Бодлогын яамд хоттой хамтарч ажиллахаар санамж бичиг байгууллаа

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өнөөдөр Лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх болон Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах төслүүдэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичиг нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтолын хоёр дахь заалт, Засгийн газрын 2019 оны 337 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, төв цэвэрлэх байгууламжийн технологийн болон тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төслийг шинэ төв цэвэрлэх байгууламжийн төсөлтэй уялдуулж, Улаанбаатар хотын иргэдийг амьдрах таатай нөхцлөөр хангах зорилготой аж. Лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийн талаар авсан арга хэмжээний талаар Барилга хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ Япон улсын технологийг ашиглаж лагийг үнэргүйжүүлж бордоо болгох туршилт хийж судалгаа хийсэн. Судалгаагаар лагаас гаргаж авсан бүтээгдэхүүнээр уул уурхайн нөхөн сэргээлт, гэр хорооллын модон жорлонг цэвэрлэх, хөрсний бохирдлыг арилгах, станцуудын үнсэн санг хучих, хог булшлах зэргээр ашиглах боломжтой дүгнэлт гарсан. Лаг усгүйжүүлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулсан. Ингэснээр механик болон химийн аргаар лагийг усгүйжүүлнэ гэлээ. Мөн яамны зүгээс цаашид уг төслийг ашиглах эрхийг нь нийслэлийн удирдлагуудад шилжүүлэх байр суурьтай байгаагаа дуулгасан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Төслийг хэрэгжүүлэх хүрээнд үйлдвэр үйлчилгээний газрууд хотын стандартыг дагаж мөрдөх, бодлого шийдвэртэй уялдуулах нь чухал. Үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд анхан шатны боловсруулалт хийгээд Төв цэвэрлэх байгууламжид нийлүүл гэдэг шаардлага тавина гэлээ. Түүнчлэн Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудад яамны оролцоогүйгээр хэрэгжих боломжгүй. Бодлогын яамдууд хоттой хамтраад харилцан уялдаа холбоотой ажиллаж, тулгамдаж байгаа асуудлаа хамтдаа шийдвэрлэхээр болж байгаа нь өнөөдрийн санамж бичиг ихээхэн ач холбогдолтой болж байна хэмээн онцолж хэллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

МЭДЭГДЭЛ: П.Гэндэнгийн байшинг буулгаж, дахин сэргээн босгоно

Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшинд одоогийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей байрлаж буй байшинг сэргээн засварлах ажлыг эхлүүлсэнтэй холбогдуулж дараах мэдэгдэлийг гаргаж байна: Уг дүнзэн модон хоёр давхар барилгыг П.Гэндэнгийн гэрт зориулж 1928 үед Монголд амьдарч байсан герман инженер Герингийн зураг төслөөр анх барьсан. 1937 онд П.Гэндэнг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн буудан алж байшингийг нь хураасан байдаг. 1993 онд П.Гэндэнгийн ганц охин Г.Цэрэндүламын санаачлагаар П.Гэндэнгийн амьдарч байсан байшинд одоогийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалын музейг байгуулсан. 1960-аад оноос 1993 он хүртэл гадна талын шавардсан байсан нь барилгын насжилт, чанарт муугаар нөөлөөлсөн байсан. Музей байгуулах зорилгоор анх 1993 онд засвар хийж 1996 оны 9-р сарын 10-нд нээсэн. 2003 онд дахин засвар хийсэн боловч 2007 онд галын болон эрүүл ахуйн шаардлага хангахгүй, газар хөдлөлийг тэсвэрлэх чадваргүй, музейн зориулалтын бус, ашиглалтын шаардлага хангахгүй, музейн шаардлагад нийцсэн архитектур төлөвлөлтийн зураг төсөл шинээр боловсруулах, мэргэжлийн байгууллагаар засвар бэхэлгээний ажил хийлгэсний дараа ашиглах гэсэн Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн Дүгнэлт гарсан. Мөн 2017 оны байшингийн үнэлгээ хийлгэхэд 94 хувийн элэгдэлтэй гэж дүгнэлт гарсан байдаг. Олон улсын сэргээн засварлах зарчим, арга зүйн дагуу архитектурын хэв загвар, гадна талын хэлбэр, хийц, өнгө будаг зэргийг анхных нь төрх байдлаар сэргээн засварлаж, дотор талын төлөвлөлт нь анхныхаа байдлаар хадгалагдаж үлдээгүй, өөрчлөгдсөн тул шинээр музейн зориулалт, стандартад нийцсэн, орчин үеийн төлөвлөлтийг хийх бүрэн боломжтой гэж мэргэжлийн архитектор дүгнэлт гаргасан. Дээрх Дүгнэлтийн дагуу уг барилгыг сэргээн засварлах зураг төслийг дурсгалт барилгыг сэргээн засварлах зураг төсөл боловсруулах мэргэшсэн архитектор хийсэн. Мөн түүнчлэн мэргэжлийн, сэргээн засварлахаар мэргэшсэн архитектор зөвлөхөөр ажиллаж байгаа. Энэхүү сэргээн засварлах төсөл хэрэгжснээр: П.Гэндэнгийн амьдарч байсан байшинг буулгаж, муудсан хэсгийг нь орлуулан дахин сэргээн босгоно; Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалын музей уг байшинд хэвээр үйл ажиллагаагаа явуулна. Шинээр ашиглалтанд орох музей нь орчин үеийн музейн стандартын шаардлага хангасан, музейн үзмэрүүд байрлуулах, үзэсгэлэн гаргах илүү их боломжтой болно; Төсвийн нэг ч төгрөг гаргахгүйгээр, өөрийн боломжоор хөрөнгө оруулалтыг хийж байна. ИЙМД: Сэргээн засах ажлыг улс төржүүлэхгүй, буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээхгүй, сэргээн засварын ажилд саад учруулахгуй байхыг хүсье. П.ГЭНДЭНГИЙН НЭРЭМЖИТ САН

“ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙ БА МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛНО

Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд Цахим сэтгүүл зүй ба Мэргэжлийн ёс зүй сэдэвт сургалтыг Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монгол Улсын Их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим, Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулах гэж байна. Сургалтыг : -Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим, -Сэтгүүлч ба мэргэжлийн ёс зүйн өнөөгийн байдал -Зөрчлийн хууль ба сэтгүүлч багц сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд мэргэжлийн багш нар, сэтгүүлчдийн эрхийн хамгаалахаар ажиллаж байгаа хуульчид болон Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүд удирдан явуулна. Энэхүү сургалтад цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа нийт сэтгүүлчид, редакторуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна. Сургалт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 13 цагаас Мэдээлэл технологийн Үндэсний паркын 2 давхарт 202 тоотод болно. Монголын Сайтын холбоо Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл болон сэтгүүлч бэлтгэж байгаа боловсролын байгууллагатай энэхүү сургалтыг үе шаттайгаар, үнэ төлбөргүй зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдсан сэтгүүлчдэд батламж олгоно. Сургалтын үеэр сэтгүүлчид хуульч, өмгөөлөгчдөөс хууль зүйн зөвлөгөө авах, шаардлагатай тохиолдолд үнэ төлбөргүйгээр өмгөөлөгч авах боломжтой. Цахим сэтгүүл зүйд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбооноос сэтгүүлчдэд зориулсан сургалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран сар бүр зохион байгуулах бөгөөд ирэх 11 дүгээр сард Цахим сэтгүүл зүй ба Хүний эрх сэдэвт сургалт хийхээр төлөвлөж байна. МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО

Сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд 10 сая төгрөг дутуу байна

Одоогоос гурван долоо хоногийн өмнө сэтгүүлчид, түүний найз нөхөд нийлэн сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслах Жаргалын мод хандивын аяныг санаачлан эхлүүлсэн билээ. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд сайхан сэтгэлт Монголчууд өглөгийн гараа сунган энэхүү Жаргалын мод-аянд оролцож, нийтдээ 80 сая төгрөг цуглараад байгаа юм. Хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвслээс болж бөөрний архаг дутагдалд ороод байгаа Ж.Жаргалсайхан гуравхан хоногийн дараа Солонгос руу ниснэ. Тэрээр Сөүлийн Ханян их сургуулийн эмнэлэгт эмчлүүлэхээр болоод байгаа юм . Одоо эмчилгээний зардал 90 сая төгрөг болох бөгөөд одоо 10 сая төгрөг дутуу байгаа юм. Иймд сайхан сэтгэлт ард түмэн минь Та нарыгаа Жаргалын мод-ны мөчир салааг ургуулан төлжүүлэхэд сэтгэл зүрхээрээ нэгдэн нийлэхийг дахин уриалж байна. Таны тусч өгөөмөр сэтгэл түүний амьдралыг тэтгэж, насыг нь уртасгах их чадлыг агуулж байгаа юм шүү. Хандивын данс: Хаан банк 5076114356, Төрийн банк 105700275109 Хүлээн авагч: Жаргалсайхан Жарантай

Хотын Захирагч С.Амарсайхан Налайхын замын ажлын явцыг шалгалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа. Уг авто замыг хоёр урсгалтай дөрвөн эгнээ өргөнтэй, явган хүний болон дугуйн замтай болгон шинэчилж байна. Өнөөдрийн байдлаар нийт замын ерөнхий гүйцэтгэл 80 хувьтай далан, хоолой, тунелийн ажил бүрэн хийгдэж дууссан. Одоогийн байдлаар замын хучилтын ажил 60 хувьтай хийгдэж байна. Мөн Хөлийн голын төмөрбетон гүүрийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Замын чанар стандартын горим алдагдуулахгүй, аюулгүй байдлыг бүрэн хангаж төлөвлөсөн хугацаанд багтааж ашиглалтад оруулах ёстой гэдгийг холбогдох албаныханд хэллээ. Авто замын барилгын ажлыг хоёр ээлжээр 24 цагаар зохион байгуулж, тоног төхөөрөмж, машин механизм, хүн хүчийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. Хотын Захирагч С.Амарсайхан шаардлагатай болон нэн түрүүнд шийдвэрлэгдэх асуудал байгаа талаар лавлахад гүйцэтгэгч компаниудын зүгээс зам засварын ажил хэвийн явагдаж байгаа гэлээ. Налайхын замын 20.9 км авто замын үндсэн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-ны өдөрт багтааннээхээр төлөвлөж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.