“LUXURIOUS” оргилуун дарсны үйлдвэр хэрэглэгчдээсээ уучлал хүслээ

УУЧЛАЛ ХҮСЭХ ТУХАЙ Цэс Хайрхан ХХК нь жимсний дарс, оргилуун дарс үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дотоодын үйлдвэр юм. 2020 оны 12-р сарын 11-нд үйлдвэрлэлд хэрэглэхээр төлөвлөсөн шинэ шилэн лонх гааль дээр саатсан тул цөөн тооны бүтээгдэхүүнд манай үйлдвэрийн бусад оргилуун дарс болох Советское болон Тансаг бүтээгдэхүүнийхээ шилэн лонхыг үйлдвэрлэлийн ном журмын дагуу ариутган цэвэрлэж LUXURIOUS оргилуун дарсыг савлаж, худалдаалсан зөрчлөө ухамсарлан үндэсний үйлдвэрлэгчдийн нэр хүндийг сэвтээж, хэрэглэгчдийн итгэлийг алдсандаа бид гүнээ харамсаж уучлалт хүсэж байна. Удирдлагын багийн зүгээс дотоод хяналт шалгалт хийлгүй хариуцлага алдаж, 2020 оны 12-р сарын 11-нд үйлдвэрлэлд хэрэглэсэн хуучин шилэн лонхны лазераар шивэгдсэн он сарыг сайтар арилгалгүй давхар шошготой бүтээгдэхүүнийг хэрэглэгч, харилцагчдадаа нийлүүлсэндээ дахин дахин УУЧЛАЛ хүсэж байна. Дээрх гарсан асуудалтай холбогдуулан бид үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон бөгөөд холбогдох мэргэжлийн байгууллагуудын зүгээс хэрэгжүүлэх аливаа шийдвэр, арга хэмжээг даган мөрдөх болно. Мөн энэ өдрийн бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгч, харилцагч бүрийн гомдлыг бид барагдуулах болно. ЦЭС ХАЙРХАН ХХК

Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Цаг уурын байгууллагаас нэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард агаарын дундаж температур нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас хүйтэн. Хур тунадасны хувьд Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутаг, Булганы зүүн өмнөд, Дорнод, Сүхбаатарын өмнөд, Дорноговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Алтайн өвөр говь болон Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Арав хоног болгоны сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5-10С-аар хүйтэрнэ. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч үеэр зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Баруун аймгуудын нутгаар:Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас Алтайн өвөр говиор олон жил дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 510Саар хүйтэрнэ.Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 48 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 1214 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй. Төвийн аймгуудын нутгаар:Энэ сард агаарын дундаж температур Архангайн баруун, Өвөрхангайн ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Харин хур тунадас Төв болон Сэлэнгийн ихэнх, Булганы зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өвөрхангайн өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 510Саар хүйтэрнэ.Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 49 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 1214 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй. Харин хур тунадас Дорнод, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5-10Саар хүйтэрнэ. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 510 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Говийн аймгуудын нутгаар.Энэ сард агаарын дундаж температур Дорноговийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол хур тунадас Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 35Саар хүйтэрнэ. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 510 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 1416 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар

Увс аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлж иргэдэд чичирхийлэл мэдрэгджээ

Увсаймгийн Наранбулаг сумын Алдар багийн Бөгдөг гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 23 км-т, 2020. 12.28-ны өдрийн 05:21 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдөлсөн тухаймэдээллийг ООГХ-ээс 05:33 цагт Онцгой байдлын албандирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Хөл хорионы үед нууцаар PC тоглоомын газар ажиллуулж байжээ

Хатуу хөл хорио тогтоосон энэ үед Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт PC тоглоомын газар нууцаар үйл ажиллагаа явуулж байжээ. Тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид өчигдөр /2020.12.24/ хэргийг илрүүлсэн бөгөөд тухайн PC тоглоомын газар байсан хүмүүс амны хаалт зүүгээгүй, хүн хоорондын зай баримтлаагүй, гар ариутгагч байрлуулаагүй мөн тоглож байгаа орчинд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдээгүй зэрэг олон зөрчил илэрсэн байна. Монгол Улсын Засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 226 дугаар тогтоолыг гаргасан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн засаг дарга А1320 захирамж гаргаж үйл ажиллагаа явуулах 15 байгууллагыг баталсан билээ. Захирамжийн биелэлтийг хангаж ажиллаагүй дээрх PC тоглоомын газрыг Зөрчлийн хуулийн дагуу 5 сая төгрөгөөр торгох аж. Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих: Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хэвлэлийн эрх чөлөөний төлөө ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ байгуулагдлаа

Хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй эвлэл, холбоод нэгдэж, Хэвлэлийн эрх чөлөөний төлөө Үндэсний түр зөвлөлийг байгууллаа. Тус зөвлөл нь Хэвлэлийн эрх чөлөөг хангах, хамгаалах, баталгаажуулах үндсэн чиглэлээр ажиллах бөгөөд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батлах хүртэл үндэсний хэмжээний зөвшилцлийн үйл ажиллагаа явуулах юм байна. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 13.14 дэх хэсэгт хэвлэл мэдээллийн салбарынхан төдийгүй иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумисан, ялын бодлогыг чангаруулах замаар хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж боох агуулгатай өөрчлөлтийг ХЗДХ-ийн яамнаас санаачлаад байгаа. Үүнтэй зэрэгцэн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд төрийн оролцоотойгоор хэвлэлийн эрх чөлөөг хяналтдаа авах зохицуулалт оруулах гэж байгаа нь сэтгүүлзүйн салбарын эсэргүүцэлтэй тулгараад байна. Өөрөөр хэлбэл эрх баригчид, хууль санаачлагчид Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг далайлган, айлгах, хэвлэлийн эрх чөлөөг төрийн хяналттай болгох гэсэн санаархлыг эрс эсэргүүцэж, хэвлэл мэдээллийн салбарынхан анх удаа өөрсдийн эрх ашгийг хөндсөн асуудалд өргөн бүрэлдэхүүнтэй нэгдэж байгаа юм байна. Үндэсний зөвлөлд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын хэвлэлийн хүрээлэн, Монголын телевизүүдийн холбоо, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Монголын сайтын холбоо, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, Монголын гэрэл зурагчдын холбоо, Хангарди Улаанбаатарын сэтгүүлчдийн холбоо, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб, Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Эв нэгдэл төв зэрэг 21 эвлэл, холбоо одоогийн байдлаар нэгдэн дэмжээдбайна. Үндэсний зөвлөл нь Хууль, бодлогын судалгаа, Нөлөөлөл, Зохион байгуулалт гэсэн үндсэн гурван ажлын хэсэгтэй үйл ажиллагаа явуулах аж. Хууль, бодлогын судалгааны ажлын хэсэг нь гадаад улс орнуудын ижил төстэй хуулиудыг орчуулж, судлах, мэргэжлийн өргөн бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж хуулийн төсөл боловсруулан эрх баригчдад санал болгох үндсэн чиг үүрэгтэй ажиллах юм. 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөн, шинэчлэх шаардлага үүсээд удаж байгаа. Гэвч үеийн үед Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг эрх баригчид санаачлан боловсруулж, өргөн барьж байсан бөгөөд ингэхдээ ямар нэгэн хэлбэрээр төрийн хяналтад оруулах гэсэн зохицуулалт тусгагдаж ирсэн. Энэ нь хэвлэл мэдээллийн салбарынхны эсэргүүцэлтэй тулгаран батлагдах боломжгүй болсоор өдийг хүрсэн. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарынхан өөрсдөө хуулийн төслөө боловсруулан санал болгох нь зүйтэй гэж үзсэн байна. Нөлөөлийн ажлын хэсэг нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, хэвлэл мэдээллийн салбарын хууль, эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, хуулийн гажуудал, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, мэргэжлийн ёс зүй зэрэг салбарын асуудлаар олон нийтэд мэдээлэл түгээх, Үндэсний зөвлөлийн хийж хэрэгжүүлж буй ажлыг шуурхай хүргэх үйл ажиллагаа явуулах аж. Зохион байгуулалтын ажлын хэсэг нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбар, редакциудад зөвлөлийн үйл ажиллагааны мэдээллийг түгээх, хурал, уулзалт, сургалт зохион байгуулах чиглэлээр ажиллах юм байна. Үндэсний зөвлөлд орох хэвлэл мэдээллийн байгууллага, редакц, сэтгүүлчдэд бүртгэх ажил үргэлжилж байгаа бөгөөд зөвлөлд сайн дураар нэгдэх нь нээлттэй байх юм байна. Зөвлөлд орох сэтгүүлч, редакциуд Зохион байгуулалтын ажлын хэсэгтэй 99097968, 94111727 дугаараар холбогдон бүртгүүлэхийг Үндэсний зөвлөлөөс уриаллаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.