Налайхын 20,9 км автозамын хучилт 40 хувьтай байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа. Өнөөдрийн байдлаар нийт замын ерөнхий гүйцэтгэл 85 хувьтай далан, хоолой, тунелийн ажил бүрэн хийгдэж дууссан. Одоогийн байдлаар замын хучилтын ажил 40 хувьтай хийгдэж байна. Налайхын замын 20.9 км автозамын үндсэн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-н гэхэд нээнэ. Явган хүний зам, дугуйн замын ажлыг ирэх хавраас эхлүүлнэ хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэллээ. Уг авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөж явган хүн болон дугуйн замтай болгон шинэчилж байна. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Замын чанар стандартын горим алдагдуулахгүй, аюулгүй байдлыг бүрэн хангаж төлөвлөсөн хугацаанд багтааж ашиглалтад оруулах ёстой.Замын ажлыг хийж гүйцэтгэхэд хяналт тавьж байгаа компаниуд хяналтаа сайн хийж, шаардлагаа өндөрсгөж ажилла гэлээ. Түүнчлэн түр замын тоосжилтыг багасгах зорилгоор замын усалгааг өдөр бүр хийх автомашинуудын тоог нэмж, иргэдийн аюулгүй зорчих байдлыг хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Яг одоо нийслэлийн Засаг дарга Налайх дүүргийн иргэдтэй Уурхайчдын ордонд уулзаж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

“1000 анхдагч илгээлтийн эздийн чуулга” уулзалт болно

Энх Эрдэнэтийн хөгжил төрийн бус байгууллага, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэтийн овооны анхдагч илгээлтийн эздийн холбоо ТББ хамтран 1000 анхдагч илгээлтийн эздийн чуулга уулзалтыг ирэх сарын 1-нд буюу Ахмадын баярын өдөр 11:40 цагт Орхон аймгийн Хангарьд паласт зохион байгуулна. Уг чуулганд 1978 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс өмнө илгээлтээр очиж, бүтээн байгуулалтад гар бие оролцож, өнөөг хүртэл Эрдэнэт хотноо ажиллаж амьдарч байгаа 23 салбарын анхдагчид болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Орхон аймгийн удирдлагууд оролцох юм байна. Түүнчлэн тус чуулганд гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын элч Э.Анхбаяр, соёлын тэргүүний ажилтан, уртын дууч Д.Үүрийнтуяа болон дуучин П.Идэржавхлан нар оролцох аж. Сонирхуулахад, дээрхуулзалтын ерөнхий зохион байгуулагч, ивээн тэтгэгчээр Энх Эрдэнэтийн хөгжил төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Бат-Энх ажиллаж байгаа юм. Нийтэлсэн:Т.Болор-Эрдэнэ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН УРГАЦ ХУРААЛТ 47 ХУВЬТАЙ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутаг дахь албан томилолт Хөвсгөл аймагт үргэлжилж байна. Тэрээр Тариалан сумын Алтандуулга ХХК-ийн тариалангийн талбайд очиж ургац хураалтын байдалтай танилцав. Хөвсгөл аймаг энэ жил 170 орчим мянган га талбайд үр тариа тариа, үүнээс 16558 га талбайдулаан буудай, арвай 120, овъёос 24, хөх тариа 16, гурвалжин будаа 9, төмс 235.5, хүнсний ногоо 178.7, ногоон тэжээл 810,рапс3453 га талбайд тариалжээ. Өнөөдрийн байдлаар 10882 тонн ургац, үүний дотор төмс 510 тонн, хүнсний ногоо 390 тонныг хурааж авсан, ургац хураалт 47 хувьтай байна. Тариалангийн бүс нутгийн газрын хөрс харилцан адилгүй байдаг учир Улсын тэргүүний тариаланчдыг шалгаруулахдаа бүсчилж байхыг ахмад тариаланч,агрономичЖ.Жаргалсайхан Ерөнхий сайдад санал болгов. Хөвсгөл аймаг цаг уурын сэрүүвтэр нөхцөлд уулын өвөр, нөмөр нөөлөг бараадаж газар тариалан эрхэлдэг. Бүх боломжоо дайчлан ажилладаг ч ургац хураалтаараа улсдаа тэргүүлэх болзол хангадаггүй байна. Энэ саналыг Ерөнхий сайд судалж үзэхээ хэлэв. Монгол Улсын Ерөнхий сайдУ.Хүрэлсүх өнөөдөр Мөрөн хотод иргэдтэй уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн, цаашдын зорилтын талаар танилцуулж, иргэдийн санаа бодлыг сонсоно гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны орлогч дарга Мөн Шяолинийг хүлээн авч уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны орлогч дарга Мөн Шяолинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, БНХАУ-ын ТӨЗО-ны нарийн бичгийн даргын орлогч Дань Зэн Лүнь Жү, БНХАУ-ын ТӨЗО-ны Соёлын танхимын бодлого зохицуулалтын газрын дарга Ли Шиун нар байлцав. Уулзалтаар хоёр орны харилцаа хамтын ажиллагааны цаашдын хөгжлийн талаар санал солилцлоо. Тэр дундаа соёл урлаг, аялал жуулчлал, эдийн засгийн салбарт харилцан үр ашигтай хамтарч ажиллах боломжтойг талууд онцолсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж байна. Энэ жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жил, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх олон үр дүнтэй ажлууд зохион байгуулагдаж байгаа. Цаашид ч хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хөгжилд Төвдийн өөртөө засах орны оролцоо чухал нөлөөтэй гэж харж байна хэмээв. Төвдийн өөртөө засах орны соёлын төлөөлөгчдийн хамт Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Төвдийн соёлын цуврал арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Мөн цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх олон боломж байгааг олж харсан гэдгээ БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны орлогч дарга Мөн Шяолин уулзалтын үеэр онцолж хэллээ. Уулзалтын төгсгөлд БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны орлогч дарга Мөн Шяолин Хотын даргыг Төвдийн өөртөө засах оронд албан ёсны айлчлал хийхийг урьсныг талархан хүлээн авсан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Чехийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг болон Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн хэлтсийн дарга гуравдугаар нарийн бичгийн дарга Ива Шустаакова нар байлцав.Талууд хоёр улсын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Энэ сарын сүүлээр Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын дарга Ярослав Кубера тэргүүтэй бизнесийн төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийх юм. Айлчлалын үеэр Бүгд Найрамдах Чех Улсын Худалдаа, эдийн засгийн танхимын зүгээс цаашид хамтран ажиллах зорилгоор Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авах хүсэлтэй байгааг Чехийн Элчин сайд Ийржи Бродский хэллээ. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ үеэр Чехийн трамвай үйлдвэрлэлийн талаар асууж сонирхоод, Улаанбаатар хотод трамвай барьж байгуулах хүсэл сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг Сенатын айлчлалын үеэр уриад, Праг хоттой бүхий л салбарт хамтарч ажиллахад нээлттэй байгаагаа дуулгасан юм. Ирэх 2020 онд Монгол Улс, Чех Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болох юм. Ойн арга хэмжээнд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх харилцан үр ашигтай ажиллах олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ярилцлаа. Уулзалтын төгсгөлд Чех Улсын Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский Хотын Захирагч С.Амарсайханийг Праг хотод албан ёсны айлчлал хийхийг урилаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.