“Нийслэлийн гэр бүлийн өдөр”-өөр гучин найман хос хуримлалаа
2019-10-31 14:27:49 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Нийслэлийн гэр бүлийн өдөр-ийг жил бүрийн аравдугаар сарын 28-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, гэрлэх ёслолын ордон, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Нийслэлийн гэр бүлийн өдөр-өөр баталгаат гэр бүлүүдийг нэмэгдүүлэх, гэр бүлийн үнэ цэнэ, хамтын амьдралын утга учрыг таниулах зорилгоор залуу гэр бүлд үлгэр дуурайлал болж яваа 10-аас дээш жил ханилсан гучин найман хосын хуримын ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Гэрлэх ёслолын ажиллагааг нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул, гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа нар нээж, хуримаа хийж буй хосуудад аз жаргал, сайн сайхан бүхний ерөөлийг өргөсөн юм. Хамтын сайхан амдралыг бий болгож олон жил ханилсан хосууд гэрлэх ёслолын ордонд орж гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан бөгөөд Нийслэлийн 380 жилийн ой,Нийслэлийн гэр бүлийн өдөр-өөр ийнхүү хуримлаж гэрлэлтийн баталгаагаа гардсандаа сэтгэл дүүрэн баярлаж байлаа. Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх тогтоол батлагдлаа
2019-10-31 13:27:29 Нийтлэгдсэн: НийгэмӨнөөдөр Үндэсний мэдээлллийн төв-д Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Үнэ тариф, зах зээлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэбулган нар сэтгүүлч нарт зориулан мэдээлэл хийлээ. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Засгийн Газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор баталсан Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам-ын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар 433, 434 тоот тогтоол гаргалаа. Энэхүү тогтоолд Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 2019 оны 11 дүгээр 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 100 хувь, аймгийн төв болон, 10000-гаас дээш хүн амтай сум суурин газрын хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг 50 хөнгөлөхийг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгожээ. Мөн Нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоосон байна. Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр заасан байна. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх явцад цахилгаан шугам сүлжээний тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, гэр хорооллын өрхөд цахилгааны ашиглалтын аюулгүй байдалтай холбоотой сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгожээ. Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг 2017 оноос үзүүлж эхэлсэн бөгөөд тус онд 101.326 айл өрх хамрагдаж, нийтдээ 6.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлж байсан бол 2018 онд 109.213 айл өрх хамрагдан 9.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна. Энэ тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 2019 онд 116966 айл өрх 19.5 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт эдэлнэ. Харин 2020 онд 116966 айл өрх нийтдээ 27.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд гэсэн тооцоог гарчээ. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлтөд нийтдээ 35.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Иргэд 70114900 утсанд хандаж зөвөлгөө мэдээлэл авах боломжтой
2019-10-31 13:18:26 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон хоёр өрхийн дөрвөн иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэж байгаа хүн алга. Иргэд пийшин зуухны ашиглалт сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээтэй холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101,105 болон Тавантолгой түлш ХХК-ний зуух сервес үйлчилгээний мэдээллийн 70114900 утсанд хандаж зөвөлгөө мэдээлэл авах боломжтой. Шаардлагатай тохиолдолд гэрт нь очиж зөвлөмж хүргэн ажиллаж байна гэлээ. Мөн тэрбээр энэ 11 дүгээр сарын 1-нээс ирэх оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл цахилгааны шөнийн тарифыг тэглэх болсонтой холбогдуулан цахилгааны ачаалал эрс нэмэгддэг тул иргэд аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн өнгөрсөн шөнө долоон автотовчоонд шалгалт явуулахад түүхий нүүрс тээвэрлэсэн хэрэг анх удаа илэрсэнгүй гэдгийг дуулгалаа. Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооноос зуух дэлбэрлээ гэх дуудлагын дагуу мэргэжилтнүүд очиж ажиллахад ахуйн чанартай гал гарсан байсныг зуух дэлбэрсэн гэж ташаа мэдээлсэн байжээ. Осолтой холбоотойгоор хоёр хүн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн байдлаар PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээнд байгаа аж. Харин PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оныхоос 1.3 дахин бага илэрсэн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр мэдээллээ. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд, асран хамгаалагч нарыг угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, сайжруулсан түлшний галлагааны зөвлөмжийг баримтлах, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх талаар албаныхан сэрэмжлүүллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Төв аймгийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг гардуулан өглөө
2019-10-29 17:07:51 Нийтлэгдсэн: НийгэмОрон нутгийн хамгаалалтын тухай хуулийг 2018 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганаар баталсан билээ. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого баримт бичиг, батлан хамгаалах багц хуулиудтай нийцүүлэн улсын батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэхэд чиглэсэн орон нутгийн хамгаалалтын харилцааг зохицуулах юм. Ийнхүү хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Төв аймгийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Засаг дарга Ж.Батжаргалд гардуулан өглөө. Төв аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газар, Цэргийн штабын хамт олон Монгол Улсын анхны Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулснаа батлуулан хүлээн авлаа. Аймаг нийслэлийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө батлагдсанаар тайван цагт орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах цогц арга хэмжээ хэрэгжиж эхлэх юм. Орон нутагт орон нутгийн томилгоот нэгжүүдийг байгуулж удирдлага, бие бүрэлдэхүүний сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулж, орон нутгийн хамгаалалтын нөөцийг бүрдүүлж онц болон дайны байдал үүссэн үед нутаг дэвсгэрийн зарчмаар орон нутгийн хамгаалалтыг зохион байгуулах нөхцөл боломж бий болох юм. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төв аймагт ажиллах үеэр Хуурай замын цэргийн командлалын ажилчдын 30 айлын орон сууцны барилгын ажилтай танилцаж тулгамдсан зарим нэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал, гүйцэтгэл нь 70 хувьтай яваа барилгын дулааныг хамгийн ойрын худгаас богино хугацаанд авах боломжийг шийдвэрлэж өглөө. Батлан хамгаалах яам, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалын захиалгаар БУТОЗМ ХХК барилгын ажлыг гүйцэтгэж байна. Ирэх оны 6 дугаар сард ашиглалтанд оруулахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа ч үүссэн нөхцөл байдлаар шалтгаалан хугацаанаас нь өмнө ашиглалтанд оруулах болоод байгаа юм.
III ФОРУМ УРИАЛГА: Мэргэжлийн нэр төрөө хамгаалж, ёс зүйн зарчмаа мөрдлөг болгон ажиллая
2019-10-29 11:25:02 Нийтлэгдсэн: НийгэмIII ФОРУМ УРИАЛГА: Мэргэжлийн нэр төрөө хамгаалж, ёс зүйн зарчмаа мөрдлөг болгон ажиллая Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд III форумын уриалга Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбоо 2019 оны 10 сарын 26-ны өдөр Новотел зочид буудалд ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨГЖИЛ 10 ЖИЛД III форумыг амжилттай зохион байгууллаа. Форумд МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөл болон сэтгүүлч бэлтгэж байгаа их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа сэтгүүлчид оролцсон юм. III форумын оролцогчид бид цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжил нэгт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад хандан дараах уриалгыг гаргав. 1. Хүний эрхийг дээдлэх 1.1 Хүний эрхийг дээдэлж, улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг хамгаалах 1.2 Олон нийт, хэрэглэгчдийн мэдэх эрхийг хангах 1.3 Садар самуун, терроризм, хар тамхи, мансууруулах бодис зэрэг аливаа ёс бус мэдээллээс ангид байх 1.4 Хувь хүний нууцтай холбоотой аливаа мэдээлэл, зураг, дүрс бичлэгт болгоомжтой, няхуур хандах 1.5 Арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэгээр ялгаварлах үзлийг сурталчлах, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй агуулга түгээхээс татгалзах 2. Шударга ёсны дуу хоолой болж ажиллах 2.1 Зөвхөн үнэн бодит мэдээллийг баримтад тулгуурлан олон нийтэд түгээх 2.2 Монгол Улсын хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенци, дүрэм журмыг дээдлэн хүндэлж, дагаж мөрдөх 2.3 Цахим орчинд оюуны өмчийг дээдэлж, бусдын бүтээлд хүндэтгэлтэй хандах 3. Мэргэжлийн ёс зүйг чанд сахих 3.1 Мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргахгүй байх 3.2 Мэргэжил нэгтнүүдийнхээ эрх ашгийг, хараат бус редакцийн бодлогыг хүндэтгэн үзэж, зөвхөн шударга өрсөлдөөнийг эрхэмлэх 3.3 Мэргэжлийн нэр төрөө хамгаалж Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг ямагт мөрдлөг болгон ажиллах 3.4 Өөрийн мэргэжлийн ур чадвараа байнга хөгжүүлэн хийж буй ажилдаа мэргэших, дадлагажих 3.5 Хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллах 3.6 Аливаа төлбөртэй мэдээ, мэдээлэлд бусдын ажил хэргийн болон хувийн нэр хүндэд халдсан зүйл байгаа эсэхийг нягтлан шалгах Энэхүү зарчмыг Монголын цахим сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд Та бүхнийг нийтээр мөрдлөг болгож, өдөр тутмын ажилдаа хэвшүүлэхийг уриалж байна. Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд III форумд оролцогчид 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй