“Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ
2020-02-13 11:36:29 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа танилцууллаа. Тэрбээр Нийслэлийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, эрх зүйн орчинд жендэрийн үзэл баримтлал тусгах, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний арга зүйг нэвтрүүлэн хэрэгжүүлэх, бүх түвшинд жендэрийн хэвшмэл үзэл буюу сөрөг хандлагыг өөрчлөх замаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэд хөтөлбөрийн зорилго оршино хэмээн онцолж хэлэв. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, дэд хөтөлбөрт тусгах нэмэлт саналаа хэлээд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан олон нийтийн сүлжээгээр явж байгаа худал мэдээлэлд итгэхгүй байхыг иргэд олон нийтэд анхааруулав. Мөн Нийслэлээс барьж буй бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлыг олон нийтэд нээлттэй хүргэж ажилладаг. Ямар нэгэн хаалттай хуралдсан зүйл огт байхгүй. Худал мэдээлэл тараасан хүнийг холбогдох байгууллагууд шалгаж шаардлагатай арга хэмжээг авч ажилла гэсэн үүрэг чиглэлийг өглөө. Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ Дараа нь хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Нийслэлийн Засаг даргын 2019.12.26-ны өдрийн Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай А/1377 захирамжаар 100 кВт-ээс дээш хүчин чадалтай тусгай зөвшөөрөлгүй 135 халаалтын зуух нь 2020 оны 09 дүгээр сарын 15-наас түүхий нүүрсийг хэрэглэхгүй бөгөөд эдгээр хэрэглэгчдээс 100 кВт-аас 350 кВт хүртэл хүчин чадалтай, сайжруулсан түлш халаалтын зуухын технологид тохирох 17 аж ахуйн нэгж байгууллагын 28 халаалтын зуух байна. Эдгээр халаалтын зуухны түлшний хэрэглээ нь 2248 тонн түүхий нүүрс болж байгаа аж. Түүхий нүүрс хэрэглэж буй таван хорооны иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэг жилийн 37498 тонн түлшин дээр тусгай зөвшөөрөлгүй 100 кВт- 350 кВт-ын хүчин чадалтай 28 халаалтын зуухны 2248 тонн түлшний хэрэгцээг нэмж тооцоход 39746 тонн сайжруулсан түлш болж байна. Энэхүү нэмэлтээр шаардагдах 39746 тонн сайжруулсан түлшийг Тавантолгой түлш ХХК нь 2019-2020 оны халаалтын улиралд хэрэглэгчдэд нийлүүлсэн түлшнээс гадна үйлдвэрлэж, хэрэглэгчдэд нийлүүлж чадна гэж үзэж байна гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр онцолж хэлэв. Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн 62 дугаар тогтоолд тусгах нэмэлт, өөрчлөлтийн саналаа Үндэсний хороонд танилцуулж, илүү нарийвчилсан төлөвлөгөөгөө гарган дараагийн зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг холбогдох албаны хүмүүст тэмдэглэлээр үүрэг болголоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Цэргийн төв эмнэлэг 570 ор дэлгэн 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллуулахаар хуваарь гарган ажиллаж байна
2020-02-13 10:20:52 Нийтлэгдсэн: НийгэмШинэ коронавирусийн халдварын үед онцгой нөхцлийн үеийн бэлэн байдлыг шалгах зорилгоор ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус эмнэлэг халдвараас сэргийлэх хяналтыг сайжруулах чиглэлээр орох гарах бүх хаалган дээр хөтөч, харуул ажиллуулж, иргэд, үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүлгэх, гар ариутгах, биеийн халуун үзэх зэрэг хяналтыг тогтмолжуулаад байна. Мөн 9 давхар эмнэлгийн байраа бүрэн чөлөөлж 570 ор дэлгэн ажиллуулж, 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллуулах ажлын хуваарь гарган мөрдөж ажиллаж байна.Бүх тасаг, нэгжийн эрүүл мэндийн ажилтнуудад нэг удаагийн хамгаалах хэрэгсэл өмсөх, тайлах сургалт явуулсаны зэрэгцээ коронавирусийн халдварын үед авах арга хэмжээ, оношилгоо, эмчилгээний заавар зөвлөмж өгөх сургалт явуулж, мэдлэг шалгах тест авч байгаа аж.Тус эмнэлгийн удирдлагууд халдвартай өвчтөн ирсэн тохиолдолд зөөвөрлөх, тусгаарлах замын схем зургийг гаргаж, тоног төхөөрөмж, машин техникийг бэлтгэснээ танилцууллаа.
Олон нийтийн газар цэр шүлсээ хаясан иргэнд хариуцлага тооцно
2020-02-12 12:00:34 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр бүх нийтэд хандан уриалга гаргаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Уг захирамжинд томуу, томуу төст өвчин болон коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засах болон хог хаягдлаар орчноо бохирдуулахгүй байх. Мөн нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллагууд 50 м хүртэлх газрын цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэх, ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй ашиглуулахыг үүрэг болгожээ. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан иргэнд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон нийслэлийн Мэргэжлийнхяналтын газрын удирдлагуудад даалгажээ. . Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн удирдах хорооны хурал боллоо
2020-02-12 11:55:43 Нийтлэгдсэн: НийгэмМонгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх/ төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх нь төслийн удирдах хорооны хурал өнөөдөр боллоо. Хурлыг нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа даргалж, тус төслийн захирал Дэвид Ханкок болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Хурлын эхэнд Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх/ төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх нь төслийн 2019 оны төсвийн гүйцэтгэл болон 2020 оны төсвийн мэдээллийн товч танилцуулгыг төслийн захирал Дэвид Ханкок хийлээ. Дараа нь холбогдох албаны хүмүүс төслийн 2019 оны үр дүн болон 2020 оны төлөвлөгөөг танилцуулсан юм. Мөн хурлаар 2020 оны төслийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах, энэ онд төслийн үйл ажиллагаанд зориулан Швейцарийн хөгжлийн агентлаг болон ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны яамнаас санхүүжилт авах шаардлагыг тодорхойлох зэрэг асуудлуудыг хэлэлцэж, харилцан санал солилцлоо. Швейцарийн хөгжлийн агентлаг, ХБНГУ-ын Холбооны эдийн засаг хөгжлийн яамны хамтарсан санхүүжилттэй Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь төслийн амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Цахилгаан автобусыг ирэх сарын 2-ны өдөр хүртэл туршилтаар үйлчилгээнд гаргана
2020-02-12 11:53:35 Нийтлэгдсэн: НийгэмАгаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна. Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн Yinlong Energy компанийн найман цахилгаан автобусыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ инженер техникийн ажилчид туршиж байгаа бөгөөд уг автобус нь дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 60 хувь зардал хэмнэдэг онцлогтой аж. Нийт 36 хүний суудалтай тус цахилгаан автобусыг цэнэглэх зориулалтын хоёр цэгийг байгуулсан байна. Цаашид цахилгаан автобусыг цэнэглэх байршлуудыг нэмэхээр судалгаа гаргаж байгаа бөгөөд үйлдвэрлэгч компанийн зүгээс цахилгаан автобусанд найман жил, батерей буюу цэнэглэгчид 30 жилийн баталгаа өгсөн талаар Зорчигч тээврийн нэгтгэл-ийн дарга Г.Төмөрбаатар хэллээ. Тэрбээр Уг цахилгаан автобусуудыг ирэх сар хүртэл туршина. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ инженер техникчид эдгээр цахилгаан автобусыг туршилтанд тэнцэж байгаа талаар мэдэгдсэн. 100 хувь цахилгаанаар хангадаг учраас олон давуу талууд ажиглагдаж байна хэмээлээ. Туршилтаар явж байгаа энэхүү цахилгаан автобус нь -50+ 50 градуст ажиллах ажиллах чадвартай, баттерей нь нано технологиор үйлдвэрлэгдсэн 12 м урттай 15-20 минутанд бүрэн цэнэгээ авдаг давуу талтай аж. Түүнчлэн автобусны цонхнууд нь хоёр давхар шилтэй вакум учир өвлийн улиралд цантахгүй. Зааландаа найман халаагууртай, хяналтын таван камертай, зориулалтын гэрэлт самбар зэргийг байршуулж зорчигчийн тав тухыг бүрэн хангажээ. Уг цахилгаан автобусуудыг ирэх сарын 2-ны өдөр хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулахаар болжээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй