МЭНДЧИЛГЭЭ

2019-12-26 13:28:55 Нийтлэгдсэн: Нийгэм
МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Авто замчид аа! Монгол Улсад авто замын сүлжээг хөгжүүлэхэд бүхий л сэтгэл, зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, олон улсын түвшинд хүрсэн авто замын сүлжээг бий болгох их үйлсийн эхлэлийг тавьж байгаа энэ цагийн замчид та бүхэндээ Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын халуун мэндийг Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, ажил бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. Эртнээс нааш зам харилцааны ач холбогдлыг чухалчилж, Торгоны зам, Цайны зам зэрэг хүн төрөлхтний түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн зам харилцааны даяаршсан сүлжээг хөгжүүлэх, хамгаалах талаар геополитикийн том бодлого хэрэгжүүлж байсан, зам тээврийн өөрийн гэсэн нэн эртний уламжлалтай монголчуудын хувьд одоогоос яг 90 жилийн тэртээ авто зам, гүүрийн асуудал эрхэлсэн байгууллага байгуулсан нь техник, технологийн эрин зуунтай хөл нийлүүлэх том зорилгын илэрхийлэл байсан билээ. Өнөөдөр та бид Монгол улсыг бүхэлд нь хэрсэн авто замын сүлжээтэй, орчин үеийн техник, тоног төхөөрөмжтэй, үндэсний чадварлаг боловсон хүчний хүчирхэг армитай болж чадсан амжилтаар түүхт ойгоо угтаж байна. Тус салбарыг ийнхүү хөл дээр нь босгож, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч томоохон салбар болгоход өөр өөрийн хувь нэмрээ оруулсан үе үеийн авто замчдаараа Монголын төр өнөөдөр бахархаж, та бүхнийхээ хийж бүтээсэн бүхнийг талархан үнэлж байна. Монгол улсын 112.414 километр авто замын сүлжээний 14.918 километр нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамарч, үндэсний хэмжээний ачаа тээвэрлэлтийн 57.8, зорчигч тээвэрлэлтийн 98.4 хувийг автотээврээр гүйцэтгэж байгаа үзүүлэлттэйгээр та бид 90 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ бол авто замын тээвэр Монгол Улсын хувьд ачааны хүндийг үүрч байгаа нэн чухал салбар, цаашид ч үүрэг хариуцлага нь буурахгүй онцгой салбар гэдгийг нотлон харуулж байна. Сайн үйлчилгээ, сайн чанарын авто замын дэд бүтэц ямар ч улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэгч хүчин зүйл, төрийн бодлогын салшгүй хэсэг байдаг. Өнгөрсөн 90 жилийн хугацаанд Монголын төр зам, тээврийн салбарын хөгжлийн асуудлыг улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлогынхоо нэг чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзэн ямагт ач холбогдол өгсөөр ирсэн билээ. Үр дүнд нь олон улс, улсын чанартай 9023.7 километр хатуу хучилттай авто зам, 26,680.5 метр ган, төмөрбетон гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг авто замчид та бид хийж гүйцэтгэж, 20 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож чадлаа. Эдгээр бүтээн байгуулалтаас улс орон, байгууллага, айл өрх, хувь хүний хүртэж буй шууд болон дам үр өгөөжийг үнэлж баршгүй билээ. Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө олон улс, хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын сүлжээг өргөтгөх, бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох, Мянганы замын хэвтээ тэнхлэгийг үргэлжлүүлэх зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Зөвхөн 2019 онд гэхэд л улсын хэмжээнд олон улс, улсын чанартай 30 төсөл, арга хэмжээний нийт 1549.4 километр хатуу хучилттай авто зам, 655.8 метр төмөр бетон гүүрийн барилгын ажил, орон нутгийн чанартай 118 төсөл, арга хэмжээний 218 километр хатуу хучилттай авто зам, 412 метр төмөрбетон гүүрийн барилгын ажлыг Улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хийлээ. Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр УИХ баталж, түүнтэй холбоотой дагаж мөрдөх журмууд хэрэгжиж эхэлснээр авто замын салбарын хууль, эрх зүйн орчин улам боловсронгуй болсон нь бас нэг том амжилт юм. Авто замын салбарт орчин үеийн удирдлагын менежмент, шинжлэх ухаан техникийн дэвшилтэт ололтыг тууштай нэвтрүүлж, олон улсын стандартын түвшинд хүрсэн авто замын сүлжээг бий болгох, Монгол Улсыг хамгийн дөт замаар далайд гарцтай болгох, бүс нутгийн хэмжээнд олон улсын дамжин өнгөрөх тээврийн гол сүлжээг бүрдүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг авто замчид та бид хүлээж байна. Хөгжлийг түгээгч алтан шар замын бүтээн байгуулалтад Монгол Улсын Авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх чин сэтгэлээр жигүүрлэн хэтийн их зорилго, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж гар, сэтгэл нийлэн хөдөлмөрлөж буй Монголын авто замчдын алдар, бадарч, амжилт ололт нь үеийн үед үргэлжлэн өртөөлөх болтугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН

Төв талбайн "Мөсөн коток"-т иргэд үнэ төлбөргүй гулгах боломжтой

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй Цэвэр Агаартай хот аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлт өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, иргэд олон нийт оролцов. Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл бүхий өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт мөсөн баримлуудаас бүрдэж байгаа аж. Өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, иргэдийн гэр бүлээрээ ая тухтай амарч, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх боломжийг бүрдүүлэх зорилгоор бүтээгдсэн энэхүү мөсөн хотхонд зочилсон иргэд дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн хотхоныг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд үнэ төлбөргүйгээр тэшүүрээр гулгахболомжтой юм. Өвөрмөц шинэлэг шийдэлтэй энэхүү мөсөн хотхоныг зураач, мөсөн гоёл урлаач, Д.Цэрэнбат нарын уран бүтээлчид бүтээсэн бөгөөд сар шинийн баяр хүртэл Улаанбаатар хотын төв талбайг чимэх юм байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Мөсөн хотхон нийслэлийн төв талбайд сүндэрлэлээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй Цэвэр Агаартай хот аяны хүрээнд хийгдэж буй Мөсөн хотхоны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээний үеэр төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслол болсон юм. Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц болон бусад холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд, иргэд олон нийт оролцов. Нээлтийн үеэр 100 гаруй авъяаслаг залуус нэгдэж, Цэвэр агаартай хот-ын төлөө иргэн бүр нэгдэж, агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэхийг уриалж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуусын дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор флаш моб толилуулсан нь олны анхаарлыг татсан юм. Мөн жанжин Сүхбаатарын талбайн мөсөн гулгуур нээлтээ хийж, тэшүүрийн тамирчид уран гулгалтын сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлж, урлаг соёлын салбарынхан уран бүтээлээ хүргэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Өнөөдөр бид нийслэлийнхээ төв талбайд сүндэрлүүлэн зассан Сүлд модныхоо гэрлийг асааж, мөсөн гулгуурын талбайн үйл ажиллагаагаа нээж байна. Мөсөн хотхоныг нийслэлийнхээ иргэд болон дотоод, гадаадын жуулчдад зориулан байгуулж байгаагаараа онцлог юм. Улаанбаатарчууд төдийгүй гадны зочин, төлөөлөгчид, жуулчдад өвлийн улиралд үзэх, харах зүйл, амарч зугаалах орчныг нь нэгээр нэмж өглөө. Мөн энэхүү мөсөн тайз, мөсөн хотхоныг ашиглан ирэх гуравдугаар сарын 01 хүртэл нийслэлийн агентлагууд, харьяа байгууллагууд цуврал өдөрлөгөө зохион байгуулахаар төлөвлөсөн. Төв талбайд хуран цугласан, цэнхэр дэлгэцээр энэхүү үйл ажиллагааг үзэн суугаа Та бүхэндээ ирж буй 2020 ондоо аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе хэмээлээ. Өвлийн улиралд зориулсан Цэвэр агаартай хот аянд зориулан мөсөн хотхон байгуулж байгаа нь олон давуу талыг бий болгож байна. Тухайлбал, нийслэлийн иргэд өвлийн улиралд хотоосоо дайжиж, тодорхой зайд гарч цэвэр агаар амьсгалдаг байсан бол энэ жил Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 доошгүй хувиар буурсан учраас нийслэлийнхээ төв талбайд гэр бүлээрээ мөсөн хотхонд чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх, өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, цаашлаад өвлийн аялал жуулчлалыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх боломж бий болж байгаа аж. Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл бүхий өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт мөсөн баримлуудаас бүрдэж байгаа бөгөөд 12дугаарсарын 31 хүртэл орой бүр 3D лазер шоуны үзүүлбэр толилуулагдах юм байна. Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэлсэн үгэндээ Энэ жил нийслэлчүүд бид санал санаачлага, итгэл сэтгэл нэгдэж, хүн бүр оролцоогоо бий болгон хамтран ажилласны үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг төлөвлөсөн түвшиндээ хүртэл бууруулж чадлаа. Өнгөрөгч нэг жилийн хугацаанд Цэвэр агаартай хот аяны хүрээнд бид иргэдэд чиглэсэн, хүн бүрийн оролцоог бий болгож, мэдлэг мэдээллийг хүргэсэн олон ажлыг зохион байгуулж ажилласан. Үүний үр дүнд нийслэлд 60 уурын зуухыг төвлөрсөн дулаанд, тусгай зөвшөөрөлтэй 400 хэрэглэгчийг цахилгаан хангамжид, 1740 халаалтын зуухыг сайжруулсан түлшээр, 226 аж ахуйн нэгжийн 507 халаалтын зууханд утаа шүүгч, 248 зуухыг цахилгаан халаалтад шилжүүлж, нийт 700 гаруй зуух янданг буулгаж, 78.348.00 тонн түүхий нүүрсний бодит хэрэглээг зогсоож чадлаа. Мөн Агаарын, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, байгальд ээлтэй дэвшилтэт технологийг танилцуулах, автомашины утааны хор уршгийг таниулах зорилгоор улирал тутам Цэвэр агаартай хот өдөрлөг, автомашингүй өдрийг зохион байгуулдаг болсон ба энэ удаа өвлийн улиралд зориулсан гурван сарын аян эхэлж байна гэв. Өвөрмөц шинэлэг шийдэлтэй энэхүү мөсөн хотхоныг зураач, мөсөн гоёл урлаач, Д.Цэрэнбат нарын уран бүтээлчид бүтээсэн бөгөөд сар шинийн баяр хүртэл Улаанбаатар хотын төв талбайг чимэх аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

2019 оны Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “ENTREPRENEUR”-ээр Петровис Групп шалгарлаа

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт бодит хувь нэмрээ оруулж, хөгжлийн түүчээ болж буй шилдэг бизнес эрхлэгч байгууллагуудыг тодруулдаг ENTREPRENEUR-2019 ёслол хүндэтгэлийн ажиллагаа 23 дахь жилдээ болж өнгөрлөө. Бизнес эрхлэгчдийн тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой, тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай энэхүү шалгаруулалтын Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ENETRPRENEUR байгууллагаар Петровис Групп шалгарлаа. Петровис Групп нь 2019 онд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулахаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд үндсэн дөрвөн чиглэлд дангаар болон хамтарсан 10 гаруй төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, бизнесийн байгууллагуудаа манлайлсан нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх гол үзүүлэлт болжээ. 2019 онд Петровис Группийн нийгмийн хариуцлагын хүрээнд дангаар болон хамтарсан төсөл, хөтөлбөрүүдээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаас дурдая. Бидний цөөхөн монголчууд төсөл Бид үндэсний өв соёл, уламжлалаа эрхэмлэн дээдлэгч байгууллагын хувьд Мөнхчулуун сангийн санаачлагаар улс орон даяар гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй Бидний цөөхөн монголчууд төслийг дэмжин хамтран ажиллаж байна. Өнөөгийн Монголчуудын амьдрал ахуй, өв соёл, ёс заншил, хүрээлэн буй байгаль орчны унаган төрхийг гэрэл зураг, дүрс бичлэгт буулган архивлаж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой энэхүү төсөлд бид өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна. Яараад яахав дээ... аяны хамтрагч Зам тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, эрүүл элэг бүтэн Монгол айл өрхийн төлөө Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн Цагдаагийн Албанаас хамтран эх орон даяар хэрэгжүүлсэн Яараад яахав дээ... аянтай хамтран ажиллалаа. Олон нийтэд эерэг мэдээлэл түгээх, хамтдаа өөрчлөгдөх зорилгоор эхлүүлсэн тус аяны үр дүнд орон нутгийн зам тээврийн осол 60 хувиар, нийслэл Улаанбаатар хотын зам тээврийн осол 40 хувиар тус тус буурсан сайн үзүүлэлттэй байгаа бөгөөд Петровис Группийн хамт олонд ЦЕГ-аас тусгайлан ТАЛАРХАЛ гардуулж, хүндэтгэл илэрхийлсэн юм. Rally For Rangers хөтөлбөр Монгол экологи ТББ-ын хамт олны санаачилгаар Rally For Rangers хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн байгаль хамгаалагчдад Японы YAMAHA брэндийн найдвартай, туулах чадвар сайтай 15 мотоцикль хүлээлгэн өгөх хөтөлбөрт хамтран ажиллалаа. 2018 онд мөн Хөвсгөл аймгийн 16 байгаль хамгаалагчид мотоцикль хүлээлгэн өгөх төсөлд нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж, байгаль орчинд ээлтэй, аюул осолгүй мотоциклуудыг байгаль хамгаалагчдад хүргэхэд зарцуулах бүх шатахууныг мөн хандивласан билээ. Оюуны болон багийн спортыг дэмжигч Олон улсын болон тив дэлхийн чанартай спортын олон уралдаан, тэмцээн тэр дундаа Арабын Нэгдсэн Эмират улсад болсон Дэлхийн Тусгай олимпийн зуны наадам, Турк Улсын Анталъя хотноо зохиогдсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн, Бадминтоны дэлхийн чансаа тогтоох Олон улсын тэмцээн, Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, MGL 3x330 сагсан бөмбөгийн тэмцээн, Монгол дахь хоккейн өдрүүд зэрэг арга хэмжээнүүдэд улсаа төлөөлөн оролцсон тамирчдыг дэмжин, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгах их амжилтад хөтөллөө. Тэрчлэн эх орны өнцөг булан бүрт байрлах 400 орчим ШТС-аараа дамжуулан бүхий л сум суурин, хилийн боомтод хүрч үйлчлэн чанартай шатахууныг найдвартай, тасалдалгүй хүргэдэг нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлж буйн томоохон жишээ гэж болно. Ийнхүү Петровис Групп нь Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч оны онцлох Энтерпренер хэмээх нэр хүндтэй шагналын эзэн болсон нь санхүүгийн чадавхи, шинэ шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэгч, хэрэглэгчдэдээ хүргэдэг шилдэг үйлчилгээгээрээ бизнесийн салбартаа тэргүүлээд зогсохгүй компанийн бат бэх оршин тогтнох үндэс болсон нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, шилдэг компани болохоо харууллаа. Бид цаашид ч нийгэм, олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж нийгмийн өмнө тулгамдаад байгаа олон асуудалд өөрсдийн хувь нэмрээ оруулж, нийгэмдээ үлгэр жишээ Энтрепренер байхын төлөө улам бүр чармайн ажиллах болно. Эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах үйлсэд хамтран зүтгэж, биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм хэрэглэгчид болон эх орны дөрвөн зүг найман зовхист хөгжлийг хамтдаа түгээдэг нийт ажилтнууд та бүхэндээ талархал илэрхийлье. БИД ХӨГЖИЛ ТҮГЭЭНЭ

Өнөөдөр Д.Сүхбаатарын талбайн "Мөсөн коток"-ны нээлт болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй Цэвэр Агаартай хот аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлтийн арга хэмжээ Сүхбаатарын талбайд өнөөдөр 18.00 цагт болно. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд оролцоно. Энэ үеэр Д.Сүхбаатарын талбайн мөсөн коток нээлтээ хийж, сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, 3D лазер нь үзүүлбэр толилуулагдах юм. Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл бүхий өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт мөсөн баримлуудаас бүрдэж байгаа аж. Өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, иргэдийн гэр бүлээрээ ая тухтай амарч, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх боломжийг бүрдүүлэх зорилгоор бүтээгдсэн энэхүү мөсөн хотхонд зочилсон иргэд дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн хотхоныг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд үнэ төлбөргүйгээр тэшүүрээр гулгахболомжтой. Өвөрмөц шинэлэг шийдэлтэй энэхүү мөсөн хотхоныг зураач, мөсөн гоёл урлаач, Д.Цэрэнбат нарын уран бүтээлчид бүтээж байгаа бөгөөд сар шинийн баяр хүртэл Улаанбаатар хотын төв талбайг чимэх юм байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.