Шатар сонирхогчдын 2021 оны нийслэлийн аваргууд тодорлоо

​ Шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, шатар сонирхогчдыг дэмжих зорилгоор Нийслэлийн ИТХ-аас жил бүр Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг. Уламжлалт энэхүү тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Шатар сонирхогчдын 2021 оны нийслэлийн шатрын аваргууд тодорлоо. Тэмцээнд дүүргүүдээс шалгарсан 54 шатарчин оролцсоноос эмэгтэйчүүдийн төрөлд Г.Санчирдулам, И.Нангилмаа, Т.Нямлхагва, Ж.Алтанчимэг, Д.Сайнзаяа, Л.Мөнхзаяа нар тэргүүлэв. Харин эрэгтэйчүүдийн төрөлд А.Дөлгөөн, Д.Энхжаргал, Г.Цолмон-Осор, Б.Гантулга, Г.Энхбаяр, Ш.Энхбат нар шалгарч, Улсын Их Хурлын ивээл дор зохион байгуулах шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

“Бөртэ чоно-2021”-ийн эзэн өнөөдөр тодорно

​​ Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал Бөртэ чоно-2021 ёслолын арга хэмжээ өнөөдөр МҮОНРТ-ийн Студи-600-д болно. Өнгөрсөн жил цар тахлын улмаас цуцлагдсан энэхүү арга хэмжээ энэ жил олимпын дараа болж байгаагаараа онцлог юм. Оны шилдэг тамирчин, дасгалжуулагчийг спортын сэтгүүлчид шалгаруулдаг. Олон улсын уламжлалын дагуу Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд харьяалалтай сэтгүүлчид тиймээс саналаа өгч, шилдгүүдийг тодруулна. 2002 оноос эхлэлтэй тус наадам 19 дэх жилдээ болох гэж буй. Бөртэ чоно наадмын 2019 оны шилдгээр ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар шалгарч байв.

Г.Болор-Эрдэнэ тав дахь удаа пара таеквондогийн дэлхийн аварга боллоо

​ Туркийн Истанбул хотод болж буй пара таeквондогийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртсэн гэж Монголын паралимпын холбооноос мэдээллээ. Тэрбээр шигшээ тулаанд Италийн тамирчныг 18:8 оноогоор хожиж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тав дахь удаагаа түрүүлсэн байна. Парис 2024 Паралимп наадмын эрх олгож байгаа энэ тэмцээнд 41 орны 250 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Г.Болор-Эрдэнэ нь Токио 2020 Паралимпын наадамд долоодугаар байр эзэлсэн. Эх сурвалж: Монголын паралимпын холбоо

"Бөртэ чоно-2021" оны шилдэгт өрсөлдөх тамирчдын нэрс тодорлоо

​​ Монголын Үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал Бөртэ чоно-2021 шагнал гардуулах ёслол энэ сарын 13-нд болно. Энэхүү шагналын эзнийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүдийн санал асуулгаар тодруулдаг билээ. Уг шагналд нэр дэвшигчдийн нэрсийг уншигч танаа танилцуулъя. Шилдэг эмэгтэй тамирчин-д нэр дэвшиж буй тамирчид: Мөнхжанцангийн Анхцэцэг (хүндийг өргөлт) - Азийн АШТ-ий мөнгөн медальт, Токио-2020 олимпын наадмын IV байрын шагналт Цолмонбаатарын Анударь (буудлага) - Индонез, Бангладешийн Олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медальт, Токио-2020 олимпын наадмын 10 метрийн хийн гар бууны дасгалд IX байрт шалгарсан Зоригтын Болортунгалаг (чөлөөт бөх) - Ази тивийн аварга, Иван Ярыгины Олон улсын тэмцээний аварга Бат-Очирын Болортуяа (чөлөөт бөх) - Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт Батмөнхийн Болор-Эрдэнэ (ширээний теннис) - Олимпын наадамд ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ авч өрсөлдсөн Энхбатын Гантуяа (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины Олон улсын тэмцээний хүрэл медальт Отрядын Гүндэгмаа (буудлага) Токио-2020 олимпын наадамд оролцсон. Долоон олимпын наадамд оролцсон Монголын анхны тамирчин Эрхэмбаярын Даваачимэг (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины Олон улсын тэмцээний мөнгөн медальт Мөнхболдын Дөлгөөн (чөлөөт бөх) - Ази тивийн аварга Долгоржавын Отгонжаргал (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт Бишиндээгийн Урантунгалаг (байт харваа) - Олимпын эрх олгох тэмцээнд V байр эзэлж, Токио-2020 олимпын наадамд оролцсон. Дэлхийн цомын тэмцээнд 663 оноогоор Улсын рекордыг шинэчлэн тогтоосон Мөнхбатын Уранцэцэг (жүдо) - Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт, Тбилиси болон Ташкентийн Их дуулгын аварга, Мастерс тэмцээний хүрэл медальт Баатаржавын Шоовдор (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины Олон улсын тэмцээний аварга Батбаярын Энххүслэн (усанд сэлэлт) - Токио-2020 олимпын наадмын 50 метрийн чөлөөт сэлэлтэд Улсын рекордыг шинэчлэн тогтоосон. Шилдэг эрэгтэй тамирчин-д нэр дэвшиж буй тамирчид: Ёндонпэрэнлэйн Басхүү (жүдо) - Токио-2020 олимпын наадмын VII байрын шагналт, ДАШТ-ий хүрэл, Ташкентийн Их дуулгын мөнгө, Абу Дабигийн Их дуулгын хүрэл медальт Данаагийн Батгэрэл (холимог тулаан) - 2021 онд UFC холимог тулаанд 2 тулаан дараалан цэвэр ялалт байгуулсан Ганболдын Ганбаяр (хөлбөмбөг) - Унгарын хөлбөмбөгийн дээд лигт Пушкаш багийнхаа хамтаар мөнгөн медаль хүртсэн Энхтайваны Даваахүү (буудлага) - Индонез, Бангладешийн Олон улсын тэмцээний аварга, Токио-2020 олимпын наадмын хийн гар бууны 10 метрийн дасгалд 12-р байр эзэлсэн Доржсүрэнгийн Дашнамжил (байт харваа) - ДАШТ-ий урьдчилсан харваанд 652 оноо авч хувийн амжилтаа шинэчлэн, 102 тамирчнаас 9-д эрэмбэлэгдсэн. Хувийн төрөлд шилдэг 16-д, холимог багийн төрөлд А.Отгонжаргалын хамтаар шилдэг наймд шалгарсан Мөнхтөрийн Лхагвагэрэл (чөлөөт бөх) - Токио-2020 олимпын V байрын шагналт, ДАШТ-ий хүрэл медальт Энхбатын Лхагвасүрэн (ширээний теннис) - Олимпын наадамд ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн Төмөр-Очирын Тулга (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Ромын Олон улсын тэмцээний мөнгөн медальт, Токио-2020 олимпын наадмын оролцогч Саейд Моллаей (жүдо) - Токио-2020 олимпын мөнгөн медальт, Тель-Авивын Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Баатарсүхийн Чинзориг (бокс) - Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт, Токио-2020 олимпын наадмын оролцогч Цэнд-Очирын Цогтбаатар (жүдо) - Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгын аварга, Бакугийн Их дуулгын хүрэл медальт Эрдэнэбатын Цэндбаатар (бокс) - Токио-2020 олимпын V байрын шагналт, Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний аварга Сайнбаярын Жамбалжамц (дугуй) - Дугуйчдын Ази тивийн чансааны хоёрдугаар байранд бичигдэж байгаа. Тour of Thailand тэмцээний аварга Хархүүгийн Энх-Амар (бокс) - Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний мөнгөн медальт тамирчин.

Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хасав

​ Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал өчигдөр /202112.06/ боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Монголын Үндэсний бөхийн холбооны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав. Мөн Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7-р бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан: Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан /2021 оны 12-р сарын 04-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд/-ыг нэг жилээр /давтан үйлдэл/, Сумын заан Ё.Гантулга /11-р сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд/, Сумын заан О.Баяржаргал /11-р сарын 27-нд Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд/ нарын барилдах эрхийг зургаан сараар хаслаа. Эх сурвалж: Монголын Үндэсний бөхийн холбоо

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.