Гэр хорооллын айл өрхийн үнсийг ялган ангилж, дахин боловсруулна

НЗД-ын зөвлөлийн хурлаар Гэр хорооллын үнснийг ангилан ялгаж дахин боловсруулах төслийг танилцуулж хэрэгжүүлэхээр дэмжлээ. Монгол Улсын Засгийн газраас 2018 онд 62 дугаар тогтоолоор Нийслэлийн төвийн 6 дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн бөгөөд сайжруулсан түлшнээс гарч байгаа үнсийг дахин боловсруулах, түүнийг энгийн хог хаягдлаас ангилж, тээвэрлэх үйл ажиллгааны зохион байгуулалтыг бий болгох, хэрэгжүүлэх төслийг нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцууллаа. Нийслэлийн 202000 гаруй айл өрхөөс жилд 168 мянган үнс гарах тооцоо судалгаа гарсан бөгөөд ажлын хэсгийн зүгээс үнс дахин боловсруулах боломжийн талаарх судалгааг хийн ажиллаж байгаа бөгөөд барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран сайжруулсан түлшнээс гарч байгаа үнсээр явган замын хавтан, бродьюр, эко хавтанг хийж туршжээ. 2019 онд Нийслэлийн байгаль орчны газраас дулааны цахилгаан станцуудын үнсийг газрын нөхөн сэргээлтэд дүүргэгч материалаар ашиглах судалгаа хийж, ногоон байгууламж байгуулах ажлыг туршсан. Энэхүү туршилтын зэрэгцээ сайжруулсан түлшнээс гарсан үнсийг ШУА-ын Хими химийн технологийн хүрээлэн, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны лаболраториудад өгч шинжлүүлж байна. Уг шинжилгээгээр үнсний физик, химийн үзүүлэлт, цацрагийн хэмжээ тодорхойлогдох юм. Энэхүү төслийг хэсэгчилж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд дүүрэг бүрээс нэгээс хоёр гэр хороог сонгон авч, тухайн хорооны айл өрх, ААНБ-ын үнсийг эх үүсвэр дээр ангилан ялгах, тээвэрлэх ажил хийгдэнэ. Үнс тээвэрлэх үйл ажиллагааг одоогийн хог тээврийн компаниуд задгай тэвштэй хогны машинаар 14 хоногт 1-2 удаа тогтмол хуваарийн дагуу ачиж, цуглуулах юм. Агаарын бохирдлыг бууруулах түүн дундаа PM2.5 нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээг бууруулах,амьдрах орчинд сөрөг нөөлөл гээд нийгэмд үр өгөөжөө өгөх төслийг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд дэмжлээ. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Л.ОЮУНТУНГАЛАГ: “WEB AWARDS” ЦАХИМ САЛБАРЫН ТЭРГҮҮН НААДАМ ДӨРӨВ ДЭХ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалагтай ярилцлаа. -Цахим салбарын тэргүүн наадам Web Awards 2019 шилдгүүдээ шалгаруулах цаг хаяанд иржээ. Энэхүү наадмын талаар мэдээлэл өгөөч? -Монголын сайтын холбооноос хоёр жилд нэг удааWeb Awards цахим салбарын тэргүүн наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. 2013 оноос эхлэн зохион байгуулагдаж буй энэ наадам нь дөрөв дэх удаагаа болох гэж байна. Хоёр жилд нэг удаа болдог, түүнчлэн цахим салбарын ганц наадам гэдэг утгаараа ач холбогдлын хувьд маш өндөр байдаг. Энэ жил сайтын холбооны арван жилийн ой тохиож байна л даа. Өнгөрсөн хугацаанд бид Цахим сэтгүүл зүйд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе уриалгыг цахим салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууддаа уриалж ирсэн. Энэ удаагийн Web Awards 2019-д ч энэ уриалгыг дэвшүүлж, нийгмийн хөгжлийг дэмжигч номинациудыг наадамдаа оруулж ирсэн. Тус наадамд цахим үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн бүх сайт оролцох боломжтой. -Хэдэн номинацид шилдгүүдээ шалгаруулах вэ? -Энэ удаа арван шилдэг номинацид шилдгүүдээ шалгаруулна. Тодруулбал, Мэдээллийн шилдэг сайт, Сайтын шилдэг сэтгүүлч, Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт, Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт, Орон нутгийн шилдэг сайт, Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт, Шилдэг төрийн байгууллагын сайт, Бизнесийн шилдэг сайт, Шилдэг веб сайт хөгжүүлэгч түүнчлэн Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайтыг шалгаруулна. Мөн Нийгмийн хөгжлийг дэмжигч номинациуд бий. Үүнд Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг бүтээн байгуулалт, цахим үйлчилгээ, үйлдвэр, хөрөнгө оруулагч, улстөрч нарыг шалгаруулна. Ингэснээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл эерэг мэдээллийг түгээх үүднээс нийгэмдээ бүтээн байгуулалт хийсэн компаниуд, хувь хүмүүсийг нийгэмд сурталчлан таниулах зорилго биелэх юм. -Энэ наадмын голлох номинациудын эзнээр өмнө нь ямар ямар сайтууд нэрлэгдэж байв... -2013 онд анх зохион байгуулагдах үед шилдгийн шилдэг сайтаар www.ZALUU.com, 2015 онд www.CAAK.mn, мөн 2017 онд www.NEWS.mn сайт тус тус шалгарч байв. -Сайтын холбоо цаашдаа ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байна вэ? -Монгол Улсад интернэт нэвтрээд 23 жил, анхны мэдээллийн сайт болох SONIN.mn бий болоод 16 жил болсон байна. Сайтын анхны мэргэжлийн холбоо байгуулагдаад 10 жил болжээ. Бидний дараагийн алхам бол өнгөрсөн 10 жилд Монголд хэдэн зуугаар тоологдох сайтууд бий болсон. Энэ цаг үе бол Монголд цахим орчноос мэдээлэл авах хөгжлийн үе шат байсан юм байна гэж харж байгаа. Дараагийн 10 жилдээ цахим сэтгүүл зүй гэх отгон жанрыг мэргэжлийн болгоход үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Сэтгүүл зүйн салбар өнгөрсөн 107 жилийн хугацаанд мэргэжлийн ёс зүйтэй, үнэ хүндтэй явсаар ирсэн. Нийгэм сэтгүүл зүйгээс үнэн бодит мэдээллийг авч, итгэж үнэмшдэг байлаа. Цахим салбар мэдээллийг хурдтай дамжуулж, хүн бүрийг мэдээлэгч болгосон хэдий ч нөгөө талаараа сэтгүүл зүйн ёс зүйн асуудал хөндөгдөж байна. Тиймээс ирэх 10 жилд сэтгүүл зүйн нэг салаа мөчир болох цахим сэтгүүл зүйг мэргэжлийн, итгэл үнэмшилтэй болгохоор ажиллана. Тиймээс л цахим сэтгүүл зүйн салбарын сэтгүүлчдийн ёс зүйн асуудлаас нэн тэргүүнд өөрчлөлтөө эхлүүлж байгаа. -Цахим салбарын зөв бичгийн дүрмийн алдаа их бий гэдэг. Энэ талаар хийж, хэрэгжүүлж буй ажлууд бий юу? -Цахим салбарт монгол хэлний яруу сайхан тунгалаг байдал алга болсон гэдгийг бид харж байгаа. Тиймээс Төрийн хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтраад саяхан гарсан зөв бичгийн шинэ дүрмийг сурталчлах ажлыг Монголын сайтын холбоо хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн сургалт хийсэн. Олон аппликэйшн, сурах бичгийг гаргасан. Түүнчлэн бид ёс зүйн сургалтуудыг сар болгон явуулж байна. -Тухайлбал, ямар чиглэлээр сургалтуудаа явуулж байна вэ? -Гадаад бодлогын мөн чанарыг сэтгүүлч яаж ойлгох юм. Үндэсний аюулгүй байдал гэж юу юм. Энэ асуудалд сэтгүүлч бид ямар үүрэгтэй оролцож, улс орныхоо нэр хүндийг авч явах вэ. Түүнчлэн Монгол Улсыг дэлхий нийтэд сайхан харагдуулах уу, муухай харагдуулах уу гэдгийн нэг өнцөг нь сэтгүүл зүйн салбар байдаг. Гэтэл бид эх орноо муулж, Монголоор дүүрэн хар бараан мэдээ яваад байхаар дэлхий нийт манай орныг тэгж л харна. Тиймээс сэтгүүлчид бид болж бүтэж байгаа зүйлсээ сайн сайхнаар нь түгээх хэрэгтэй. Монголд бүх зүйл муу муухай байгаа биш шүү дээ. Монголын сайтын холбооноос цахим сэтгүүл зүйд Эерэг мэдээллийг түгээе зорилтод аяныг эхлүүлж, нийгэмд гэрэл гэгээтэй сайн сайхан эерэг мэдээллийг түгээж эхлээд байна.

Дахин төлөвлөн барилгажуулах төслийн эхний ээлжийн 187 айлын орон сууц ашиглалтад орлоо

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг Орон сууцны тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19 дүгээр хороололд байрлах нэхмэлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16-р байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын ажил үргэлжилж байгаа билээ. Тэгвэл хуучин гурван давхар 18 айлын орон сууцны газар дээр нэг жил найман сарын хугацаанд 16 давхар бүрэн цутгамал 187 айлын орон сууц ашиглалтад орж, өнөөдөр шинэ байрны батламж, түлхүүрийг оршин суугчдад гардууллаа. Тус арга хэмжээнд нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр, Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, АСИАН СИТИ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Барсболд болон гүйцэтгэгч компанийн ажилчид, оршин суугчид, иргэд, олон нийт оролцов. Энэ үеэр нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг шинээр дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд өнөөдөр шинэ орон сууц ашиглалтад орж, оршин суугчдад батламж, түлхүүрийг гардуулж байна. Хариуцлагатай ажиллаж, барилгын ажлыг хугацаанаас нь өмнө хийж гүйцэтгэсэн гүйцэтгэгч компанийн хамт олонд талархал илэрхийлье. Мөн хотын хөгжлийн төлөө газраа чөлөөлж хамтарч ажилласан оршин суугчиддаа цаашдын амьдралд нь аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе хэмээлээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хуучин байрны оршин суугчид, гүйцэтгэгч компани гурав гурвалсан гэрээ байгуулж, төлөвлөсөн хугацаанд нь барилгын ажлыг АСИАН СИТИ ХХК гүйцэтгэсэн байна. Ингэхдээ гүйцэтгэгч компани газраа чөлөөлж өгсөн оршин суугчдад хуучин байрны талбайн хэмжээн дээр нь 6 метр квадратыг нэмж өгснөөрөө давуу талтай юм. Мөн оршин суугчдад 20 сарын хугацаанд өөр байранд амьдрах түрээсийн мөнгийг сар бүр тасалдахгүй төлж ирсэн байна. Оршин суугчдын зүгээс дахин төлөвлөн барилгажуулах ажлыг зохион байгуулсан албаны хүмүүст болон гүйцэтгэгч компанийн хамт олонд маш их баярлаж байгаагаа түлхүүр гардуулах үеэр илэрхийлж байв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Тѳв талбайд байршуулсан хаалттай холбоотой албан ёсны мэдээллийг хүргэж байна

Сүхбаатарын талбай тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг Төрийн тусгай хамгаалалтын газраас байрлуулсан. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд дээрх чулуун хаалт нэг бүрийн үнийг 3 сая төгрөгийн өртөгтэй гэсэн буруу ташаа мэдээлэл гарч байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас албан ёсны тайлбар мэдээллийг хүргэж байна. Чулуун хаалтын тухайд иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, элдэв гэмт халдлагаас сэргийлэх зорилгоор иргэд олноор цугладаг Сүхбаатарын талбайн баруун, зүүн, урд талаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахын тулд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаас Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцаж хэрэгжүүлэх, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар холбогдох санхүүжилтийг нь хариуцан ажиллах үүрэг чиглэл өгч, шийдвэр гаргасны дагуу Монголын компани гүйцэтгэсэн байна. Энэ дагуу Сүхбаатар талбайн баруун, зүүн, урд талд байршуулах 296 ширхэг жижиг, 100 ширхэг том, нийтдээ 396 ширхэг чулуун хаалтын зардал болох 151 сая төгрөгийг нийслэлээс санхүүжүүлж, гүйцэтгэлийн ажлыг нь Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцан хэрэгжүүлсэн байна. Иймд та бүхэн иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй аюул тулгарахаас урьдчилсан сэргийлсэн дээрх ажлыг улстөржүүлэх, буруутган харлуулахгүй байхыг олон нийтэд хандан хүсч байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Угаарын хийн хордлогын дуудлагагүй хоножээ

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Цаг уур, орчны шинжилгээний газрын Агаарын чанарын мэргэжилтэн Д.Өнөрбат нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Нийслэлийн Онцгой комиссын 07 дугаар захирамжаар батлагдсан хуваарийн дагуу нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар хамтран хөдөлгөөнт эргүүлийг төвийн зургаан дүүрэгт хийж байна. Хөдөлгөөнт эргүүл нь шахмал түлшний хэрэглээ, түгээлт, борлуулалт, хангалт зэрэгт болон түүхий нүүрс хэрэглэхгүй байхад хяналт тавьж ажиллаж байна. Мөн сайжруулсан шахмал түлш борлуулж байгаа 386 цэгийн түлшний нөөц, сайн картгүйгээр борлуулалт хийхгүй байх тал дээр хяналт шалгалтын ажлыг 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл өдөр бүр зохион байгуулж ажиллана. Анх удаа угаарын хийн хордлогын дуудлага ирээгүй 24 цагийн турш тайван хонолоо гэв. Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 23-наас эхэлж байна. Амралттай холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдээ гэрт нь үлдээхдээ зуух, пийшингийн зөв галлагааны зөвлөмжийг сайтар зааж, зөвлөн галын аюулгүй байдлыг нь хангахыг онцгойлон анхааруулсан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.