ББСБ, ХЗХ-доос зохицуулалтын үйлчилгээний төлбөр авах хугацааг хойшлуулжээ
2020-03-27 11:17:05 Нийтлэгдсэн: НийгэмСанхүүгийн зохицуулах хороо 2020 оны ээлжит VI хуралдааныг цахимаар зохион байгуулж даатгал, үнэт цаас, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоотой холбоотой тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, оноосон нэр өөрчлөх, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэлээ. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн гол асуудлын нэг бол банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодоос улсын төсөвт жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төвлөрүүлдэг зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх хугацааг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр болгон хойшлуулах шийдвэрийг гаргасан явдал байлаа. Дээрх шийдвэрийг гаргаснаар шинэ төрлийн коронавируст /Covid-19/ цар тахлын тархалттай холбоотойгоор үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй байдлын үед банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөрийн чадварт дэмжлэг үзүүлж байна. Ингэснээр харилцагч, зээлдэгчдийнхээ өрийн дарамтыг багасгах боломжийг олгож байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд зээлдэгчдийн зээл, хүүгийн төлбөрийн ангиллын хугацааг сунгаж банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодоос зээл авсан аж ахуйн нэгж, иргэдийг дэмжсэн бодлогын шийдвэр гаргаж байсан билээ. Цаашид үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хороо нь хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд зохицуулалтын байгууллагууд, харилцагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалсан зөв, оновчтой бодлогын шийдвэрүүдийг үе шаттай гаргаж ажиллах болно гэж СЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монгол Улсын Онцгой Комиссын 2020.03.26-ны хуралдааны шийдвэрийн дагуу Сөүлийн чиглэлд дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тусгай үүргийн нислэг хийгдэнэ. Энэ нислэгт гуравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж бүртгүүлсэн өндөр настан, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд бүртгүүлсэн дарааллын дагуу хамрагдана. Бүртгэлд хамрагдсан тухайн иргэнтэй МИАТ-ын төлөөлөгчийн газраас утсаар холбогдож, нислэгийн тийзийг баталгаажуулах болно. Тусгай үүргийн онгоцоор эх нутагтаа буцах иргэд дараах зүйлсийг АНХААРНА УУ! Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу гадаадаас ирж байгаа иргэд коронавирусын шинжилгээг заавал өгсөн байна. Иргэд өөрийн оршин суугаа газрын эмнэлгүүд болон эрүүл мэндийн төвд хандаж коронавирусын шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй. Эмнэлэг, эрүүл мэндийн төвийн жагсаалтыг дараах холбоосоос авна уу. https://www.facebook.com/pg/embassyofmongolia/photos/?tab=albumalbum_id=1371781726360791 Монгол Улсад очсоны дараа 21 хоног өөрийн зардлаа төлж тусгаарлагдах бөгөөд холбогдох горимыг чанд мөрдөх, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх болно. Өндөр халуурах, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг онгоцны буудал дээр шалгаж, өөрчлөлт илэрсэн иргэдийг агаарын хөлөгт суулгахгүй. Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өвчний голомтын бүсэд оршин сууж байсан, өвчний шинж тэмдэг илэрч байгаа бол бүртгэлд хамрагдахаас сайн дураараа татгалзахыг зөвлөж байна. Дараагийн онгоцны нислэгийг асуудлыг Улсын онцгой комисс шийдвэрлэх тул тухайн үед ЭСЯ-ны цахим хуудас, олон нийтийн сүлжээнээс авна уу. МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
"НӨАТ-ын баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлж, улирлын буцаан олголтоо авна"
2020-03-27 10:23:04 Нийтлэгдсэн: Нийгэм2020 оны нэгдүгээрулирлын худалдан авалтын төлбөрийн баримтаа 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна уу. Лавлах утас:1800-1288, 75777507 НӨАТ-ын тухай хуулд заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгож байгаа билээ. Хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байхаар зохицуулсан. Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно. Үүнд: Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх; Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх; Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх; Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх. Албан татвар төлөгч нь тухайн улирлын сүүлийн өдрийн 00:00 цагаасөмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн улирлын эхний сарын 8-ны доторЦахим татварын системд/https://ebarimt.mn/бүртгүүлсэн байна. /НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журмын 4.6/ Татварын алба нь тухайн улиралд олгох буцаан олголтын дүнг дараа сарын 10-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана. /НӨАТ-ын тухай хуулийн 15-ийн 4,7,8/ Албан татвар төлөгчид буцаан олголт олгохгүй байх нөхцөл НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөнНӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй. Албан татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй гэжТатвары ерөнхий газраас мэдээллээ.
Сайжруулсан түлшийг энэ зун автозам дагуух борлуулалтын цэгүүдээр худалдаална
2020-03-27 10:08:08 Нийтлэгдсэн: НийгэмНОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна Өнгөрөгч 3 хоногт 6 өрхийн 11 иргэн угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Эдгээр 11 дуудлагын шалтгаан нөхцөлийг тодруулахад 3 нь яндангийн сойлтыг хаасан, 1 нь түлшээ буруу түлсэн, 2 нь ханан пийшин болон зуухны битүүмжлэл алдагдсан, цууралттай, мөн угаарын хий мэдрэгчийг унтраасан байгаа юм. Нийслэлийн Онцгой байдлын газарт ирж буй дуудлагын 70 орчим хувийг объектын гал түймэр, шар усны дуудлага эзэлж байна. Сонгинохайрхан дүүргийн 9-р хороонд байшингийн дээвэр шатаж, 56 настай эрэгтэй гал түймрийн улмаас угаартаж нас барсан болохыг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй хэллээ. Мөн тэрбээр Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор иргэд зуслан руу гарах нь ихэссэн. Хашаа болон ойр орчмын газраа цэвэрлэх нэрийдлээр шар өвсийг шатаахдаа гал алдах тохиолдол ихсэх хандлагатай байна. Иймд иргэд олон нийтийг гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна гэлээ. 378.2 тонн түүхий нүүрс тээвэрлэсэн 13 тээврийн хэрэгсэл, тусгай зөвшөөрөлтэй 963.8 тонн түүхий нүүрс тээвэрлэсэн 44 тээврийн хэрэгсэл нийслэл хотоор дамжин өнгөрчээ. Улаанбаатар хот руу түүхий нүүрс тээвэрлэсэн болон түүхий нүүрс түлсэн зөрчил илрээгүй байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил Хавар, намрын улиралд угаартах эрсдэл их байдаг учир иргэд галлагаагаа зөв хийж, угаарын хий мэдрэгчээ унтрааж болохгүй. Мөн хөл хорионы энэ үед бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулж болохгүй хэмээн санууллаа. Энэ үеэр нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх хэлтсийн дарга Г.Даваажаргал Агаарын чанарын үзүүлэлтийг хэмждэг 15 станцын дүнгээр PM 10 хэмжээтэй тоосонцор 55 хувиар, PM 2.5 хэмжээтэй тоосонцор 49 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Агаарын дундаж температур өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад -4.2 хэмээр хүйтэн байна гэв. Томуу, томуу төст өвчнөөр 1571 хүн хэвтэн эмчлүүлж байна Нийслэлийн Эрүүл мэндийн газрын өгсөн мэдээллээр халуурсан, ханиалгасан өгүүлэмжтэй 311 хүнд вирус судлалын шинжилгээ хийсэн. Халдварын дэгдэлтийн 269 тохиолдол байгаа бөгөөд 268 хүнээс коронавирусын шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан. Нийт ажиглалтад 2083 хүн байгаа юм. Харин томуу, томуу төст өвчнөөр 1571 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 333 хүүхэд. Нийслэлийн 8 товчоодод 100 алба хаагч хяналт тандалтын ажил хийж байна. Өнөөдөр өглөөний байдлаар товчоодоор нийт 14012 тээврийн хэрэгсэл, нийт 42357 иргэн хяналт тандалтад хамрагдан орж, гарчээ. Хэвлэлийн хурлын төгсгөлд НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өчигдрөөс эхлэн Хотын соёл аяныг эхлүүлээд байна. Мөн нийслэл даяар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байгаа. Иргэдийн зүгээс гэр хорооллын 00-г хэзээнээс ариутгаж эхлэх талаар асууж байна. Үүнд хариулахад, гэр хорооллын 00 гэссэний дараагаар ариутгалын ажлыг зохион байгуулах юм. Цаг хугацааны хувьд хараахан гэсээгүй байгаа учир гэр хорооллын 00-г ариутгах ажил хараахан эхлээгүй байна. Хотын даргын зүгээс ч энэ асуудлаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн хэмээлээ. Хэлмэгдэгсдийн музейн газар дээр зөвшөөрөлгүй барилга барьж байна гэх мэдээллийн дагуу нийслэлийн Засаг дарга үүрэг чиглэл өгч, мэргэжлийн байгууллага газар дээр нь ажиллаж, зөвшөөрөлгүй барилга барьж байсан барилгын ажлыг зогсоожээ. Хэвлэлийн хурлын үеэр иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагаас ирсэн асуултад хариулт өглөө. -Угаарын хий мэдрэгчийг хэзээнээс тарааж эхлэх вэ? -Угаарын хий мэдрэгч 65 мянга ирсэн байгаа. Одоогоор ариутгал, халдваргүйтгэл хийгээд хэсэг хугацаанд битүүмжилсэн. Угаарын хий мэдрэгчийг тараахдаа коронавирусын эрсдэлтэй энэ үед олон нийтийг цуглуулахгүйгээр, хороо, хэсгийн алхагч нар айл өрх бүрт хүргэж өгөх юм. Үлдсэн угаарын хий мэдрэгч ирэх долоо хоногт ирнэ. Ирсэний дараа мөн ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийгдээд иргэдэд тараана. -Шар усны үерийн эрсдэл бүхий энэ үед холбогдох байгууллагууд хэрхэн ажиллаж байна вэ? -Шар усны үер үүсэх эрсдэл өндөр байгаа. Хэд хэдэн газар нийслэлийн Захирагчийн ажлын алба холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран халиа, дошоо үүссэн газарт ажиллаж, цас, мөсийг холдуулж, суваг, шуудууг нээх зэрэг ажлуудыг хийж байна. -Угаар мэдрэгчийн дохиоллыг хэрхэн унтраах вэ? -Угаар мэдрэгчийг иргэдэд тараахдаа гарын авлагын хамт өгсөн байгаа. Нэгдүгээрт, гарын авлагаа унших хэрэгтэй. Хоёрдугаарт, угаарын хий мэдрэгчийн дохиолол дуугарсан тохиолдолд гэрт агаар оруулах ёстой. Иргэд угаарын хийг агаар сэлгэлтээр бүрэн гаргасны дараа тухайн дохиолол өөрөө унтарна. Түүнээс биш дохиолол асангуут иргэд угаарын хий мэдрэгчийг унтраах гэж оролдож болохгүй. Учир нь гэрт угаар байгаа учраас, агаар сэлгэлтийг бүрэн хийгээгүй болохоор дуугараад байгаа гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй шүү. -Сайжруулсан шахмал түлшийг зуны улиралд худалдаалах уу? -Сайжруулсан шахмал түлшийг өнгөрсөн өвөл 400 орчим борлуулах цэгээр худалдаалсан. Түлшийг энэ зун томоохон авто зам дагуух борлуулалтын цэгүүдээр худалдаалахаар төлөвлөн ажиллаж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлшний түгээлт борлуулалт болон цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэв. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар зэрэг мэргэжлийн байгууллагууд болон нутгийн захиргааны 594 байгууллагатай хамтран гэр хорооллын айл өрхүүдийн зуухны битүүмжлэл болон бүрэн бүтэн байдлыг шалгаж, угаарын хийнээс сэрэмжлүүлсэн заавар зөвөлгөөг өгч ажиллажээ. Нийслэлийн Засаг даргын 2019 оны агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийт 16 захирамжийн 24 заалтын хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүрэг хороодтой хамтран ажиллаж байгаа аж.Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлын хүрээнд Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдэд түлш нөөцлөх 5 агуулах байгуулж, түлшний 10 хангамжийн бааз, 17 дундын цэг, 24 цагаар ажилладаг дундын 40 цэг гээд нийт 389 боруулалтын цэг ажиллаж байна. Мөн машин явах боломжгүй 25 өндөрлөг цэгт ЗИЛ-131автомашинаар түлш хүргэж байгаа юм.Сайжруулсан түлшний тээвэрлэлт, нөөцлөлт тухай бүрт хийгдэж байгаа бөгөөд борлуулалтын цэгүүдийг түлшээр хангах ажлыг тасралтгүй 24 цагаар хийж байна. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс төвийн зургаан дүүргийн 41 хороонд 70 мянган угаар мэдрэгчийг нутгийн захиргааны 12 мянган албан хаагчтай хамтран гэр хорооллын айл өрхүүдэд тараасан бөгөөд 3 дахь ээлжийн 65 мянган угаар мэдрэгчийг тараахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанар сайжирсан байна. Тодруулбал өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад PM10 тоосонцор 53 хувиар, PM2.5 тоосонцор 43 хувиар буурчээ. Цаашид агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, айл өрхүүдийн зуух, яндангийн стандартыг хангуулах, Түлшээ нөөцлөх аян өрнүүлэх, шахмал түлшний нөөцлөлтийг бүрдүүлэх ажлыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороотой хамтран санал боловсруулах шаардлагатай байгаа талаар нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал санал хэллээ. Мөн тэрбээр ирэх жилээс алсмагдал дүүрэг хороодын агаарын чанарыг сайжруулах талаарх мэдээлэл өгсөн юм. Зөвлөлийн гишүүд тус асуудалд асуулт асууж, санал хэлээд тодорхой чиглэлээр хийгдэх ажлуудаар холбогдох албаныханд тэмдэглэлээр үүрэг өглөө. Шалган нэвтрүүлэх товчоодод асуумжын аргаар тандалт судалгааг хийж байна Улаанбаатар хотын автотээврийн товчоогоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл болон иргэдээс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор асуумж авч байгаа талаар НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа мэдээллээ. Монгол Улс орон даяар энэ оны хоёрдугаар сараас эхэлж өндөржүүлсэн бэлэн байддлын зэрэгт хэсэгчлэн шилжиж, дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас Шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээ-ний аргачлалыг нэвтрүүлэн Улаанбаатар хотын шилжин суурьшилтын талаарх мэдээллийг системтэйгээр цуглуулж, онцгой байдлын үед авах арга хэмжээ, бодлого боловсруулах зорилготойгоор шалган нэвтрүүлэх товчоодод асуумж авч тандалт судалгааны ажлыг хийж байгаа юм. Хоёрдугаар сараас эхэлж шалган нэвтрүүлэх товчоодод асуумж авч эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд хөдөлгөөн их чиглэж байгаа нь ажиглагджээ. Мөн шалган нэвтрүүлэх товчоодоор нийслэл хотод нэг сарын хугацаатай зорчих иргэд 62 хувь, 7 хоног зорчих иргэд 16 хувь, нэг өдөр зорчих иргэд 14 хувийг эзэлж байгаа үзүүлэлт гарсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа өглөө. Дэлхийн 80 гаруй оронд туршигдсан энэ судалгааны аргыг Монгол улсад анх удаа хэрэглэж байна. Уг судалгааг хамгийн сүүлд 2019 онд Өмнөд Судан улсад Эбола вирусийн үед ашиглаж эрсдлээс хамгаалж байжээ. Шалган нэвтрүүлэх товчоодод Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын эмч мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж иргэдээс асуумж авч ажиллаж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй