Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 1-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл-ийн төслийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. НИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт-ийг хангалттай хэмээн дүгнэж буйгаа илэрхийлэв. Мөн Аз жаргалтай хот мөрийн хөдөлбөрийн хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр ажиллаж үр дүнд хүрсэн гэдгийг МАН-ын бүлгийн дэд дарга Ц.Байгалмаа танилцууллаа. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт-ийг үр дүнтэй хэмээн дүгнэж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл-ийг батлах тогтоолын төслийг санал хураалтад оролцсон нийт төлөөлөгчдийн 63.6 хувийн саналтайгаар баталлаа. Сайжруулсан шахмал түлшийг 5679:2019 стандартын шаардлага хангасан гэдэг хариуг ОХУ-ын лабораториос ирүүлжээ Нийслэлийн Онцгой комиссоос үүрэг болгосны дагуу НОБГ, НМХГ, НЭМГ, НАБТГ-аас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар хийсэн юм. ОХУ-ын Москва хотын Элчин Сайдын Яамаар дамжуулан Санкт-Петербург хотод байрлах Бюро Веритась Русь ХК-ийн Регион Север Запад лабораторид Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг шинжлүүлсэн хариу ирсэн гэдгийг албаныхан дуулгалаа. ОХУ-ын лабораторийн шинжилгээний дүнгээр Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлшний техникийн шинжилгээний үзүүлэлт нь сайжруулсан хатуу түлш 5679:2019 стандартын шаардлагыг хангасан гэсэн хариу гарсан. Мөн шинжилгээгээр чөлөөт хөөлтийн зэрэг 1 гэсэн үзүүлэлттэй гарсан нь коксжих зэрэг багатай эрчим хүчний нүүрс тул ахуйд хэрэглэж болно гэсэн дүгнэлт гарсныг бидэнд албан ёсоор ирүүллээ хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн онцоллоо. Хот байгуулалтын түүхэн үйл явц: Өнгөрсөн, одоо, ирээдүй эрдэм шинжилгээний хурал боллоо Нийслэлийн түүхт 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн ЗДТГ, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, нийслэлийн Архивын газар хамтран Хот байгуулалтын түүхэн үйл явц: Өнгөрсөн, одоо, ирээдүй эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэнг зохион байгууллаа. Нийслэл хотын бүтээн байгуулалт, хотжилтын түүхэн үйл явц, өнөөгийн тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэж, эрдэмтэн судлаачдын судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулах, санал солилцох, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, түүхэн эх сурвалж, архивын баримтыг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор энхэүү эрдэм шинжилгээний хурал, архивын үзэсгэлэнг анх удаа зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэнгийн нээлтэд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн үе үеийн хотын удирдлагууд, доктор, профессор, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн 582 төлөөлөл оролцлоо. Хурлын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнөөгийн бүтээн байгуулалт хөгжлийн цаашдын чиг хандлага сэдвээр илтгэл тавилаа. Эрдэм шинжилгээний хуралд Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, түүх соёл болон Нийслэл хотын өнөөгийн тулгамдсан асуудал гарц, шийдэл гэсэн хоёр салбар хуралдаанд доктор, профессор, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд оролцож илтгэл тавьж санал дүгнэлт дэвшүүлсэн юм. Нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөө-нд хүндэтгэл үзүүллээ Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой энэ өдрүүдэд боллоо. Ойг тохиолдуулан нийслэлийн үе үеийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөө-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Одоогоос 380 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож Хүн чулуун хөшөө-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, Нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм. Нийслэлийн 380 жилийн ойн Хүндэтгэлийн концертод 800 гаруй уран бүтээлч оролцлоо 380 жилийнхээ шаштир түүхийг бичиглэж яваа нийслэлчүүд энэ өдрүүдэд ойн баяраа хүндэтгэл бахархал, бүтээлч ажил, өрнүүн амжилтаар дүүрэн тэмдэглэлээ.Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд болж, Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Морин хуурын чуулга, нийслэлийн Улаанбаатар чуулга, Улсын филармони, Баянмонгол чуулга, Монгол Улсын консерватори зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын найман оркестр, найрал дуучид, бүжигчид, Монголын үе үеийн урлагийн алдартнууд тэргүүтэй 800 гаруй уран бүтээлч оролцож, нийслэлчүүддээ уран бүтээлийн дээжээ өргөн барьсан юм. Хүндэтгэлийн концертыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон төр, засгийн түшээд, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн үе үеийн удирдлагууд, нийслэлийн хүндэт иргэд, гадаадын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, таалан соёрхлоо. 380 жилийн намтар баян түүхтэй нийслэл Улаанбаатар хотын ойд зориулсан энэхүү хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар ажиллажээ. Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал Гаруда-2019 шилдгүүдээ тодрууллаа Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн босгон дээр нийслэл хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, бүтээн байгуулалт хийсэн байгууллагуудыг тодруулдаг Гаруда 2019 ёслол хүндэтгэлийн ажиллагаа болж, шилдгүүдээ шалгарууллаа. Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтыг тодруулах энэхүү шагнал нь барилга байгууламж, дэвшилтэт техник технологи, үйлчилгээ нэвтрүүлсэн байгууллага, брэндинг, гарааны бизнес гэсэн дөрвөн төрлөөр шилдгүүдээ тодруулсан юм. Шилдэг барилга, байгууламж төрөлд NCD группын Гарден сити хотхон шалгарч GARUDA-2019 дээд шагналын эзэн болсон юм. Харин тусгай шагналыг Барилга, байгууламж төрөлд Алтай холдинг ХХК, Гарааны бизнес төрөлд Ворлд Плас дижитал ХХК, Брэндинг төрөлд Минпро ХХК, Дэвшилтэт техник, технологи, үйлчилгээ нэвтрүүлсэн байгууллага төрөлд Грийн индастри ХХК нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа Азийн эрдэмтэд агаарын бохирдлын асуудлаар Улаанбаатарт чууллаа Азийн хот, суурин газрын агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах шинжлэх ухаан, бодлогын хэлэлцүүлэг Туушин зочид буудлын Соёмбо хурлын танхимд боллоо. Эрүүл мэндийн яам, нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сангийн Швейцарын хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж буй уг хуралд Азийн орнуудын эрдэмтэн судлаачид, агаарын бохирдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын судалгааны хүрээлэн, иргэний нийгэм, хувийн хэвшлийн 150 гаруй төлөөлөл оролцов. Хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгээр агаарын бохирдлын эх хүүхдийн эрүүл мэндэд учруулж байгаа сөрөг нөлөө, нийгэм, эдийн засгийн үр дагавар, бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцэж, үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ. С.Амарсайхан: Нийтийн эрх ашгийн төлөөх бодлого, зорилтоо бид иргэдийн дэмжлэг, хувийн хэвшлийнхний оролцоотойгоор хэрэгжүүлнэ Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон төр, засгийн түшээд, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн үе үеийн удирдлагууд, нийслэлийн хүндэт иргэд, гадаадын зочид төлөөлөгчид үзэж сонирхлоо. Хүндэтгэлийн концертыг нээж хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ Түүхт ойгоо нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, иргэд оршин суугчид та бид хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтлаа. 2019 оныг бид Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил хэмээн зарлаж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, шинэ технологи инновацид суурилсан бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлд олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байна. Олон улсын хот байгуулалтын түүхэн замналд тохиолдож байсан асуудлуудыг бид өөрийн орны байгаль цаг уурын онцлог, хүн ардын аж амьдралын өвөрмөц хэв шинжид нийцүүлэн шийдвэрлэхийг зорьж байна. Нийтийн эрх ашгийн төлөөх бодлого, зорилтоо бид нийслэлчүүдийнхээ дэмжлэг, хувийн хэвшлийнхний оролцоотойгоор амжилттай хэрэгжүүлнэ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ нийслэл хот холбогдох газрууд болоод иргэд олон нийттэйгээ хамтран ажиллаж чадсаны үр дүнд үндэсний гамшиг болоод байсан утааг тодорхой хуваарь бууруулж чадлаа хэмээн онцоллоо. Төрийн далбаа Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа боллоо Нийслэлийн 380 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбаа Нийслэлийн тугийг мандуулах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон НИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид болон нийслэл хотын үе үеийн удирдлагууд байлцав. Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулах ёслолын ажиллагаанд Төрийн хүндэт харуул, Зэвсэгт хүчний үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, найрал дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов. Төв талбайгаасаа Сансрын бөмбөлөг хөөргөсөн анхны улс боллоо Hийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв /МАРСА/-ийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ивээл дор Улаанбаатар 380-Сансар өөд арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулж, нийслэлийнхээ төв талбайгаас сансрын бөмбөлгийг 38 мянган метрт хөөргөв. Ингэснээр Монгол Улс нь задгай сансарт бөмбөлөг хөөргөсөн дэлхийн анхны улс боллоо. Хоорондоо 30 минутын зайтай хөөрсөн гурван цуврал сансрын бөмбөлгийг хөөргөх үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БНМАУ, ЗХУ-ын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн захирал Г.Амгаланбаяр, ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал, академич доктор С.Дэмбэрэл болон бусад албаны хүмүүс, иргэд, олон нийт, оюутан залуус оролцов. Хүндэтгэлийн чуулганаар Ц.Баасанжавт Ёслол хүндэтгэлийн гэрэгэ гардууллаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийслэлийн 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн чуулган боллоо. Хүндэтгэлийн чуулганы эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илгээлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн уншиж танилцуулсан юм. Хүндэтгэлийн чуулганд Улаанбаатар хотын захирагчаар, НИТХ-ын даргаар ажиллаж байсан үе үеийн хотын удирдлагууд уригдан оролцсон юм. Мөн нийслэлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн хамтран ажиллаж ирсэн олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Чуулганы үеэр нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан Л.Лантуу, С.Амархүү, Ж.Ядамсүрэн, Ц.Баасанжав, Т.Билэгт, Ц.Батбаяр, Н.Болормаа болон олон улсын байгууллагын хүндэт зочдыг Нийслэлийн 380 жилийн ойн медалиар шагнасан юм. Хүндэтгэлийн чуулганы үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар 1992-1996 онд ажиллаж байсан Ц.Баасанжавт Ёслол хүндэтгэлийн гэрэгэ-г НИТХ-ын дарга Р.Дагва гардуулж баяр хүргэлээ. Мөн нийслэлийн түүхт 380 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан боллоо. Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг зарим удаашралтай байгаа ажлуудыг шалгав Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүхээр ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг зарим удаашралтай байгаа бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. Ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсэг буюу Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км авто зам, 57 метрийн урттай гүүрийн ажлын явцыг шалгаж, хөдөлгөөнийг нээхэд тулгарч байгаа асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэлээ. Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Нийслэл хүрээ өргөн чөлөө, Хүннүгийн гудамжийг холбох холбоос замуудыг бий болгох, Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас зүүн зүгт метр гаруй блокын системээр нэг чигийн урсгалтай авто зам тавих асуудлаар газар дээр нь очиж ажиллав. Нийтийн тээврийн үйлчилгээний явуулын оношилгоо болон хяналт шалгалтын ажил эхэллээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас Нийслэлийн удирдах ажилтнуудын аравдугаар сарын 25-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар хамтран Утаа, хөө тортог ялгаруулж, агаар, орчныг бохирдуулж байгаа автомашин, тээврийн хэрэгслийг шугам замд шалгах хэсэгчилсэн арга хэмжээний удирдамж-ийг баталж, хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна. Дээрх ажлын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, техникийн хяналтын үзлэгийн төвийн инженерүүд болон Замын цагдаагийн газрын алба хаагчид Нийслэлийн төвийн дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт Офицеруудын ордон, таван шар, 32-ын тойрог, БММЗ дээр болон хяналт шалгалт хийх боломжтой зам, талбайд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Техникийн хяналтын үзлэгийн төвийн явуулын оношилгооны тоног төхөөрөмжөөр тээврийн хэрэгслийн өнгө үзэж, техникийн бүрэн бүтэн байдал, утааг шалгаж, зөрчилтэй тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллаж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сайжруулсан шахмал түлш нь 5679:2019 стандартын техникийн шаардлага хангасан
2019-11-04 10:05:50 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар ОХУ-ын Москва хотын Элчин сайдын яамаар дамжуулан Санкт-Петербург хотод байрлалтай Бюро Веритась Русь ХК-ийн Регион Север Запад лаборатори, БНХАУ-ын Нүүрс судлалын хүрээлэнгийн лаборатори, БНСУ-ын Сөүл хотын Элчин сайдын яамаар дамжуулан SGS Korea лабораториудад шинжлүүлсэн сайжруулсан шахмал түлшний лабораторийн шинжилгээний хариу ирснийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцууллаа. Тэрбээр ОХУ, БНХАУ, БНСУ руу явуулсан Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний лабораторийн шинжилгээний хариу албан ёсоор ирсэн. Сайжруулсан шахмал түлшийг үндэсний тав, гадаадын гурав, нийт найман лаборатори шинжлэхдээ техникийн үзүүлэлт, элементийн үзүүлэлт, химийн найрлага, чөлөөт хөөлтийн зэрэг гэсэн үзүүлэлтүүдээр шинжилсэн. Бүх лабораторийн шинжилгээгээр сайжруулсан шахмал түлш нь 5679:2019 стандартын техникийн шаардлага хангасан байна гэж гарсан байна. Тодруулбал, чөлөөт хөөлтийн зэрэг гэдэг нь нүүрсний коксжих үзүүлэлтийн зэргийг хэлдэг. 1-9 гэсэн хүртэл үзүүлэлтэй байдаг. Бүх лабораторийн шинжилгээгээр чөлөөт хөөлтийн зэрэг нь нэг гэсэн үзүүлэлтэй гарсан нь коксжих зэрэг бага эрчим хүчний нүүрс байна, ахуйд хэрэглэж болно гэсэн дүгнэлт бидэнд ирүүлсэн гэсэн мэдээллийг өглөө. Мөн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын 2019 оны Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай А/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийн дүнг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав. Тэрбээр Аравдугаар сарын 29-ны өдрийн байдлаар тус захирамжийн 10 заалтын хэрэгжилт дунджаар 85.6 хувьтай байна. Төвийн зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газарт хяналтад авсан захирамжийн хэрэгжилтийн дундаж дүнг авч үзвэл, дөрвөн заалтын хэрэгжилт 85 хувьтай, 90 хувийн хэрэгжилттэй гурван заалт, 70 хувийн хэрэгжилттэй нэг заалт байна гэлээ. Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн дүүргүүдийн шуурхай штабууд, хороодын ажлын явцад Нийслэлийн онцгой комиссоос хяналт шалгалт явуулсан тухай танилцуулгыг хийв. Тэрбээр Ажлын хэсэг төвийн зургаан дүүргийн шуурхай штаб, хороодын эрсдэл бүхий айл өрх, уурын зуух ашигладаг аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалтын ажлыг энэ сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа. Эрсдэл өндөр бүхий нийт 35 хорооны 52 айл өрхөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн очиж, сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, түлшний хадгалалт, пийшин зуухны бүрэн бүтэн байдал зэргийг шалгаж, 82 сэрэмжлүүлэг зөвлөгөөг хүргэн ажилласан. Дүүргүүдийн Шуурхай штаб байгуулагдсанаас хойш мэргэжлийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан богино хугацаанд үйл ажиллагаа нь жигдэрсэн байна гэж мэдээллээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлалтай Саншайнь Виллаж хотхоны ундны усны бохирдлыг арилгах, цаашид тухайн хорооллуудын ундны усны аюулгүй байдлыг хангах тухай асуудлыг онцгой комиссын хуралдаанд танилцуулсан юм. Уг асуудлыг яаралтай шийдэж ажиллахыг онцгой комиссын хуралдаанаар холбогдох газруудад үүрэг болгов. Хуралдааны төгсгөлд Нийслэлийн онцгой комиссын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дараах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгөв. Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, хангамжийн бааз, дундын агуулах, борлуулалтын цэгүүдэд цаг хугацаандаа очихгүй байгаад анхаарч, тээвэрлэгч компаниудын гэрээний үүрэг, хариуцлагыг шаардах тээвэрлэлтийн асуудлыг шуурхай шийдвэрлэж мэдэгдэх, Сайжруулсан шахмал түлшний жижиглэн худалдаалах цэгүүдийг ажиллах хүчээр хангах, ажилчдын цалин хөлсийг цаг хугацаанд нь бүрэн олгох асуудлыг шуурхай шийдвэрлэх, Хороо тус бүрээр эрсдэл бүхий айл өрхүүдийн судалгааг нарийвчлан гаргаж, нэн шаардлагатай айл өрхүүдийн пийшин, зуухны галлагааны аюулгүй байдлыг хангуулж, сайжруулсан шахмал түлшээр бодит дэмжлэг үзүүлэх ажлыг Тавантолгой түлш ХХК-тай хамтран зохион байгуулах, Өрхийн орлого багатай халамжийн үйлчилгээ авдаг айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, сайжруулсан түлшээр 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хангах, холбогдох зардлыг халамжийн үйлчилгээний чиглэлээр шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, Дүүрэг, хорооны ажилтнууд, хэсгийн ахлагч нарт сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, галлагаа, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, хордсон үед эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулах, Түүхий нүүрс хэрэглэх, худалдан борлуулах гэх зэрэг зөрчил гаргахгүй байх талд мэргэжлийн байгууллагууд анхаарах, зөрчил гарсан тохиолдолд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах, Цэвэр усны техникийн нөхцөл гаргах, ажлын зураг төсөв зөвшилцөх, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдааг хангах, ажлын үр дүнг эргэж танилцуулахыг тус тус үүрэг болголоо. Мөн холбогдох байгууллагууд шат шатандаа ажлын уялдаа холбоог бэхжүүлж, агаар орчны бохирдлыг бууруулахын тулд зөвхөн сайжруулсан шахмал түлш гэлтгүй, утаа гаргах зуух, яндан болон нийтийн тээврийн автобусанд тавих хяналтыг чангатгах, 24 цагийн штаб байгуулж ажиллахыг үүрэг болгосон юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар Худалдан авах ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах болон тендерт хэрхэн амжилттай оролцох сэдэвт сургалт өнөөдөр зохион байгууллаа. Энэ сургалт нь улсын болон нийслэл орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хүсэлтэй компаниудад зориулан явуулж буй аж. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх чиглэлд заасны дагуу худалдан авах ажиллагаанд оролцогчдыг чадавхижуулах, худалдан авах ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнийг олон нийт, аж ахуй нэгж байгууллагад хүртээмжтэй болгох зорилготойгоор энэ удаагийн сургалтын зохион явуулсан бөгөөд уг сургалтанд 60 гаруй аж ахуй нэгж, компанийн төлөөлөл оролцлоо. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа Энэ удаагийн сургалтын онцлог нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсон. Үүнтэй холбогдуулан Сангийн яамнаас шинэ дүрмүүд гаргасан. Тухайлбал, урьдчилан худалдан авалтын журам, тендерт оролцогчдын гомдлыг хянан шийдвэрлэх, тендерийн шалгаруулалтын материалыг оролцогчдод нээлттэй, ил тод болгох журмууд шинэчлэгдсэн. Оны эцэс болж, ирэх жилийн тендер зарлагдах болсонтой холбогдуулан тендерт оролцогчид алдаа дутагдал бага гаргаасай гэсэн үүднээс дээрхи журмуудын талаарх нэгдсэн ойлголтыг өгч байна гэлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг зарим удаашралтай байгаа ажлуудыг шалгав
2019-11-04 10:00:25 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүхээр ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнөөдөр зарим бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. Ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсэг буюу Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км авто зам, 57 метрийн урттай гүүрийн ажлын явцыг шалгаж, хөдөлгөөнийг нээхэд тулгарч байгаа асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэлээ. Дөрвөн эгнээ хатуу хучилттай, 14 метрийн зорчих хэсгийн өргөнтэй, хоёр талдаа ногоон байгууламж, явган болон дугуйн зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн авто зам ашиглалтад ороход бэлэн болсон талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Р.Индра хэлэв. Мөн уг хэсэгт хөрсний ус ундарч байсныг нийслэлийн Геодизи усны барилга байгууламжийн газар шуурхай ажиллаж 4150 метр куб усыг соруулж түвшинг нь доошлуулсан, цаашид геологийн судалгаа хийж, зураг гаргах шаардлагатай талаар албанхан тайлбарлав. Иргэдийн зүгээс замын хөдөлгөөнийг нээхээс гэрэлтүүлэг болон тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч тавьж өгөх, хөрсний ус ундарч байгаа асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүх замын орц гарцыг нээх, хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээг ирэх долоо хоногт байршуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Түүнчлэн хөрсний ус ундарч байгаа асуудалд анхаарал хандуулж ажиллах болно гэв. Энэхүү зам ашиглалтад орсноор Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсэж , хотын төвийг тойрсон гол гудамж зам болох бөгөөд улмаар тухайн бүсийн авто замын түгжрэлийг бууруулж, хөдөлгөөнийг жигд хувиарлах ач холбогдолтой аж. Түгжрэлийг бууруулах зорилгоор зарим газруудад нэг чигийн хөдөлгөөн нээнэ Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Нийслэл хүрээ өргөн чөлөө, Хүннүгийн гудамжийг холбох холбоос замуудыг бий болгох, Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас зүүн зүгт метр гаруй блокын системээр нэг чигийн урсгалтай авто зам тавих асуудлаар газар дээр нь очиж ажиллав. Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас Их Монгол хорооллын зүүн хойд талын төмөр замын гарам хүртэл төмөр замтай зэрэгцээ 9-10 метрийн өргөнтэй трасс чөлөөлөх асуудлаар Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүх Улаанбаатар төмөр зам компанийн Хууль эрх зүй, эд хөрөнгийн хэлтсийн дарга Захарава И.В тэй уулзаж санал солилцлоо. Тэрбээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор орц гарц нээх,трасс чөлөөлж нэг чигийн хөдөлгөөнтэй зам тавих боломжыг судалж албаныхан ажиллаж байна. Энэ хэсэгт ямар нэгэн газар олголтын мэдээлэл алга. Тухайн хэсэгт Ерөнхий төлөвлөгөөний албаныхан газар доогуурх шугам сүлжээ бий эсэхийг судалж байгаа хэмээлээ. Улаанбаатар төмөр зам компанийн Хууль эрх зүй, эд хөрөнгийн хэлтсийн дарга Захарава И.В уг асуудлыг судлаж үзээд хариу мэдэгдэхээр боллоо. Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас Их Монгол хорооллын зүүн хойд талын төмөр замын гарам хүртэл төмөр замтай зэрэгцээ 9-10 метрийн өргөнтэй трасс чөлөөлснөөр блокын системээр долоон метрийн өргөнтэй 1,20 км урттай нэг чигийн хөдөлгөөнтэй зам тавигдахаар төлөвлөгдөж байгаа аж. Мөн Нийслэл хүрээ өргөн чөлөө, Хүннүгийн гудамжны ачааллыг бууруулах зорилгоор Олимп хотхоны зүүн талаар Олонлог сургуулийн баруун тал хүртэлх болон Саруул хотхоноос урагшаа Олимпик виллаж хотхон, Энканто таун-1 хотхоны зүүн талаар 9-10 метрийн трасс чөлөөлөхөөр боллоо. Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Хан-уул дүүргийн 15 дугаар хороо Махатма Гандийн гудамжийг Хурд рапид хорооллын зүүн талаар Нийслэл хүрээ өргөн чөлөөтэй холбох холбоос замын асуудлаар яг одоо ажиллаж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Ц.Гарамжав гишүүний хуулиар 21.2 мянган иргэний тэтгэвэр нэмэгдэнэ
2019-11-04 09:32:20 Нийтлэгдсэн: Нийгэм1991 оноос хойш хөнгөлөлттэй нөхцлөөр буюу эрт тэтгэвэр тогтоолгосон 21, 2 мянган иргэний тэтгэврийн хэмжээ улсын дундаж тэтгэврийн хэмжээнээс хэт доогуур байгаа. Тиймээс эдгээр иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав санаачилсан бөгөөд чуулганаар хэлэлцэхийг гишүүд дэмжлээ. Тухайн үед буюу эдийн засгийн шилжилтийн үед ажлын байр чөлөөлөх нэрээр 40 гаруй мянган иргэний хугацаанаас нь өмнө тэтгэвэрт гаргасан. 1996 оноос тэтгэврийн насанд хүрээгүй гэх үндэслэлээр дээрх иргэдийн тэтгэврийг зогсоож нөхөн олговор олгож эхэлсэн түүх бий. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хуулиа тайлбарлахдаа хэдийгээр төр засгаас тодорхой арга хэмжээ авч ирсэн боловч одоо ч зарим эхчүүдийн тэтгэврийн хэмжээ улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаанаас үзэхэд дээрх нөхцлүүдээр тэтгэвэр тогтоолгон авч байгаа 21.2 мянган хүн байгаа бөгөөд үүнээс 85.8 хувь нь буюу 18.2 мянган эхчүүд, 14.2 хувь нь буюу 3,0 орчим мянга нь эрэгтэйчүүд байна. Эдгээр тэтгэвэр авагчдын 80.2 хувь нь буюу 17.0 мянга нь улсын дундаж тэтгэвэр 374,8 мянган төгрөгөөс доогуур буюу хэт бага тэтгэвэр авдаг. Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгож, харьцангуй бага тэтгэвэр авч байгаа нийт иргэд, эхчүүд болон 55 нас хүрсэн нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон эрэгтэйчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг ирээдүйд ярих биш одоогийн нөхцөлд шийдвэрлэх хэрэгцээ шаардлага байгаа. Дээрх иргэдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцэх тул энэхүү хуулийн төслийг санаачиллаа. Холбогдох судалгаа, тооцооноос үзэхэд хуулийн төслийн зохицуулалтад хамрагдах 21.2.мянган хүний тэтгэврийг 50.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх бөгөөд тэтгэврийн нэмэгдэлд 2020 онд 12.7 тэрбум төгрөг, цаашид энэ хэмжээ жил бүр 5 орчим хувиар буурах бөгөөд эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Хуулийн төслийг хэрэгжүүлэхэд зарцуулагдах хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатайг харгалзан даган мөрдөх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр тусгасан гэдгээ хэлсэн юм. Олон мянган иргэдийнхээ амьдрал ахуйг хохироосон энэ байдлыг арилгахын төлөө төр ажиллах хэрэгтэй болсон гэж үзээд Ц.Гарамжав гишүүний санаачилсан Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжсэн юм. Ийнхүү олон хүүхэдтэй, ажилласан жил нь болсон хэмээгдэн хэлмэгдэж тэтгэвэрт гарсан иргэд ажлын байргүй, маш бага тэтгэвэртэй явснаар эдийн засгийн хүндрэлд орж амьдрал ахуй нь доройтож хохирсон. Ижил албан тушаалд ажиллаж байсан, нас нь болж байж тэтгэвэр тогтоолгосон бусад иргэдийн дэргэд тэдний авч байгаа тэтгэвэр үнэхээр санаа зовмоор гэдгийг хохирсон иргэдийн үр хүүхдүүд хэлдэг. Шинэ цагийн хэлмэгдүүлэлт гэж хэлж болохоор тэтгэврийн тогтолцоог өөрчлөх цаг болжээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй