дүүргийн айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэгчдийн үлдсэн 50 хувийг бүрэн хангаснаар 2020-2021 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг одоогийн байгаа дээр нэмээд 20-30 хувиар бууруулах боломжтой аж. Хорооны хэсгийн ахлагч, олон нийтийн цагдаагийн ажиллах журмыг шинэчилнэ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан цахим хэлбэрээр хуралдлаа. Хуралдааны эхэнд Хорооны хэсгийн ахлагч, Олон нийтийн цагдаагийн ажиллах журмыг шинэчлэн батлах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал танилцууллаа.Олон нийтийн цагдааг Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу 2014 оноос эхэлж ажиллуулж эхэлсэн бөгөөд тус хуулийн 63 дугаар зүйлийн 63.10-д зааснаар олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл ногдуулах, хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах, нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох чиг үүрэгтэй байна. Шинэ коронавирус болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах чиглэлээр зохион байгуулж буй ажил, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор нийслэлд ажиллаж байгаа хэсгийн ахлагчийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр ажиллах олон нийтийн цагдаагийн тоог 1700 байхаар шинэчлэн батлах тухай тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах журмыг шинэчлэн боловсруулан хүргүүлж байгаа аж. Зөвлөлийн гишүүд уг журамд орж буй нэмэлт өөрчлөлтүүдэд санал солилцоод нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Налайхын барилгын үйлдвэрлэл, технологийн паркийн 4.7 км зам ашиглалтад ороход бэлэн болжээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркт ажиллалаа. Энэ үеэрээ тус паркийн чиглэлд баригдаж буй хүнд даацийн автомашин зорчих авто замын ажлын гүйцэтгэлийг шалгав. Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам баригдахаар болж, гүйцэтгэгч компаниуд өнгөрсөн онд ажлаа эхлүүлсэн. Уг замыг 40 метр өргөн, 30 см зузаан бетон цутгаж барьсан, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий цогц байдлаар барьж ашиглалтад оруулах юм. Өнөөдрийн байдлаар авто замын үндсэн бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссан, зам дагуух ногоон байгууламж, явган хүний болон дугуйн замын ажил хийгдэж байна. Зургаадугаар сарын 15 гэхэд ажил дуусна гэдгийг гүйцэтгэгч компанийн зүгээс Хотын Захирагчид хэллээ. Нийслэлийн төвийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар цахимаар мэдээлэл хүргэлээ. Өнгөрсөн тав хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдалд гамшиг ослын 68 дуудлага ирсэн бөгөөд үүнээс 50 орчим хувь нь шар өвс шатааснаас гал алдсан дуудлага байжээ. Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай А/487 дугаар захирамж гаргасан байна. Уг захирамжид иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2020 оны дөрөвдүгээр сарын 06-наас зургаадугаар сарын 10 хүртэл хоригложээ. Энэ дагуу нийслэлийн Онцгой байдал, Байгаль орчны газар, Цагдаагийн газрын 1340 албан хаагч төвийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийж ажиллаж байгаа аж. Эдгээр албан хаагчид ирэх зургаадугаар сарын 10-н хүртэл хөдөлгөөнт эргүүл хийнэ. Дэлхийн олон улсад тархаад буй covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар халдвараар өвчилсөн 16 тохиолдол илэрсэн бөгөөд нийт 1484 иргэн ажиглалтад байгаа талаар , НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ Сэжигтэй тохиолдол илэрч тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн. Нийт 4 иргэн бүрэн эмчлэгдэж гарсан. Гэхдээ тайвширч болохгүй үе учраас иргэд амны хаалтыг байнга хэрэглэж, хувийн болон ахуйн ариун цэврийг сайтар хангах шаардлагатай гэдгийг онцолсон юм. Түүнчлэн Covid-19 халдварын үед иргэд хувийн ариун цэврийг сайтар хангаж, эрүүл мэндийн газраас өгсөн зөвлөмж мэдээллийг дагаснаар томуу, томуу төст өвчлөлийн тоо эрс буурч байгааг дурдлаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

С.Амарсайхан: Хашаандаа сайхан амьдарч болдгийн бодит жишээ энд байна

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд амьдардаг, хувиараа бизнес эрхлэгч Б.Энхбатынхаар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр зочиллоо. Гурван хүүгийн аав, ээж Б.Энхбат, Б.Болорцэцэг нар хашаа байшингаа бусдад үлгэр жишээ болохуйц тохижуулсан төдийгүй төвийн шугамнаас усаа татаж, өрөөнүүддээ шалны халаалт суулгасан бөгөөд бохирын асуудлаа эко 00-оор шийдвэрлэжээ. Тэд өөрсдийн хашаа байшингийн зургаа сошиал сүлжээгээр цацсан нь олон хүний талархлыг хүлээгээд байгаа юм. Хотын захирагч ч мөн тэдний ажилч, хичээнгүй, хөдөлмөрч занг үнэлж, хашаа байшингаа хэрхэн тохижуулсныг нь очиж, сонирхсон нь энэ. Б.Энхбат хоёр жилийн өмнөөс хашаа байшиндаа бага багаар хөрөнгө оруулалт хийж, сагсны талбай, явган зам, гэрэлтүүлэг, саравч, савлуур хийхийн хажуугаар ногоон байгууламжийг бий болгожээ. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэдэнтэй уулзах үеэрээ Хашаандаа сайхан амьдарч болдгийн бодит жишээ энэ байна. Үнэхээр сайхан тохижуулжээ. Айл өрхүүд өөрсдөө хөдөлмөрлөөд, төр засаг, хэн нэгнээс гуйлгүйгээр үлгэр жишээ болсон орчныг бүрдүүлж чадсан танай гэр бүлд баяр хүргэе. Мэдээж нийслэл хот, төр засгаас шийдвэрлэх ёстой Сонгинохайрхан, Баянхошууны дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийг барьж байгуулах зэрэг ажлуудыг хийгээд явж байна гэв. Хашаандаа, амьдарч буй газраа цэвэр цэмцгэр авч явж, орчноо бохирдуулахгүй, ногоон байгууламжийг бий болгоод явж байгааг минь олон хүн сайшааж, хүлээж авч байгаа. Олон хүнд үлгэр дуурайлал болж байгаадаа баяртай байна гэдгээ хэллээ. Дашрамд дурьдахад, нийслэлээс Хотын соёл аяныг өрнүүлж байгаа билээ. Энэ аяны хүрээнд нийслэл хотын иргэдийг соёлч боловсон байхыг уриалж, хашаа, гудамжаа цэвэр цэмцгэр байлгахад иргэн бүрийн оролцоо чухал болохыг Улаанбаатар хотын иргэн бүрт сануулж байгаа юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Зөвшөөрөлгүй байрлуулсан самбар, сурталчилгааны байгууламжийг цэгцлэх ажил үргэлжилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг Нэг хот-Нэг стандарт зорилтот жил болгон зарласантай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах, дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй гадна зар сурталчилгааны байгууламжийн зөрчлийг арилгах, хяналт шалгалт хийх үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өгсөн юм. Тус үүргийн дагуу аж ахуйн нэгжүүдийн хаяг болон зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу зар сурталчилгааны самбаруудыг цэгцлэхээр үзлэг шалгалтыг хийж эхэлжээ. Шалгалтаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй байрлуулсан, стандарт шаардлагад нийцээгүй, өнгө үзэмжгүй, аюултай нөхцөл байдал үүсгэсэн, хяналтын камер, тэмдэг тэмдэглэгээг халхалсан, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгаж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.