Сайхан сэтгэгдэл санааны уг руу, муухай сэтгэгдэл “хогийн сав” руу

Монголчуудын зорчдог нэгэн орон зай нь цахим ертөнц болсныг бүгд хүлээн зөвшөөрч байна. Үүний хэрээр энэ орон зайд сайн сайхан, саар муухай ч зэрэгцэн орших болов. Сэтгэгдэл гэдэг дайсантай ч болцгоолоо. Гэвч Монгол хэлний тайлбар тольд энэ нь тийм ч айхтар дайснаар тодруулаад байхаар үг биш ажээ. Сэтгэгдэл гэдэг нь нэр үг бөгөөд Санаанд төрсөн бодлыг хэлнэ гэжээ. Тийм болохоор сэтгэгдэл гэдэг нь ердөө л Таны, миний санаанд тухайн агшинд юу орж ирснийг л илэрхийлж байгаа хэрэг. Тэр нь эгдүүцсэн, зэвүүцсэн, бахадсан, сайшаасан, хүлээн зөвшөөрсөн гээд сэтгэл хөдлөлүүдээр идэвхжиж байдаг. Нийгмийн хөгжил нь нийтийн сэтгэгдлийн өнгө аясыг дагаж намирдаг бөгөөд нийт олноороо аливаад эмоцигүй, үхээнц хандаад эхэлбэл хөгжил зогсдог гэж үздэг байна. Аливаа мэдээ мэдээллийг хүлээж аваад санаанд орсон бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь нийгмийн хөгжилд сайнаар нөлөөлдөг байх нь. Гагцхүү Таны эрх бусдын хамрын үзүүрээр хязгаарлагдана гэдэг үгийг л санаж байхад бүх юм зөв гольдролоороо явж байгаа нь тэр билээ. Иймд бүгдээрээ цахим ертөнцөд тааваараа зорчихдоо соёлтой харилцаж, биеэ зөв авч явцгаая. Бид гудамжинд зөрж өнгөрсөн бүхнээ хараалын үгээр булж өнгөрдөггүй шигээ, бид зөрсөн бүхэнтэй мөргөлдөж, нудралцаж, гар зөрүүлж алхдаггүй шигээ энэ орон зайд өөрийгөө хүндэлж өрөөлд үлгэр дуурайл үзүүлцгээе. Өнөөдөр бид өөрсдөөсөө эхэлж энэ бүхнийг хийхгүй бол маргааш бидний үр хүүхдүүд доромжлол, гүтгэлэг, заналхийлэл дүүрэн ертөнцөд амьдрах болох нь ээ. Вэбсайтад хэрэглэгчид сэтгэгдэл бичихдээ олон хууль, журмыг санаж байх учиртай. Тухайлбал, садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, Эрүүгийн хуулийн 86, 179, 144 дүгээр зүйл, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1.6, 6.5 дугаар зүйлийг илэрхийлсэн сэтгэгдлүүдийг бичиж болохгүй. Энэ хуулиудаар садар самууныг сурталчлах, гэмт хэрэгт өдөөн турхирах, терроризмыг сурталчлах, олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэхэд хүргэх, хүүхдийн эрх зөрчсөн аливаа үйлдлүүдийг гаргахыг хориглосон байдаг юм. Ийм хуультай улсын иргэд өөрсдөө хуулиа дээдэлж, цахим ертөнцийн харилцаанд зөв оролцоод эхэлбэл үр хүүхдүүд, хойч үе маань эх сайхан Монгол хэлээ хүндэтгэл төгөлдөр уламжлан хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй ээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан Монголын Сайтын Холбоо ТББ нь албан ёсны гишүүнчлэлтэй 65 вэбсайт, дэмжигч 39 вэбсайтаа хамарсан Сэтгэгдэл цэвэрлэх аян-ыг өрнүүлж эхэллээ. Бид Сэтгэгдэл цэвэрлэх аян-ы хүрээнд, Уншигч, хэрэглэгчдээ соёлтой, зөв боловсон, сайхан сэтгэгдэл бичихэд уриална. Сайт бүрийн сэтгүүлч, админуудад дээрх хуулиудыг зөрчсөн, зүй зохисгүй үг хэллэг бүхий аливаа сэтгэгдлүүдийг шууд устгаж, цахим ертөнцийн ХОГИЙГ ГАЗАР ДЭЭР НЬ ЦЭВЭРЛЭЖ ажиллана. Монголын Сайтын Холбоо-ны гишүүн болон дэмжигч бүх сайтууд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос баталсан Сайтууд дахь сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам-ыг хэрэгжүүлж ажиллана. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Хамгийн сайхан 100 сэтгэгдэл-ийг олон нийтэд зарлаж, үлгэр жишээ болгоно. Цахим орчин дахь сэтгэгдлийн харилцааг зүй зохистой, оновчтой зохицуулах чиглэлээр Төр засгаас явуулж буй аливаа санаачилга, шийдвэрийг Монголын Сайтын Холбоо дэмжиж, хамтран ажиллах болно. Уншигч Та ч бас Сэтгэгдэл цэвэрлэх аян-д нэгдээрэй. Уншсан, мэдэж авсан бүхнийхээ дор дандаа сайхан сэтгэгдэл үлдээх гэж хичээгээд үзээрэй. Таны үлдээсэн сайхан сэтгэгдэл бусдад урам өгч, аз жаргал бэлэглэж байг. Соёлт хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг гэсэн нэгэн үгийг санааныхаа үзүүрт авч явцгаая. Энэ орон зайд бичсэн сэтгэлийн тэр сайхан үгээр тань тэжээгдсэн бусад хүмүүс Үл таних эмэгтэй, Үл таних залуу таныг үргэлж сайнаар бодож, сайхан бүхнийг ерөөж байг ээ. Монголын Сайтуудын Холбоо

Ногоон нуур орчмын айлуудыг яаралтай нүүлгэнэ

Гэр хрооллын хөгжлийн газраас эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 9,11,12 хороо буюу Ногоон нуур, 32-р тойрог орчмын газрыг яаралтай чөлөөлөхөө мэдэгдлээ. Орон сууцны 7-р хороолол барих ажлын хүрээнд 341 айлын талбараас эхний ээлжинд яаралтай чөлөөлөх газруудыг тогтоосон газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэж эхлэхээр болсон ажээ. WORD.MN Б.Бүжүүлэй

Зам тээврийн ослоос сэргийлэх, хөдөлгөөний соёлын өдөр” боллоо

Автомашингүй өдөр болон Автомашингүй өдрийг угтсан 7 хоног 3 сарын 24-31-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Энэ жилийн Автомашингүй өдөр нь Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа уриатайгаар хэрэгжиж байна. Энэ 7 хоногийн арга хэмжээ Явган алхалт, хөдөлгөөнийг дэмжих өдөр-өөр эхэлж, иргэд 10,000 алхам мини аялал хийсэн бол 3 сарын 25-нд Зам тээврийн ослоос сэргийлэх, хөдөлгөөний соёлын өдөр боллоо. Энэ өдөр нийслэлийн Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нартаа дуут дохио дуугаргахгүй, дүрмээрээ соёлтой явахыг уриалжээ. Мөн, зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх сурталчилгааг Нийслэлийн тээврийн газар, Монгол даатгал компанитай хамтран явууллаа гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Алтайн Хүдэр” компанийн мэдэгдэл сэтгүүлчдийг “албан ёсоор” дарамтлав

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт орших Алтайн Хүдэр ХХК-ийн ажилчид мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд сэтгүүлчдийн асуултанд хариулсангүй. Харин хууль бус мэдээлэл гаргасан хэвлэл мэдээлэлийн байгууллагуудад албан ёсоор хуулийн дагуу арга хэмжээ авна гэлээ. Мөн Алтайн Хүдэр ХХК нь одоогийн байдлаар 1500 гаруй ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Баруун бүсийн аймагт бүтээн байгуулалт хийж байгаа. Тиймээс бид байгаль орчинд хяналттай ажилладаг. Үүсээд байгаа нөхцөл байдлын дагуу манай уурхай дээр мэргэжлийн хүмүүс ирж шалгалт хийсэн. Энэ үеэр нутгийн зөвлөлийн хэсэг хүмүүс зохистой бус үйл явдал гаргаж байсан.Асуудал шийдвэрлэх түвшинд явж байгаа. Тиймээс асуудал шийдэгдсэний дараа үнэн зөв тодорхой мэдээлэл өгнө гэдгээс өөр зүйл хэлсэнгүй. Үүсээд буй нөхцөл байдлын талаар үнэн болит мэдээлэлтэй болно хэмээн очсон сэтгүүлчдийг сүрдүүлгийн өнгө аястай мэдэгдлээр далайлгаж байхаас үзвэл нутгийн иргэд болоод мэдэлд нь ажилладаг ажилчидтайгаа ёс бус харьцах нь энүүхэнд бололтой. WORD.MN Г.Инжир

УЛААНБААТАРТ өдөртөө хүйтэрч  8-10  градус хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө хүйтэрч 8-10 градус хүйтэн байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор болон Эгь-Үүр, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, зарим газраар бага зэргийн цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.. Шөнөдөө 18-20 градус , өдөртөө 3-5 градус хүйтэн байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас хойш эргэж секундэд 4-9 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.