Дөрөвдүгээр сарын 20 гэхэд айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг тарааж дуусна

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өгдөг. Өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал нар цахимаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хордсон нийт долоон өрхийн 22 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авч, нэг иргэн Улсын төв нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийслэлийн иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гуравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд төвийн зургаан дүүрэгт нийт 64999 угаарын хий мэдрэгч тараахаас 57105 ширхэгийг айл өрхүүдэд суурилуулан 87.9 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд угаарын хий мэдрэгчийг тараахдаа олон хүн бөөгнөрүүлэхгүй байх үүднээс айл өрхүүдэд нэгбүрчилэн очиж тарааж байна. Мөн зуслангийн бүсэд очиж суурилуулсан. Дөрөвдүгээр сарын 20 гэхэд гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгчийг 100 хувь тараана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна гэлээ. Мөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/168 дугаар захирамж гарч томуу, томуу төст өвчний тархалт, коронавирусийн халдвараас сэргийлэх, хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн үүрэг хариуцлага, ухамсарыг нэмэгдүүлэх зорилгоор гуравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд 1802 ажилтан, албан хаагчид нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн 243 маршрутаар хяналт тавьж, 16994 иргэнд зөвлөмж танилцуулан, 14976 иргэнд зөвлөмж тарааж, нус шүлсээ хаях, ил задгай газар бие засах, хог хаяж орчныг бохирдуулсан 7359 иргэнд анхааруулга, санамж зөвлөмж өгч, 764 аж ахуйн нэгж байгууллагад ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажилласан байна. ДЭМБ болон ЭМЯ-ны зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхаарууллаа НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа Гуравдугаар сарын 29-ний байдлаар дэлхий дахинд өвчилсөн нийт тохиолдол 65301, нас барсан 30162, бүрэн эдгэрсэн 139582 тохиолдол бүртгэгдсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 24 цагийн дотор өвчлөл нэмэгдсэн улс орон байхгүй. Харин АНУ, Итали, Иран, Испани, Герман, Франц, Их Британи, Швейцарь гэсэн орнуудад хамгийн их өвчлөл тархсан байна. Монгол Улсын хувьд 24 цагийн дотор шинээр бүртгэгдсэн тохиолдол байхгүй. Нийт ард иргэддээ хандан хэлэхэд анхаарал болгоомжоо сулруулахгүй байж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхааруулж байна хэмээв. НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил Засгийн газрын 62 дугаар тогтоол түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагууд Улаанбаатар хотын найман товчоодод хяналт шалгалтыг хийж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотруу нэвтэрсэн нийт 35951 тээврийн хэрэгслийг шалган, хотоор дамжин өнгөрсөн 11 тээврийн хэрэгслээр 272.2 тонн түүхий нүүрс Төв аймгаар дамжин өнгөрсөн гэсэн мэдээллийг өглөө. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар Хотын соёл аян эхэлсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Энэ хүрээнд шат дараатай ажлууд хийгдэнэ. Хотоо соёлтой байлгана гэдэг нь хэн нэгэн албан тушаалтны санаачилж хэрэгжүүлдэг зүйл огт биш. Энэ бол нийт иргэдийн санал санаачилга, оролцоотойгоор хийгдэх ажил гэдгийг та бүхэн мэднэ. Хотоо дэлхийн жишигт хүргэсэн хот болгохын тулд хүн бүхэн иргэний оролцоогоо нэмэгдүүлээсэй гэж хүсч байна хэмээлээ. Хэвлэлийн хурлын төгсгөлд цаг агаар дулаарч уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлах, мөс нимгэрч, нийслэлийн гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэх, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер үүсэх эрсдэл өндөр байгаа энэ үед иргэд, оршин суугчдыг бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол мөрний мөсөн дээр тоглуулахгүй, зөвшөөрөгдсөн зам гүүрээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн 11 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулагдана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (НГЗБА)-наас энэ онд 47 газрыг Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаанд оруулж, 2.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Төрийн үйлчилгээ цахимжиж, илүү ил тод нээлттэй, шударга явагдах боломж бүрдэж байгаа нь энэ удаагийн цахим дуудлага худалдааны давуу тал болж байна. Энэ оны эхний 11 байршлын нийт 9.26 га газрын дуудлага худалдаа ирэх сарын 8-нд 9 цагт Газрын биржийн цахим систем буюуwww.mle.mnцахим хуудсаар явагдана. Уг дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийг дээрх цахим хуудсаар бүртгэж эхэлжээ. (Бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үүhttps://montsame.mn/mn/read/220071) Дуудлага худалдааны зарчим болон оролцогчдын анхаарах зүйлсийн талаар НГЗБА-ны Хот байгуулалтын мэргэжилтэн Ц.Ундрахаас тодрууллаа. -Газрын анхны үнийг хэрхэн тогтоодог вэ? -Засгийн газар, БХБ-ын сайдын тушаалын дагуу нийслэлийг 16 бүсэд хувааж, дуудлагаар худалдах газрын хэмжээ, зориулалт, итгэлцүүр зэрэг олон зүйлээс хамаардаг. Итгэлцүүр гэдэг нь тухайн газар дэд бүтэц, зам харилцаа нийгмийн анхан шатны үйлчилгээ, хүн амын төвлөрөл, ирээдүйд өсөх бизнесийн үнэ цэн олон хүчин зүйлээс шалтгаална. Жишээ нь, нэг газрын БХБ-ын сайдын тушаалын дагуу тогтоосон анхны үнэ 1 сая төгрөг байвал 0.1-1 үнэлгээний итгэлцүүрээр дахин тооцно. 1 гэсэн үнэлгээнд хүргэхгүй бол анхны үнийг 1 сая төгрөгөөс бууруулна. Түүнээс илүү бол өснө гэсэн үг. -Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа цахимаар зохион явуулахад үүсэх давуу тал бий болох вэ? -Орон зай цаг хугацааны хувьд хамаарахгүйгээр худалдан авагч шууд оролцох боломжтой. Хувь хүн бол оролцох хүсэлт, дэнчингийн мөнгө тушаасан баримт, иргэний үнэмлэх, байгууллага бол гэрчилгээгээ цахимаар илгээхэд л болно. Мөн иргэд өмчилсөн газрааwww.unegui.mnболон бусад зарын цахим хуудсаар зардагтай ижилхэнwww.mle.mnцахим хуудсаар дамжуулан борлуулах боломжтой. Энэ хуудсанд бүх бичиг баримтын зөрчилгүй газрын зарыг хүлээн авах тул илүү баталгаатай гэсэн үг. Газраа борлуулж буй иргэн өөрийн газрын байршлаа дээр дурдсан 16 бүсийн аль хэсэгт байгааг харж, дуудлага худалдааны анхны үнэтэй харьцуулах, зах зээлийн үнэлгээгээ тогтоох боломжтой. -Ирэх сарын 8-нд болох цахим дуудлага худалдааны талаар? -Ирэх сарын 8-нд болох дуудлага худалдаа 09.00 цагт үнийн саналыг хүлээн авч эхэлнэ. Санал авах сүүлийн хугацаа 15.00 цагт дуусмагц систем 1 минут хүлээх бөгөөд тухайн мөчид аль нэгэн оролцогч үнийн санал өгөхгүй бол дуудлага худалдааг автоматаар хааж, хамгийн сүүлд өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч газраа авна. Хэрэв нэг минутад оролцогч үнийн санал илгээвэл дахин нэг минут хүлээх зарчим баримтална. Дээрх зарчмаар 17.00 цаг хүртэл үргэлжилсэн тохиолдолд хамгийн сүүлийн үнэ өгсөн оролцогч ялагч болно. Зарим оролцогч би 15.00 цагт үнийн саналаа илгээсэн байхад яагаад ялагч болсонгүй вэ гэсэн асуудал тавьдаг. Гэтэл хүлээлтийн нэг минутад өөр оролцогч санал ирүүлж, газрыг авсан тохиолдол бий. Тэгэхээр иргэд дээрх зарчмыг сайтар ойлгох хэрэгтэй. -Үнийн саналаа өгсний дараа өөр хүн илүү үнэ ирүүлснийг яаж мэдэх вэ? -www.mle.mn цахим хуудсанд тухайн байршилд ирсэн үнийн саналууд тухай бүрт нь гарна. Гэхдээ оролцогчийн нэр биш сайтад бүртгүүлсэн дугаар нь үнийн саналын хамт харагдана. -Оролцогчид өөр юунд анхаарах шаардлагатай вэ? -Иргэн, аж ахуйн нэгж www.mle.mn цахим хуудсанд хандаж иргэний үнэмлэх, байгууллага бол гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж болох 12 мянга 500 төгрөг, дэнчингийн мөнгөө тушаасан баримтаа скайнердаж оруулна. Цагийг нь тулгаж хүсэлт илгээсэн тохиолдолд Төрийн санд дэнчингийн мөнгө болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай мэдээлэл нь орохгүй удах тохиолдол бий. Ингэснээр тухайн хүний мэдээллийг баталгаажуулахад хүндрэл үүснэ. Тиймээс хэрвээ та дуудлага худалдаанд оролцох гэж байгаа бол ирэх сарын 8-ны 08.30 цагийг хүлээхгүйгээр хүсэлтээ илгээх хэрэгтэй. Дуудлага худалдаанд ялагч болсон иргэн долоо хоногийн дотор манай байгууллагад ирж, гэрээ байгуулах, ялагч болсноосоо хойш 14 хоногийн дотор газрынхаа үнийг бүрэн төлөх ёстой. Төлөхгүй бол гэрээ хүчингүй болохоос гадна дэнчингийн мөнгийг буцаан олгохгүй. -Дэнчингийн мөнгийг хэрхэн тооцох вэ? -Дэнчинд тухайн газрын анхны үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө төлөх ёстой.www.mle.mnцахим хуудсанд дуудлагаар худалдах газруудын байршил, зориулалт, анхны үнэ зэрэг бүх мэдээлэл бий. Дуудлага худалдаанд оролцоод ялагч болж чадаагүй бол дэнчингийн мөнгийг буцаан өгнө. -Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаанд оруулж буй 11 байршил газрын зориулалтын тухайд? - Дуудлагаар худалдах газруудын зориулалт, архитектурын төлөвлөгөөг бүгдийг баталсан. Ирэх сарын 8-нд үүрэн холбооны станц, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, ШТС, орон сууц, өвлийн аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалтын газрыг худалдах юм. -Дараагийн дуудлага худалдаа хэзээ болох вэ? -Дараагийн дуудлага худалдаа ирэх сарын 23-нд болно. Дуудлага худалдааны мэдээллийг цахим хуудсандаа байршуулсан байгаа. Ерөнхийдөө 47 байршлийн дуудлага худалдааг энэ оны эхний хагаст цахимаар зохион байгуулна. Цахимаар борлуулагдаагүй газруудыг дараагийн хагаст танхимын дуудлага худалдаанд оруулах юм.

Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр мэдээлэл хийнэ

Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа энэ цаг үед Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр 1-2 удаа цаг үеийн асуудлааролон нийтэд хандан цахим хэлбэрээр мэдээлэл хийж, нийслэлийн иргэд, оршин суугчдын өмнө тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, иргэдийн сонирхсон асуултанд хариулж, ХОТ-ын өмнө тулгамдсан асуудлын зохих гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэн ажиллахаар боллоо.Тус мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны гурван давхартхийх юм. Хотын Захирагч С.Амарсайханы оролцох ХОТ-ын мэдээллийн цаг-ийн хуваарийг фэйсбүүк дэхНийслэлийн мэдээ фэйж хуудсаар шууд дамжуулах өдөр, цагийг хэвлэл мэдээллийнхэн ажилтан, сэтгүүлчид болон олон нийтэд урьдчилан мэдээлэх бөгөөд тухайн цагт иргэд та бүхэн ХОТ-ын даргатай шууд холбогдож сонирхсон асуултаа асууж болох юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Даланзадгад хотод нийтийн эзэмшлийн гудамж талбайн ариутгал, халдваргүйтгэлийн ажил эхэллээ

Даланзадгад хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайн ариутгал, халдваргүйтгэл эхэллээ. Нийт гэр хорооллын 230 гудам, 405 км зам талбайд 160 тн ариутгалын уусмалаар ариутгал, халдваргүйтгэл хийж байна.

С.Одонтуяа: Эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын цалин хөлсийг нэмэх, онцгой байдлын нэмэгдэл олгохыг ШААРДАЖ байна!

Нийслэлийн Онцгой Комиссоос 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сайжруулсан түлштэй холбогдуулж Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Үргэлжлээд корона вирус гарч Дүүргийн Онцгой Комиссын гишүүд 175 хоног буюу хагас жил орчим онцгой байдалд ажиллаж байна. Өдөр шөнө, цаг хугацааг ялгалгүй ажиллаж буй эмч,эмнэлгийн ажилтан, цагдаа, мэргэжлийн хяналт, хороод, шуурхай алба, онцгой комиссын бүх гишүүддээ баярлалаа! Зөвхөн Баянгол дүүрэг ч биш нийт монголчууд цар тахлыг хазаарлах, аюулт өвчнөөс сэргийлэхийн төлөө хамтдаа зүтгэлээ. УОК,ДЭМБ, ЭМЯ- наас гаргасан анхаарал сануулга , зөвлөмж , хорио цээрийн дэглэмийг чандлан сахисаар ирсэн ард иргэддээ талархаж байна. Үүрэг хариуцлагаа ухамсарлан, сахилга дэг журмыг сахиж өдөр тутам олох орлогоо алдсан ч өнөөдрийг хүртэл тэвчиж буй бизнес эрхлэгчид, үйлчилгээний байгууллагын хамт олон, удирдлагууддаа баярлалаа. Хүнд нөхцөл, хорио цээр, хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна. Орон нутгийн удирдлагуудын зүгээс өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан чадах бүхнээ хийж байгаа ч цаашид нөхцөл байдал улам хүндэрч , хяналтаас гарах өндөр эрсдэлтэй байна. Олон улсын шинжээчид цар тахлыг дайнтай зүйрлэхүйц аюултай болохыг анхааруулж, буурьтай хандах, сөрж гарахыг уриалсаар байна. Гэтэл манай Засгийн Газарт ажлын байрыг хадгалах, бизнесийг дэмжих, иргэдийнхээ орлогыг хамгаалах санаачилга огт гаргахгүй ,тоомжиргүй шинжтэй байгаа нь бидний сэтгэлийг зовоосоор байна. Импортоос ихээхэн хамааралтай хүнс, бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц хэзээ мөдгүй дундрах нь тодорхой. Иргэд цалин орлогогүй, бизнес эрхлэгчдийн чадамж суларсаар удаж байна. Гэтэл эрх баригчид асуудалд гал унтраах төдий хандаж, улс орны ойрын ирээдүйг төсөөлөх, харах сөхөөгүй байгаа нь тодорхой харагдлаа. Дэлхийн улс орны Засгийн Газрууд бизнесийг хамгаалах, ажлын байрыг хадгалахын төлөө өөрсдөөсөө хамаарах бүх шийдвэрийг шуурхай, зоригтойгоор гаргаж байна. Гэтэл манай Засгийн Газар банкны зээлийн хүү, төлбөрийг хойшлуулах, хугацаа хэтэрсэн татварын торгуулийг цуцлахаас хэтэрсэнгүй. Уучлаарай, гаргасан шийдвэр чинь байгаа онохгүй, айл өрх рүү чиглэхгүй иргэдийн амьдралд нөлөөлөхгүй ,ажлын байрыг хадгалах боломжийг өгөхгүй байна. Түрээслэгчдийн нөхцөл хүндэрч, үйлчилгээ эрхлэгчид хаалгаа барьж олон мянган иргэд ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байхад юу хараад суугаад байна вэ? Ажилгүйдэл нь орлогогүй айл өрхийг олноор нэмэгдүүлж, ядуурал өлөн зэлмүүн амьдралыг даллах нь тодорхой боллоо.Хүнсээ граммлан авдаг иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Иймд иргэдийнхээ болон , ажил олгогчдын өмнөөс эрх баригчдад хандан дараах шаардлагуудыг тавьж байна. #Үүнд: #НЭГ. Шаардлагагүй , хугацаа нь болоогүй хөрөнгө оруулалтын төсвийг хасах, хойшлуулах, танах замаар ажлын байрыг хадгалж үлдээхэд чиглэсэн төсвийг яаралтай шийдвэрлээч ээ! #ХОЁР. Цар тахлын тэргүүн фронт дээр өдөр, шөнийг үл ялган ажиллаж байгаа эмч,эмнэлгийн ажилтан, мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын ажилтнуудын цалин хөлсийг нэмэх, онцгой нөхцлийн нэмэгдэл олгохыг шаардаж байна. 6 сар гамшгийн голомтонд ажиллуулчихаад нэг ч төгрөгний нэмэгдэл өгөөгүй хэрнээ яам, тамгын газрын түшмэдүүдийн цалинг нэмснийг сонсоод нүүрээ хийх газар олдсонгүй. Цалингийн нэмэгдлийг дээрх ажилтнуудруугаа чиглүүлж өгөөч ээ! #ГУРАВ. Цар тахлын аюулыг дутуу үнэлж, тун удахгүй арилчих мэтээр төсөөлж, дүгнэж байгаагаа зогсоож, онцгой байдал үүсээд байгааг хүлээн зөвшөөрч зохион байгуулалтын арга хэмжээг яаралтай төлөвлөж, хэрэгжүүлээч ээ! #ДӨРӨВ. Урт хугацаанд учрах эрсдэл, хямралын үед иргэдээ хамгаалахад бүх нөөц, боломжийг чиглүүлж, шаардлагатай хөрөнгө, санхүүг дайчлах, арга хэмжээг яаралтай төвлөрүүлээч ээ! #ТАВ.Цар тахал намжсаны дараа эдийн засгийг богино хугацаанд хэвийн түвшинд оруулахын тулд одооноос үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бүх боломжийг судалж нөөцөө шавхаж, эдийн засгаа хамгаалах нь улсаа, иргэдээ хамгаалах цор ганц арга болчихоод байна. Тийм учраас цалин, тэтгэврийг баталгаатай өгөхийн тулд ажил олгогчдоос нийгмийн даатгалд төлдөг шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэргийг цар тахал өнгөртөл цуцалж ажил олгогчдод амьсгал авах боломж олгох шийдвэрүүдийг яаралтай гаргаач ээ! Улс орнуудын жишгээр иргэдээрээ дамжуулж жижиг, дунд бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжихгүй бол цалин, орлогогүй болсон иргэд хөл хорионы дэглэмийг удаан сахиж чадахгүйд хүрэх нь. Учир нь тэд үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө ямар ч аргаар хамаагүй гадагшаа гарах, ажил орлого хайх нь тодорхой. Ингэснээрээ халдвар авах эрсдэлд өртөх магадлал өндөр болох аюултай. Эрх баригчид шаардлагагүй хөрөнгө оруулалтын төсвөө танаж улс орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж шуурхай ажиллахыг уриалж байна. Эрсдлийн үед шаардлагатай хөрөнгө босгохын тулд дотооддоо болон гадаадад тусгай бонд гаргах боломжийг ч эрх баригчид судалж үзэх ёстой болоод байна. Иймээс Улсын Их Хурал, Засгийн Газрыг цар тахлын үед ажиллах бодлогыг яаралтай боловсруулж, шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхийг шаардаж байна! #БАЯНГОЛ_ДҮҮРГИЙН_ЗАСАГ_ДАРГА_САЛДАНГИЙН_ОДОНТУЯА/2020.03.26/

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.