Нийслэлийн анхны шав тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой ирэх сарын 29-ний өдөр тохионо. Нийслэлийн шав тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3-р багийн нутаг Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд нийслэлийн үе үеийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Энэ уламжлалын дагуу өнгөрсөн амралтын өдөр хотын удирдлагууд нийслэлийн шав тавьсан газарт очиж Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Давга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Хотын дарга асан Ц.Баасанжав, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, НИТХ-ын төлөөлөгчид, бусад холбогдох албаныхан болон нутгийн иргэд төлөөлөгчид оролцож хүндэтгэл үзүүллээ. 1639 онд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг 5 настайд нь Ширээт цагаан нуурын хөвөөнд даахийг нь үргээж, Шар бүсийн ордон байгуулсан нь эдүгээгийн нийслэлийн эхлэл байсан гэж үздэг. Занабазар гэгээнтний даахийг Их Монгол уулын бэлд цацсан бөгөөд тэр нь арц болон ургасан түүхтэй хэмээн ярьсаар ирсэн гэдгийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Давга хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр онцлов. Нийслэлийн түүхт ойн өдрүүдийг тохиолдуулан 20 дахь жилдээ болж буй ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам, хуврагууд өсөн дэвжихийн ерөөл айлтгав. Мөн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ая дууны цэнхэр хадаг өргөж, Цам харайх ёслол үйлдсэн юм. Монголчуудын түүхэнд гэгээн саруул ухааны гайхамшгийг үзүүлж, өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний урлагийн алтан санд арилшгүй ул мөрөө үлдээсэн алдар суут өндөр гэгээний мэндэлсэн өнө мөнхийн дурсгалт өлгий нутагт Улаанбаатар хотын үүслийн түүхийн бодит үнэнийг өнөөгийн болоод хойч үеийнхэнд өвлүүлэн таниулах зорилгоор Улаанбаатар хотын 360 жилийн ойг тохиолдуулан 1999 онд босгосон Гэрэлт хөшөө-нд бид жил бүрийн намрын нар хур тэгширсэн налгар сайхан өдрүүдэд хүндэтгэл үзүүлж, хүмүүний ёсыг гүйцэлдүүлдэг уламжлалтай болсон. Уламжлалаа хүндэтгэж, удам хойчдоо өвлүүлэн үлдээдэг өвөг дээдсийн ёс жаяг өнөөгийн бидэнд хамааралтай төдийгүй даяарчлагдаж буй орчин цагт өөр бусдаас ялгарах өвөрмөц соёлоо ариун нандин байлгах өгөгдөхүүний хариу тайлал болж байна. Та бүхэнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж,Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье хэмээгээд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ёслолын үйл ажиллагааг нээсэн юм. Нийслэлийн анхны шав тавьсан Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр бэсрэг наадам зохион байгуулсан юм. Мөн нийслэлийн удирдлагууд Ширээт цагаан нуурын уснаас амсаж, Өндөр гэгээний суваргад арц хүж уугиулан цагаан сүүгээ өргөж хүндэтгэл үзүүллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Дулааны цахилгаан станцын үнс, төв цэвэрлэхийн лагийг ашиглан үнсэн санд биологийн нөхөн сэргээлтийн туршилтыг явууллаа

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лагийн бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг судлах, загвар төсөл хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон нийслэлийн Байгаль орчны газар хамтран 2019 оны тавдугаар сарын 01-ний өдөр баталсан. Дээрх төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нөхөн сэргээлт хийгдэхгүй орхигдсон талбайд төв цэвэрлэх байгууламжийн лаг болон дулааны цахилгаан станцуудын үнсэн сангийн үнсийг боловсруулан дүүргэгч материал болгон ашиглаж нөхөн сэргээлт хийх загвар төслийг хэрэгжүүлэхээр суурьшлын бүсээс хол, усны хамгаалалтын бүсийн гадна талбайг сонгон ДЦС-IV ТӨХК-ийн үнсэн далангийн доор 200м талбайд лагийн бордоогоор хучиж, зүлэгжүүлэх туршилтыг хийж гүйцэтгэлээ. Уг ажлыг лагийг боловсруулж бордоо гаргах төслийг хийж гүйцэтгэж буй Эко тайхи ХХК нь Япон улсын Эко энержи систем компанийн технологийн дагуу 2019.08.25-ны өдрөөс 2019.09.27-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн бөгөөд тус компани нь Япон улсын арга аргачлалын дагуу гаргаж авсан бактерийн тусламжтайгаар амьтан, ургамлын хог хаягдал ашиглан өндөр чанарын бордоо үйлдвэрлэх, үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд бактери болон модны үртэс, тахианы сангас болон бусад шаардлагатай зүйлсийг хольж өсгөвөр бэлдэж, бэлэн болсон 10м3өсгөврийг 500м3үртэстэй хольж, 4-7 хоногийн дараа лагтай холих замаар бордоог бэлтгэдэг технологиор ажилладаг. Шинжилгээний хариу, бордоолог чанарын үзүүлэлтэд үндэслэн ургамлын өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох туршилтын үр дүн сайн гарсан бөгөөд лагаас гарган авсан бордоог хүнсний ногооны 14 төрөл, 50 орчим тасалгааны цэцэг, хайлаас модыг үрээр, үхрийн нүдийг үрсэлгээгээр, хөх тариа, буудай гэсэн төрлүүдэд ургамлын өсөлт хөгжилтийн нөлөөлөл болон аюулгүй байдлын туршилт судалгааг амжилттай хийж гүйцэтгээд байна. НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

МЭДЭГДЭЛ

2019-09-27 15:24:26 Нийтлэгдсэн: Нийгэм
МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд зарим нэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр манай хөрөнгө оруулагч УИХ-ын гишүүн С.Батболдыг газрын маргаантай асуудлыг хууль бус аргаар шийдвэрлэсэн гэх мэдээлэл гарч буй нь ор үндэсгүй гүжир гүтгэлэг болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэхүү мэдээлэлд дурьдагдаад буй зөрчилтэй байсан гэх газрыг Чингисхаан цогцолбор ХХК болон Алтай холдинг компаниуд 1994 оноос эхлэн хуулийн дагуу эзэмшиж ирсэн. Уг газрын эзэмшил, төлбөр төлөлтийн байдалтай холбоотой ямар нэг зөрчил, маргаан гарч байгаагүй болно. Алтай Холдинг ХХК болон хамаарал бүхий компаниудын нэр хүндэд халдаж, ашиг хонжоо олох зорилгоор гүжир гүтгэлэг тарааж буй этгээдүүдийг хуулийн байгууллагад хандан шалгуулж, нэр төрөө сэргээлгэх болсоныг мэдэгдье. АЛТАЙ ХОЛДИНГ ХХК

Баянхошууны тойрогоос “Жанцан дэлгүүр” автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг бүрэн хаана

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн Сонгинохайрхан дүүргийн 8-р хороонд хийгдэж буй Гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажлын хүрээнд Хувьсгалчдын гудамжны авто замд сэтэлгээ хийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр бэлтгэлээ ханган ажиллаж байна. Тиймээс 2019.09.29-ний шөнийн 00:00 цагаас өглөөний 08:00 цаг хүртэлх хугацаанд Баянхошууны тойрог буудлаас Баянхошуу Жанцан дэлгүүрийн буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг бүрэн хаахаар болсон байна. Түр замын зургийг хүргэж байна.

"Ахмад настан-хэрэглэгч" өдөрлөг зохион байгуулав

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Ахмад настан-хэрэглэгч аяныг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс зохион байгуулж байна. Аяны хүрээнд Нийслэлээс ахмад настанд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь зохион байгуулж буй Ахмад настан-хэрэглэгч өдөрлөг юм. Өдөрлөгт дүүргүүдээс 50 ахмад настан оролцлоо. Өдөрлөгийн үеэр худалдааны салбарт дэвшилтэт технологи, шинэлэг үйлчилгээ нэвтрүүлж буй И-март хайпермаркетийн үйл ажиллагаатай ахмадуудыг танилцуулж, ахмад настанд дараалалгүй үйлчлэх, угтаж үйлчлэх, хөтчөөр үйлчлэх үйлчилгээг үзүүлэв. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Монголын Бүтээмжийн төвтэй хамтран 2019 оны 10 дугаар сард ахмад настанд дараалалгүй үйлчлэх Үйлчилгээний соёл-Ахмадад сургалт, үзүүлэх сургуулийг томоохон сүлжээ дэлгүүрүүдийг түшиглэн зохион байгуулахаар төлөвлөж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.