Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг гуравдугаар сарын 05-15-ны өдрүүдэд торгуульгүй бүртгэнэ

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 /Цэргийн бүртгэлийг Аймаг, Нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна./ Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаал, /Цэргийн бүртгэл явуулах журам/ Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу Цэргийн бүртгэл 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 07-ний өдрүүдийг дуустал нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд явагдаж дууслаа. Энэ талаар өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай нар мэдээлэл хийлээ. Цэргийн бүртгэлд Төрийн албан хаагч 709, хэсгийн ахлагч 1605, нийт 2314 албан хаагч ажиллажээ. Цэргийн бүртгэл: Баянгол дүүрэг- 91.8 хувь Баянзүрх дүүрэг- 97.4 хувь Сонгинохайрхан дүүрэг- 95.2 хувь Чингэлтэй дүүрэг- 95.2 хувь Сүхбаатар дүүрэг- 96.2 хувь Хан-Уул дүүрэг- 94.6хувь Налайх дүүрэг- 95.9 хувь Багануур дүүрэг- 97.6 хувь Багахангай дүүрэг- 98.3 хувь Нийслэлээс дэвшүүлсэн Нэг хот- Нэг стандарт зорилтын хүрээнд цэргийн бүртгэлийг нэг стандартын дагуу 93.3 хувьтай зохион байгууллаа. Халдварт өвчин гарч Нийслэлийн Засаг даргын А/108 дугаар захирамжаар хорио тогтоосонтой холбогдуулан цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 05-15-ны өдрүүдэд дүүргийн Цэргийн штабууд торгуульгүй бүртгэнэ гэдгийг албаныхан онцолж хэлсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай товчоодод эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг эхлүүллээ

Нийслэлийн Засаг даргын 2020 оны Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/166 дугаар захирамж, Нийслэлийн Онцгой комиссын даргын 2020 оны Шуурхай штаб байгуулах тухай 02 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд НЗДТГ дээр 24 цагийн үйл ажиллагаатай шуурхай штаб ажиллаж байгаагаас гадна 2020 оны хоёрдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай товчоодод коронавирусын халдвараас сэргийлэх, хяналт, тандалтын арга хэмжээ зохион байгуулах НОБГ, НМХГ, ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, НЭМГ-ын хамтарсан хяналтын цэг ажиллаж эхэллээ. Энэ нь Нийслэлийн Засаг даргын Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/108 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийтийн тээврийн хэрэгслүүдийн халдвараас сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих, тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэдэд халдвараас сэргийлэх мэдээллийг өгөх, тандалт хяналт хийх зорилготой юм. Монгол Улсад одоогоор халдварын тохиолдол бүртгэгдээгүй боловч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж иргэдээс асуумж авах ба зарим тохиолдолд үзлэг хийнэ. Иймээс нийслэл хот руу нэвтэрч буй зорчигчид энэ үйл ажиллагаанд хүлээцтэй хандаж, асуумжид үнэн зөв хариулах нь халдвар, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой тул дэмжин ажиллахыг уриалж байна. ХАЛДВАРААС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ!

ХИЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БУЙ АЛБАН ХААГЧИД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД, УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын Онцгой комиссийн Шуурхай бүлэг шинэ коронавирус 2019 nCoV-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хилийн боомтуудад хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, бэлэн байдалтай танилцаж, үүссэн нөхцөл, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор энэ сарын 06-07-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд боомт, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомт болон Буянт-Ухаа боомтод ажиллалаа. Тус бүлгийн бүрэлдэхүүнд ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ болон Авто тээврийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн албан тушаалтнууд багтсан. Замын-Үүд боомт Хилээр нэвтрэх хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд, уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд 01.22-02.04 хооронд автозамаар нэвтэрсэн 6131 зорчигч, төмөр замаар нэвтэрсэн 1787 зорчигчид нарийвчилсан хяналт, тандалт хийж, 463 ачааны машин, зорчигч тээврийн 859 автомашинд ариутгал халдваргүйтгэл хийжээ. Мөн БНХАУ-ын Эрээн хотоос 5 өдөр 29 автобусаар 1780 монгол иргэдийг татан авах үеэр нарийвчилсан үзлэг хяналт хийж, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд ариутгал халдваргүйтгэл хийж нэвтрүүлсэн байна. Тус боомтын хувьд гол ачааллын үеийг амжилттай даван туулсан бөгөөд цаашид хязгаарлалтын хугацаанд хил дээрх байгууллага, баг бүрэлдэхүүнээрээ ажиллах бүрэн боломжтой, бэлэн байдлын нөөц, нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, ариутгалийн 3-4 хоногийн нөөцтэй, тоног төхөөрөмж дутмаг, хуучирсан зэрэг асуудлууд байгаа аж. Боомтын шинэчлэлтэй холбоотойгоор Замын-Үүд боомт түр горимоор ажиллаж байгаа бөгөөд ариутгалын пункт, тусгаарлах байрыг буулгасан тул түр байр бэлтгэн ажиллаж байна. Гашуунсухайт боомт Гашуунсухайт боомтын хувьд эрдэс баялгийн тээвэрлэлт нэвтэрдэг бөгөөд коронавирусийн өвчлөлтэй холбоотойгоор тээвэрлэлт багасч өдөртөө дунджаар 110-120 орчим тээврийн хэрэгсэл хил нэвтэрч байна. Хил дээрх байгууллагын албан хаагчдын хамгаалах хувцас хэрэглэл, ариутгах материалын нөөц дуусч байгаа, албан хаагчид уртасгасан цагаар, нэг ээлжийн хувцастай ажиллаж байгаа бөгөөд нэг термокамертай, зөөврийн дулаан хэмжигчээр ачааны автомашины жолооч нарыг хэмжиж байна. Тус боомттой хил залгаа БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур аймагт коронавирусийн халдвар бүртгэгдсэн, хилээр дамжин халдварлаж болзошгүй, түүнчлэн тээвэрлэлт ердийн үеийнхээс 9-10 дахин буурсантай холбоотойгоор Ханбогд сумын эмнэлэг, Цагаан хад хөгжлийн гарц ТББ-ийн зүгээс эрдэс баялгийн тээвэрлэлтийг хязгаарлалтын хугацаа дуустал түр зогсоох саналыг гаргаж байв. Тус боомтын хувьд мөн шинэчлэлийн ажил хийгдэж байгаа бөгөөд ариутгалын пункт ажиллахгүй, тусгаарлах байр нь халаалт, цэвэр, бохир усгүй байна. Шивээхүрэн боомт Тус боомттой хиллэдэг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Альшаа аймагт хэдийгээр өвчлөл гараагүй ч нүүрс тээвэрлэлт багасч өдөртөө 50-60 машин нэвтэрч байна. Бэлэн байдлын нөөц, хамгаалах хэрэгсэлийн хоёр хоногийн нөөцтэй, зориулалтын тусгаарлах байргүй, түр байдлаар гэр барьсан байна. Гурвантэс суманд нүүрс олборлолт хийдэг зарим компани ачилтаа зогсоон ажилчдаа амраагаад байгаа аж. Сумын Онцгой комиссийн зүгээс хэдийгээр хил залгаа аймагт өвчлөл бүртгэгдээгүй хэдий ч нүүрс тээвэрлэлт 9-10 дахин багассан, аймгийн төвөөс алслагдмал газар тул өвчлөл гарсан тохиолдолд өндөр эрсдэлтэй, боомт дээр тусгаарлах байргүй, түр байдлаар гэр барьсан байгаа бөгөөд сумын төв хүртэл 80 км зайтай, хүн ам олноор суурьшсан тул нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хязгаарлалтын хугацаа дуусах хүртэл түр зогсоох саналыг гаргаж байв. Буянт-Ухаа боомт Буянт-Ухаа боомтын хувьд олон улсын нислэгээр ирж буй зорчигчдод нарийвчилсан үзлэг хяналтыг хийж байгаа бөгөөд тусгаарлах байртай, бэлэн байдлын нөөц, хувийн хамгаалах хэрэгслийн нөөц багассан байна. Шуурхай бүлэг-ийг ахалсан, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хил дээр ажиллаж буй бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлаа сайтар хамгаалах хэрэгтэйг сануулж, эрдэс баялгийн тээвэрлэлтийг түр зогсоох санал болон боомт дээр ажиллах нөхцөл хүнд байгаа талаар Засгийн газарт танилцуулна гэв. Замын-Үүд, Гашуунсухайт боомтын барилга шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор ариутгал халдваргүйтгэл, тусгаарлах байрны асуудал хүндрэлтэй, Шивээхүрэн боомт тусгаарлах байргүй байгаа хэдий ч хил дээрх хяналтыг өндөржүүлэх, асуумж тандалт, үзлэг, халдваргүйтгэлийг сайтар хийх, байгууллагууд нягт хамтран ажиллахыг хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн албан хаагчдад МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан үүрэг болголоо. Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай арга хэмжээг тухай бүрт авч, бүх нөөц бололцоогоо дайчлан асуудлыг шийдвэрлэж байна. Иймд бид бүх бололцоо, хүчин чадлаараа, өндөр зохион байгуулалтад манлайлан ажиллаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох шаардлагатай гэдгийг тэрээр онцгойлон анхааруулав. Мөн Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Замын-Үүд боомт дах Хилийн Мэргэжлийн хяналтын албанд тус бүр 10 ширхэг иж бүрэн хамгаалах нэг удаагийн хувцас хэрэгсэл, 100 ширхэг бээлий, амны хаалт, химийн бодисоос хамгаалах маск зэргийг энэ үеэр хүлээлгэн өглөө.

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

Засгийн газрын хоёрдугаар сарын 4-ний хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын буцаан олголтын асуудлыг хэлэлцэж, 2020 оны хоёрдугаар сарын 10 буюу өнөөдрөөс эхлэн иргэдэд олгож эхлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөө өглөөнөөс эхлэн иргэдийн баталгаажсан дансанд шилжиж эхлээд байна. Нийт буцаан олголт авах иргэдийн 359 мянга 170 иргэний 14.9 тэрбум төгрөгийн буцаан олголтод эрсдэл тооцсоноос 996 иргэнд 2.1 тэрбум төгрөг системд хянагдаж байгаа төлөвт байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Сангийн сайдын тушаалаар баталсан журмын дагуу 911 707 татвар төлөгч иргэний 146,073,329,221.71 төгрөгийн албан татварыг баталгаажуулж дуусжээ. Албан татварын урамшууллын буцаан олголтыг олгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэл тооцсоны үндсэн дээр баталгаажуулдаг. 2019 онд Цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдсэн 911 707 иргэний 485 сая баримтаас 20 мянган иргэний 16.8 сая баримтын мэдээлэлд системд автоматаар эрсдэл тооцжээ. Түүнчлэн 996 иргэний 2,105,794,600.15 төгрөгийн урамшууллыг эрсдэлтэй гэж тодорхойлон, нягтлан шалгаж байгаа аж. Тухайлбал, бараа, ажил, үйлчилгээ борлуулагч тухайн аж ахуйн нэгжид ажилладаг этгээд /худалдагч, нярав, нягтлан бодогч гэх мэт/ иргэдийн худалдан авалтад цахим төлбөрийн баримтыг олгохгүйгээр өөрийн нэр дээр их хэмжээний баримт бүртгүүлэх, иргэдийн баталгаажуулаагүй өндөр дүнтэй баримтын мэдээллийг хууль бусаар олж, өөрийн нэр дээр бүртгүүлэх, худалдан авалт хийгээгүй боловч өөрийн компанийн ашиг, алдагдалд нийцүүлэн жилийн эцэст өөрийн компаниас e-barimt гаргуулж, буцаан олголт авахаар баталгаажуулах гэх мэт хууль зөрчсөн үйлдлүүд илэрснийг татварын алба нягталж, хуулийн хэрэгжилтийг хангахаар ажиллаж буй юм байна.

Олон нийтийн газар цэр шүлсээ хаясан иргэнд хариуцлага тооцно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр бүх нийтэд хандан уриалга гаргаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Уг захирамжинд томуу, томуу төст өвчин болон коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засах болон хог хаягдлаар орчноо бохирдуулахгүй байх. Мөн нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллагууд 50 м хүртэлх газрын цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэх, ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй ашиглуулахыг үүрэг болгожээ. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан иргэнд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон нийслэлийн Мэргэжлийнхяналтын газрын удирдлагуудад даалгажээ. . Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.